Menu
Assign a 'primary' menu

Category Archives for "УХААРАЛ"

Nov 23

ТАЛАРХЛЫН ѲДѲР

By gala-admin | УХААРАЛ

Хүмүүс бие биедээ “их баярлалаа”, “гялайлаа”, “танд талархаж байнаа” гэхчилэн билэгтэй сайн үгс хэлэхэд зүрх сэтгэл дундуур баяр хѳѳр бялхан урсаж, энэ ертѳнцѳд амьд яваагийнхаа утга учрыг жинхэнээсээ мэдэрдэг. Хэдийгээр хэрэгцээ болсон мѳнгийг орлохгүй ч, хүмүүс бие биедээ ѳгч болох хамгийн сайхан бэлэг нь талархлын үгс байдаг. Үнэгүй боловч хамгийн үнэ цэнэтэй бэлэг бол бусдад чин сэтгэлээсээ баярлан талархах сэтгэл. Бусдад баярлаж талархсан сэтгэлээ хэзээ ч мѳнгѳѳр үнэлж, мѳнгѳѳр илэрхийлдэггүй болохоор энэ нь дэндүү ариун гэгээн зүйл.

 

Чамайг хайрлаж, хүндэлдэг бүх хүмүүст талархаж байх нь чиний амьдралыг утга учиртай бас зорилготой болгодог. Тийм хүмүүсийн тусаар чи улам ихээр бусдад тусалж баярлуулахыг хичээнэ.  Адилхан л туулж байгаа энэ амьдрал дахь сайн муу бүх зүйлсийг давж туулахад ингэж талархсан сэтгэл их хүчийг ѳгдѳг. Хэн нэгэнд санамсаргүй  хэлсэн талархлын үг тань, тэр хүний хувьд ѳмнѳ нь харлах гүн ангалыг харайн гарах их зоригийг ѳгѳх ч юм бил үү? хэн мэдлээ. Хэн нэгнээс сонссон талархлын сайхан үг чамайг нулимсаа арчаад бусад руу баяртайгаар инээмсэглэх шалтаг нь болох юм бил үү?

 

Чамд дурлаж хайрласан хүмүүст талархаж байх нь ѳѳрийн үнэ цэнээ мэдэрч, ѳѳртѳѳ итгэлтэй бардам байхад тусалдаг. Чамайг улам ихээр үзэсгэлэн гоо, ялдам энхрий байхад тань бусдын чамд дурласан хайр сэтгэл тулхэц болдог. Чамд таалагдахгүй байлаа ч тэр хүнийг доромжлон гомдоож болдоггүй юм. Гомдсондоо урагдаж сэмэрсэн сэтгэл нь чамд хорсол болон эргэж ирэх ч юм бил үү?  Хэн нэгэн хүний хувьд санасан сэтгэлийнх нь шаналан, хайрласан хайрынх нь шалтгаан, хүссэн хүслийнх нь мѳрѳѳдѳл байна гэдэг сайхан шүү дээ. Хайр гэдэг толинд ѳѳрийгѳѳ хараад инээх шалтаг, бусад руу инээмсэглэх шалтгаан, ѳѳртѳѳ итгэх итгэлийн жигүүр нь болдог. Дурласан дурлуулсан алинд ч буруу байдаггүй.  Тийм болохоор тэдэнд дандаа талархаж бай.

 

Чамайг гомдоож, чамайг үзэн яддаг хүмүүст талархаж байх нь хааяа зогтусаж, ѳѳрийнхѳѳ тухай эргэцүүлж, ааг омгоо дарж байхад тусалдаг. Алдаа оноо ээлжилж байдаг энэ амьдралд хэн нэгэн чамд таагүй хандаж байх нь байдаг л үзэгдэл. Үүний тѳлѳѳ үсээ үгтээж, амиа хорлохгүйгээр ухааран эргэцүүлэхэд тэд чамд тусалдаг. Нѳгѳѳ талаараа энэ нь чиний амьд оршиж байгаагийн баталгаа. “Үгүй ер тэр муу…” хэмээн хорсон дайсагнахаасаа илүүтэй, “Би яагаад энэ хүнд ингэж ойлгогдох болов” гэж эргэцүүлэн ухаарч байх нь ухаарлын чагтага болон зангидагдаж байдаг. Хариуд нь үзэн ядаж бахардахын оронд, хэнийг ч болов ѳѳрийгѳѳ оронд нь тѳсѳѳлж байгаад ч гэсэн байгаагаар нь ойлгож чадах нь хамгийн чухал байдаг. Хичнээн дургүй, амаргүй байлаа ч тийм хүмүүст талархаж бай.

 

…Маргааш Америк оронд “Талархлын ѳдѳр” ийг тэмдэглэнэ. Америк гүрний түүхэнд ѳлсгѳлѳнгѳѳс аварсан уугуул нутгийнхны ачийг нь үеийн үед дурсаж тэдэнд талархсан сэтгэлээ илэрхийлдэг нь надад таалагддаг. Монголчуудын минь “Тусгаар тогтнолын баяр”тай давхцах шахуу тэмдэглэдэг энэ ѳдрийг “Монголдоо бас  “Талархлын ѳдѳр” болгон тэмдэглэж байвал…” хэмээн заримдаа надад бодогддог юм. Тусгаар тогтнолыг минь хүлээн зѳвшѳѳрч тунхагласны тѳлѳѳ ѳвѳг дээдэстээ, тусгаар нэгэн Улсдаа хамтдаа оршин амьдарч байгаагийнхаа тѳлѳѳ бие биедээ талархлын сайхан үгс хэлэлцэж, сэтгэл доторхи гомдол бухимдлаа нэгэн ѳдѳр тайлж байвал бидэнд хэрэгтэй сэн. Зүгээр л цаг хугацааны урсгал дунд тэдэнд хэлж амжаагүй талархлын сайхан үгсийг солилцож байх нь Монголчууд бидний хойч үед сайхан жишиг болох ч юм бил үү? Заавал Тѳр засгаас шийдвэр гаргуулна гэж зүтгэхгүйгээр хувь хүмүүс ѳѳрсдѳѳсѳѳ найз нѳхдѳѳрѳѳ дадал болгон хэвшүүлбэл.

 

За тэгээд намайг хайрлаж хүндэлдэг, бас миний хийж бүтээх гэж зорьж зүтгэж явахад минь тусалж дэмждэг бүх хүмүүстээ болон намайг шүүмжилж, заримдаа үзэн яддаг хүмүүст ч бас талархаж байдгаа илэрхийлье. Та нар минь бүгдээрээ миний энэ ертѳнцѳд оршиж, энэ амьдралд онож алдаж яваагийн минь, утга учир бас шалтгаан нь билээ. Маш их баярлалаа.

Nov 20

ЭВЛЭРЭХ ЗАЙ

By gala-admin | УХААРАЛ

Хүний сэтгэл аугаа их багтаамжтай. Баяр хѳѳртэй байх үедээ сэтгэлд нь наран мандаж, шувууд жиргэж, ѳнгѳ ѳнгийн цэцэгс дэлгэрэн найгадаг. Тэр үедээ хүн болгоныг тэр л гайхамшигт ертѳнцдѳѳ багтаахыг хүсдэг. Хүн болгон руу харж инээгээд л бас бүжиглээд л, багтаж ядсан баяр хѳѳртѳѳ хүн болгоныг сэтгэлээ дэлгэн урина. Тэнд хѳгжим эгшиглэж байгаа болохоор хүн болгон инээгээд л, бүжиглэж байгаа чамайг чанга тэврэн инээлдээд л, санамсаргүй бүдрээд уначихсан ч хѳгжилдэн инээлдэж газраар нэг ѳнхрѳлдѳѳд л …

Хэрэв хэн нэгэнд гомдож, маргалдсанаасаа болж хэн нэгнийг үзэн ядах дор сэтгэлийн багтаамж нь агшиж орхидог. Чоно шиг улих шуурганы исгэрээнд ѳѳрѳѳ ч жиндэн даарч, шувууд бээрсэндээ шулганах чадалгүй бээрч, цэцэгс тэр хүйтэнд хѳлдѳж бас хугарч үхэдхийн унана. Гомдсондоо уйлан хашгирах гэвч ѳѳрийнхѳѳ дууг үл сонсоно. Уурлаж догширсондоо хүн болгоныг, амиа авч гарахын тулд араа шүдээ яралзуулан архирах чонын нүд шиг хүйтэн зэвүүнээр харах аж. Зүгээр л ѳѳдѳѳс нь дуугарсан хэн нэгнийг харанхуйлсан үзэн ядалтдаа хоолойг нь тас татахад бэлэн мэт догширно. Түүний сэтгэлд ямар ч орон зай үгүй. Тийм болоод бүгдийг үзэн ядна…

Хэзээ ч, хэнтэй ч, яаж ч муудалцсан сэтгэл дотроо эвлэрэх зайг заавал үлдээж бай. Зүгээр л уучлал гуйгаад аргадах дор сэтгэл доторхи догширсон чонын авир зѳѳлѳрдѳг юм. Уурлаж бухимдаад ч, үзэн ядаж гомдлоо ч чи түүнгүйгээр энэ хорвоог элээж чадна гэж үү? Сэтгэлд тань түнэр харанхуй нѳмѳрлѳѳ ч, маргааш нь сэтгэлд тань наран мандаж тайвшрахад, чи ѳѳртѳѳ харамсахгүй байж чадна гэж үү? Хайр хар хоёр харгалдаж байдаг энэ амьдралд, хар цагаан сүлэлдэж байдаг энэ орчлонд хичнээн муудалцаж байвч сэтгэлдээ эвлэрэх зай заавал үлдээж бай, хүмүүс ээ. Хав харанхуйлах сэтгэл дотор зурвасхан үлдэх гэрэл бүхнийг зѳѳлрүүлэн дулаацуулдаг юм. Үзэн ядагсад бас уучлагсад мѳнхѳрч үлддэггүй энэ тавиланд заавал сэтгэлээ багтраагаад яана. Муудалцсан ч заавал эвлэрч бай. Хүн болж амьдарсаны тань ерѳѳл энэ мѳн.

Nov 15

“ЗҮГЭЭР Л ИНЭЭМСЭГЛЭ”

By gala-admin | УХААРАЛ

7 oрчим тэрбум хүн шахцалдан амьдардаг манай энэ гариг дээр хүн болгонтой тааралдах боломжгүй. Үй олон хүн энэ ертѳнцѳд ирж, үй олон хүн энэ ертѳнцѳѳс буцаж байдаг цаг хугацааны урсгал дунд энэ амьдралд бидэнтэй тааралдаж байгаа учрал болгон азтай, бас тохиолдлын бус. Тийм болохоор ѳглѳѳ босоод алхахаас үдэш гэртээ орж ирэх хүртэл тааралдаж байгаа хүн болгон руу инээмсэглэж байгаарай. Таних танихгүй, таалагдах таалагдахгүй, сайхан муухай хамаагүй, тааралдсан хүн болгон руу. Зүгээр л энэ ертѳнцѳд энэ цаг хугацаанд нэгэн агаараар амьсгалж, нэгэн нарны илч гэрэл дор хамт оршиж байгаагийнхаа тѳлѳѳ түүнд талархан инээмсэглээрэй. Яг адилхан тавиланд хүн болж тѳрцгѳѳн, яг нэгэн хоромд тааралдан уулзаж учирна гэдэг маш ховорхон тохиолдол. Ѳнѳѳдѳр тантай тааралдсан хүн дахиад хэзээ ч тааралдахгүй байж болох. Ѳнѳѳдѳр учирсан учрал дахиад хэзээ ч тохиолдохгүй байж болох. Ѳнѳѳдѳр хэн нэгэнтэй танилцаад маргааш хэн нэг нь энэ ертѳнцѳѳс буцаж ч мэдэх.  Зүгээр л ѳнѳѳдѳр тааралдсан аз завшааныхаа тѳлѳѳ түүн рүү инээмсэглэн, түүн рүү гараа дохин баяр хүргэж, түүн рүү нарны илч мэт дулаахан гэрэл гэгээг илгээж яагаад болохгүй гэж?

 

Энэ амьдралд хамгийн дотно хүмүүстэйгээ уулзах бүрдээ баяр баясгалантайгаар инээмсэглэж халуун дотноор цээжиндээ тэвэр. Тэврэлт бол аугаа хайрын илрэл. Санаж мѳрѳѳдсѳн бол баярласан нулимсаа инээмсэглэлээр чим. Яг л нарны гэрэлд солонгорох лугаа гоо үзэсгэлэнг бүтээдэг юм. Тийм хайр зүрхнээс зүрхэнд шингэж уусахдаа халуун дулааныг мэдрүүлнэ. Нэг тийм дулаахан орчинд сэтгэл дүүрээд л, дүүрсэн сэтгэл ѳѳрийн эрхгүй инээмсэглэл болон нүүрэнд тодорно. Хараад л баймаар, хариуд нь ѳѳдѳѳс нь инээмсэглэмээр. Чиний дэргэд дандаа байгаагийнх нь тѳлѳѳ тэдэнд үргэлж талархаж, уулзах бүрдээ инээмсэглэж бай. Сэтгэл гэгээрдэг юм.

 

Муу үйлдлээс нь болж гомдсон, санаа бодол нийлээгүйгээсээ үзэн яддаг хэн нэгэнтэй тааралдахдаа ѳѳдѳѳс нь зүгээр инээмсэглэ. Заавал уулзах албагүй ч зѳрѳѳд ѳнгѳрѳх тѳдийд инээмсэглэсэн инээмсэглэл тань тэр хүнийг сэтгэл дотроо зогтусахад хүргэдэг. “Юу билээ?” хэмээн эргэлзэнгүй бодох дор гомдож муудалцсан шалтгаа зурвасхан ч гэлээ эргэцүүлж бодож ч магадгүй. Гомдол цѳхрѳл, хорсол хонзонг инээмсэглэл л зѳѳллѳдѳг. Үзэн ядаж хялалзсан бус, уучилж инээмсэглэсэн харц хүнийг бага ч болов тайвшруулдаг. Яг үнэндээ хожим нь эргээд бодоход ѳчүүхэн мэт санагдах гомдол хорсол, энэ амьдралын хязгааргүй боломжуудын дэргэд дэндүү жижигхэн. Эргээд учрах ч, эс учрах ч тавилангийнхаа тѳлѳѳ инээмсэглэж бай. Хэн ч мѳнхѳд оршихгүй.

 

Монголдоо худалдагч хийж байгаа, үйлчилгээний газруудад ажиллаж байгаа үйлчлэгчид ээ, үйлчлүүлж байгаа хүн болгоны ѳмнѳѳс инээмсэглэж бай. Баян ч бай, ядуу ч бай мѳнгѳѳ тѳлѳѳд үйлчлүүлж байгаа хүн болгон чиний санхүүжүүлэгч мѳн. Кассанд тѳлсѳн тэр хүний мѳнгийг эзэн тань хурааж авч зардлаа тѳлѳѳд бас танд цалин болгож ѳгдѳг юм. Баяртайгаар авсан цалингаараа та гэр бүлээ тэжээж, бас ѳѳртѳѳ зарцуулна. Хэрэв чи лангууны ард ярвайгаад суугаад байвал хэн ч чамаас юу ч худалдаж авахгүй бол байгууллага тань орлогогүй болж эзэн тань цалинг тань ѳгч чадахгүйд хүрдэг. Орлогогүй эзэн ч ууртай, цалингүй чи ч ууртай, ууртай хүнд хэн ч мѳнгѳѳ баяртайгаар ѳгч үйлчлүүлдэггүй юм даа. Хэрэв чи инээмсэглэж байвал үйлчлүүлэгч чиний ѳмнѳѳс инээмсэглэх болно. Инээмсэглэл дунд ѳгсѳн, авсан  мѳнгѳ баяр баясгаланг дагуулж байдаг. Мѳнгѳ хүртэл инээмсэглэдэг.

 

…Хѳмсгѳѳ зангидаж, духаараа хялайж харсан тѳрх баатарлаг, эрэлхэг дүр байхаа больсоор уджээ. Ѳѳдѳѳс тань инээмсэглэж харсан хүн болгон аалигүй, эсвэл сээтэгнэж байгаа хэмээн хардаг үе улираад уджээ. Хэн нэгнийг шоолон тохуурхаж, эсвэл тавлаж мушилзан ёжтой инээмсэглэдэг араншин балраад уджээ. Зүгээр л ѳнѳѳдѳр бүгдээрээ амьд байцгааж, энэ амьдралын сайн муу бүхнийг хамтдаа туулж байгаа бие биедээ инээмсэглэн талархаж, бас урам ѳгч байх нь юутай сайхан. Хүний сэтгэлийн дотоод сайхан илч нүүрэн дээр нь инээмсэглэл болон тодордог. Сэтгэл доторхи хэмжээлшгүй их талархал нүүрэн дээр нь инээмсэглэл болон гэрэлтдэг. Зүрхэнд оршиж буй хязгааргүй их хайр нүүрэн дээр нь инээмсэглэл болон илэрдэг. Тийм болохоор л нүүрний баяслыг аз жаргал дагаж явдаг аж. Бид мѳнх орших биш дээ. “ЗҮГЭЭР Л ИНЭЭМСЭГЛЭ, БАЙГААГААРАА БАЙ” нэртэй дуу байдаг бил үү?

Nov 13

ХҮҮДЭЭ УЧИРЛАЖ ХЭЛЭХ ҮГ

By gala-admin | УХААРАЛ

Ѳргѳн уулсын бэлээс алгуурхан хѳѳрѳх манан шиг хѳвсийж, ѳндѳр уулын хэцээс тэнгэрт дүүлэх бүргэдийг харж суугаа бардамхан үр минээ. Алганд минь багтаж асан бие тань сүрлэг уулс шиг ханхайж, амандаа хүлхэхэд минь багтаж асан хѳл тань дэлхийн хѳрсийг тамгалж яваа хүү минь анхаарч аавыгаа сонс, хэлэх үг байна.

 

Тѳрѳхѳд чинь тосч авсан хѳрст шороо хатуухан, ѳсѳхѳд тань ивээж байсан наран дулаахан, ѳтлѳхѳд нь ухааныг тань тэлэх учирлууд зѳѳлхѳн, энэ амьдралын цаг хугацаа дэндүү богинохон. Ухаарч амжаагүй байхад тань, гомдож дуусаагүй байхад тань, учирлаж хэлээгүй байхад тань энэ амьдрал зогсох тохиолдол зѳндѳѳ. Тэгэхээр ѳнѳѳдѳр чамд наран мэт гэрэлтэн ирж буй энэ амьдралд, ѳглѳѳ нь суниан босч, үдэш нь мишээн зүүдлэх амьдралын хором мѳч бүхэнд хайртай бай. Ѳнѳѳдѳр амьдраад маргааш үхэж магадгүй энэ амьдралд шунан дурла. Сэтгэлийн чанадаасаа чамтай хамт байгаа бүх хүмүүст баярлан талархаж бай, тэднийг баярлуул, гомдоосон бол уучлал гуй, гомдсон бол уучил, зүгээр л тэдэнтэй хамт байсан мѳч бүхнийхээ тѳлѳѳ тэдэнд таларх. Учир нь тэдэнтэй маргааш, эсвэл хэзээ ч уулзахгүй байж мэднэ. Дэндүү олон хүн тѳрж, дэндүү олон хүн энэ хорвоогоос явж байгаа болохоор учрал болгон тохиолдлынх биш. Зѳвхѳн чамтай учрах гэж энэ хорвоод ирсэн ч юм бил үү, хэн мэдлээ.

 

Миний бууралтсан үсийг харж хааяадаа ѳрѳвдѳх, чамайг тѳрѳхѳд энэ л янзаараа байсан юм шиг тоомжиргүйхэн анзаарах үр минээ. Ѳѳрийнхѳѳ үрийг харахдаа сэтгэлийн хайланг эдэлж, ѳвдѳхѳд нь түнэр харанхуйд сэтгэлдээ гэрэл асааж, жаргал зовлонгийн дэнсийг ѳѳрийн сэтгэлийн багтаамжаар хэмжиж яваа хүү минь аавыгаа анхаарч сонс, хэлэх үг байна.

 

Чамайг энэ ертѳнцѳд мэндлэхэд аав нь яг л чам шиг хайрлан үярч байсан юм шүү. Ѳвдѳхѳд тань хамтдаа ѳвдѳж, ѳрѳѳл бусдаас ѳндгѳѳ харамласан бүргэд шиг догширч, ѳѳрийн тань нулимсыг зүрхээ шархируулан байж арчдаг байсаан. Яг л ѳнѳѳдрийн чам шиг. Хайр гэдгийг сэтгэлээ дэврээн байж, цусаа буцалган байж, зүрхээ сугалан байж ѳѳрѳѳ мэдэрдэг байсан үе зѳндѳѳ. Хүү минь энэ амьдралд бусдыг чин сэтгэлээсээ хайрлаж бай. Бүсгүй заяаных нь ѳмнѳ сѳгдѳн сууж, эрхлэх аашных нь ирийг даран байж, гагц чинийх л байх тавилангийнх нь тѳлѳѳ аргадан учирлан хайрлаж бай. Заримдаа тэсгэл алдан хашгирмаар байвч үгээ залгиж, хааяадаа алгадаад авмаар тэвчээр алдавч гараа атган буулгаж, зүгээр л нүд рүү нь харж байгаад нулимсыг нь хурууныхаа ѳндгѳѳр арчиж, бачимдаж мэгшсэн сэтгэлийг нь цээжиндээ тэврэн аргадаж бай. Үүний тѳлѳѳ чи дотроо багтравч, амьдрал үүний тѳлѳѳ чамайг хязгааргүй их хайраар шагнадаг юм. Тэвчээр алдан тасалсан нэгэн чагтага чиний амьдралыг үүрдийн харамсалд хүлэх нь бий.

 

Зүгээр л энэ амьдралыг амархан юм шиг санаж, чамайг бүтээсэн биднийгээ ѳрѳвдѳнгүй харцаар харж, заримдаа биднээс тѳвѳгшѳѳж, хааяахандаа биднийгээ сургамжлан учирлах үр минээ. Ид залуу нас эрхэмсэг гоо үзэсгэлэн, ир бяр, ид хав бүхэндээ бардамнан яваа хүү минь аавыгаа сонс, чамд хэлэх үг байна.

 

Чиний энэ бардамхан насан дээр бид яг л чам шиг явсан юм аа. Сайхан залуу насаараа гоёж, сархадын халуунд агсамнаж, бүсгүйчүүдийг уяраан нэгэн нэгэн шѳнийн жаргалд тэчъяадаж, дур голохгүй залуу насыг дуу хуур шиг эгшиглүүлж явсан үе зѳндѳѳ. Гэхдээ л нэгэн цагт эдийн шунал, мунхаг тачаал, эдлэх хѳрѳнгѳ, эрх мэдлийн сагсуурал бүхэн ѳѳрийн гэсэн хэм хэмжээтэй болохыг ойлгодог юм. Зүгээр л эгэл жирийн байж болох амьдралыг хэм хэмжээнээс давсан шунал тачаалаас болж зовлон болгон хувиргадагийг мэднэ. Зовлон бүхэн тарчлаааныг авч ирнэ. Тарчилсан дотоод сэтгэлийн хашгирааныг хэн ч үл сонсоно. Чи хичнээн хашгирлаа гээд цаг хугацаа чамайг уучилдаггүй. Тэр их хѳрѳнгѳ, шунал тачаалыг хэн ч авсандаа аваад орж чаддаггүй болохоор чиний амьдрал ямар ч утга учиргүй байсныг чи зѳвхѳн үхэхийнхээ ѳмнѳ л ойлгон харамсана. Гэтэл чи юуг ч ѳѳрчлѳх боломжгүй. чи юу ч хийж чадахгүй, чи хэнд ч юу ч гэж учирлаад нэмэргүй болох цагт чиний амьдрал ямар ч утга учиргүй, хов хоосон зүйл байсныг ойлгоно, гэхдээ чиний ухаарал хожимдсон байна.

 

Миний энэ л амьдралын гэрч бас үргэлжлэл болох хүү минээ. Амьдралд тань оролцмооргүй байна, чамайг ѳмѳѳрч, эсвэл гомдоомооргүй байна. Энэ амьдралын эзэн нь чи ѳѳрѳѳ. Чамтай хамт байж сайн муу бүхнийг тань эдэлж, чиний ѳмнѳѳс шийдвэр гарган алдаа оноо бүхний тань шалтаг нь болмооргүй байна. Чамайг хѳлд ороход тань тэврэлгүй “Аавын хүү алхаарай алхаарай” хэмээн гараа сунган холдоод байсан шиг холдоод л баймаар байна. Бүдчиж уначихаад над руу гараа сунган уйлалгүй, ѳѳрѳѳ босоод дахиад алхахыг тань хармаар байна.  Яагаад гэвэл чи миний хүү. Чиний судсанд миний цус гүйж байгаа болохоор аав нь хүүдээ итгэж байгаа. Чиний амьдралын жолоо зѳвхѳн чиний гарт л байгаа. Хэрхэн жолоодохыг чамаас ѳѳр хэн ч мэдэхгүй. Аав нь энэ ертѳнцѳд бардам амьдарсан шиг миний хүү тэгж амьдраасай хэмээн би хүсч байна. Тэгж гэмээ нь би авсанд орохдоо үл мэдэг инээмсэглэх болноо. Харин хүү минь үйлж болохгүй. Нулимсаа залгиад хэцийн ѳндрѳѳс дүүлэн нисэх бүргэд рүү хараарай. Тэнд хязгааргүй бас бардам оршихуй байдаг юм даа.

Aug 25

МЭДЛЭГ ба ТУРШЛАГА

By gala-admin | УХААРАЛ

…Амьдралын олон он жилүүдийг туулж ѳнгѳрүүлсний дараа хүмүүс бүх зүйлсийг арай ѳѳрѳѳр харж дүгнэж цэгнэдэг. Залуу насанд амьдрал яг л дуусах гэж байгаа юм шиг мэдэрч байсан айдастай мэдрэмжээ эргээд санахад тийм ч аймшигтай тохиолдол биш байсныг ойлгоно. Тэр үедээ хэн нэгэнд учиргүй гомдож үзэн ядаж байснаа эргэн санахад зүгээр л уучлаад ѳнгѳрѳхѳд болох л байсан мэт санагдана. Онгиргон сагсуу зангаасаа болж дотно хүмүүсээ гомдоож байснаа эргээд дурсахад “ямар ч тэнэг байж вэ?” хэмээн ѳѳрѳѳсѳѳ ичиж харамсах сэтгэл тѳрнѳ. Aмьдралын туршлага цаг хугацааны урсгал дунд улам ихээр баяжигдан, тэр хэрээрээ ухаарал болон шингэж байдаг. Чи хичнээн бардам, ѳѳртѳѳ итгэлтэй байлаа ч ахмад хүмүүсийн хэлж буй үгсийг анхааралтай сонсож байх шалтаг нь энэ юм. Урсаж буй амьдралын хэмнэлд алдаж болох алдаагаа урьдчилан харж, зайлсхийж ѳнгѳрүүлэхийн тулд шүү дээ. Амьдралд энэ тухай мэддэг юм шиг санагдах авч яг ѳѳрѳѳ туулаад үзэхэд мэдрэмж нь шал ѳѳр байгаа нь туршлага юм.

 

Сургууль тѳгсѳхдѳѳ залуус ѳѳрийгѳѳ ихэд тоож, түүний хувьд бүх зүйл амар хялбар мэт санагдан, бусад хүмүүс ѳѳрѳѳс нь дорой арчаагүй юм шиг бодогдох үе бий. Англиар сайн ярьж чадаж байгаагаа “эрдмийн оргилд хүрлээ”  хэмээн бардамнан бусдын ѳмнѳ гайхуулах гэвч, англиар бичсэн бүтээлүүдийг ойлгож чадахгүй байгаа нь ердѳѳ л ѳнгѳ тѳдий зүйл юм шүү дээ. Их дээд сургуульд үзэж судалсан зүйлээ ажил дээр гараад хэрэгжүүлэх гэвч нэг л болж ѳгдѳггүй. Аажим аажимдаа чиний мэдлэг амьдрал дээр туршлага болон батжих үед л чиний талаарх үнэлэмж ѳсч эхэлдэг. Тийм болохоор ѳндѳр үнэлэмжтэй компани, байгууллагууд хэрэгцээтэй мэргэжилтнээ сонгож ажилд авахдаа мэдлэгээс  туршлагыг нь илүүтэй сонирхоно. Ядахдаа мэдлэгээ бусдад гайхуулах гэж хүмүүсийн яриаг таслан ѳѳрийнхѳѳ санааг бусдад тулгаж мэдэмхийрхэх бус, бусдын яриаг анхааралтай сонсож, эгзэгтэй үед ѳѳрийн санаагаа оновчтой илэрхийлэх нь ажлын туршлага юм. Толгойд багтаж ядсан мѳрѳѳдлийн олон санаануудаас бусдад хэрэг болох үнэ цэнэтэй нэгэн санааг бүтээл болгох нь туршлага юм. Ярихаас хийж бүтээх нь мэдлэгээс туршлага болох эхлэл мѳн.

 

Их дээд сургууль тѳгссѳнийг гэрчлэх диплом нь мэдлэг эзэмшсэнийг нотлох бичиг баримт болохоос ур чадварын баталгаа биш. Хичнээн мундаг сайн сургууль тѳгссѳн хэрнээ бусдад хэрэгтэй бүтээл хийж чадаагүй бол тэр диплом тань зүгээр л цаас. Дэлгүүрт худалдагч хийхийн тулд 2 дээд сургууль тѳгссѳн бол хайран цаг хугацаа. Хэн нэгэнтэй хурим хийж гэр бүл зохиож байгаа тань амьдралын эхлэл. Харин амьдралаа авч явж чадахгүйгээсээ ѳѳрийгѳѳ ч ѳрѳѳлийг ч зовоон тарчлааж байгаа бол энэ нь бүтээл хийгээд үр дүн биш аж. Ингээд бодох ахул мэдлэгээс туршлага хүрэх замын хѳтѳч нь чин сэтгэл байдаг ажээ. Ямар ч зүйлийг чин сэтгэлээсээ хийж чаддаг хүмүүс энэ амьдралд сайн бүтээгчид болдог аж. Хийхийг хүсээд аргыг нь олж байгаа тохиолдол болгон чиний мэдлэгийг сайн туршлага болгон хувиргаж байдаг. Заримдаа бодох ахул залуусыг ажил амьдралын туршлага нь жигдэрсэн үед улстѳрд, бас шийдвэр гаргах эрх мэдэлд томилж баймаар. Ядахнаа л эхнэрээсээ ѳѳр бүсгүйтэй айлд хоног тѳѳрүүлчихээд, ѳѳр нэгэн бүсгүйг хүчиндсэн гэх хэрэг мандахад “би дотуур ѳмдѳѳ ѳмсѳѳд гарсан шүү дээ” хэмээн олны ѳмнѳ учирлахыг сонсохгүй юм сан.

 

…Хүн нас ахиад туулж ѳнгѳрүүлсэн амьдралаа эргэн санагалзахдаа тухайн үед амаргүй хэцүү мэт санагдаж байсан зүйлс энгийн амархан байсныг ойлгодог. Тэгээд л бусдад үгэлж учирлана. Залуу насаараа гоёж аархсан хүмүүст энэ болгон тѳвѳгтэй мэт санагддаг байж магадгүй. Намрын навчис модноосоо сэрчигнэн газарт унаж хийсэх улиралд, насны хяруу санчиганд сорлон сууж нүдний галд сэтгэлийн шүүдэр бѳнжигнѳх үед энэ тухай эргэцүүлнэ. Хэрэв энэ амьдралд дахиад эхлэх боломж олддог бол ямар ч алдаа гаргахгүйгээр тѳгс тѳгѳлдѳр амьдарч  чадах санаашрал, бодлын манан дунд сүүмэлзэнхэн алсарна. Алдаатай оноотой гэвч амьдрал дэндүү сайхан шүү дээ.

Jul 25

ААВЫН ХАЙР

By gala-admin | УХААРАЛ

…Хүү нь хичээлээ таслаад байхаар нь авто засварын газар ажиллуулдаг аав нь “За яахав миний хүү сурах дургүй юм бол хичээлээ орхиод аавынхаа засварын газарт ажиллахаас даа. Маргаашнаас хоёулаа хамт ажилланаа” гэж хэлжээ. Эхнэрийн бэлтгэсэн 2 хүний хоолоо аваад аав хүү 2 ажиллаж гэнэ.  Аав тэр ѳдѳр засах машин олон байсан болохоор хүүтэйгээ олон юм ярилгүй ажилладагаараа ажиллаад л байж. Хүүд эхэндээ сонирхолтой ч юм шиг амар ч юм шиг санагдан аавынхаа хэлсэн болгоныг хийнэ. Ѳдѳр тийшээ хүү ч бага зэрэг ядарч, бас ѳлсѳж эхлэв. “Аав аа хоёулаа жаахан амарч хоолоо идэх үү?” Аав  ажилдаа улайраад дуугарсангүй ч, урьд ѳдрүүдийн хоолоо иддэг цагтаа л хоолоо идэцгээлээ. Үдээс хойш нилээд их ажиллацгааж, хүү ч ядарч байгаа бололтой. Гэвч аав  ажлаа хийнгээ, хааяадаа хүү рүүгээ хяламхийн харна Орой хоолоо идчихээд “гэртээ харих байх” гэж бодсон чинь аав нь үргэлжлүүлэн ажиллаа.  Орой  болж хүү ядарч байгаа бололтой, дуу нь гарахаа ч болив. Бухимдангүй маягаар хааяа аав руугаа харавч, аав мѳнѳѳх л хэмнэлээрээ хийх ажилдаа хамаг анхаарлаа хандуулах аж. Бүр шѳнѳ болж хүү ямар ч тэнхэлгүй болтлоо ядарч, дотроо хичнээн бухимдавч аавдаа гаргаж үл зүрхэлнэ. Аав ажлаа дуусгаад хартал хүү ямар ч тэнхэлгүй газар шагайн сууна. Газар шагайн гуниглан суух хүүдээ аав нь “Миний хүү аав нь ингэж ажиллаж л ѳѳрсдийнхѳѳ амжиргаа болон чиний сургалтын зардлыг тѳлдѳг юм шүү дээ. Тэгэхээр чиний хувьд хичээлээ сайн хийгээд чадварлаг мэргэжилтэн болох, эс бол аавынхаа засварын газрыг ѳвлѳж аваад над шиг ажиллах хоёрхон сонголт байгаа юм шүү “хэмээн намуухан дуугаар хэлэв. Тэр цагаас хүү хичээлээ таслахаа больсон гэдэг.  Энэ түүхийг миний нэг танил надад хүүрнэсэн юм.

 

Чамайг тѳрж байхад чинь цээжний нь чанадаас  гэнэт хѳѳрѳн хоолой зангируулан хамрын угт шархирах эмнэг мэдрэмжээ тогтоон аргамжиж, аадрын дуслууд шиг юу юугүй асгарах нулимсаа аньсага дээрээ тогтоон чѳдѳрлѳж, уртаар санаа алдан баяртайгаар мушилзсан тэр хүнийг ААВ гэдэг юм. Чамайг гүйж яваад бүдэрч унахад чинь сэтгэл дотроо уулга алдан тэвдэж, зүрхэндээ ёолж уйлах хэрнээ “Зүгээрээ миний хүү ѳвдѳѳгүй биз дээ? Ѳѳрѳѳ босчих оо”  хэмээн хээв нэг тайван хэлж чаддаг хүнийг ААВ гэдэг юм. Чамайг хэн нэгэнтэй муудалцан байдаг чадлаараа уйлж бархирч ирэхэд тань, чамайг ѳмѳѳрѳн арслан бар шиг архирах хилэнгээ  зангидсан гарандаа нуун атгаж, чиний урсах нулимсын тоогоор зурхнээс урсах цусны дуслуудыг тогтоон байж “Миний хүүгийн буруу шүү дээ, бусадтай битгий муудалцаж бай” хэмээн хоолойгоо сааралтуулан байж аргаддаг хүнийг ААВ гэдэг юм. Чиний гаргасан алдаа бүхний тоогоор үсэнд нь буурал сор сууж, чиний тэнэглэл бүрийн тоогоор нүүрэнд нь үрчлээ нэмж, чамд тохиолдох зовлон бүрийн хэмжээгээр сэтгэл нь сэмэрч урагдан нуруу нь бѳгтийх хэрнээ, чиний духан дээр зѳѳлхѳн үнсэж хацрыг тань илбэхдээ ч, цээжиндээ наан тэвэрч санаа алдах мѳчдѳѳ ч, чиний хайрыг ѳѳрийнхѳѳ хайранд уусган сүлэхдээ ч энэ бүхнийг мартан цайруулдаг хүнийг ААВ гэдэг юм.

 

Ээж хүн хүүхдээ ѳѳртѳѳ ил хайрладаг бол эцэг хүн хүүхдээ ѳѳрѳѳсѳѳ нууж хайрладаг. Жаргал үрийг нь эвдчих вий гэсэндээ хатуурхаж хайрладаг бол зовлон үрийг нь булаачих вий гэсэндээ аргадаж хайрладаг. Хичнээн ихээр урсах хѳлс үрийг минь хиртээчих вий хэмээн арчдаг, хичнээн муу үйлс үрийг минь сэвтээчих вий хэмээн айдаг, хичнээн их шаналан зовоочих вий хэмээн нуудаг, хичнээн их жаргал үрийг минь эвдчих вий хэмээн хязгаарладаг нь эцэг хүн. Бид ээж уулын нѳмѳрт эрхлэн жаргаж, аав уулын түшигт амар амгалан амьдрахдаа олон ч зүйлийг анзаардаггүй. Хүүхдүүдийнхээ тѳлѳѳ элсэн бие, шаналсан зүрхийг тэгтлээ анзаардаггүй. Хүүхдүүдийнхээ тѳлѳѳ золиосолсон цаг хугацаа, нууж урсгасан нулимсыг тоодоггүй. Чи ѳѳрийгѳѳ аавдаа ямар их үнэ цэнэтэйг мэддэг хэрнээ, аав тань чамд түүнээс ч илүү үнэ цэнэтэйг одоо хэр нь мэддэггүй. Чи ѳѳрѳѳ үртэй болж аав болохдоо л аавынхаа хайрын шивнээг сонсож эхэлдэг. Чи ѳѳрѳѳ үртэй болж аав болохдоо зүрхэн дотроо нууж чадсан тэр их хайрын хэмжээг мэдэрч эхэлдэг. Чи ѳѳрѳѳ үртэй болж аав болохдоо ямар аугаа уудам сэтгэл дотор ѳѳрѳѳ оршиж байснаа ойлгоно. Нэг л ѳдѳр нүүгээд холдсон үүлсийн араас санаа алдан зогсохгүйн тулд ААВЫГАА одоо л ХАЙРЛА.

Apr 22

САЙХАН ХАЙР

By gala-admin | УХААРАЛ

…Заримдаа би хайрын дарсыг согтотлоо залгилж, согтсон хайрандаа мансууран жаргаж , энэ ертөнцөд чамаас сайхан нь үгүй хэмээн сайрхаж, сэтгэлийнхээ чанадад чиний төрхөөр өөрийгөө гоён баясдаг. Шөнөжин хулжсан нойрондоо чамайгаа санан бэтгэрч, хамтдаа байх мөч бүрийг аз жаргалаар төсөөлөн инээмсэглэж, өөрийн эрхгүй уруулаа цорвойлгон чамайгаа эрхлүүлэн жаргана. Өглөө болгон чамайгаа энэ ертөнцөд байгаа гэдгийг санахдаа нарны гэрэлт сацрагт жаргалтайяа суниан мишээдэг. Нарны бүлээхэн сацраг чиний минь алга шиг дулаахныг мэдрэхдээ, чамтайгаа хамтад зуун зуун шувуудын жиргээнд уянгалан эгшиглэх хайрын дууг сэтгэлдээ аялна. Чи минь байгаа энэ ертөнцөд би жигүүрээ дэлгэн нисэхдээ, уудам энэ орчлонгийн хайрын гэгээн орон зайд сэтгэл минь дур зоргоороо дүүлэн сэлгүүцдэг. Ганцхан чи минь миний сэтгэлд хайрын гэрэл гэгээг туяаруулна. Тэгээд л би өглөө болгоныг хайраар угтаж, үдэш болгоныг хайраар жаргаадаг.

Хааяадаа би хайрын захидлыг сэтгэлийнхээ чанадад чамдаа бичиж, өөртөө уншдаг. Чамайг сонсог гэсэндээ чангаар уншина. Сайхан төрхөнд чинь бус, сэтгэлийн чанад дахь гэгээн хайранд тань учирлах гэж уянгалуулан уншдаг. Хайрын захидалдаа сэтгэлээ шингээж учигласан үг болгоныг хайраа шингээн зангидаж, үйл болгон урласан бүтээл болгоныг тань би бахдан бахдан чамайг улам ихээр хайрлана. Сэтгэлээ шингээн байж урласан бүхэн тань миний сэтгэлд хайр болон уусдаг. Үг болгондоо хайраа ширээж, үйл болгондоо хайраа шингээж урлах бүсгүй хүн тийм ч олон бил үү? Бүсгүй хүн болгон хайрандаа уярч, халамжиндаа уусдаг гэдгийг эрчүүд болгон мэднэ гэж үү? Хичнээн хатуу байгаад ч бүсгүй хайранд уусч зөөлөрдөг тавилан гэж буй. Хичнээн хахир байгаад ч бүсгүй хайранд уярч дуулдаг заяа гэж буй. Жинхэнэ хайр гэдэг, хичнээн хол байгаад ч дэргэд минь дандаа уянгалан эгшиглэж, үргэлжид уяраан дасгаж байдаг юм даа.

…Сайхан хайр гэдэг нь энэ ертөнцөд үйлийн үрээр учирсан тавилан юм. Энэ ертөнцөд зовлон жаргалыг тэнцүүлэх гэж  ирсэн үйл юм. Сэтгэлээ шингээгээгүй хайр гэдэг хүйтэн юм, сэтгэлээ шингээсэн хайр гэдэг хав халуухан, бас хэзээ ч хөрдөггүй аж. Харах бүрдээ хайр ундарна гэдэг сайхан юм,  уулзаагүй удахдаа санаж нулимс унагаах нь сувд юм, хамтдаа байхдаа уйдамгүй байна гэдэг жаргал юм, хаа холоос чамайгаа олж учирна гэдэг аз юм. Заримдаа ойлголцохгүй байхад инээж байгаад ч болов ойлголцох гэж хичээх нь хайр юм, өглөө сэрээд санаж үгүйлэх нь хайр юм, үдэш унтахдаа тэмтэрч үгүйлэх нь хайр юм, хол газар явахад нь санаж бэтгэрэх нь хайр юм, хүрээд ирэхэд нь уйлж тэврүүлэх нь хайр юм. Олоод алдаж болохгүй нь сайхан хайр юм, өнгөрснийг нь сануулахгүй мартах нь сайхан хайр юм, өнөөдрийн мөчид дандаа санаж байх нь сайхан хайр юм, өөрөө холдож чадахгүй дандаа дэргэд нь байхыг хүсэх нь сайхан хайр юм. Сэтгэл нь хайраар дүүрч байх нь сайхан хайр юм, сэмхэндээ сэтгэл нь сэмэрч хайрлах нь сайхан хайр юм, дандаа инээлдэж хошигнох нь сайхан хайр юм, хааяа уурлуулаад аргадаж байх нь сайхан хайр юм. ОЛДВОЛ АЛДАЖ БОЛОХГҮЙ САЙХАН ХАЙР ГЭЖ БУЙ.

Apr 17

ХҮН, ХЭНИЙ ТӨЛӨӨ ХӨДӨЛМӨРЛӨДӨГ ВЭ?

By gala-admin | УХААРАЛ

…Хүн хэний төлөө, юуны төлөө хөдөлмөрлөдөг вэ? Олон хүмүүс “Эх орныхоо төлөө”, “бусдын төлөө”, эсвэл “хэн нэгний төлөө” хөдөлмөрлөдөг гэж бодох авч яг үндсэндээ “Өөрийнхөө төлөө” л хөдөлмөрлөдөг юм шүү дээ. Чи ажил хийж олсон мөнгөөрөө өөртөө хэрэгтэй зүйл худалдан авч, гэр бүлийнхээ санхүүжилтыг шийдэж, бас дотно хэн нэгэндээ туслах боломжтой болно. Хэрэв та ажил хийдэггүй, орлого олдоггүй бол амьдрал тань ямар байхыг төсөөлөөд бод доо. Та өөрийн орлогогүй байлаа ч таны хэрэглээ тань алга болохгүй болохоор заавал мөнгө хэрэг болдог. Нэгэнт өөрийн орлогогүй болохоор шаардагдаж байгаа мөнгөө олохын тулд бусдаас зээлнэ, хэрэв зээлж чадахгүй бол мөнгө олж болох “муу аргууд” л санаанд тань бууна. Чухам эндээс л таны амьдралын тарчлаантай, бухимдалтай асуудлууд үүсдэг юм даа. Энд таны харааж зүхээд  байгаа улстөр, амьдрал хэцүү байхад тусалж дэмжсэнгүй хэмээн гомдож буруутгаад байгаа ах дүүс, боломжтой юм шиг харагдаад байгаа хэрнээ мөнгө зээлээгүй найз нөхөд, танил хүмүүс ч буруугүй, харин ажил хийхийг хүсэхгүй байгаа та өөрөө л буруутай.

Хэрэв та дэлгүүрийн худалдагч хийж байгаа бол, таны зарах гэж хичээж байгаа бараа бүтээгдэхүүнээс худалдаж авч байгаа хүн болгон таныг санхүүжүүлж байгаа санхүүжүүлэгч. Тийм болохоор та тэднийг хүндэтгэж, тэдэнд талархсандаа тэдний өөдөөс инээмсэглэж байх учиртай. Хэрэв та мужаан хийж байгаа бол, танаар тавилга захиалан хийлгэж байгаа хүн болгон үйлчлүүлэгч төдийгүй таныг санхүүжүүлэгч мөн. Тэгэхээр та тэр хүний хүссэн тавилгыг маш чанартай хийж өгөх ёстой. Хэн ч мөнгөө дэмий зүйлд зарцуулахыг хүсдэггүй. Хэрэв та таксины жолооч хийж байгаа бол таны таксиг сонгон сууж буй үйлчлүүлэгч болгон таны үйлчлүүлэгч, бас санхүүжүүлэгч. Тэр хүний танд төлсөн мөнгөөр та гэртээ талх худалдан авдаг учраас тэр хүнд чин сэтгэлээсээ баярлан талархаж байх учиртай. Төрийн албан хаагчид өөрөөр тань үйлчлүүлж байгаа хүн болгонд талархан баярлаж, хүссэнээр нь үйлчилж байх үүрэгтэй Учир нь та тэдний татварт төлж буй мөнгөөр цалинжиж байгаа юм. Хэрэв иргэд татвар төлдөггүй бол хэн таныг энэ албан тушаалд томилж, цалинжуулах билээ.

Олон хүмүүс өөрийн ажиллаж буй үйлчилгээний газрын эзэн, үйлдвэрийнхээ дарга нарын төлөө ажиллаад байгаа гэж андуурдаг учраас чин сэтгэлээсээ ажилладаггүй бас үргэлж цалингаа чамлаж байдаг. Үйлчлүүлэгчийн төлж буй мөнгөний дүнг анзаарахдаа эзэн болон дарга нар нь “баяжаад” өөрөө хөдөлмөрөө “шулуулаад” байгаа юм шиг санах. Тийм арчаагүй сэтгэхүйн улмаас үйлчлүүлэгчийн өөдөөс ярвалзаж, даргаа далдуур муулж суудаг. Бизнесийн эзэд өөрийн тань өмнөөс маш их хариуцлага үүрч байдаг төдийгүй орлого нь сайжрахгүй бол таны цалинг нэмж чадахгүй.  Та ажлаа тараад гэртээ шууд харьдаг, цалингаа аваад өөр юунд ч санаа зовинодоггүй бол, бизнесийн эзэд байрны түрээс, бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт, хадгалалт хамгаалалт, ЗГ-ын хяналт шалгалт, орлого зарлагын тооцоо, татвар даатгал, бүх л эрсдэлийг хариуцаж байдаг. Хэрвээ та нар ойлголцож, хамтдаа нэгэн сэтгэлээр зүтгэж чадвал орлого нь дээшилж, таны ч цалин нэмэгдэх болно, бас хэн хэндээ сэтгэл хангалуун итгэлтэй болдог. Зарим хүмүүс өөрийн хамаатан садныхаа бизнест ажиллаад давуу эрх мэдэл, бас өндөр цалин шаардана. Бизнесийнх нь эрсдэл зовлонг мэдэхгүй мөртлөө, ажиллана гэж “гурилдчихаад” “тусгай хангамж” хүсэн муудалцдаг. Яг үнэндээ бизнесийн зарчимд “ах дүүс”-ийг тусгайлан харж үзэх зарчим байдаггүй. Хэн ч бай ялгалгүй яг адилхан зарчим үйлчилдэг. Сэтгэл тань дутвал заяа тань адилхан дутна.

Хэрвээ чи сайхан амьдрахыг хүсч байгаа бол “алгаа ташилгүй” гээр ажил олж хий. Олж хийсэн ажилдаа сэтгэлээ шингээгээд, үйлчлүүлэгчдийг хүндлэн тэдэнд талархсан сэтгэлээ инээмсэглэлээр илчилж бай. Хэрэв тэгвэл алтан гулдмай, их мөнгөний зураг, элдэв хэрэгтэй хэрэггүй зүйлийг нүүр ном дээр шейрлэхгүйгээр “баяжиж”, бас сайхан амьдарч чадна. Өөрийг тань ажилд авсан хүндээ үнэнчээр ажиллаж, ашиг орлогоо нэмэгдүүлэх боломжийн тухай санаа бодлоо хуваалцан арга замыг хамтдаа эрж бай. Хэрэв тэгвэл заавал лам дээр очиж арга засал хийлгэн ном уншуулалгүйгээр, бөө бөөлүүлж хувь заяагаа даатгалгүйгээр, өрнө дорны зурхай уншин санаа алдан мөрөөдөлгүйгээр өөрийн хувь заяагаа өөрөө мэдэн удирдаж чадах болно. Амьдралд буй олон боломжуудыг мэдэрч, өөрийн сайн чаддаг, баяр бахдалтайгаар хийж чадах ажлаа сонгож чадвал та аз жаргалаар дүүрэн байх болно. Эргэн тойрноо баяр баяслаар дүүрэн харж, өөрт тань атаархсан хүмүүсийн өөдөөс инээмсэглэн уучилж, өглөө болгон зорилготойгоор сэрж, үдэш болгон өөртөө сэтгэл хангалуун амгалан унтаж чадах болно. Зүгээр л энэ амьдрал утга учиртайгаар ойлгогдож, байгаа боломжиндоо сэтгэл хангалуун болж, өөртөө маш их итгэлтэйгээр өөдрөг сайхан амьдарч чадах болно.

…Хүн хэний төлөө юуны тулд хөдөлмөрлөдөг гээч? Зөвхөн өөрийнхөө төлөө л хөдөлмөрлөдөг. Сэтгэлээ шингээсэн хөдөлмөр зүтгэл тань эх орны хөгжилд ч, бусдын сайн сайханд ч тус дэм болдог.”Бусдын төлөө хөдөлмөрлөж буй” гэх хүйтэн сэтгэхүйгээс л “хамартаа баас түрхсэн” юм шиг ярвалзаж, хамаг хүмүүсийг өмссөн зүүснээр л ялгаварлан шоолж, далдуур муулж ярих хэрнээ даргынхаа нүдэн дээр нь “үнэг шиг шарвалзан” зусардаж, мөнгөний төлөө хуурамч өнгөөрөө “биеэ үнэлж”, энэ хорвоогийн “хуурамч”-ын талаар ам мэдэн бурж суудаг төрхүүд үүсдэг юм даа. “Хөдөлмөр хүнийг бий болгосон” гэж мэтгэлцэхгүй ч, “Хөдөлмөр хэнийг ч  хүн болгон төлөвшүүлдэг” жишээг бид өдөр тутам харж байна. Бас “Хүн ажлыг голдоггүй, ажил хүнийг голдог” бичигдээгүй хуулинд ч бид захирагдаж байгаа. Хүнд их мөнгө “тэнгэрээс гэнэт унаж” ирдэггүй, их тэвчээр хөдөлмөр зүтгэлийн үр дүнд олддог. Хамгийн амттай зүйл юу гээч. Өөрийн тань шингэсэн сэтгэл, урссан хөлснөөс бий болсон мөнгө. Дэндүү амттай бас сайхан даа.

Apr 01

ХҮҮХДҮҮДЭД “Хүүхэд нас”-ыг нь ҮЛДЭЭЕ

By gala-admin | УХААРАЛ

Хүний амьдралын мартагдашгүй, давтагдашгүй үе бол хүүхэд нас. Ертөнцийн зүй тогтол хийгээд хүний амьдралын утга учрыг мэдэх гэж хичээсэн цаг үеүд хүний санаанаас огт гардаггүй, гэгээн сайхан дурсамж болон үлддэг. “Анхны” тодотголтой бүх зүйл хамгийн сайхан. Анх уйлсан, анх инээсэн, анх удаа мөлхсөн, дараа нь юм түшиж боссон, бие дааж алхсан мөч болгон нь энэ амьдралд хөлөө олох гэж тэмүүлж зүтгэсэн зүтгэл. Өөрт нь тэгтлээ тод санагддаггүй ч, эцэг эхэд нь хамгийн баяр баясгалантай аз жаргалтай тэр мөчүүд эргэж хэзээ ч олдохгүй. Өөрийнх нь ой ухаанд бүрэлдэж буй төсөөлөл болгоноо тоглоомоор илэрхийлнэ. Хэрвээ анхаараад ажих ахул хүүхдийн тань тоглоомд түүний бүхэл бүтэн ертөнцийн төсөөлөл багтаж байдаг. Газарт хэвтээ чулууг морь, тэмээ, авдар, данх, аяга гэж төсөөлөх төсөөллийн гайхамшиг дээр хүүхдүүд өөрсдөө хөгжиж байдаг. Бие бялдар нь оюун санаатайгаа хамтад өдрөөс өдөрт хөгжиж байдаг хүүхдүүдийг томчууд бид тэгтлээ ойлгож мэдэрч амждаггүй. Яг хүүхэд насандаа л тэд өөрсдийн дотоод ертөнцөө бүтээж байдаг. Бидний гэнэн балчир хэмээн төсөөлж байдгаас огт өөр гайхамшигийг тэд дотоод сэтгэлдээ бүтээж байдаг.

…Үйл урлаж байсан ээжийнхээ үйлийн хайчийг нь авах гэж хүү нь булаалджээ. “Болохгүй” гэж зандраад хайчийг нь булааж авсан боловч санасандаа хүрэх гэж эхэр татан орилох хүүгээ өрөвдөөд авах гээд байсан хайчийг нь өгч орхиж. Хэсэг чимээгүй байсан хүү нь гэнэт аймшигтайгаар орилоход нь тэвдсэн ээж нь очиж автал, хүү нь мөнөөх үйлийн хайчаар  нэг нүдээ сох хатгасан байж. Өрөөсөн нүд нь хараагүй болсон хүүгээ тэврээд уйлж байхдаа ээж нь “Яах ч гэж үйлийн хайчыг хүүдээ өгөв дөө, уйллаа уйллаа гээд нүдээ сохортол уйлав гэж үү” хэмээн харамсан өгүүлсэн гэдэг.

…Одоо цаг үе их л өөр болжээ. Өнөөгийн хүүхдүүд үйлийн хайч биш, гар утсыг нь булаалдан үйлцгаах болж. Санасандаа хүрч гар утсыг нь авсан хүүхдүүд нь өөрсдийн хүссэн зүйлээ хэнээр ч заалгахгүй өөрөө учрыг нь олоод үзчих нь гайхалтай. Тэр үйлдэлд нь эцэг эхчүүд ч баяртай, бас хэрдээ бардамнал өхөөрдлийг хослуулна. Мэдээллийн цунами шиг хар шуурганд бид өөрсдөө төөрөх хэрнээ бас хүүхдээ хөтлөөд л төөрцгөөнө. Мэдээж гар утас таблетууд хүүхдийн нүдийг нь сохлохгүй ч оюун ухааныг нь сохолж байгааг бид ч анзаарахгүй. Гар утас дахь мэдээллийн хар шуургууд хүмүүс бидний амьд харилцааг үгүй болгож бидний үнэ цэнэтэй асар их цагийг хулгайлж байгаатай адил хүүхдийн тань хүүхэд насыг ч хулгайлж байна. Тэд хэзээ ч гадаа гарч чулуугаар тоглохгуй. Тэд хэзээ ч нүцгэн хөлөө өргөсөнд хатгуулахгүй, азтай мэт боловч гунигтай.

…Мэдээллийн сошиал ертөнцөд бид хүүхдүүдээрээ их гайхуулж, тэдэнд хайртайгаа өөрсдөд нь биш, бусдад илэрхийлэн зарлана.  Нүүдэлчин монголчуудын уламжилж ирсэн нялх хүүхдийн хорио цээрийг ч үл тоон, дөнгөж төрсөн хүүхдийнхээ зургийг авч бусдад түгээнэ. Хүүхдийнхээ ухаантайг, авьяастайг, царайлагийг сурталчлан гайхуулна. Оюун санаа нь дөнгөж бүрэлдэж, хүн болон төлөвших гэж ядаж буй бүх хүүхдүүд магтаалын үгэнд живцгээж, энэ ертөнцийн хүмүүсийг мөн чанараар нь бус, царайлаг ба царайлаг бусаар нь ангилж сурч байна. Бас мөнгөтэй ба мөнгөгүй, баян ба ядуу гэсэн ангиллын хэмжүүрээр амьдралын үнэ цэнийг хэмждэг болгож байна. Үргэлж магтаал, өхөөрдөлд умбаж өссөн тэд, амьдралын нугачаанд ухааруулах хатуу үгийг сонсож чадах болов уу?  өөрийг тань үгүй болсон хойно амьдралын жаргал зовлонг тэнцүүлэн үүрч даах болов уу?

…Бид “Бяцхан мисс”-ийн тэмцээн зохиож, үндэсний бөхийн хүүхдүүдийн барилдаанд  “Дархан аварга” цол олгож, элдэв цол өргөмжлөлөөр тэднийг хучиж, Валентины баяраар найз охинд нь зориулан шоколад хайлж, тэдэнтэй зэрэгцэн суугаад хайр, секс холилдсон Солонгос сериалууд үзэцгээж, хайрын тухай, амьдралын зовлон жаргалын тухай насанд хүрэгчдэд зориулсан дууг дуулахыг нь сонсон магтаж бишрэн уярцгаана. Бид тэднийг хүүхэд насыг нь алгасуулан томчууд болгохыг ямар их яаран хүснэ вэ? Ургаж төлжиж гүйцээгүй нялх уруулыг нь, хумсыг нь будаж, ухаарч төлөвшөөгүй оюун санаанд нь өөрсдийн сэтгэлийн хирээ халдаана. Хүүхэд насандаа хэтийдсэн яриаг нь хөөргөн онгиргож, бусдад гаргаж буй увайгүй араншинг нь дэвэргэн ухаантайд тооцон муйхарлана. Бид өөрсдөө тэднээр зүгээр л тоглоцгоож байна.  Хүүхдүүд “Од” болон өвчлөхөөс илүүтэй, хүн болон төлөвших учиртайг бид мартжээ.

Хүүхэд нас хүний амьдралын хамгийн гайхамшигтай үе. Хувь заяа нь онож төрсөн энэ амьдралыг өөрөө л таних гэж хичээх үйлдэл болгон нь дэндүү хөөрхөн. Өдөр хоногоор өсч төлжиж буй бие нь, ухаарч дуурайж буй оюун санаа болгон нь өөрийн цаг хугацаатай. Цаг хугацаа болгон нь өөрийн давтамжтай. Бид тэдэнд сайн хүн болон төлөвшихөд нь туслах үүрэгтэйгээс биш, цагаас нь өмнө тэднийг “Од” болгох шаардлагагүй. Тэдэнд хүүхдийн дуу, шүлэг зохион өгч ном бүтээх хэрэгтэй байна. Тэдэнд зориулан кино жүжиг, танин мэдэхүйн зөндөө олон хөтөлбөрүүдийг бий болгох хэрэгтэй байна. Тэдэнд зориулсан тоглоомын талбай, спортын танхимууд, урлагийн тайзуудыг байгуулах хэрэгтэй байна. Гэхдээ томчууд биднийхээс огт өөрөөр шүү дээ. Тэднийг магтах үед нь магтаж, зэмлэх үед зэмлэж байх хэрэгтэй байна. Байгалын сайхнаар дагуулан аялж ургамал амьтдын бүтэц, хувь заяа хийгээд тэднийг хайрлахад сургах хэрэгтэй байна. Ахмад хүмүүсийг хүндэлж, тэдний үгийг сонсож, тэдэнд жаахан ч атугай туслахад сургах хэрэгтэй байна. Юу юунаас илүү монгол хүн болж төрсөн хувь заяандаа талархаж эх орон газар нутгаа чин сэтгэлээсээ хайрлахад сургах хэрэгтэй байна. Зүгээр л сайн хүн болгон төлөвшүүлэхэд л авьяас чадвар нь аяндаа хөгжөөд, дэлгэрээд явчихдаг юм шүү дээ. Хичнээн хөөрхөн байгаад ухаангүй тэнэг болон хувирах юм бол танд тус болно гэж үү? Хүүхэд мөртлөө, та бидний хүсэлтээр аль хэдийн “насанд хүрсэн” хүүхдүүдтэй байх сайхан гэж үү?

Хүмүүс бид хүүхдүүдэд “хүүхэд нас”-ыг нь үлдээе, түүнийг нь бүү хулгайл л даа. 3 настай хүүхэд 10 настай хүүхэд, 20 настай залуу, 30 настай идэр үе, 40 настай ид үе, 50 настай ухаажсан хүн болгон өөр хоорондоо огт өөр. Зүгээр л тэдний үзэж өнгөрүүлсэн, туулж давсан болгон нь амьдралын туршлага болон тогтдог. Тийм болохоор л “Ах нь сургаж, дүү нь сонсдог” учиртай юм шүү дээ. Нэмэгдэж буй нэг нас болгон маш их цаг хугацааны шалгуурыг давж ухаарлыг авчирч байдаг. “Цагийн юм цагтаа л байдаг” гэдэг шиг онгиргон сагсуу залуу нас, хожим ухаарлын насанд уруул дээр үл ялиг инээмсэглэлийг тодруулж байдаг. Эргээд харахад бүх л зүйл өөрийн гэсэн цаг хугацаатай байдгийг л ойлгодог юм. Хүүхэд нас ч ав адилхан. Тэд эрхэлж тоглож, өөрийнхөөрөө энэ ертөнцийг таньж байг. Гэхдээ өдөр болгон аав ээжийгээ, ах эгчийгээ харж дуурайж байдгийг л мартаж боломгүй. Хүүхдээ сайн хүн болгон төлөвшүүлэхийн тулд та өөрөө л сайн хүн байхаас өөр арга үгүй. Хүүхдүүд тань алдартан суутан болох албагүй, харин сайн хүн болж төлөвших учиртай. Тэр нь хүүхэд насанд л төлөвшдөг юм даа. Тэд өөрсдийн насандаа дурлацгааж, хайрын тухай чин сэтгэлээсээ дуулж, шүлэглэж байг. Наснаасаа эрт зовлон, шаналал бүү амсаг. Хүний амьдралын давтамж болгон өөрийн өнгө төрхтэй, бас өөрийн жаргал зовлонтой, гэхдээ л сайхан шүү дээ. Эргэж олдохгүй хүүхэд насаа гэж.

Mar 15

МУУДАЛЦАХААРАА…

By gala-admin | УХААРАЛ

Монголчууд бид өдөр тутмын янз бүрийн асуудлаар өөр хоорондоо муудалцдаг. Хүн болгон адилгүй болохоор өөр өөрийн сэтгэл дотроо буй үзэл бодлоо хамгаалах гэж санал зөрөлдөнө. Ажлаас бас хувийн асуудлаас эсвэл хэн нэгний тухай илэрхийлсэн сэтгэгдлээс болж санал зөрөх нь олонтаа. Нэг хэвэнд цутгасан тоосго биш, бор тархины гадаргуу дээрх олон үрчлээсүүдийн өөр өөр атираанууд энэ санал зөрөлдөөнийг дэвэргэдэг. “Үгүй ер, энэ мууд дээрэлхүүлээд байхдаа яанам билээ” гэсэн сэтгэл доторхи омогшоон ийм хэрүүл маргааныг улам ихээр өгдөөнө. Ийм хөөргөн омогшил маргалдаж буй сэдвэээсээ хальж, огт өөр мэдээллүүдийг тархины багтаамжаасаа гаргаж түүнийг ялан дийлэх хүсэлд ташуурдах авай. Тэмээний тухай маргалдаж байсан мэтгэлцээн, ямааны тухай доромжлолоор дэвэрч, эцэс сүүлдээ юуны талаар маргалдаж байснаа мартаж санахын зааг дээр аваачих нь зөндөө. Энэ тэнэглэл нь “Салшгүй сайн хүндээ марташгүй муу үгийг бүү хэл” хэмээх дүрмийг зөрчсөнөөр төгсдөг. Дараа нь хичнээн харамсавч амнаас нэгэнт гарсан муу үгсийг эргүүлж залгилж болдоггүйн зовлонг эдэлнэ.
Дотно сайн найзууд чин сэтгэлээсээ зовлонгоо хуваалцан ярьж байсан үгс маргалдаж мэтгэлцэх цагт “Чи муу тийм л амьтан биз дээ?” гэсэн хачираар даруулахад, итгэсэн сэтгэл доромжлол дунд хиртэж эргээд хичнээн сайхнаар угаах гэвч өнгө ордоггүй нь гачлантай. Зүгээр л итгэж ярьсан бүхнийг нь зүггүйтэж найз нарынхаа дунд доог тохуу болгон ярьж хээв нэг инээхэд, тэр л өдөр ганцаардахдаа хань татсан бүхэн нь энэ өдөр доромж болон хувирахад, итгэж ярьсан бүхнээ эргүүлж залгилж болдоггүйн харууслыг амандаа дэмий л залгилна. Өөрөө сэдэж яриулчихаад өрөвдсөн сэтгэлээ угаадас мэт өөр рүү нь эргүүлээд асгах хэн нэгний өчүүхэн сэтгэлийн сүүдэр дор даарч жиндэн жихүүцэх бас л амаргүй. Тэгээд л хүмүүс дотно нэгэнд итгэснийхээ хариуд доромж амсах бүрдээ гутарч гунин, бусдад итгэх итгэлээ алдаж толгой гудайн, нүднийх нь харц хиртэж эхэлдэг. Сайхан сэтгэлээр өөдөөс нь инээсэн хүн руу итгэж ядсан харцаар гунитайяа харах нь өрөвдмөөр. Энэ ертөнцөд “Сайн хүмүүс муугаасаа олон” гэдэгт итгэж өгөхгүй, сэтгэлийн шаналлаа улам л дотор руугаа чихнэ. Хааяадаа хүмүүс рүү мушилзах гэвч, итгэхгүйн зовлон төрхөнд нь тодрох. Бид энэ ертөнцөд бие биенээ заавал ингэж тарчлаах шалтаг юу билээ.
Хүмүүс минь өөр хоорондоо элдэв асуудлаар муудалцах бүрдээ тэр л сэдвээсээ бүү хальж бай. “Агт алдвал барьж болдог, ам алдвал барьж болдоггүй” хэмээн өвөг дээдэс минь дэмий нэг хэлээгүй дээ. Маргалдаж муудалцах бүрдээ сэтгэлийнхээ чанадад эвлэрэх жижигхэн зайг заавал үлдээж бай. Давж гарахын тулд аман дээр гарсан хорон үгсээ асгарах шүлс мэт цааш нь залгилж бай. Эвлэрэх нэгэн өдөр тэр л муу үгсийг түүнд хэлээгүйнхээ төлөө өөртөө талархдаг юм. Сайн найзууд жижигхэн асуудлаас болж маргалдахдаа, тэр л өдөр гомдоосон жижигхэн шалтгаас илүүтэй, өмнө нь чамд гаргаж байсан сайхан сэтгэлүүдийг заавал дурс. Зүгээр л түүний төлөө найзыгаа бас дотно хүмүүсийг уучилж сур. Уул шиг харагдаж буй хар бухимдлыг туулай шиг цагаан дурсамж гүйцдэг юм. Дараа нь хүн болгоныг үзэн ядахын оронд сайн найзтайгаа эвлэрээд гараасаа атгалцан инээж алх. Зүгээр л хүмүүсийн тэнэглэлийг тайван хүлээж авч “Тэнэг мунхаг хүмүүстэй тэрсэлдэж маргалдаад хэрэггүй дээ” гэж өөртөө хэлэн тайвширч бай. Чамайг муулсан хүмүүсийн бахыг ханган, муу явахын оронд эелдэгээр инээмсэглээд өөрийнхөөрөө бай. “Идсэн эрүү хувхайрч, идүүлсэн бут ногоордог” жамтай. Чиний хэн болохыг, бас хэн байсныг тэд биш цаг хугацаа л шүүдэг юм шүү дээ.
 “САЛШГҮЙ САЙН ХҮНДЭЭ МАРТАШГҮЙ МУУ ҮГ БҮҮ ХЭЛЖ БАЙ” Зүгээр л бүх зүйлд уужуу тайван ханд. Муу хүмүүсийн мунхаг үйлдлийн өмнөөс эелдэг сайхнаар инээмсэглэж бай. Тэд яаж ч чаддаггүй юм. Хэрэлдэж маргалдан хэл амаа билүүдэх аваас хэзээ ч чи ялагч болж чаддаггүйг бүү март. Маргалдаж хэрэлдэхэд ялагч хэзээ ч байдаггүй юм даа. Чиний бас тэр хүний сэтгэл л хиртдэг юм. За тэгээд өөр зүйлгүй дээ.