Menu
Assign a 'primary' menu

Category Archives for "УХААРАЛ"

Aug 11

Монгол хүн ба үндсэрхэг үзэл

By gala-admin | УХААРАЛ

Аливаа улс үндэстэн, өөрсдөөрөө бахархах бахархал, өөртөө итгэх итгэлээ алдах цаг үеэсээ мөхөж эхэлдэг. Гадаад хүн биднээс илүү, гадаад орны хөгжил мундаг, харин бид арчаагүй дорой гэж бодож эхлэх мөчөөс л сүйрэл эхэлдэг.

Өгүүлэх нь:

Монголчууд эрт дээр үеэс л нүүдэлчин амьдралтай байж, байгаль орчноо шүтэж, түүндээ дасан зохицож, нүүдэллэн амьдарч асан.  Аугаа өвөг дээдэс минь дэлхийн талыг эзэлж, их түүхийг бүтээн захирч явахдаа, хичнээн сайхан газар нутаг тааралдавч үл ойшоон, хатуу ширүүн улиралтай, их далайгаас алслагдсан, хангай говь, тал хээр хосолсон энэ л нутаг руугаа тэмүүлдэг байсан.
Хүний нутгийн шороо наалдсан хүчит дөрвөн туурайгаа, өөрийн нутгийн усанд угаахдаа л хангинатал үүрсэн янцгааж, нутгаа санасан сэтгэлээ нулимс мэлмэрүүлэн байж илчилдэг хүлэг морьд шигээ нутаг руугаа тэмүүлнэ. Монгол хүн, монгол морь энэ л сайхан газар нутгаа юугаар ч сольж, бас орхиогүй юм даа.

Дэлхийн дайд сүр хүчээ гайхуулан, аугаа сүрлэг харшийг Хархорумд цогцлоохдоо ч, дөрвөн хананы дунд гиюүрэн суухыг үл тэвчиж, тэнүүн талдаа зоргоороо нүүдэллэж, хатуу ширүүнээс ч үл ажран, омгорхож, бардамнаж явсан өвөг дээдэс минь… Тэд өөрсдийн сүр хүч, ухаан сэтгэмж, итгэл бардамналаа энэ л нүүдэл дундаас олдог байсан байж болох.

Өгүүлэх нь:

Нүүдэлчин амьдралаасаа эгэл монголчууд, бусдаас хамаарал бага, бие даасан, өөртөө итгэлтэй, аливааг зохицуулж, бас дасан зохицох ухааныг олдог байсан аж. Уудам дэлгэр нутагтаа нүүдэллэж өөрийн зоргоор амьдрахдаа, хэзээ нүүж хаана буух, хэнтэй айлсаж, хэнийг түшиж амьдрахаа өөрөө л  шийдэж, бүхнийг хийнэ. Өрх гэрийнхээ юу дутагдах, юу хэрэгтэй болохыг урьдчилан харж, тооцоолж, олж базаах.

Өөрсдийн болон үр хүүхдийнхээ өмсөж зүүх, эдэлж хэрэглэх, түүнчлэн өсч өндийх, өвдөж зовох бүрд хэрэгтэй бүхнийг базаан бэлтгэж, бас зохицуулна.

Үр хүүхдээ багаас нь ажилч хичээнгүй, ахас эхэсээ хүндэлж сонсдог, өөртөө арчаатай, өрөөл бусдад тустай хүн болгон яаж төлөвшүүлэхээ мэднэ.

Өрөөл бусдаас хамааралгүй, өөрөө л бүхнийг шийдэж, үүнийхээ сайн муу үйлийг өөрөө л үүрч хариуцах ухаан нь, монгол хүмүүсийг өрх гэрийнхээ эдийн засагч, сурган хүмүүжүүжэгч, эмнэн эмчлэгч, дэг жаягаа дээдлэгч болгон хөгжүүлж байсан аж. Чухам энэ л ухаанаараа монгол хүн, бусдаас бага хамааралтай, бие даасан, бүх зүйлийг хийж чадах эрмэлзлэлээрээ бусдаас ялгардаг байсан байж болох.
Өдгөө харь олон оронд монголчууд бусдаас илүү хурдан дасан зохицож, илүү сайн боломж руу тэмүүлэх эрмэлзлэл нь, энэ цусны илрэл байж мэдэх юм.

Өгүүлэх нь:

Монголчуудын омгорхог, өрөөл бусдаас сул дорой, дутуу явахыг тэвчдэггүй араншинд сайн муу олон л зүйл ажиглагддаг. Нэгэнт ядуу дорой төрсөн л бол ” энэ миний өчүүхэн хувь заяа” хэмээн сүсэлж, түүнээсээ илүү гарахыг эрмэлзэхгүй, дорой энэ байдалдаа таацан амьдардаг олон үндэстэнгүүдээс монголчууд шал өөр хүмүүс.

Хүлэг морины нуруун дээр салхи мэт дэрвэлзэж, хүй ертөнцийг хураан захирч, өөрийн сүр хүчээ гайхуулж, омгорхож явахдаа “энэ ертөнцөд гагцхүү монгол хүн л тэнгэрт тэтгэгдсэн учраас бусдаас илүү байх тавилантай”  хэмээн итгэж, нотолж байсан, цус омгорхолоос өдгөө ч бидэнд өвлөгдөн үлдсэн байж болох. Өдгөө харь оронд нэгэн ажлыг бусадтай адил хийж эхлэвч, хэсэг хугацааны дараа өөр илүү сайн руу тэмүүлж, арга эвийг нь олж, ахин дээшлэх монгол хүнийг ажих бүрд, ” би бусдаас яагаад ч дор явах ёсгүй”  гэсэн хүсэл нь мэдрэгддэг.

Сайн муу янз янзаар хэлэгдэвч, энэ л хүсэл тэмүүлэл нь монгол хүнийг бусдаас арай л ялган харагдуулна.

Үндсэрхэг үзэл

Монголчуудын эх оронч, үндсэрхэг үзлийн тухай “Аргагүй шүү дээ! Нэгэн цагт үнэхээр том гүрэн байж, их түүхийг бүтээлцэж байсан аугаа өвөг дээдсийн үр сад, өдгөө ингэж яваадаа харамсдаг байх. Бас бахархах, омгорхох зүйл ихтэй байдагтаа тэд ингэх эрхтэй” хэмээн өрнийн зарим түүхчид өгүүлсэн байдаг. Саяхан миний нэг нийтлэлийн дор сэтгэгдэл бичсэн нэгэн, энэ тухай сануулсан байна билээ.

Нээрээ л бодох ахул, алс холын Африк, харь олон гүрнүүдийн иргэд ингэж бодох бил үү? Өдгөө цагт олон ч монголчууд боловсорч, мэдлэгжиж, өөрийн монгол орноо өрөөл бусад олон оронтой харьцуулан жиших бүрдээ, сэтгэл дотроо сэм сэмхэн, ийн эмзэглэдэг.
Гадаадын олон оронд ажиллаж амьдарч байгаа, монголдоо хийж бүтээж яваа олон монголчууд, өөрийн монгол орны хөгжлийн төлөө, өдрөөс өдөрт алдагдаж байгаа монгол хүний үнэ цэнийн тухай, сэтгэл зүрхэндээ харамсан шаналж байгаа.

Нэгэн зүйл:

Монголчууд бидэнд өнөөдөр бахархах бахархал, шүтэх шүтээн үгүйлэгдээд байна.  Түүхийн бүх л нугачаанд монголчууд алтан ургийнхнаа хүндлэн сонсож, түүх соёл, хэл заншлаа дээдэлж, хүнд хэцүү цаг мөчид энэ бүхнээ л хамгаалан тэмцэж ирсэн.

Өнгөрсөн зууны эхэнд, эзэн Чингисийн алтан ургийн сүүлчийн удам болох сайн ноён хан Намнансүрэн, чин ван Ханддорж нарыг хорлон хөнөөж, олон зуунд хадгалагдан ирсэн өв соёл, сүшиг бишрэлийг нь “феодалын үлдэгдэл”  нэрээр хомроголон устгаж асан цаг дор монголчуудын үндэсний бахархал, омгорхлыг дарж эхэлжээ.

Их эзэн хаанаа “цуст алуурчин” хэмээн харааж, ид шидэт хувилгаадаа “зальт луйварчин”  хэмээн хавчиж, их түүхийн товчоон, монгол бичгээ “хоцрогдсон”  хэмээн шатааж, их гайхамшигийн хүндлэл, соёл заншлаа “бүдүүлэг”  хэмээн доромжилж асан тэр цаг дор, монголчуудын зүрх сэтгэлийг нь мохоож, бахархал, омгорхлоос нь салгаж, харь бүхнийг шүтэж, өөрсдийн арчаагүй доройг мэдрүүлэх хорон муу бодлогын золиос болгож байсан.

Нэгэн зүйл:

Өдгөө цаг дор, дэлхийн уудамд нүд нээж, дэхийн дайд сэтгэлээ билчээж, дэлхийн хэмжээнд ухаарч байнам монголчууд бид… Өөрсдийн түүх соёл, дэлхийн хөгжилд нөлөөлж асан олон гайхамшигуудаа мэдрэх бүрд, монголоороо бахархаж, монголоороо гоёж, монгол хүн болж төрсөн хувь заяандаа сүслэх болж байна бид.

Бусдаас илүүгүй гэхэд бусдаас дутуугүй хөгжих боломж чадлаа мэдэрч, бас тэмүүлж байна.
Аугаа их хаадууд, өвөг дээдсиинхээ түүх, намтрыг судлан тэрлэж,  сүүдэр ший бүтээж, их хөлгөн судруудаа дээдлэн залж, бас олны хүртээл болгож буй. Аугаа өвөг дээдсийн минь ухаан, цус, хөлсөөрөө хамгаалан байж бидэнд өвлүүлсэн газар нутгийн баялаг нь, өдгөө дэлхийн олон баячуудын шуналыг асааж, шүлсийг асгаруулж буй.  Энэ бага зүйл гэж үү?

Одоо монголчууд бидэнд их бахархал, их шүтээн эргэн ирж буй. Энэ цаг үед хийрхэлээс илүү, их ухаан, их хөдөлмөр, их тэмцэл хэрэгтэй болж байна. Энэ их хийрхэл, хөөрцөглөл, хоосон омгорхлоо дарах сан даа.

Нэгэн зүйл:

-Өнөө үед харь хүнийг үзэн ядах, гадуурхан хавчих сэтгэлгээгээ “үндсэрхэг үзэл”  гэж үзэх болж дээ. Гадаад хүн бүрийг үзэн ядаж, монгол бүсгүйтэй ханилсан гадаад нэгнийг барьж авч зодсон тухай бишгүй уншиж, сонсож байна. Ийм хөдөлгөөн хүртэл байгуулагдаж, өрөөл бусдыг ийм үзэн ядалтад уриалан дуудаж, сүр хүч, омгорхлыг үзүүлэх болж дээ. Энэ бол үндсэрхэг үзэл бишээ.
“Олон хүн сайн муутай, ой мод урттай, богинотой” гэдэгчлэн, монголд байгаа харийнханд сайн ч муу нь ч байх, харьд байгаа монголчуудад ч сайн ч муу нь ч байгаа.

-Их эзэн хаадынхаа нэрийг сайн муу, сайхан муухай бүхэнд нааж, эрээ цээргүй ашиглах болж дээ. “Чингис”  нэртэй цэнгээний газарт “Чингис”  нэртэй хоол идэж, “Чингис”  нэртэй сархадаар даруулан наргиж суухдаа бахархал, омгорхлоо мэдэрдэг гэж үү? Энэчлэнгээр их хаадын нэрийг ингэж ашиглаж байгаа нь, үндэсний үзэл бахархлын илрэл гэж үү? Их хаадын нэр, их түүхийн нэрсийг дээдлэхийн оронд, элдэв хэрэгтэй хэрэггүй зүйл дээр нааж, ашиглаж буй нь хүндэтгэл гэхээсээ доромжлол болж байгаа. “Сайн хүний нэрийг 3 худалдаж иднэ” гэдэгчлэн, их хаадын нэрийг “Бренд”  болгон хамгаалж, юунд ашиглаж болох, юунд эс ашиглахыг хуульчлан зааглах цаг болжээ.
-Эх түүхээ уншихгүй, эх хэл соёлоо мэдэхгүй, ахас эхэсээ хүндэлж мэдэхгүй хэрнээ, халамцуу согтуу тультраатаж, “би Чингисийн монгол”  гэж цээжээ дэлдэн агсагнах нэгэн үндэсний бахархалтан биш ээ. Энэчлэнгээр юм болгон дээр хоосон хөөргөн зангаа гаргаж, эх оронч бахархлын хоосон үгийг шүлстэйгээ хамт үсчүүлээд байх хэрэг юун. Ядаж л их уншиж, ухаарч, өөрийгөө хөгжүүлж, өрөөл бусдад сайнаар нөлөөлж байх хэрэгтэй байнаа залуус минь. Бидэнд чин сэтгэлийн бахархал, эх оронч сэтгэл дутагдаад байгаа.

Харин бид одоо юу хийж болох вэ?

1.Монгол хүн бүрт, бусад үндэстэн, иргэдээс илүү нь үгүй гэхэд дутуу үгүй олон сайн чанарууд бий. Алив зүйлд бие даасан, өөрийн бодлоор ханддаг, бусдаас дор амьдарч дорой явахгүй гэсэн хүсэл тэмүүлэл. Харин үүнийг атаархал, хар хороор бус, хөдөлмөр зүтгэлээр тэтгэж чадвал, монгол хүн дэлхийн дайд гайхуулан бишрүүлэх цаг ирнээ. Тэгэхээр өөртөө итгэж, ” би үүнийг заавал хийж чадна” гэж зорьж бүтээж сурах нь хамгаас чухал. Монгол хүн бүр өөртөө итгэж, хөдөлмөрлөж чадвал заавал амжилтад хүрдэг. Үүнийг бидний эргэн тойронд байгаа олон сайн жишээ нотолж буй.
2.Монгол хүн бүр эх түүхээ, “монголын нууц товчоо” гоо заавал уншиж, олон зуун жил төгөлдөржин баяжиж ирсэн урлаг соёл, ёс заншлаа судлан дээдэлж, сурталчлан хөгжүүлэх хэрэгтэй байна. Үүний тулд, хүүхэд залуус уншиж судалж, үзэж болох, хялбаршуулсан маш олон СД, ДВД, ном хийж олны хүртээл болгох сон.

Өдгөө монгол орны иргэдийг байлдан дагуулж, тархийг нь угааж байгаа солонгос “савангийн дууриуд” ын оронд, ийм зүйлүүдийг үзүүлж, бяцхан залуу оюуныг эх оронч бахархал, үндэсний үзлээр цэнэглэх цаг болжээ. Тэр савангийн дууриудын балгаар, хичнээн охид бүсгүйчүүд, солонгос эрчүүдтэй гэрлэх гэж, амьдрал хувь заяагаа буртаглаж байгааг анзаарахгүй байна гэж үү? хэвлэл, мэдээллийн хэрэгслэлийнхэн минь. Өнөөдөр та нарын олж буй мөнгө, монголын хойч ирээдүй үейинхний амьдралд ямар их эмгэнэл, оюуны доройтол авч ирж байгааг эрүүл ухаанаар тунгааж нэг үзээрэй.

3. Монгол хүнээ хөгжүүлэх төрийн бодлого боловсруулах цаг болжээ. Алт зэс хөөцөлдөж, амнаас унах шүлс, улаан болсон нүдээ ч анзаарах сөхөөгүй, авах идэхийн шунал асаасан, монголын төрийн эрх мэдлийг атгаж байгаа эрхмүүд, эрүүл саруул ухаанаар энэ бүхэнд хандах цаг болж байнаа. Ядахнаа л монгол эрчүүдэд зориулсан бодлого, хүүхэд төрүүлсэн бүсгүйчүүдээ халамжлан анхаарах, гадаадад байгаа иргэдээ монголдоо ирүүлж, тэднийг элэг бүтэн, өөрийн сурч мэдсэнээ ашиглаад тайван амьдрах боломжийг нь олгох, гээд олон зүйлийг хийж болох шүү дээ. Монгол орны хөгжлийн ирээдүй болсон хүүхэд, залуустаа сурч хөдөлмөрлөх, хөгжих сайн боломжийг нь олгож, хэрэгтэй асуудлаар нь зөвлөн туслах олон төв байгуулж, чөлөөт цагаа үр дүнтэй сайнаар өнгөрөөх олон газар байгуулан ажиллуулж болох шүү дээ. Монгол орныг зөв сайн хүмүүжилтэй, өндөр боловсрол мэдлэгтэй, ухаантай монгол хүн л хөгжүүлнэ гэдгийг ухаарч оилгоход ийм олон жил шаардагддаг юм болов уу?

4. Нэгэн цагт дэлхийн хөгжилд нөлөөлж, тэднийг захирч асан Монгол гэдэг орны ариун голомтыг үзэх гэж, түүх соёлоор нь бахархах гэж, дэлхийн олон орны жуулчид монголд ирдэг болгох сон. Тэд монгол орны хөгжлийг төдийгүй, монгол хүний авьяас билэг, ур ухаанийг магтан бишрэх гэж монголд ирдэг болгох сон. Үүний тулд хийж болох ажил зөндөө л байна.

Нэгэн цагт монголын төдийгүй, дэлхийн нийслэл шахуу болж, дэлхийн бүх гайхамшигт урчууд, сод авьяастны цуглуулга болж, дэлхийн шашны бүх сүм хийдүүд зэрэгцэн орчиж байсан Хар хорум хотыг зөв сайнаар сэргээн босгож, аялал жуулчлалын том төв байгуулж болно. Их эзэн Чингис хааны өлгий нутагт олон түүх дурсгалын цогцолбор цогцлоож, дэлхий дахинд гайхуулж болох.
Энэчлэн газрын хэвлийн баялгаас дутуугүй, газрын хөрсөн дээр бий болгож болох олон баялаг, боломж бидэнд буй. Энэ бүхнийг дагаад монгол хүн бүрийн эх орноороо бахархах, монгол гэдэг нэрээрээ гайхуулах оюуны их өөрчлөлт бий болно.

Энэ хэрээр монгол хүний үнэ цэнэ өсч, ирээдүйдээ итгэлтэй, өөрсдийгөө өөдрөг сайнаар авч явах урам зориг бий болно.

5. Энэ бүхнийг бий болгоход, монголчууд бидний эв нэгдэл хамгаас чухал байна. Цөөхөн монголчууд бид бие биенээ хүндлэн дээдэлж, хөхүүлэн дэмжиж, сайн муугаа дэлгэн ярилцаж, засч залруулж байх сан. Алийн болгон “тамын тогооны үлгэр”  хэлэлцэж, цээжин дэх атаа хорслоо ам хамраараа савсуулж, уулзсан нэгнээ муулан гоочилж, урагш зүтгэсэн нэгнээ татан унагааж байх билээ.
Нэгэн цагт “эвтэй байхдаа хүчтэй” байж, дэлхийн талыг өмнөө сөхрүүлж, нэгэн хууль, зарлигийн дор захирч байсан аугаа өвөг дээдсийн үр сад бид , өчүүхэн сэтгэлгээ, ядмагхан боломжийн дор, өөртөө итгэлгүй , уруу дорой амьдрах ёсгүй билээ. Монгол хүн бүрийн оюун санаанд, цээжин дотор нэг л бяцхан хөндүүрлэл, нууцхан омгорхол байдгийг мэднээ.
Арай л холыг харж, тал шигээ уужим сэтгэж, чоно шиг сортоотой байж, хүлэг морь шиг нутаг юугаа зорьж, өвөг дээдэс шигээ эвтэй байхсан.

Төгсгөл

Монгол хүн, монгол морь хоёр хэзээ ямагт нутгаадаа тэмүүлдэг. Газар тэнгэрийн савслагад, сэтгэл зүрхний гүнд орших  монгол нутаг гэдэг юугаар ч сольшгүй эрдэнэ минь билээ. Ядарч зүдэрсэн нэгэн цагт зориод очиход, алгаа сарвайж, энгэртээ тэврэх эх орон минь, бас халуун дулаахан өлгий минь билээ.

Алдрай бага наснаас минь сэтгэлд минь хоногшсон монгол ахуй, алт эрдэнэсээр ч сольшгүй монгол амьдрал, айраг цагаа. агь таана нь үнэртсэн монгол байгаль унтах нойр, алжааж ядарсан сэтгэлийн угаас салах нь үгүй.

Буцаад очих эх орон, бахархан гайхуулах түүх, соёлтой байна гэдэг юутай сайхан.
Аяа Монгол сайхан орон минь.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2009-08-11

Jul 20

Боломжоос давсан хэрэглээ

By gala-admin | УХААРАЛ

“Хөнжлийн хэрээр хөлөө жий”

Хүн ая тухтай нойрсоход, нөмөрч унтдаг хөнжил их үүрэгтэй гэнэ. Хэрэв хөнжил нь багадвал, хөл нь ч юм уу биейин аль нэгэн хэсэг нь ил гарч даарч зутрах, эсвэл хөнжилдөө багтахын тулд атирч, эвхэрч тух алдана. Харин хөнжил нь яг л таарч байвал, биед нь амар төдийгүй, тухтай сайхан нойрсож, тавтай сайхан зүүдэлнэ. Харин хөнжил нь томдвол, энд тэнд хөглөрч, овоорсон хэсэг нь биед тээглэж, даарахгүй хэдий ч бас л тух алдана.

“Хөнжлийн хэрээр хөлөө жий” гэдэг монгол сургааль, зөвхөн хөнжлийн тухай ч биш юм аа. Хүний алив хэрэгцээ гэгч өөрийнх нь боломжинд таарч байх учиртайг сануулсан хэрэг.
…Цөөхөн хэдэн малтай хэрнээ, мянган малтай нэгэнтэй адил тансаглаад байж болохгүй л дээ. Өнөөдөр өөрийн хэрэглээгээ танаж байж, малаа өсгөн арвижуулахыг хичээнэ. Үүний тулд их л хөдөлмөр зүтгэл гаргах хэрэгтэй болдог. Харин өөрийн хөдөлмөрийн үрээр үржиж олон болсон мал сүргээ харахдаа баяртай байх аж.
…Өнөөдөр сарын 200$ цалин, орлоготой байж, заавал үнэтэй машин авч унах гэж зүтгэх хэрэггүй л дээ. Өөрийн хэрэглээгээ танан байж, мөнгөний хуримтлал үүсгэхийг хичээнэ. Өөр бас давхар ажил хийж, нэмэлт орлого олж, машины мөнгөө цуглуулна. Үүний тулд, алд биеэ алжаан байж, хөдөлмөрлөж, зүтгэх хэрэгтэй болдог. Хурааж хуримтлуулсан мөнгөөрөө хүссэн машинаа авч унахдаа, нүүр бардам, баяртай байх аж.
…Өөрөө ямар ч орлогогүй байж, өрөөл бусдын хөдөлмөрийн хөлсөөр үнэтэй чамин хувцас авч өмсөх хэрэггүй л дээ. Хүссэн пүүзээ авч өмсөхийн тулд, цагийн ажил ч болсон олж хийж, хэрэглээгээ багасган байж хуримтлал үүсгэнэ. Харин энэ зүтгэлийн үрээр хүссэн пүүзээ худалдан авч өмсөхдөө хэрдээ додигор.
Өнөө цагт өргөжин тэлж, өөрчлөгдөж, өсөн нэмэгдэж байгаа хэрэглээ гэгч, хүнээс их эрдэм мэдлэг, ур чадвар, хөдөлмөр зүтгэл шаардах болжээ. Тансаг сайхан хэрэглээг хэрэглэхийн тулд, их мөнгө олохын тулд, өнөөдөр өөрийгөө зовоож, хэрэглээгээ багсгаж, өмнөө зорилго тавин сайн суралцаж, их хөдөлмөрлөх хэрэгтэй болно.
Хүн ер нь хэрэглээгээ өөрт байгаа боломжиндоо л тааруулах болдог. Өөрт байгаа боломжоо нэмэгдүүлэхийн тулд л илүү сайн суралцаж, илүү их хөдөлмөрлөж, илүү их ухаан зарцуулах үндэс болох аж. Хүссэн хэрэглээгээ эдлэхийн тулд , боломжоо нэмэгдүүлэх боломж нь, өнөөдөр өөрийн хэрэглээгээ багсгаж, их хэмжээний хуримтлал үүсгэх явдал байдаг.
…Хэдэн жилийн дараа гоёмсог орон сууцтай болохын тулд, өнөөдөр хүнд хэцүү нөхцөлд хөдөлмөрлөж, өөрсдийн хэрэглээгээ багасгаж, аль болохоор хэмнэж, хуримтлуулан зүтгэнэ. Хожим хүссэн сайхан байрандаа амьдрах хүсэл мөрөөдөл нь, өнөөдөр дутуу дулимаг байдалдаа гутарч гуних бус, “энэ бүхэн тун удахгүй эцэс болж, бид өөрсдийн хүссэн хэрэглээгээ бий болгож чадна” гэдэг итгэл нь, бүхнийг тэвчих урам зориг нь болдог аж.
Ийм зорилго, мөрөөдөл бүхий хөдөлмөр зүтгэл нь биелэлээ олох бүрд, улам улмаар урамшиж, бүр ч илүү том зорилт тавьж, илүү сайхан хэрэглээ рүү тэмүүлэх боломжоо бий болгоно. Өөрсдөө хүсч мөрөөдөж, зорьж тэмүүлж, хөдөлмөрлөж зүтгэж бий болгож байгаа бүхэн, эзэндээ баяр баясгалан, итгэл урам авч ирэх төдийгүй, үүнийхээ төлөө бусдын өмнө нүүр улайхгүй.
Өдгөө гадаад оронд, хүнд хэцүү нөхцөлд махран мэрийн, тэвчиж, хэмнэж хөдөлмөрлөж байгаа олон монголчууд энэ жишээний эзэд. Бас гадаадад зовж зүдэрч ажиллаж байгаа хэрнээ, олсон бүхнээ тансаглан үрж, хэрэг болсон үедээ бусдаас зээлж, бусдад гайхуулан аагирхаж, энэ л цаг мөчөө өнө мөнхийн юм шиг сэтгэж яваа залуус, энэ бичлэгийн нэгэн жишээ.
Бусдаас ичиж зовохгүйгээр, хуучин муу пүүзтэйгээ явж, өөрөө хөдөлмөрлөж, хуримтлал бий болгосноор хэдэн сарын дараа, шинэ пүүз худалдан аваад өмсөж явах сайхан даа. Юу юунаас илүү энэ пүүзэнд, миний хүсэл мөрөөдөл, хүч хөдөлмөр шингэсэн юм гэж бодохуйяа бүр ч хайрлаж, гараараа илбэмээр, бас өөрөөрөө бахархмаар… Аав ээж худалдан авч , эсвэл ах дүү анд нөхөд бэлэглэснээс тэс өөр харагдана. Нэг л хайрламаар…

Баярхах, гоёх хүсэл

Монголчууд бид баярхах, гоёх, түүгээрээ бусдад гайхуулах их дуртай. Юу юунаас илүүтэй, өөрт байгаа боломжоос илүү ихийг хэрэглэх хүсэл нь эзэндээ ихээхэн зовлонг авч ирдэг. Гэхдээ, өөрийн боломжоо нэмэгдүүлэхийг хүсэхгүйгээр, бусдаас илүү, ядаж дутуугүй байх хүсэл нь ийм зовлонгийн үндэс болдог.
…Авч буй цалин, олж буй орлого нь бага мөртлөө, түүнээсээ 10 дахин их үнээр булган шуба авч өмсөөд яах ч билээ. Тэр л үнэтэй булган шубаны дороос, өрөөл бусдаас зээлсэн мөнгө, өрөөл бусдад гайхуулах гэсэн хүсэлтэйгээ сүлэлдэн, нэг л ядарсан, хүнд царайг харагдуулна.
…Авч буй цалин, олж буй орлого бага мөртлөө, үнэтэй машин авч унаад яах ч билээ.
“Ядаж байхад яр” гэдэгчлэн, үнэтэй машиныхаа шатахууныг дийлэхгүй, толгойд нь байнга “халтуур” эргэлдэх түүний царайд, нэг л шаналал илэрнэ.
…Авч буй цалин, олж буй орлого нь бага мөртлөө, арван хуруундаа бөгж зүүж, алтан гинжээр хоолойгоо чимээд яах ч билээ. Зохиогүй чимэг, элдэв чамин эдлэл, эзэн хүнээ гоо сайхан харагдуулахаас, бусдад гайхуулах гэсэн өрөвдөм хүслийг илчилнэ.
Өдгөө бидний зарим нь, өдөн куртка өмсөж, автобусанд сууж, хуруундаа ганц хуримын бөгжтэй явахаас ичдэг болж дээ. Энэ бидний эмгэнэл. Боломжоос давсан хэрэглээ, бусдад гайхуулахын тулд гоёж, баярхах хүсэл, олон гэр бүлийн өр зээлтэй шаналалт амьдрал, өрнөөс үүдэлтэй хэрүүл маргааны үндэс болж буй. Эцэст нь аргаа барахдаа, энэ бүхнээ зарж үрж, зээлсэн мөнгөө дарж, харамслын нулимс унагаах. Энэ бүхэн гамшиг бус гэж үү?
“Эдээр биеэ чимэхээс эрдмээр биеэ чим” гэж сургаж асан, монгол өвөг дээдэс минь, энэ л хийрхэл, солиорол, баярхал, боломжоос давсан хэрэглээнээс болгоомжилж сануулж асан. Хожим сайхан амьдрах, хүссэнээ хэрэглэх боломжийг буй болгохын тулд, өнөөдөр эрдэмд суралцаж, өөрийгөө хөгжүүлэх нь юу юунаас илүү чухал байна даа залуус минь.
Өдгөө энгийн атлаа, цэвэрхэн хэрэглээг ихэд эрхэмлэх болж дээ. Алтан гинж зүүснээр гоё гэж харагдахгүй, үнэтэй машин унаснаар мундаг гэж мэдрэхгүй, булган шуба өмссөнөөр баян гэж тооцохгүй цаг ирж байнаа. Харин хүний оюун ухаан, эрдэм мэдлэг, хөдөлмөр зүтгэл, сайн сайхан хүсэл тэмүүлэлийг мэдэрч, хүндлэхийг эрхэмлэх болж байна даа, энэ цаг дор…

Төгсгөл

Өдгөө энэ цаг дор, хүн гэдэг бодьгал, өөр өөрийн боломжиндоо хэрэглээгээ таацуулж явах учиртай. Бусдад баян, мундаг, сайхан харагдахын тулд, бусдаас зээлж, хэрэглээгээ хэрэгжүүлэх хэрэг юун? Үнэхээр тансаг сайхан хэрэглээг бий болгохыг хүсвэл, тэр хэрээрэээ их хөдөлмөрлөж, их ч суралцаж, их ч сэтгэх хэрэгтэй болно.
Зовж зүтгэж, суралцаж, хөдөлмөрлөж өөртөө бий болгосон бүхэн таны л боломж.
Боломжиндоо таарсан хэрэглээ гэдэг, нөмөрч унтахад тань таарсан тэр л хөнжил юм. Энгийн атлаа, ухаантай, сайхан сэтгэлтэй, эрч хүчтэй, зөв сайн хүсэл тэмүүлэлтэй залуус зөндөө л бий болж байна. Эд монголын ирээдүй.
Тэд чамин бус хэрнээ, энгийн цэвэрхэн хувцаслаж, бусдатай адил автобус метрогоор зорчиж, бусдын адил эдэлж хэрэглэж явахдаа ч дотроосоо гэрэлтэж, бусдаас сайхан харагддаг.
Заавал зарлиг шийдвэр хүлээхгүйгээр, дор бүрнээ хичээж, өөрчилж болох зүйлийн нэг нь энэ.
Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг
Хөнжлийн хэрээр хөлөө жий гэдэг
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

2009-07-20

Jul 12

Ярих соёл

By gala-admin | УХААРАЛ

-Уучлаарай таны цаана байгaa зүйлийг авах гэсэн юм
-Хүүе! чиний цаана байгаа зүйлийг авмаар байна
-Уучлаарай, тантай нэгэн зүйлийн талаар ярилцах гэсэн юм
-Хөөш! чамтай нэг юм яримаар байна
-Таны алдрыг хэн гэдэг юм бол?
-Хүүеэ! чамайг хэн гэдэг юм бэ?
Хүмүүс бид өөр хоорондоо бодол санаагаа илэрхийлэх, харьцахад яриа нэн чухал.
Энэ яриа ямар өнгө аялгаар, ямар үгсээр илэрхийлэгдэж байгаагаас, цаад хүндээ янз бүрээр нөлөөлдөг. Яг үнэндээ бид, өөрийн бодол санаагаа бусдад илэрхийлж, хуваалцаж ярилцахдаа л баяр урам, гутрал бухимдалыг мэдэрнэ. Энэ үүднээс нь авч үзвэл ярианы соёл гэдэг нэн чухал зүйл ажээ.
Хүн бүр янз янзын ааш араншинтай байдаг лугаа, өөрийн хүсэл, бодол санаагаа янз янзаар л илэрхийлдэг. Зарим нь өөрийгөө ихэд дөвийлгөн, бусдад дээрэлхүү төрхөөр, зарим нь өөрийгөө ихэд дорд үзэж, бусдад зусардсан өнгөөр, нэг хэсэг нь бусдыг хүндэтгэн эелдэг харьцаж байхад, нөгөө хэсэг нь өөрийн бүдүүлэг байдлаа, тэнэг мулгуу хандлагаар илэрхийлнэ.
Ямартай ч хэл ярианы соёл гэдэг, бусдыг хэрхэн үнэлж, хүндэлж байдгийн хэмжүүр байдаг аж.

Хээгүй яриа
Монголчууд бид өөрсдийгөө цагаан цайлган, хээгүй гүндүүгүй байдлаар илэрхийлэх дуртай.
…Хэн нэгэн хүнтэй ярилцахдаа, дотноссон сэтгэлээ илэрхийлж, тухайн хүний сонирхсон, эс сонирхсон байдлыг үл харгалзан, хэрэгтэй хэрэггүй, сонирхолтой сонирхолгүй олон зүйлийг хамж шимэн ярьдаг хүмүүс байдаг. Тийм хүний хувьд хэн нэгэнтэй ярих нь чухал болохоос, юу ярих хэрэгтэй нь төдийлэн чухал бус.
…Хүнтэй ярилцахдаа илэн далангүй байдлаа илэрхийлж, өрөөл бусдад төдийлэн хамаагүй, өөрт хамаатай олон асуудлаа дэлгэн ярьдаг хүмүүс байдаг. Тэд тэр хэмжээгээрээ, өөрт хамаагүй бусдын асуудлыг ч сонирхон, яриулах гэж оролдоно. Тийм хүмүүс, ярьж байгаа хүнийхээ дал мөрөн дээр нь алгадах, энд тэнд нь нудрах зэргээр зэргээр авирлан, хээгүй байдлаа илэрхийлнэ. Харин өөрийн олон асуудлаа дэлгэж, өрөөл бусдын олон асуудлыг сонирхох энэ үзэгдэл, нэгэн цагт хов живийн эх үүсвэр болох нь олонтаа.

…Хүмүүстэй ярилцахдаа марзан шалиг маягаар яриа өдөж, шоолж тохуурхаад эсвэл тоглож наргиад байгаа нь үл мэдэгдэх төрхөөр ярьдаг хүмүүс багагүй байдаг. Тийм хүнтэй ярихад нилээд төвөгтэй. Заримдаа тийм байдлын улмаас инээх ч хэцүү, уурлах ч хэцүү байдалд орох тохиолдол зөндөө.

Мэндчилгээ болон талархлын үг
-Сайн байна уу? та
-Сайн, та сайн байна уу?
-Танд их гялайлаа
-Баяртай, та сайн яваарай
-Танд сайн сайхныг хүсье

Ямар ч хүнтэй уулзаж, ярилцаад салахдаа хэлдэг мэндчилгээний болон талархал салалтын үгсүүд байдаг. Зөвхөн монголчууд төдийгүй дэлхий нийтийн жишиг нь ч ийм. Ийм хэлц үгсийн хэллэг нь янз бүр боловч, утга агуулга нь ойролцоо. Энэ бол нэг ёсондоо хүнийг, хүнийх нь хувьд хүндэлж буйн нэг илэрхийлэл юм даа.
Монголчууд энэ талаар их баялаг, ёсорхуу хэллэгтэй төдийгүй, шүлэглэсэн хэлбрээр уран цэцэн өгүүлэх нь бий.
-Хэт нутаг хаана , хэрэг зориг юунд вэ?
-Та амгалан сайн морилж явна уу?
-За танд их гялайлаа, ачийг тань санаж явах болноо
-Та аян замдаа алжаалгүй сайн явж хүрээрэй
-Даага далантай, бяруу булчинтай онд тарган оров уу? гэхчилэн.
Даяаршил хөгжлийн хурдацтай энэ цаг үед, энэ бүхэн ихэд товчлогдон, амар хэлэгдэх болж дээ.
-Хай
-Юутай байна?
-Юу ч үгүй шив дээ
-Чамаар юу байна?
-Бас л юу ч үгүй
-За за байе
-Байе

Өдөр тутам ийн хэлэлцсээр бэлэг дэмбэрэл гэдгээ ч умартах болж дээ. “Амны бэлэгээс ашдын бэлэг” гэдэгчлэн, бэлэг дэмбэрэлгүй ийм хэлц, бидний амьдралд муугаар нөлөөлж байгаа хэмээн зарим хүмүүс нотлох. “Юу ч үгүй хоосон” гэх бидний өдөр тутмын мэндчилгээний хэлц, бэлэгдлээ байг гэхэд ярианы соёлд хэр нийцтэй юм бол? Монгол хэлэнд байдаг “мэндийн зөрөө” гэдэг ойлголт, нэгэн цагт их ёсорхолыг агуулсан, бэлэгдэлийн үгс байсан аж. Түүгээр ч барахгүй, тухайн хүнээ хэр зэрэг хүндэлж байгаагийн илэрхийлэл гэж үздэг байж.
-Хөөе! аав аа юутай байнаа? гэсэн хэллэгт хүндэтгэл тэгтлээ илрэх билүү? Ядахнаа л
-Сайн байна уу? ааваа. Таны бие амгалан уу? гэж асуувал арай дээр хүндэтгэл илрэх байхаа. Яаж ярих нь хүний эрх хэдий ч, хүндэтгэл, бэлэгдэлээ бодож ярьж байхын муу гэж үгүй.

Ярианы соёл
-Тантай ярилцаж байгаа, ямар ч хүнтэй хүндэтгэл, соёлтой харилцаж байх нь их чухал байдаг. Нэг талаас “хүн” хэмээн хүндэтгэж байгаагийн илрэл, нөгөө талаас таны танихгүй тэр хүн , хэн ч байж болох, маргааш хэн ч болж болох шүү дээ. Ямар ч хүнтэй эелдэг боловсон, соёлтой харилцдаг хүн, ийм харилцааныхаа төлөө хэзээ ч бусдын өмнө эвгүй байдалд ордоггүй юм.

-Хүнтэй харилцан, ярилцаж байхдаа нөгөө хүнийхээ ярьж буй үгийг ихэд анхааран сонсох нь их чухал байдаг. Энэ яриа танд таалагдсан ч эс таалагдсан ч, сонирхолтой эс сонирхолтой байсан ч ярьж буй зүйлийг нь гүйцэд анхааран сонсоно гэдэг, хүндэтгэлийн нэгэн хэлбэр. Учир нь тэр хүн танд л зориулж байгаа хэрэг. Ярьж буй хүнийхээ яриаг бүдүүлэгээр таслах, ярьж буй зүйлээс нь шал өөр зүйлийг ярих, үл тоомсорлосон, эсвэл шоолж тохуурхсан өнгөөр ярих нь, нөгөө хүнээ үл хүндэлсэн хэрэг төдийгүй, уг яриаг ямар ч хэрэгцээ ач холбогдолгүй, хоосон зүйл болгон хувиргадаг. Ийм олон үйлдлийн дараа, танд чин сэтгэлээсээ хандан ярих хүн тэгтлээ олдохгүй л болов уу.
-Хүнтэй ярилцахдаа, зөвхөн ярих гэж бодсон зүйлээ л ярихыг хичээ. Хамгийн гол нь таны ярих зүйл ойлгомжтой, товчхон байвал, та хоёрын яриа хэн хэнийхээ сэтгэлд нийцдэг. Зарим хүмүүс ярианыхаа явцад “ам нь халж”, хаа хамаагүй зүйлийг хамж шимэн ярьж “хадуурдаг” муу зуршилтай. Ийм хүмүүсийг амаа авч давхин, хадуурдаг морьтой зүйрлэх нь бий. Ийм тохиолдолд таны яриа ямар ч утга учиргүй болж, хов жив, хэрүүл маргаанд хүргэх тохиолдол олонтаа.
-Өөрийн бодол санаагаа ярилцаж буй хүндээ тулгах, заавал хүлээн зөвшөөрүүлэх гэж оролдох нь, маргаан зөрчилдөөнд хүргэх эхний алхам. Хэрэв яриагаар санал нийлэхгүй бол, заавал маргалдаж, муудалцахын оронд, энэ сэдвээс зайлсхийсэн нь дээр байдаг. Харин тодорхой сэдвээр маргадаж мэтгэлцээд, өөрийн буруу ойлголтоо залруулах, зөв ойлголтоо баталгаажуулах нь үүнээс тэс өөр ойлголт юм.
-Нэгэн гэр бүлд хамтран ажилладаг хүмүүсийн зөрчилдөөнт асуудал нь утсаар ярих соёлд байдаг. Утсаар юуг ч юм хэт удаан ярих нь, дэргэдэх хүндээ ихэд төвөгтэй байдаг төдийгүй, эдийн засгийн хувьд ч ихэд хохиролтой. Уйдсан зарим нэгний утсаар удаан ярих сэдэв нь ихэвчлэн, хов жив, хэрүүл маргаан байдаг. Бие биейинхээ нүүрийг хараагүй байхдаа, утасны цаанаас улайх биш гэдэчлэн элдэв замбараагүй, бүдүүлэг хэллэг багагүй яригдана. Үгүй дээ л утсаар ярихдаа: “Сайн байна уу? намайг ……. гэдэг. Би ……тэй ярьж болох уу? гэж эхэлбэл хэн хэндээ тааламжит сэтгэгдэл төрүүлдэг. Харин ……тэй яриулаадах гэж шаардсан өнгөөр хэлбэл танд ямар санагдах бол? Гэртээ байж байгаад, хэн нэгэнд утсаар дарамтлуулахыг хэн ч хүсэхгүй шүү дээ.

Төгсгөл
Монголчуудын “тавхан үгэндээ танигдана” гэдэг хэллэгэээр, тухайн хүний хэн болох нь ярьж буй ярианаасаа мэдрэгддэг гэнэм. Тэгэхээр зөв соёлтой ярина гэдэг таны хүмүүжил, оюун санааны илэрхийлэл аж. Ядахнаа үйлээ хянаж, үгээ цэнэж, өрөөлийг хүндэлж, хариуд нь өөрийгөө ч хүндлүүлэх нь, таны сэтгэл санаа тайван, өөрдөг сайхан байхын үндэс.
Та ч гэсэн одооноос өөрийн ярианы өнгө, хэллэгээ анзаарч, засаж сайжруулж яагаад болохгүй гэж? Та бусдыг хүндэтгэж чадваас, бусад хүмүүс таныг хүндэтгэх буюу. Заавал зарлиг шийдвэр хүлээлгүйгээр, дор бүрнээ хичээн өөрчилж болох зүйлийн нэг нь энэ аж.
Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг.
Таны хэн болох нь тавхан үгэнд танигдана гэнэм.

 

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2009-07-12

Jun 19

Туйлшрал

By gala-admin | УХААРАЛ

Бид алив зүйлийн тэнцвэртэй байдлыг илүүтэй анхаардаг. Жингийн туухайн нөгөө талд тавьсан зүйл нь, тухайн жиндээ тохирч байвал бид, хүссэн хэмжээгээ мэдэрч сэтгэл ханана. Харин  жингийн нөгөө талд уг жингээс хэт хүнд зүйл тавихад тэнцвэр алдах төдийгүй, савалж эхэлдэг.
Яг үүнтэй адил бид, амьдралд тэнцвэрийг ихэд эрхэмлэдэг мэт… Сайн муу үйл. саiхан муухай өнгө хосолсон энэ хорвоод жаргал зовлонг ч адил үүрч, гэтэлж, давж гарах учиртай.  Зовж байна хэмээн савж унаад байхгүй, жаргаж байна хэмээн сагаж дэврээд байхгүй, сэтгэлийн хат түвшин явах нь, энэ л тэнцвэрийн хэмжээс гэнэ.
Хүн бүр өөр өөрийн хувь заяаны цадиг, сэтгэл ухааны бяд, хийж бүтээхийн чадвар харилцан адилгүй байдагтай адил, амьдралд үзэж туулах, эдлэх, үүрч даах буян нүгэл нь харилцан адилгүй байдаг гэнэ. Өрөөл бусдыг харж, өөртэйгээ харьцуулж, өөрийн боломж чансаа, үүрч даах тавилангаа мэдрэх нь энэ л тэнцвэрийн мэдрэмж гэлтэй. Өнөө бид хэт туйлширч, өөрийгөө төдийгүй, өрөөл бусдыг ч шаналган зовоох болоо юу даа.
  Харьцуулалт
Өнөө цагт бид, бүх л зүйлсийг хооронд нь харьцуулан жишиж, уралдуулан өрсөлдүүлж, үнэлэн цэгнэж, сайн муу ярьцгаана. Энэ нь социализмын үейин социалист уралдаанаар жигүүрлэн далавчилж, өөр хоорондоо ил далд өрсөлдөж, басхүү сайн муу хэлэлцэж байсны уршиг. Хэн нэгийг хэн нэгтэй харьцуулан жишиж, дугаарлаж, байр эзлүүлж, нэгийг нь тэнгэрт тултал магтаж, нөгөөг нь газарт ортoл муулан хэлэлцэх зангаа өнөө болтол орхиж чадахгүй л юм даа бид.
…Дуучин Сараа, Ариунаа хоёрыг мөн ч олон жил өрсөлдүүлэв дээ бид…Ёс юм шиг л “хэн нь илүү вэ? ”  хэмээн бие биенээсээ асууж, хэлэлцэн маргалдана. Өчүүхэн өө сэвийг нь шүүмжилж, өмнөөс нь дүгнэж задлан шинжилнэ. Мөрөөрөө явсан хоёрыг мөргөлдүүлж, муудалцуулж, тэр болгоныг мэдрэхдээ сэтгэлийн таашаал авцгаах. Муудалцахад нь таашаал авч, эвлэрлээ хэмээн алга ташин баяр хүргэх. Бүр өөрсдөөс нь асуулгүйгээр шүү.
Хоёр өөр ертөнц, хоёр өөр сэтгэл, хоёр өөр авьяасыг бид заавал жишиж, жингиин туухай дээр тавьж, хэн нь илүү жин дарахыг амьсгаа даран  хүлээцгээнэ.
…Одоо Японы мэргэжлийн сумогийн дэвжээн дээр ид хаваа гайхуулж байгаа Асашюро, Хакухо хоёрыг ид л өрсөлдүүлж буй. Өөр хоорондоо ” хэн нь илүү болох ” тухай хэлэлцэн маргалдана. Өчүүхэн өө сэв бүхнийг шүүмжилж, өмнөөс нь дүгнэж, задлан шинжилнэ. Муухай харсан, муудалцсан үйлдэл бүхнийг нь талцаж, өмчилж, өөр хоорондоо шүүн маргалдах. Хоёр өөр ертөнц, хоёр өөр эрч хүч, хоёр өөр ухааны бядыг харьцуулан жишиж, сайн муу үгийг хэлэлцэцгээнэ.
…Саяхан болж өнгөрсөн Монгол Улсын ерөнхийлэгчийн сонгуульд, Элбэгдөрж, Энхбаяр хоёрыг жинхэнэ өрсөлдүүлэв бид. Үзэл бодол, итгэл үнэмшил гэхээсээ, хүзүүтэй хүзүүгүй, зальтай зальгүй, хөрөнгөтэй хөрөнгөгүй, луйвартай луйваргүй, шударга шударга бусыг харьцуулан, маргалдаж мэтгэлцэв. Өөр хоорондоо үгийн сайн мууг уралдуулан байж, үнэн худал хоёрыг мэтгэлцэн байж сонгов бид.
Тэр л цагт тэр хоёроос сайн муу нь үгүй атал, өнөө цагт ялагдсаныг нь гутаан байж, ялсаныг нь магтан байж  хэлэлцэв бид.
Ядарч явахдаа хэн нэгний хэлсэн үнэн үгийг сонсох төдий өнгөрөөж, чадарч явахдаа өргөсөн нэгний хундаганы цалгих дуслыг долоон байж туйлшрах юм даа бид. Чин сэтгэлээсээ шаналан байж хэлэх нэгний үг, сүр жавхланг үзүүлэн өргөх хундаганы харшилдаанд дарагдах юм даа, энэ цаг дор.
Өөдрөг яваа нэгнийг тэнгэрт тултал магтан өргөмжилж, зүдэрч яваа нэгнийг газарт ортол муулан дэвслэх энэ араншин, энэ цагийн туйлшрал буюу.
   Эсвэл сайн, эсвэл бүр муу
 Бурхан лугаа адил төгс төгөлдөр нь үгүй болохоор, хүн бүр сайн муу үйлийг үйлдэж, алдаа онооны дэнсийг үүрч явдаг. Бид өөрсдөө алдаж онодог хэрнээ, бусдын алдаа оноог шоолон тохуурхаж, магтан биширч, бусдад сурталчилаад байх нь төдийлэн зохимжтой бус.
Харин бид хэн нэгний сайн муу үйлийн тухай ярихаар, эсвэл их сайн, үгүй бол маш муу хэмээн үнэлдэг базаахгүй зуршилтай. Нэгэн үе, буруу мууг үйлдэн, шийтгэгдсэн эсвэл шоронд орж ял зэм эдэлсэн нэгнийг насан туршид нь “яллан”  муучилж асан гашуун тохиолдол буй. Бусдаас тусгаарлагдаж, эрх чөлөөгүй оршин ахуй тэр цаг дор, хэн нэгний насаараа зүтгээд ч олж хараагүй ухаарлыг, олж авч чадсан байж болох шүү дээ тэр хүн. Харин энэ л ухаарлаараа шинэ амьдралаа босгох гэж зүтгэсэн түүний оролдлого бүрийг, мөнөөх л туйлшралаараа “дэгээдэн унагааж”,  харамслын нулимсыг нь, сэргэсэн итгэл мөрөөдөлтэй нь хамтад нь нугачин дарж байсан тохиолдол багагүй бий. Оросын нэрт жүжигчин В.Шукшин, “Морин улаагана”  нэртэй киногоороо энэ тухай даанч сайхан үзүүлсэн дээ. Харин энэ киног монголчилж хийсэн киног нь саяхан интернетээр үзсэнээ санаж байна. Амьдралдаа алдаж байсан олон хүний, итгэл найдвар, хувь заяа, ухаарал шаналлыг бид хэрхэн нугачин дарж, эмгэнэлт хувь заяанд нь хадаж орхидог тухай энд өгүүлдэг. Гашуун ч гэлээ ийм хувь заяа бидэнд дэндүү ихээр тохиолддог.
Өнөөдөр өөрийн сэтгэл. авьяас чадвараараа аугаа сууг бүтээн, бусдыг үлгэрлэн дагуулж яваа хэн нэгний тухайд бид бурхан шиг л төсөөлж, өө сэвгүй мэтээр төсөөлж хүлээж авах нь олонтаа. Мэдээж хүн л юм чинь, гаргасан алдааных нь төлөө, тэр хүнийг дэвслэн доромжилж, элдвээр гутаан доромжлох үзэгдэл багагүй гардаг. Бид өнөөдөр нэг л зүйлийг анзаардаггүй. Тэр хүний бүтээсэн аугаа гайхамшиг нь бидэнд хэрэгтэй юу, эсвэл тэр л бие хүн нь хэрэгтэй юу гэдгийг…Тэр аугаа хүний бие нь үгүй болсон хэдий ч бүтээлийг нь бид өнөө хүртэл гайхан биширч, дээдэлж байгаа тохиолдол зөндөө бий. Францын алдарт зураач Пабло Пикассо хэдийгээр өлсгөлөнгөөр бие барсан хэдий ч, өнөөдөр түүний аугаа гайхамшигт бүтээлүүд нь дэлхийн соёлт хүн бүрийн бахадлыг төрүүлсээр л байдаг. Монголын  ноён хутагт Данзанравжаа түүхийн тэр мөчид элдвээр хэлэгдэж байсан хэдий ч,түүний бүтээлүүд нь өнөөг хүртэл гайхан шагшигдсаар л буй.
Бид гайхамшигт сайн хүмүүсийн бишрэм бүтээлийг авч үлдэхээс,  тэр хүний гаргаж буй элдэв араншин энэ бүхний дэргэд юусан билээ. Түүн лугаа адил өчүүхэн хэрнээ олон гайхамшигүүд бидний дэргэд оршиж л буй. Эзнийг нь тэнгэрт тултал магтаж, эсвэл газарт ортол муулах хэрэг юун. Өчүүхэн нэгэнд ч гэрэл мэт сайхан сэтгэл бий, аугаа нэгэнд ч алдаж эндэх осол бий.
Алдаж энэдэж, ядарч зүдэрч яваа нэгэнд, харуусал ухаарал байх аваас, нэгэн гайхамшигт үг, чин сэтгэлээр дэмжихээс бүү татгалзагтун. Тэр үг хэзээ нэгэн цагт танд эргэн ирж болох шүү дээ. Их зовлон шаналал, гэмшлээс авсан ухаарал гэгч, хэн бүхэнд үл олдох тавилан.
Нар мэт мандаж, сар лугаа гэрэлтэж яваа нэгэндээ бүү атаархагтун. Та ч хэзээ нэгэн цагт мандан бадарч болох шүү дээ. Сайн сайхан үйлс гэдэг гагцхүү сэтгэл зүрхнээс л оргилон гардаг гэнэм.
Гайхамшигийг бүтээгч нэгэнд ч, гамшигийг үйлдэгч нэгэнд ч сайн муу, сайхан муухай. алдаа оноо, алдар гавьяа зэрэг оршино. Бүлээхэн сэтгэл, бүтээлийн гайхамшиг, уярал догдлол, ухаарал шаналлыг   нь мэдрэгтүн.  Харин бүү туйлшир.
Төгсгөл
 Бид нэгэн алдартан, буруу муу үйлтэнг эрж хайн, олж илрүүлэн биширч шүтэх, буруутгаж муулах сэтгэлдээ дасчээ. Дэргэдээ байгаа аугаа сайхныг ч, атгаг мууг ч анзаарч харах сөхөөгүй болтлоо туйлшрах болж дээ бид.
Өрөөл бусдын гайхамшигийг ч, өөчилж муулах мууг ч өөрөөсөө олж харагтун. Бүгд танд буй. Үүнийгээ мэдэрнэ гэдэг, өрөөл бусдад хандан туйлшрах сайн муугийн хязгаарыг мэдэрнэ гэсэн үг. Өөрийнхөө нүд, сэтгэлээр өрөөл бусдыг харагтун. Өдгөө бид бүгд адил.
Үнэхээр алдартан хэдий ч өчүүхэн алдааг нь уучлан өршөөгтүн.
Үнэхээр арчаагүй  хэдий ч өчүүхэн сэтгэлийн гэрэл гэгээ нь дэмжигтүн.
Заавал зарлиг тогтоол хүлээлгүйгээр, дор бүрнээ хичээн, өөрчилж болох зүйлийн нэг нь энэ.
Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг.
Бүү туйлшрагтун, бүхнийг бодитоор харж сэтгэгтүн.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2009-06-19

May 29

Ам алдвал

By gala-admin | УХААРАЛ

Монгол хүн, алдуурсан хүлэг морио, уургын уртыг суналзуулан, уургач морны зоон дээр ид хавыг гайхуулан байж барин, номхруулдаг. Харин санаатай болон санамсаргүйгээр, омголон, хөөрүү зандаа хөтлөгдөн амнаас унагасан, сайн муу үгийг, тогтоон барьж, эргүүлэн залгиж үл чадна.
Тиймдээ ч “Ам алдвал барьж болдоггүй, алт алдвал барьж болдог” хэмээн монголчууд эрт цагаас жишин, сургамжилдаг асан. Амнаас гарсан үг гэдэг, олон хүний сэтгэл, ажил үйлс, амьдралд сайн муу, янз янзаар нөлөөлдөг. Тиймийн учир, “хамар доорхи хагархай”  гэдэгчлэн, юу санаанд орсноо яриад байж болдоггүй гэнэ.
…Миний залуу ахуйд, их л олон ёслол, талархлын арга хэмжээ, хурим найр болдог сон. Хөдөө нутгийнхан ёс юм шиг л ийм ёслол, арга хэмжээнд цугларч, идэж уун, наргиж цэнгэнэ. Арга хэмжээний эзэнд нь талархал дэвшүүлж, ерөөл айлдан, бэлэг сэлт гардуулах. Зарим хүмүүс, өөрийн ээлжиндээ халамцууханаар “халзан цагаан хонь аваарай”  гэнэ. Мэдээж хүн бүр л билэгшээн, талархана.
Харин дараа нь, бэлгийн “халзан цагаан хонь” хэзээ яаж авахаа үл мэднэ. Авчраад өгөх юм болов уу? гэтэл өглөгч нөхөр сураггүй. Өөрөө очоод авьяа гэхээр “авлагатаи юм биш” гэж санагдаад бүр ч хэцүү.  “Бэлгийн морины шүдийг үздэггүй” гэдэгчлэн, барааг нь харах тавилангүй “халзан цагаан хонь”  ны сураг тэгсгээд мартагдана.
Харин мөнөөх өглөгийн эзэн маань, найр наадам бүхнийг хэсч, нөгөө л “халзан цагаан хонь” оо амалсаар. Яасан ч дуусахгүй найр наадам, яасан ч барагддаггүй хонь, ямар ч өглөгч сэтгэл билээ.
  “Гүйх нохойд гүйхгүй нохой саад”
 Өдгөө монголчууд бидний хооронд нилээд төвөгтэй байдал үүсгэдэг харилцааны нэг нь энэ.
…Жаргал зовлон, элдэв асуудлаа ярилцаж суусан найзуудын хэн нэг нь, ээдрээтэй асуудлын талаар:
-Өө чи санаа зоволтгүй, найз нь үүнийг чинь бүтээгээд өгнө гэж амална. Мэдээж сайн найзын, сайхан тусч сэтгэлд баярлаж хэд хоног хүлээх. Сүүлдээ жаахан тэвчээр алдаж, юу болж байгааг лавлан сануулaхад:.
-За найз нь ажил болохгүй байнаа. Чи санаа зоволтгүй, бүтнээ гэж тайвшруулах. Тэгээд л сураггүй. Нилээд хэд хоногийн дараа, халгаж халгаж асуувал:
-Юундаа яараад байгаа юм бэ? би чамд болгоноо гэж хэлсэн шүү дээ хэмээн нилээд уцаартайхан хариулна. Энэ үеэс л энэ амлалт бүтэхгүйгээр барахгүй, түүний туслахыг хүлээж, хайран цаг хугацаа, өөрийн боломжоо алдаж байгаагаа мэдэрдэг.
Иймэрхүү жишээ бидний амьдралд зөндөө. Бүтээгүй ийм амлалтын уршгаар, хичнээн цаг хугацаа, боломжоо алдаж байгааг мэдэрсэн хүн, бухимдаж, “гүйх нохойд гүйхгүй нохой саад”  хэмээн сэтгэлдээ дуу алдаж, харуусна.
Хүмүүс бие биедээ алив зүйлийг амлахдаа, олон янзаар ханддаг. Нөгөө хүнээ баярлуулах гэж, эсвэл өөрийн боломжоороо туслах гэсэн сэтгэлээс, зарим нь тухайн мөчид сэтгэл нь хөдөлсөндөө, үгүй бол зүгээр л гайхуулах гэсэндээ гэхчилэн. Харин амалсанаа умартаж, эсвэл үл тоож, хайхрамжгүй хандсан тохиолдолд, хүмүүсийн харилцаанд сэв сууж, таагүй байдал үүсгэх нь олонтаа.
Зүгээр л мэнд устай, хааяа хамт сууж зовлон жаргал, элдэв асуудлаа ярилцдаг байсан найз нөхөд, ийм л харилцаанаас сэтгэл нь сэвтэж, өөр хоорондоо муудалцах нь зөндөө. Магадгүй, нилээд түгээмэл, бие биейин талаар таагүй байдлаар бусдад муучлан ярьж, хов жив болгон тараах үйлдэл ч, үүнтэй их холбоотой байж болох.

“Ам алдвал, барьж болдоггүй”
 Өнөө цагт, хүмүүсийн харилцаан дахь хамгийн чухал асуудал нь, хэн нэгэнд амалсан зүйлээ заавал биелүүлж, бусдын итгэлийг даах явдал аж. Чухам үүгээр, ажил хэрэгч хүнийг шинждэг нь тохиолдлын хэрэг биш.
Амлалт бол итгэл, бас хүлээлт юм.
-Ямар ч зүйл, хэн нэгэнд амалсан бол, өөрт нь хэцүү, хохиролтой байлаа ч, заавал амалснаа биелүүлнэ гэдэг бусдын итгэлийг даах том шалгуур болдог. Ийм хүнд, бусад хүмүүс ихээхэн итгэж найдаж, хамгийн хүнд хэцүү үедээ ч тэр л хүнд хандан, сэтгэлээ хуваалцаж, чин сэтгэлээсээ тусламж хүснэ. Ийм хүнийг “найдвартай, итгэлтэй”  гэж тодорхойлон, хүндэлж, өөрийн авсан тусын хариуд, юухнаар ч болов туслах сан гэж хичээдэг. Итгэл гэдэг тухайн хүнд өгч байгаа хамгийн гайхалтай үнэлгээ юм.
-Хэлж ярьсан, амалсанаа биелүүлдэггүй, мартаж орхидог, хайхрамжгүй ханддаг хүнд, хүмүүс эхлээд итгэж, дараа нь баахан хүлээх боловч, хэд хэдэн ийм тохиолдлын дараа шууд л холдож орхидог. Тийм хүнтэй санаа бодлоо солилцож, энгийн байдлаар ярилцах авч, илүү дотносож, аминчлан, итгэж хандахаас татгалзана. Тийм хүнийг “найдваргүй, итгэлгүй”  хэмээн тодорхойлж, аль болохоор тус дэм хүсэхгүй байхыг хичээх аж. Итгэж найдсан хүлээлт, цөхрөл, гомдол болон хувирах нь бий.
-Хэн юу ч гуйсан “үгүй, чадахгүй”  гэж хэлж чаддаггүй хүмүүс бий. Тэд ямар ч тохиолдолд “за”  гэх ба эсвэл толгой дохино. Харин хичнээн хичээгээд ч, үүнийгээ биелүүлж чадахгүй, өөрийгөө ч, өрөөл бусдыг ч эвгүй байдалд оруулах нь элбэг. Хүмүүс түүний тухай “Санаа нь уул нь сайхан”  гэж өхөөрдөвч, яваандаа итгэж, найдаж, хандах нь үгүй болно. Энэ нь өхөөрдөл төрүүлэхээс илүүтэй, өрөвдөм байдлыг л бий болгох аж.
Хүмүүс ийм маягаар бие биедээ хандаж, сэтгэлдээ “ангилдаг”. Яг л үүнээс хүндлэл, эс хүндлэл, итгэлцэл, эс итгэлцэл бий болно.
Зөвхөн хүмүүсийн харилцаанд төдийгүй, өнөөгийн Монголын улстөр, нийгмийн харилцаан дахь ийм үзэгдэл, улам бүр газар авч, эцэстээ “байх л зүйл”  мэтээр хүлээж авдаг сэтгэхүй, бидний хөгжил, өөдрөг байдалд үнэхээр саад болж буй. Бодлоготойгоор, хүмүүсийн итгэл, саналыг авахын тулд, болохгүй, бүтэхгүй зүйл амалж сонгодчихоод, юу ч болоогүй юм шиг дүр эсгэж, ичих ч үгүй явж байх нь энгийн иргэдийн бухимдлыг дэвэргэж буй нэгэн гаж үзэгдэл. Энэ бүхэн Монголын нийгэмд гажиг сэтгэхүй, бусармаг тогтолцоог бий болгож байнаа.
“Ам алдвал барьж болдоггүй ”  гэдэгсэн.

      “Хэлсэн үгэндээ эзэн болж, идсэн хоолондоо сав болох”
-Хүмүүс заримдаа янз бүрийн шалтгаанаас болж, бие биейин итгэлийг алдаж, гомдоох нь бий. Төгс төгөлдөр хүн гэж байдаггүй ч, ядахнаа бага алдаж, алдаанаасаа ухаарал сургамж авч, сайнаар өөрчлөгдөж байх нь ухаант хүмүүний шинж гэнэм.
-Бусдын саналд зөвшөөрөх, бусдад амлалт өгөхөөсөө өмнө, бүхнийг сайтар эргэцүүлж, “би үүнийг үнэхээр биелүүлж чадах уу? ” гэж өөрөөсөө асууж байх нь, хожим бусдын өмнө эвгүй байдалд орохоос сэргийлэх сайн арга.
-Хэрэв ямар нэгэн шалтгаанаар. амалснаа биелүүлж чадхгүйд хүрвэл, хичнээн хэцүү, ичгэвтэр байлаа ч, учир байдлаа урьдчилан хэлж, уучлал гуйж чаддаг байх нь хамгаас чухал. Ядахнаа л нөгөө хүн нь, эртхэн өөр арга зам хайж, өөр боломжоо олно гэсэн үг.
-Үнэхээр биелүүлж чадахгүй, амжихгүй зүйлээ “уучлаарай, би энэ удаад үүнийг хийж, тус болж чадахгүй нээ” гэж хэлж байх нь, бусдын өмнө, үнэ цэнээ алдаж байгаа хэрэг огтхон ч биш. Харин хожмын маргаан, үзэн ядалтаас урьдчилан сэргийлж чадаж байгаа л хэрэг.
-Амалснаа биелүүлж, бусдад тус дэм болсноо цаг ямагт дурсаж, өөрийгөө сурталчилж, “аяганы хариу”  нэхээд байх нь хаа хаанаа үнэхээр төвөгтэй. Хариу нэхдэггүй тус л тус болохоос, хариу нэхдэг тус, тус биш гэнэм. Ийм байдлын улмаас тус авсан нь, ийм туснаас татгалзаж чадаагүйдээ харамсах болдог.
-Чадахгүй зүйлээ бусдад амалж, түүнийгээ биелүүлэхгүй, биелүүлэхийг ч хүсэхгүй, бусдад “тус биш ус” болж байснаас, юу ч амлахгүйгээр бие биедээ мэндийн зөрөөтэй, сайн харилцаатай байсан нь дээр.
Заавал зарлиг тогтоол, заавар журам хүлээхгүйгээр дор бүхнээ хичээн, өөрчилж болох зүйлийн нэг нь энэ аж.
“Эзэн хичээвэл заяа хичээнэ”
“Aм алдвал барьж болдоггүй, агт алдвал барьж болдог”
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

2009-05-29

May 20

Уурын мунхаг

By gala-admin | УХААРАЛ

Хүн ямар нэгэн зүйлд, эсвэл хэн нэгэнд уурлахаараа бачимдаж, чанга дуугаар хашгирч, уйлж унжиж, хэлж буй үг, хийж буй үйлдлээ хянах чадваргүй болох нь олонтаа. Хэсэгхэн хугацаанд тэвчин, биеэ барьж, өөрийгөө хянаж чадаагүйн уршгаар, насан туршдаа харамсаж, гэмших муу үр дагаварыг авч ирэх нь бий.

…Хэт уурлаж бачимдсан үедээ, уураа тогтоон барьж дийлэлгүй, бусдад гар хүрч, гэмтээн бэртээж, тэр ч бүү хэл амь насыг нь хөнөөсөн тохиолдол ч буй. Энэ бүхэнд эмгэнэн харамсаж суухдаа, “Тэрхэн мөчид би биеэ барьж чадсан бол…”  хэмээн харамсах хэдий ч, бүх зүйл нэгэнт ард өнгөрч, өнгөрсөн бүхнийг эргүүлэн авчрах ямар ч боломжгүй болсон байх аж.

…Хэт уурлаж бачимдсан үедээ, сэтгэлээ тогтоон хянаж дийлэлгүй, ялан дийлэх хүслээр, амандаа орсон муу муухай дорoмж үгсийг, хайр найргүй цацаж, төрүүлж өсгөсөн аав ээж, амраг хань. өөрийн үр хүүхэд, анд нөхдөө “голд нь ортол”  гомдоож, өөрөөсөө холдуулсан тохиолдол буй. Уур нь гарч, учраа ололцож, уучлал гуйсан хэдий ч, бодолгүй ухаангүй муу үгс нь, бусдын зүрхийг шархлааж, сэтгэлийг хиртээдэг. Хүнийг алж, бас аварч болдог “үг” гэдэг, амнаас унасан хойноо, эргүүлж залгиж болддоггүй аж.

…Хэт уурлаж бачимдсан үедээ. үйлдлээ хянаж чадаагүйн улмаас, эд хөрөнгөө эвдэлж, энэхэн биеэ сэглэж, өөрийгөө хохироон зовоох тохиолдол гардаг. Эвдэрсэн бүхнээ засаж, энэхэн биеэ эмчилж, устгасан бүхнээ худалдан авч болох хэдий ч, сэтгэлийн мунхаг нь арилж өгөхгүй зовоох аж.

Биднийг бага ахуйд , хүүхдүүд бие биеййн хамрыг гурвантаа дээш сөргөөж, “жинхэнэ монгол хүн ингэхээр заавал уурладаг юм гэнэ билээ” гэж туршиж асан. Тэр ч бүү хэл хэн нэгнийг “ууртай”  хэмээн тодотгон нэрлэж, битүүхэндээ айн ширвээтнэ. Өөрийгөө “ууртай” гэсэн нэр, дүрэндээ итгэсэн зарим нь, өчүүхэн зүйлд уурлан сүржигнэж, орилж хашгичин, унаж тусан “бөөлөх”.

 Хүн юунд уурладаг вэ?

-Хүн алив нэгэн зүйл, үйлдлийг өөрийн хүсэл, бодож санаснаас өөрөөр болох ахул, уурлан бачимдаж, эсэргүүцлээ илэрхийлдэг.

-Өөрийн хүсэл бодол, ашиг сонирхлоо өрөөл бусдад тулган шаардаж, уурлан бачимдаж, хүслээ илэрхийлдэг.
-Өөрийн сүр хүч, эрх мэдлээр бусдыг далайлган сүрдүүлэх гэж, уурлан бачимдаж, дарамтаа илэрхийлдэг.
 Уур гэж юу юм бэ?

Миний нэгэн танил энэ тухай, “Хүн ер нь юунд уурлаад байдаг нь хамгаас сонин. Ямар нэгэн үйлдэл, хэн нэгэнд уурлаад  байна гэтэл, үйлдэл нь болоод өнгөрсөн, нөгөө хүн нь гараад явсан хойно ч уурласаар байх. Өөртөө уурлаад байна уу? гэтэл бас л үгүй. Тэгэхээр уур гэдэг чинь хүний дотоод сэтгэлээс гарч буй муу үйл буюу муу энерги юм шиг”  гэж тайлбарлаж билээ.  Нээрээ ч бодоод байхад уур гэдэг нь өөрийн дотоод сэтгэлээс гарч, бусдад түгээж буй муу энерги юм . Энэ муу энерги, хүмүүст муугаар нөлөөлж, элдэв муу үйлийг дагуулж байдаг гэлтэй.

Уурласан үедээ хүнээс гарч буй, буруу муу үйлдлийг монголчууд эртнээс “уурын мунхаг”  хэмээн жигшин нэрлэж, зүйрлэж байсан аж. Ямартай ч уурлан, уурлан байж, алив үйлийг сайнаар бүтээж байсан тохиол үгүй гэдэг.

 Уур биейиг зовооно

Уулын эгц өгсүүр өөд, хүн болон ачаатай зүтгэх морьд, багагүй амьсгаадан, эцэж ядардаг. Үүн лугаа адйл, уур хүнийг багагүй ядраан зовоодог аж. Тийм ч болоод монголчууд эрт үеэс “уур биейиг зовооно, уул морийг зовооно”  хэмээн сануулж асан.

Зөнгөөрөө байгаа бие, сэтгэлийг тэгтлээ зовоох хэрэг юусан билээ.

Уурлаж бачимдсан үедээ хүмүүс, нүүр нь улайж, нүд нь бүлтэгнэж, амьсгаадаж, бие нь салганан чичирнэ. Даралт өндөртэй зарим нь татаж унах нь бий. Уурлах үед хүний сэтгэл төдийгүй бие махбодь нь хүртэл хямардаг аж. Уур нь гарсан хойноо ч зүрх нь дэлсэж, хамаг л бие нь суларч, толгой нь өвдөнө. Уурлах гэдэг зовлонгийн үүсвэр, бүр ихээр уурлах гэдэг зовлонгийн “далай”  болдог буюу.

Уур сэтгэлийг зовооно

Уур гэдэг хүний дотоод сэтгэлээс оргилон гарч буй,муу үйл, муу энерги. Хүн уурлан бачимдсан үедээ, сэтгэцийн тайван байдлаа алдаж, өөрийгөө хянах чадвараа алддаг. Энэ л үед бодолгүй хэлсэн муу үг, болгоомжгүй хийсэн муу үйлдэл, хүний сэтгэлийн шаналал болон хувирна. “Яах ч гэж би тэгж хэлэв дээ, таг дуугүй суугаад байж болох л байсан шүү дээ”  гэх харамсал үргэлж л сэтгэлийг зовооно. “Өнгөрсөн борооны хойноос”  хичнээн “цув нөмрөөд ч” сэтгэлийн тайвшралыг олох нь үгүй. Хичнээн гэмшиж, уйлж унжиж, уучлал эрээд ч өнгөрсөн бүхнийг эргүүлж авч ирэх нь үгүй. Сэтгэлийн шарх гэдэг, биейин шарх адил амар эдгэдэггүй аж. Уурлаж бачимдсан үедээ, хүн сэтгэлийн ариуслыг олохгүй гэнэм.

Уур бусдыг зовооно

Өчүүхэн зүйл болгон дээр уурлаж бачимдаж, өөрийгөө илэрхийлэх нэгнээс хүн болгон зай барин холдоно. Хэн ч цаг ямагт муу энергийг мэдэрч байхыг хүсэх билээ.
Ийм хүний ойр байгаа хүн болгон, өөрсдөө ч сэтгэлийн дарамттай болж, тэр хүнд хандах сайхан сэтгэлийн гэрэл гэгээ үгүй болдог. Тэр л хүний, уурласан үедээ хэлсэн муу үг, хийсэн муу үйлдлийнх нь төлөө, ойр дотных нь хүмүүс, ичиж зовон, нүүрээ улалзуулан байж, өрөөл бусдаас уучлал гуйж л байдаг. Уурын мунхагийн өмнөөс шүү дээ. Уурын мунхаг гэдэг өөрийгөө ч төдийгүй өрөөл бусдыг ч зовоох муу үйл ажгуу.

Төгсгөл

-Өнөө цагт монголчууд бид ихэд уурлан бухимдацгааж буй. Шударга бус байдал, хүнд суртал, улс орны удирдагчдын арчаагүй, амин хувиа хичээсэн байдал, авилгал хээл хахуулын сүлжээ, элдэв сэтгэлийн дарамт гээд бухимдах зүйл олонтой. Уурлаж, хилэгнэн бухимдсанаас, асуудлыг нааштай шийдэж болдоггүй гэдгийг өнгөрсөн 7 сарын 1 ний үйлдэл бидэнд нотолсон. Уужуу тайван. ухаалаг хянамгай байж, эв нэгдлийг эрхэмлэн, бие биеэ дэмжиж байж л амжилтад хүрнээ, бид.

-Өчүүхэн зүйлд уурлан бухимдаж, өөр хоорондоо хэрэлдэж, өрөөл бусадтай зодолдон байж сүр хүч , эрх мэдлийг олох нь үгүй. “Эвлэвэл бүтнэ, ховловол гутна”  гэдэгчлэн, уурийн мунхагаа , бүдүүлэг танхи байдлаа тэвчиж сурах нь өнөө цагт бидэнд их хэрэгтэй байна.

-Уурлаж бухимдах болсон ч дотроо тэвчиж, дуугаа хурааж, өрөөл бусадтай тэмцэлдэхгүйгээр, өөрөө аяндаа тайвширч байх нь, хожмын гэмшил харамслаас өөрийгөө аврах зөв зам болох санж.
– Уурын мунхагаар, хайртай нэгнийхээ сэтгэлийг хиртээж, итгэлийг хугалж, хамтдаа зовж шаналахгүйгээр, хоорондоо ярилцан ойлголцож, бага дээр нь уучлан засаж, дор бүрдээ хичээж байх нь, өөрийн амьдралаа “там” болгохоос аврах зөв зам болох санж.

-Уурлаж бухимдах нэгнээс холдож, түүнээс ялгарах муу сэтгэлийн энергээс зайлсхийж, өөрийгөө төдийгүй, өрөөл бусдыг ч “ариун”  байлгах нь хэрэгтэй байнаа.

Сэтгэлийн ариусал гэдэг амар амгалангийн үүд гэнэм.
Уурын мунхаг гэдэг, өөрийн тань бие сэтгэл болон өрөөл бусдыг ч зовоох сэтгэлийн муу үйл гэнэм. Энэ муу үйлийг алд биенээсээ тэвчиж, өрөөл бусдад сайн үйлийг түгээж байх нь энэ цэг дор юу юунаас илүү чухал байнаа. Тэр тусмаа монголчууд бидний эв нэгдэлд илүү их хэрэгтэй.

Заавал зарлиг шийдвэр хүлээлгүйгээр, дор бүрнээ хичээн, өөрчилж болох олон зүйлийн нэг нь энэ.
“Эзэн хичээвэл заяа хичээнэ”
“Уур биейиг зовооно, уул морийг зовооно”
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

2009-05-20

May 12

Сархад савнаасаа бусдыг

By gala-admin | УХААРАЛ

Архидалт монголчуудын хувьд үндэсний эмгэнэл болоод удаж буй. Төр засгаас олон янзаар тэмцээд амжилт олсон нь үгүй.

Архины үнийг нэмж үзлээ
Архийг хориглож үзлээ
Архичдыг албадаж үзлээ
Ухуулж ятгаж үзлээ
Хуулиа чангалж үзлээ

… Архи ууж байгаа хүн эхэндээ, биеэ барьсан, даруухан, бас аятайхан харагддаг. Хэдэн хундаганы дараа, арай л хөгжилтэй болж, байн байн инээд алдаж, үг яриа нь ч нэмэгдэж эхэлнэ. Дахиад хэдэн хундаганы дараа, бүр ч хөгжилтэй болж, биеэ барьсан байдал нь арилж, дуу нь ч чангарч, орчин тойрныхондоо илүү дотно, илэн далангүй болж эхэлдэг. Чанга чанга дуугаар ярьж, өөрөө ч бусдыг сонсохгүй, өрөөл бусад ч түүнийг сонсохгүй хэрнээ, бүгд л ямар нэгэн зүйл ярьцгаана. Одоо бол, бүгд л дундарч буй архийг ихэмсэгээр харж, архийг ялан дийлэх хүсэлдээ автан, мөнгөө гарган баярхаж, дахиад л авч ууцгаах хүсэлдээ хөтлөгдөх. Энэ үед бүх зүйл хяналтаас гарч, зарим нь хэн нэгэнд зовлонгоо ярин уйлж, сэтгэлээ онгойлгон дэлгэж , яриаг сонсож буй нэгнээ хүзүүдэн тэвэрч, дотно сэтгэлээ илэрхийлнэ. Харин зарим нь, хэн нэгэнд агсамнаж, өөрийн сүр хүч, өмч хөрөнгө, эрх мэдэл, эрдэм чадлаа гайхуулан тунхаглана. Дараа дараагийн хундаганууд, зусар ерөөл, магтаалын хамтаар, нүд ирмэх зуур хоосорч, хүн бүрийн дотор муухайрч, нэг л их хар ангал руу нисэн одоцгоох мэт. Хар ангалын дотор, нэг хэсэг нь бөөлжиж, нөгөө хэсэг нь нус нулимстайгаа хутгалдан, юуг ч юм амандаа үглэн, зарим нь хурхирч, зарим нь газраар мөлхөн “амьтан” болно. Тэдэнд туслан, авч явах гэсэн хэн нэгнийг гараа савчин түлхэж, өөрийгөө эрүүл саруул, эрч хүчтэй байгааг нотлох гэж, энэхэн хавтгаи дэлхийг онож ядан, унаж тусах аж. Бүгд л ам амандаа, “яадаг юм бэ? бид адилхан хүмүүс” гэж үглэх авч, бүгд адилхан гахай болон хувирч байгаагаа үл анзаардаг. Энэ дэлхий ертөнцөөс тасран одсон тэд, өглөө нь энэ дэлхийд эсэн мэнд газардахдаа, өчигдөр “юу болж өнгөрснийг” таах гэж, дотор сэтгэлдээ ичингүйрэн шаналавч, “за бүгд л адилхан ууцгаасан шүү дээ” гэдэг бодлоо өөрийгөө тайвшруулна. Хамт уусан хэн нэгэн рүүгээ утасдаад, ” өчигдөр юу болсон бэ? гайгүй биз дээ? ” хэмээн нууцхан сэтгэлдээ, аятай хариу горьдох нь өрөвдөлтэй.

Болж өнгөрсөн бүхэнд, дотор сэтгэлдээ ичингүйрэн шаналж байвч, дараагийн удаа ууж наргих саналд татгалзаж үг чадна. Бид бүгдээрээ адилхан шүү дээ гэх бодол олон монголчуудыг тайвшруулна.
…Данийн алдарт зураач Херлуф Бидструп, яг энэ агшинг маш уран хошиноор, гайхамшигтайгаар зурж дүрсэлсэн байдаг.

Хүн:
Ууж эхлэхдээ тогос шиг
Халж эхлэхдээ сармагчин шиг
Согтож тасрахдаа арслан шиг
Адаг сүүлд нь гахай шиг дүрсэлсэн энэ зургуудыг харж суухдаа, хаа газар бас л адилхан юм байна хэмээн бодогддог. Хэрэв өнөө цагт хэн нэгнийг хэрэг болгон, ууж эхлэхээс тасрах хүртэл бүх явцыг видео бичлэгээр, нууцхан бичиж үзвэл, яг л Х.Бидструпийн зурсан зураг шиг дүрслэл гарна даа. Хүн ер нь ууж байхдаа болон бүх л явцад, өөрийгөө олж хардаггүй болохоор дүр зургаа сайн мэддэггүй болохоор их зүйлийг анзаардаггүй мэт. Хэрэв уншигч та миний санал болгосноор хийж үзээд, дараа нь өөрт нь үзүүлбэл ямар ч үглэл, хэрүүлээс илүү сайн үр дүнд хүрч болох юм шүү.
…Монголчууд бид архи уун согтуурч, эрээ цээргүй авирладагаа “ид бах” болгож байсан үе бий. Хөдөө орон нутагт, архи уун согтуурах бүрдээ, агсам тавьж дүвчигнэдэг нэгнийг хүлээн зөвшөөрч, нэрнийх нь овгийн өмнө “агсам” гэдэг цол хайрлаж өөгшүүлдэг байсан. Тал талдаа энэ л “хошин жүжигт” дасаж, нэг нь уух бүрдээ тасарч, өрөөл бусдад ёс юм шиг агсамнаж байдаг, нөгөө хэсэг нь ийм байх ёстой мэтээр хүлээж л байдаг, энэ сэтгэлгээ.
Хуучнаар ЗХУ-д монгол оюутнууд ихээр суралцаж байсан цаг дор, “3 хэцүү ” гэдэг хэллэгт монгол оюутнуудын тухай:

Хүүхэн хөөсөн хар нэг хэцүү
Хамгаа алдсан төлөг нэг хэцүү
Халамцаж согтсон монгол нэг хэцүү гэсэн хэллэг ихэд дэлгэрсэн тухай сонсож байсан.
Дэлхий даяар хөгжиж соёлжиж буй энэ цаг дор, архи их уудгаараа, тасарч унан алингаа алддагаараа,бүдүүлэг муу бүхнийг хийдгээрээ хэдий болтол гайхуулах билээ бид.
Архи тэсвэр, тэвчээр бүхнийг уудаг
Архи ууж буй олон шалтагуудыг сонсоод нэг үзээрэй. “Амьдрал хэцүү байна”, “би ганцаарадж, зовж байна”, ” Хэн ч намайг ойлгож өрөвдөхгүй байна” гэх шалтагууд нь архи их уусанаар арилчихдаг бол яая гэхэв. Энэ бол шалтгаан бус ердөө л шалтаг. Ойлгож өрөвдөж буй дүр үзүүлэн, архи авч өгч, хамтдаа архи ууж туслаад ч та энэ бүхэнд тус болохгүй. Согтсон хойноо тультраатаж, нэг л зүйлийг амандаа байнга үлгэх, тэр л хүнээс залхахгүй байх арга үгүй. Нөгөө нэг өдөр, өөр хэн нэгэнд яг л таньд ярьсан зүйлээ давтан ярьж, энэ л яриандаа өөрөө ч уярч, өрөөл бусдыг уяраах гэж оролдох оролдлого, өрөвдөл бус, жигшлийг авчирдаг юм даа.

Амьдралын хэцүүг тэвчин давах, өөрийн ганцаардал зовлонгоо ухаанаараа тэвчин давах, өөрийгөө бусдад ойлгуулж, өрөөл бусдад туслан, хариуд нь тэдний тусламж дэмжлэгийг авч өөдлөн дэгжих, тэвчээр гаргаагүй тэд, архинаас өөрөө гарах тэвчээр гаргах нь үгүй. Ийм тэвчээр зориг гаргахаас илүү, энэ бүхнийг мартагнан мансуурч, бусдад тайлагнаж, бусдаар өрөвдүүлэх өчүүхэн хүсэл нь, тэдний тэвчээр зоригоо, хундага дарсаар даруулан уухад хүргэдэг юм.
Тэднийг бүү өрөвд! бүү үзэн яд! зөнгөөр нь орхи. Хүн энэ ертөнцөд өөрийнхөө үйлийг өөрөө л үүрч явах учиртай.

Архи хүсэл мөрөөдөл, хүрч болох боломжийг ч уудаг

Ямар хүн архийг ихээр ууж буйг анзаараарай. Ажилгүй залхуу, арчаагүй эрх, амар хялбар амьдрахыг хүсэгчид. Алив хүн, амьдралын хүнд хэцүүг давж, тэмцэж, хөдөлмөрлөж байж гэмээ нь сайхан амьдралд хүрдэг. Ажил хийж алд биеэ зовоохыг хүсдэггүй, арчаагүй эрх зандаа аав ээж, ах дүүгээ зовоодог, амар хялбар, наргиан цэнгэлийг хүсэгчид л, энэ ертөнцийн өнгө, бусдын сайн муу амьдрал, хөгжил дэвшлийг мансуурсан нүдээр харж, манарсан сэтгэлээр хэмжихийг хүсдэг.
Тэд алив зүйлийг шүүмжилж, цэцэн үгээр бусдыг ухуулж, элдэв сайн муу хов живийг түгээж, өөрийн өчүүхэн хүсэл бодлоо бусдад номлоно. Гэсэн хэрнээ бусдаас итгэл найдвар бус, ганц шил архи л хүсдэгт гутамшиг нь оршино.. Тэдний хүсэл мөрөөдөл, сайхан боломжийн хязгаар нь энэ аж. Ийм л замаар хичнээн их авьяас, аугаа сэтгэлгээ, их амжилтууд хумхийн тоос болов доо. Хэдий болтол бид үүнийг харсаар, харамссаар суух юм бол?
Архи итгэл найдвар, хайр халамжийг ч ууна

Хичнээн олон сайхан гэр бүл, найз нөхөд, архины өмнө хүчин мөхөсдөж, ямар их хайр халамж, итгэл найдвараа архинд булаалгав даа. Олон олон шилтэй архины ёроолд, ямархан аз жаргал, хүсэл мөрөөдөл, хайр халамж тунаж үлдэв дээ. Хичнээн их нулимс, харуусал, цөхрөл энэ л архинд шингэв дээ.
“Хайрт минь, чи энэ архийг л уухгүй бол,ямар гайхамшиг гээч” хэмээн аргаа барсан ямар олон уруул шивнэсэн гээч. Амьдралаа авч үлдэх гэж, хүлээсэн сэтгэл, шаналсан цөхрөл, алдагдасан итгэл харанхуй шөнийн,жиндсэн дэрэн дээр нулимс болон урсаа бол. Хичнээн хайр сэтгэл, архины халуун хэмжээсэнд хөрч, аргаа барахдаа амьдралын гасланд тэмтчсэн бол.
Ийм л их гаслан, шаналал, зовлон, харууслыг архинд согтож, мансуурсан нүд чих олж харж, сонсдоггүй нь юутай гачлантай. Хүн гээч энэ амьдралд, нэг л удаа аз тохиож, бидэрнэ шүү дээ. Энэ л аз тохиол, нэгэн хундага сархад, шил дүүрэн мэлтэлзэх архины ёроолд живэх учиргүй. Энэ чинь ердөө л галзууруулсан ус шүү дээ.
Төгсгөл

Өдгөө бид, ууж наргиж болноо. Үүнийг хэн ч хориглож зогсоох арга үгүй. Харин, халамцсан сэтгэл, харанхуй ангал руу унахаас өмнө зогсож сурах сан. Зогс! Одоо болноо гэж арслан. гахай болохгүйгээр өөртөө хэлж сурахсан. Монголчууд бид, архийг уух гэж бус, согтох гэж уудаг муу зуршлаасаа салах сан.
Зүгээр л алжаалаа тайлах гэж, бусадтай хөгжүүн ярилцах гэж, хэрээ мэдэн , хэмжээгээ тааруулан уух, гадаадынхныг хараад би атаархдагаа.

…Урдаа тавьсан шилтэй сархадыг дундрах бүрд бачимдаж, улам их ууж, урдах ангал руугаа нисэн унаж, хорвоогийн амьдарлаас тасрах хүслээ хязгаарлаж сурах сан даа монголчууд минь.
Архи хэмээх энэ ундааг хориглож, устгаж чадахгүйгээс хойш, архинд живж, алингаа алдаж бус, соёлтой хэр хэмжээгээрээ хэрэглэж сурах сан даа.
“Сархад савнаасаа бусдыг дийлдэг” бус, бид сархдыг дийлнээ. Хэрэгцээ хүсэлдээ таацуулж сурахсан.
Заавал зарлиг, журам хүлээхгүйгээр дор бүрдээ хичээж, өөрчилж болох олон зүйлийн нэг нь энэ.

“Эзэн хичээвэл заяа хичээнэ”
“Сархад савнаасаа бусдыг бусдыг дийлнэ”

2009-05-12

May 06

Монгол цаг

By gala-admin | УХААРАЛ

Дэлхий нийтийн хөгжлийн хурдцад хамгийн чухал зүйл нь цаг хугацаа болжээ. Ялангуяа даяаршил болон мэдээллийн хурдацтай хөгжил, цагийн үнэ цэнийг ихэд өргөж буй. Цаг бол алт, бас мөнгө гэж ажил хэрэгч хүмүүс үздэг. Тэд ажил, амралтын бүх цагаа нарийн хуваарилж, тэр хугацаандаа бүх зүйлээ амжуулах гэж хичээнэ. Социализмын үед, Германчуудын цагийг сайн баримталдаг талаар жишээ болгон их ярьдаг сан. Болзохдоо “за яг л Герман шиг цагаа барина шүү” гэх. Яг цагтаа ирсэн нэгнийгээ “Чи ч Герман шиг байна шүү” гэж магтана. Харьд ажиллаж амьдарч байгаа монголчууд, цаг баримтлах, цагийн үнэ цэнэ гэдгийг сайн мэднэ.

Хийж буй бүх ажлын хөлсийг цагаар тооцоод ирэхээр “цаг бол алт”  гэдэг үгийн үнэнийг мэдэрдэг.  Ажлын цагаасаа хоцрохоор, авч болох мөнгөө алдана, хэд хэдэн удаа хоцорвол, ажил олгогч тааламжгүй харцаар харах төдийгүй, нэг л өдөр “уучлаарай, би таныг ажиллуулж чадахгүй нээ, баяртай”  гээд л гүйцээ. Учирлаж тайлбарлаад, уурлаж хараагаад ч нэмэргүй. Энэ цаг үед, цаг гэдэг, алт төдийгүй, амьдралын баталгаа болох мөнгө болж байнаа.
Монгол цаг
Монголдоо ч, гадаадад байхдаа ч, монголчуудын дунд зохион байгуулагдсан үзвэр болон, олон арга хэмжээнд оролцож байлаа. Цагтаа эхэлнэ гэж үнэхээр байхгүй. Хамгийн шуурхайдаа л 30-60 минут хоцорч эхэлнэ. Хүлээх тэр хугацаандаа залхаж, сэтгэлдээ тээж ирсэн баяр хөөр минь унтарч орхино. Арга хэмжээ , үзвэр ч санасан хэмжээнд хүрч, сэтгэл сэргэх нь үгүй. Ийм байдлын  улмаас дараагийн удаа цагтаа ирэх хүсэл үгүй болно.
-Хэдэн цагт эхэлнэ гэлээ?
-19 цагаас гэсэн
-Аан за. 20 цагийн үед очиход болох юм байна
20 цагт яваад очиход эхлээгүй байвал, дараагийн удаа 21 цаг дөхүүлээд очих юм байна гэж тооцох жишээтэй.
Айлд зочлоход ч ялгаагүй.
-Цаадуулаа 18 цагт гээд хэлчихээрэй. Тэртээ тэргүй түрүүч нь 19 цагийн үед ирэх байхаа. Тэр хооронд ажлаа амжинаа гэх…
Харин хэн нэгэнтэй ажил хэргийн эсвэл хувийн асуудлаар болзоход бүр ч төвөгтэй.
-Маргааш яг 15 цагт уулзья
-Тэгье, тэгье
Маргааш нь юмыг яаж мэдэх вэ? гээд 15 цаг дөхүүлээд утас руу нь залгавал:
-Найз нь жаахан ажил гараад аа. Удахгүй очноо, хүлээж байгаарай
Удахгүй гэж баримжаалсан хугацаа, хэд ч байж болох. Магадгүй 1 цаг ч болж мэднэ.
Монголчууд бид, зохион байгуулж байгаа арга хэмжээ, үзвэр үйлчилгээ, уулзалт, анд нөхдийн болзоо зэрэг, цаг хугацаагаар хэмжигддэг зүйлдээ, ийм хайхрамжгүй, хариуцлагагүй хандах төдийгүй, ийм байдалдаа дасч, үүнийгээ “монгол цаг”  хэмээн хошигнон нэрлэдэг.
Тэр ч бүү хэл, өөрийгөө ихэд бодсон, ямба, маяг нь хэтэрсэн зарим монголчууд, алив арга хэмжээнд хоцорч очихыгоо “нэр төрийн хэрэг”  гэж үзэх төдийгүй, хоцорч очсоноор цугласан олны анхаарлыг өөр дээрээ татдаг хэмээн сайрхах нь бий. Ийм өчүүхэн тэнэг бодлоо,  өөрсдийгөө “хүндлүүлж байна”  гэж эндүүрээд байдаг юм байхдаа тэд…
Монголчууд гэхээрээ цаг баримталдгүйгээрээ бусдыг гайхашруулж, өөрийгөө болон өрөөл бусдыг үл хүндэлж, бүдүүлэг тэнэг байдлаараа ялгарч байх гэж үү?
Цагтаа цугладаггүй, цагтаа эхэлдэггүй ийм арга хэмжээ, уулзалтууд бидний хөгжүүн сайхан сэтгэлийг унтрааж, залхаалт болгон хувиргаж байгааг анзаарахгүй байна гэж үү? Хэдий болтол энэ “монгол цаг”-аараа юм бүхнийг хэмжих вэ?
Цаг бол алт төдийгүй хүндлэл, хөгжил
Цаг хугацаа гэдэг, хүний амьдралын хамгийн чухал мөч төдийгүй, буцааж болдоггүй, бас эргэж олддоггүй. Тийм болоод өнөө цагт, цаг хугацааг алттай зүйрлэдэг төдийгүй мөнгөөр хэмждэг аж. Хүн өөрөөсөө бусдад зарцуулж байгаа цаг хугацаа гэдэг их үнэ цэнэтэйгээр барахгүй, тухайн хүнд хэрхэн хандаж байгаагийн илрэл юм.
…Үзвэр, тоглолт үзэх гэж очиж байгаа хүмүүс, өөрсдөө сэтгэлийн таашаал эдлэх гэж, уран бүтээл хийгчдийн хөдөлмөрийг үнэлж, тэдэнд талархах гэж очдог. Гэтэл цагтаа эхлэхгүй хүлээлгэнэ гэдэг, үзэгчдээ хүндлэхгүй байгаа хэрэг. Магадгүй энэ үл хүндэтгэсэн байдал, танд талархах гэж очсон сэтгэлийг чилээж, гардуулах гэсэн баглаа цэцгийг гандааж болох шүү дээ.
…Гэртээ зочлохыг урьж байгаа айл тань, таныг хүндэтгэж, дотно сайхан сэтгэлээ илэрхийлж, таныг баярлуулах гэж бодож байгаа. Урилгыг үл тоож, хайхрамжгүйхэн хоцорч ирвэл, таныг хүлээсэн сэтгэл, бэлдсэн тансаг хоолныхоо хамт хөрч болох шүү дээ.
…Ажил хэргийн талаар уулзах гэж болзсон болзоо нь, таныг ихэд хүндэтгэн үзэж, танд итгэж болох итгэл найдвараа бататган нотлох гэсэн бодол. Энэ болзоонд хайхрамжгүй хандаж, хоцорч ирснээрээ та, өөрийгөө “итгэж болохгүй хүн”  гэдгээ нотолж, тэр хүний сэтгэлд төрж байсан итгэл найдвараа үгүй болгож байгаа хэрэг.
Өнөө цагт мөнгөнөөс илүүтэй, итгэж найдаж болох, сайн хамтрагч үгүйлэгдэж байнаа.
…Анд найз, хайртай нэгэнтэйгээ болзсон болзоо гэдэг, яарсан, хүлээж ядсан, хөөрч догдолсон мөчүүд байдаг. “Одоохон эндээс инээгээд л гараад ирнэ дээ” гэж, багтаж ядсан баяр хөөр, санаж шаналсан сэтгэл, хөөрч догдолсон төрх, цаг мөч өнгөрөх тусам бүдгэрэн бүдгэрч, урам зориггүй, уйтгар гунигт автаж орхих нь бий. Хожимдсон шалтгаанаа та, хичнээн учирлаж тайлбарласан ч, аргадаж эвлэрсэн ч, хугарсан итгэл сэтгэлийн хаа нэгтэйгээс хатгаад л байх…
…Аль нэгэн арга хэмжээ, баяр ёслолд очиж байгаа хүн, зохион байгуулж байгаа хүмүүсийг ч, хуран цуглах олныг ч хүндэлж, бас талархах гэж, баяр хөөрийг хуваалцах гэж очдог. Тиймдээ ч тэд их гоёж очно. Цагтаа эхэлдэггүй ийм арга хэмжээ, зохион байгуулагчдын хариуцлагагүй, эмх цэгцгүй, хайхрамжгүй байдлыг л илтгэдэг. Хүлээлтээс залхсан оролцогч буцаж явахдаа ” Дахиж л ийм дэмий юманд хайран цагаа үрж, өөрийгөө зовоомооргүй юм байна”  хэмээн бодох болно.
Ер нь өөрөөсөө бусдад зарцуулж байгаа цаг хугацаа гэдэг, их том хүндлэл юм. Бас тухайн хүнд хэрхэн хандаж буйгаа илэрхийлж буй, хэлбэр юм.
Зарласан, товлосон цаг хугацаандаа бүх зүйл хийгдэж байна гэдэг, хүмүүс бие биедээ сэтгэл хангалуун байхын баталгаа. Бас итгэл, өөдрөг сайхан хандлагын эхлэл.
Ямарч тохиолдолд цагаа барина, хоцрохгүй байна гэдэг, жижиг зүйл, хайхрамжгүй хандаж болох зүйл биш ажээ. Тэр тусмаа, “монгол цаг”-аасаа хүн бүр татгалзаж, жинхэнэ цагаа баримталж сурах хэрэгтэй болж байна даа.
Яах хэрэгтэй вэ?
Монголчууд бид: Яагаад заавал алив зүйлээс хоцорч, хоцрогдож байх ёстой гэж?
Яагаад муу зүйлийг, байж болох зүйл мэтээр хүлээж авах гэж?
Яагаад өөрийгөө ч, өрөөл бусдыг ч хүндлэхгүй байж болно гэж?
Бүх зүйл өөр хэнээс ч бус, зөвхөн биднээс шалтгаална.
-Алив зарлагдаж, товлогдсон арга хэмжээ үзвэрт, цагтаа очоод эхлэхгүй удвал, оролцох, үзэхээс татгалзаж болно шүү дээ. Хэрэв билет худалдаж авсан бол, учраа хэлээд билетийг нь буцааж өгч, мөнгөө эргүүлж авч болно. Та өөрийгөө хүндлэх, хүндлүүлэх эрхтэй.
-Харин үзэгч, оролцогчид нь цагтаа цугларахгүй бол, ганц хүнтэй ч байсан цагтаа үйл ажиллагаагаа эхлүүлэх хэрэгтэй. Өнөөдөр цөөхөн хүн байсан ч маргааш олон хүн цагтаа ирэх болно. Бусдын аяыг хараад л байвал,  таныг хэн ч хүндэлж, үнэлэхгүй.
-Урьсан хүн тань цагтаа ирэхгүй бол, утсаар ярьж, уучлал хүсээд “өөр ажилтай”  болсноо дуулган, татгалзаж болно шүү дээ. Ядаж л зочид тань, таныг өөр олон ажилтай болохыг анзаарч мэдэж аваг. Алийн болгон хийх ажилгүй, уйдсан хүн мэт бие биендээ хандах билээ.
-Гарцаагүй хоцрох тохиолдолд, учир байдлаа утсаар үнэн зөв хэлж, уучлал гуйн, хүлээж байхыг хүсч болно шүү дээ. Үүнийхээ төлөө та, үнэ хүндээ алдан “доош орж”  байгаа хэрэг огтхон ч биш. Хүндэтгэл, ойлголцол гэдэг хамгаас чухал.
-Таныг хүндэлдэггүй, цаг барьдаггүй, үл тоомсорлох хүнээс та л өөрөө холдож, зайгаа барьж болно. Заавал маргалдаж, муудалцаад байхгүйгээр олон зүйлээс татгалзана гэдэг, нэг талаас та өөрийн үнэ цэнээ хамгаалж буй хэрэг, нөгөө талаас тааламжгүй санагдсан зүйлээ илэрхийлж байгаа хэрэг.  Үүний буруу, муу тал гэж үгүй.
Тийм ээ! Цаг бол алт, мөнгө, цаг бол хүндлэл, цаг бол хөгжил.  Бид алийн болгон, энэ бүхнээ үнэ цэнэгүй болгож, өөрөө ч залхаж, өрөөл бусдыг ч залхаах билээ.
Монгол хүн бүр дор бүрнээ хичээж, алгуур аажмаар ч болов энэ бүхнийг өөрчлөх гэж хичээвэл болохгүй зүйл гэж үгүй.  “За яахав”  гээд энэ хэвээр яваад л байвал, бид хичнээн жил, магадгүй бүх насаараа ингэж явж болох шүү дээ. Ийм үедээ бид улам л үнэ цэнэгүй, хүндлэлгүй болж хөгжлөөс хоцорно.
Заавал зарлиг журам хүлээлгүйгээр, хэн нэгнээр заалгахгүйгээр  хийж болох олон зүйлийн нэг нь энэ.
Эзэн хичээвэл заяа хичээнэ
Цаг бол алт, хүндлэл, хөгжил

 

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

2009-05-06

May 05

Амны билгээс ашдын билэг

By gala-admin | УХААРАЛ

Би өдий болтол нэг зүйлийг ихэд гайхдаг юм. Яг бүтэн 10 жил, монгол хэл болон уранзохиолын хичээл заалгаж, үзэж судалчихаад, зөв, аятайхан ярьж сураагүйд…
Бүтэн 10 жил шүү. Судалсан зүйлээс эр, эм эгшиг, гээгдэх болон гээгдэхгүй эгшиг, эгшигт 7, заримдаг 9 гийгүүлэгч гэхчилэн санаанд үлдэж дээ. Дунд сургуульдаа бид хэл шинжлэл, дүрэм үзэж судлаад байх хэрнээ, өөрийн бодол санаагаа зөв илэрхийлэн, боловсон зөв ярьж сурсангүй. Монгол хэлний хичээлээр, сурагчдын мэдлэгийг шалгахдаа, ярианы чадвар бус, цаасан дээр бичих “цээж бичиг”  гэгчээр л шалгана. Алдааг нь улаан балаар, нүд эрээлжлэн, дотор давчдам эрээлэн зурсан, “цээж бичиг” ээ харан суух хэн нэгэнд, сэтгэлээс нь “цус дусах”  мэт хэцүү харагддаг байсан байх даа. Ядахдаа заавал улаан балаар зурдаг байсан нь юу ч билээ. Энэ бүхний үр дүн нь:
-Бусдын өмнө өөрийн бодол санаагаа хэлэх гэж, нүүр нь улалзан, нүд нь бүлтэгнэж, хоолой нь чичирч, хөлс нь дуслан, ээрч муурах хэн нэгэн. Багшийн хурц, хувьсгалч харцан дор, самбарын өмнө, дотор сэтгэлдээ “би ч хаашдаа муу авлаа л даа”  хэмээн тэвдэн, ичингүйрч зогсох хүүхэд мэт…
-Арай гайгүй нэг нь олны өмнө, индэр дээр гарч, хоолой дахь цэрээ хахируулан байж засангаа, албархуу хуурай үгээр “би ингэж хэлье гэж бодож байна” хэмээн, хэлснээсээ хойш бодож буй мэт ярих нэгэн. Хэлж ярьж буй нь хүний сэтгэл зүрхэнд хүрэх бүү хэл, агаарт замхарч, алсад уусан одох нь “цуурай” мэт…
-Мэргэжлийн шахуу  сэтгүүлчид, донжтой маягаар, жижүүрийн хэдэн асуултаар хэн нэгнийг сурвалжилна.  “Таны хобби юу вэ?”, “Та ямар өнгөнд дуртай вэ?”, ” Та нууц амрагийг юу гэж үздэг вэ?”, ” Та ард түмэндээ хандаж юу гэж хэлмээр байна?”  гэхчилэн шалиг, нялуун асуултуудаар шалгаах нь, алсад аргал түүж яваа будлиу нэгэн мэт…
Хэл яриа гэдэг хүний бодол санааны илэрхийлэл. Бусадтай харилцах соёл, бусдыг хүндэтгэх хүндэтгэлийн илрэл. Өдгөө монголчууд бид ихэд өөрчлөгдөн боловсорч, ихэд хөгжин дэвжиж байнаа. Гэхдээ авах гээхийн ухаанаар хандаж, анхаарч засмаар зүйл багаггүй байсаар…
Хараал зүхэл-сэтгэлийн хир
Нэгэн үе бид, хараал зүхлийн муу үгсийг олонтаа хэрэглэж, үүндээ ч дасал болон, “байх л ёстой зүйл”  мэтээр хүлээж  авдаг байлаа. Миний танил нэгэн, “п…да”  гэдэг, нийтлэг тархсан орос хараалыг амны уншлага мэт урсгаж явдаг байсан. Тэр, нэг удаа хүүхдийнхээ эцэг эхийн хурал дээр очиж ирээд хүүгээ зэмлэв.
-Энэ “п..да” одоо анги дээрээ байнга “п..да” гэж хараадаг гэнэ, Яадаг муу “п..да ” вэ?
гэсэн гэдэг.  Иймэрхүү жишээ зөндөө л бий.
Тойрч зогсох бусдынхаа өмнө, тамхиа донжтой маягаар угсруулан татаж, хааяадаа шүлсээ годхийтэл газар нулимж, ярих яриагаа байнга “п..да”  хэмээн хүч оруулан чимэглэх, “атаман”  төрхийн залуус өдгөө моодноос гарчээ.  Харин ийм үзэгдлийн боловсон үлдэгдэл нь, интернет дахь элдэв бичиглэлийн доор “сэтгэгдэл”  нэрээр эрээ цээргүй бүдүүлэг үг, хараал урсгах нэгэн.  Тэд ийм бичиглэлээрээ, өөрийгөө “атаман”  хэмээн төсөөлж, хэн нэгнийг далдаас гутаан доромжилж, сүрдүүлж, үүнээсээ таашаал авч байгаа бол, даанч өрөвдөлтэй хоцрогдол.
Түүнчлэн манай монголчуудын нийтлэг хараалын үгс болох “хулгайч”, “гуйлгачин”, ” новш”, ” ална шүү” мэтийн хэллэгүүд, хүнд баяр баясгалан гэхээсээ хүний сэтгэлийг хиртээн гутаана.  “Хулгайчаа, чамайг ална шүү”, “Яадаг муу гуйлгачин бэ?”, “Өөдгүй муу новш”  гэх хараал зүхлийн үгсийг сонсохоор, монгол хүний эрэлхэг дайчин, омог бардам, сүр жавхлант төрх бус, аймшгийн оронд байгаа мэт сэтгэгдэл төрөх. Монголчууд бид, бие биесийгээ “хулгайч”, “алуурчин”, “гуйлгачин”, ” хог новш”  гэж боддоггүй хэдий ч, ийм хэлц үгийг чихнийхээ хажуугаар, хээв нэг өнгөрөөж, “сайн байна уу? өглөөний мэнд”  гэдэг үгтэй адил утгаар хүлээж авах болтлоо дасч орхиж дээ.
“Хайрт хулгайч минь, орой очоод чамайг алж өгнөө”  гэж утсаар ярих нэгнийг, “энэ өнөөдөр хүн амины хараг үйлдэх нь”  гэж бодохоос илүүтэй, “яасан ч сүртэй ярьдаг нөхөр вэ?” гэж бодох жишээтэй.
“Муу гуйлгачин минь, чи ч өөдгүй новш юм даа”  гэх яриаг сонсохдоо,  “нэгэн ядарсан гуйлгачин, хүнээс гуйлга гуйгаад зогсохгүй, өглөг өгсөн хүнээ гомдоож дээ”  гэж бодохоос илүүтэй, сайн найз нөхөд элэгсэг дотно ярилцаж байна гэж ойлгох жишээтэй.
Уурлаж маргалдах үедээ, өөр хоорондоо ийм муу үгс хэлцэж, сэтгэлээ хиртээн, өөрийн мэдэлгүй “хуц аа хуц, чи муу юу юм бэ?”  гэж хариу барина.
“Амны билэгээс ашдын билэг”  гэдэг сэн. Үргэлж л бие биесээ, “хулгайч”, “гуйлгачин”,
“хог новш”  гэж хараагаад байхаар, өнөө цагт дээд хэсэг нь “хулгайч, луйварчин”,  дунд хэсэг нь “гуйлгачин ядуу”,  доод хэсэг нь “хог новш ухагч”  болж байгаа ч юм бил үү?
Зөв сайн ярьж сурцгаах сан
Хэдэн жилийн өмнө, монголын ЕБДС-ийн хөтөлбөрөөс уранзохиолын хичээлийг хасах шийдвэрийг, “хүүхдийн”  хэмээх тодотгол овогтой Болормаа БСШУ-ны сайд байхдаа гаргасан гэсэн. Мэдлэггүй байж болно, сэтгэлгүй байж болохгүй ээ.
Монголын өсвөр, хойч үейиг зөв сайн ярьж сургахад хамгийн сайн туслагч нь уранзохиолын болон бусад олон ном юм. Эмх цэгцтэй, уран, яруу сайхан үгээр бичигдсэн ном гэдэг, хүний оюун ухаанд гэрэл гэгээ өгч, итгэл урам хайрлаж, өөдрөг сайхан хүсэл тэмүүлэл рүү хөтөлдөг. Түүнчлэн ийм яруу сайхан үгсийг уншиж, давтан давтан нүдлэх бүрдээ ийм зөв сайхнаар ярьж сурцгаадаг юм.
Нэгэн үе, монголчууд номноос холдоцгоож, олон олон номын сан, номын дэлгүүр үгүй болж, оронд нь “тохиролцооны дэлгүүр”  олшрох үед, гоё ганган хувцас, өмсгөл, зүүлттэй, бохир үг, хараал урсгасан хүмүүс олширсон доо.
Харин өдгөө цагт номууд олноор хэвлэгдэж, номын дэлгүүр, уншлагын газрууд олшрох тусам, энгийн хэрнээ цэвэрхэн хувцасласан, зөв сайхан яриатай, эелдэг харьцаатай залуус олширч буй. Энэ бол жинхэнэ хөгжил дэвшил юм.
Нэгэн үе, ном зохиолын хянагч, үзвэр тоглолтын ” тайзны сахилга бат”  гэгчид, хэт нэг чиглэл барьсан, үзэл суртал “ханхалж”  байсан хэдий ч үзэгч, уншигчдад бохир муу хараал, зүхлийн үгс хэлж, үзүүлэхийг  хориглож байсан сайн талтай.
Өнөө цагт монгол оронд минь ихэд дэлгэрээд байгаа “хошин урлаг” -ийнхны, их зүйл бүтээж, ард иргэддээ ухаарал, сануулга өгөхийг хичээж байгаа сайн тал байгаа хэдий ч, тэдний тайзан дээрх эрээ цээргүй байдал, замбараагүй үг хэллэг нь, ард иргэдэд төдийлэн сайн нөлөө өгөхгүй байгаа.
Үйлдэл, үг хэлний сайн нь хүний дотоод сэтгэлийг ариусгадаг ажээ. Ард иргэдийн уншиж буй ном, үзэж буй үзвэр нь тэднийг сэтгэлийн ариусалд хөтөлж, үгийн сайхнаар үлгэрлэн дагуулж байх учиртай. Сэтгэлийн ариусал гэдэг, билэгтэй сайхан үг ажээ.
Амны билэгээс ашдын билэг
Монголчууд бид ямагт урагшаа явж, өөдлөн дэвжиж буй. Эртний монголчууд бичгийн, ярианы хос хэлтэй байж, билэгтэй сайхан үг хэлэлцэж, өөдрөг сайхныг билэгдэж, муу муухай үгсийг цээрлэдэг байсан. Бидний багад хүртэл, хараалын муу үг хэлсэн хүүхдийг “хараал хэлсэн хошууг нь халуун төмрөөр хайрна”  хэмээн зэмлэдэг байсан сан.
Өнөө цагт бидний ийм анзааргагүй, хайхрамжгүй байдал үргэлжилсээр ахуй дор, нэгэн өдөр таны хүүхэд, “ээж гэж п..да, аав гэж хулгайч, дүү гэж гуйлгачин”  гэж хэлээд зогсож байвал яах билээ. “Гахайн нүдэнд зөвхөн гахай л харагддаг”  гэдэг үг байдаг билээ.
Монголчууд бид дор бүрнээ хичээж, хэлэх үгээ цэнэж, хараал, хэрүүлийн муу үгээ аажим аажмаар боловч гээж орхивол, ашдын билэг сайн болох буй заа. Өөрсдөө төдийгүй, үр хүүхэд маань хүртэл зөв сайхан ярьж, эелдэг боловсон харьцаж сурвал, эргэн тойронд тань сэтгэлийн ариусал бий болох сон. Олон сайхан ном уншиж, үр хүүхэддээ уншуулж, ярьж. ойлголцож сурвал их л сайн алхам болох сон.
Заавал зарлиг тогтоол хүлээлгүйгээр, хэн нэгнээр заалгахгүйгээр, өөрсдөө хичээж бий болгож чадах зүйлийн маань нэг нь энэ ажээ.
Эзэн ничээвэл заяа хичээнэ.
Амны билэгээс ашдын билэг.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

2009-05-05

Apr 30

Монголдоо очмоор байна, гэхдээ…

By gala-admin | УХААРАЛ

Эх орон
Харь нутагт ажиллаж, амьдарч байгаа монголчууд эх орноо чин зүрхнээсээ санадаг.
Монголдоо байхдаа эх орноо магтан дуулж , шүлэглэж, биширч байснаасаа шал өөр мэдрэмжээр “эх орон” гэдэг үгийг ойлгож хүлээж авдаг юм. Хүний газар жаргаж, зовж, ядарч , баярлаж явахдаа буцаад очих өөрийн эх оронтой байна гэдэг ямархан их өмөг түшиг, сэтгэлийн нөмөр нөөлөг, омгорхол бардамнал байдгийг ямар ч сурталчилгаагүйгээр зүрхнийхээ гүнд мэдэрнэ. Бүр зүрхнийхээ гүнд шүү.
…Алсад цэнхэртэн бидэртэх уулс, жимс самартай ой модод, мяралзан урсах гол ус, дэнжийнх нь ногоон зүлгэн дээр алаглан ургасан цэцэгс, хөл дороос жигнэн эрвэгнүүлэх элс, хааяа хөлд шигдэн хатгах өргөс, чулууг, алжааж ядарсан шөнийн эргэн хөрвөөх бодолдоо ч, амгалан нойрон дундаа ч зүүдлэн, мөрөөдөн санадаг юм даа.

Харь энэ нутагт, сүрлэг сайхан уулс, өнгө өнгөөр алаглах гоёмсог модод, эргээ цохилон давалгаалах их мөрөн, гайхам содон зохицол, дуу алдан бишрүүлэх үзэмж байдаг хэдий ч, эх орны минь байгаль шиг зүрхэнд хоногших нь үгүй. Их далайн сүрлэг давалгаа, мяралзан урсах голын чулуу шиг хөлийг минь өвтгөхгүй ч, зүрхэнд минь хүртэл цалигладаггүй юм. Ээвэр газрын зүлэг, их далайн эргийн элс нь, хөлд шигдэн өвтгөх өргөсгүй хэдий ч, зүрхэнд минь хүрэх бүлээн дулаанаар жигнэдэггүй юм. Эх нутгаа шөнөжин зүүдэлсэн зүүдэндээ, чийг даасан дэрэн дээр, сэтгэл нь жиндэн сэрдэг юм, тэд…
…Тал дүүрэн билчих мал сүргээ, хангинатал янцгаан үүрсэх хүлэг морьдоо, сүү саалийн үнэр ханхалсан монгол гэрүүдээ, хатуу зөөлнөөр ээлжлэн эргэх, дөрвөн улирлын өнгөө хааяа элэг зүрхэндээ санах бүрд, сэтгэл минь өвөл шиг жиндэж, хавар шиг шуурч, зун шиг дэлгэрч, намар шиг налайж, “нутагтаа нэг очих сон доо” гэж санаа алдахуйяа, айргийн үнэр хамар цоргих шиг л санагдах. Харь энэ нутагт, үзэж сонирхох амьтдын хүрээлэн, идэж уух амттан, ээлжлэх хатуу зөөлөн улирал байдаг хэдий ч, Монголын минь амьдрал шиг сэтгэл уяраах нь үгүй. Хайлган хавар цагт сакура цэцэглэхийг үзсэн ч, хээр талд минь хэнзлэн ургах яргуйн үнэр шиг, хамар цоргидоггүй юм. Хааяа нэг нэрийн шар айраг ууж суухад, намрын чимчигнэсэн айраг шиг, сэтгэл согтоодогггүй юм. Өсөх бага наснаасаа, өдий болтол үзэж туулсан монгол ахуй, жаргал зовлон шиг ээлжлэн ээлжлэх дөрвөн улирлаа санах бүрдээ, сэтгэлдээ жиндэж, хайлан уярдаг юм, тэд…

…Дэлгэр зуны тэнгэрт шуранхайлан уусах, уртын дууны аялгуунд, дэнж хотойлгон наадах монгол наадам, өвлийг өнөтэй давж, ирж яваа цагаа бэлэгтэй сайхан ёсолдог, монгол “цагаан сар” аа өөрсдийн амьдарч байгаа газар бүхэндээ, боломжоороо тэмдэглэн, алтан соёмбот далбаандаа мөргөж, “Халуун элгэн нутаг”-аа дуулан хүндэтгэх тэднийнүд нь чийгтэж, сэтгэл уярч, зүрх нь омогшдог юм. Харь энэ нутагт, дэлхий дахинаа гайхуулсан өч төчнөөн спортын гайхамшигийг үзэж, сонирхож явах хэдий ч, монгол наадам , цагаан сар шиг ёслол төгөлдөрийг үзсэн нь үгүй. Хаа газрын урлагийн гайхамшигийг үзэж, сонсож баясан бишрэх хэдий ч, морин хуурын аялгуунд уртын дуу шиг тэнгэрт тасарч, зүрхэнд эгшиглэхийг үзсэн нь үгүй. Жилдээ ганц болдог наадам, цагаан сараа харь газар байгаа монголчууд хамтдаа тэмдэглэхдээ, бэлэгтэй сайхан ерөөл, инээд баясал, дуу хуураар харийн тэнгэрт, монголын слхийг сэвэлзүүлэн ёслодог юм тэд. Энэ үедээ, их монголын хэлтэрхий, энэ дэлхийн дайдад сүр хүчээ алдаагүйг, бахдан сануулдаг юм, тэд…
Харь орнууд хөгжлөөрөө, үзэмжээрээ, боломжоороо монголоос минь илүү байж болох хэдий ч, тэгтлээ сэтгэл алдарч хоргодох нь үгүй. “Сиймхий ч гэсэн гэр минь, сэгсгэрч гэсэн эжий минь” гэдэгчлэн, төрж өссөн монгол нутаг минь сэтгэлд илүү ойр санагдана.
Эх орондоо хайртай байх, эх оронч байх, эх орноороо бахархдаг байх гэдэг, уриа лоозон хашгирч, цээжээ дэлдэн гайхуулах зүйл биш ажээ. Эх орныхоо төлөө зүтгэх зүтгэл гэдэг, заавал эрх мэдэлд хүрч, эх орондоо байгаа боломжит сайн зүйлсийг өөртөө болон өрөөл бусадтай хамтран луйвардаж, худалдаж, ашиглан баяжих гэдэг зүйл биш ажээ.

“Эх орон” гэдэг буцаад очиход, нөмөр нөөлөгтэй, дулаахан гэр минь юм. Эх орны минь уулс толгод нь, ухаанаа цэгцэлж, үгээ цэнэж, үйлээ хянан байж, намайг сургаж ухааруулдаг “аав” минь юм. Эх орны минь урсгал сайхан гол мөрөн минь, хатуу зөөлнөөрөө бүхнийг тэнцүүлж, хайр энэрлээрээ цаг ямагт бялхаж байдаг “ээж” минь юм.
Эх орноо хайрлана гэдэг, сэтгэлийн гүнээс гарах үг, зүрхний гүнээс унах нулимс юм.
Эх орны төлөөх зүтгэл гэдэг, сайн муу, сайхан муухайн төлөөх зовинол, хөдөлмөр, буруу муу үйлийн шүүлтүүр юм.
Саяхан Чикагогоос нэгэн бүсгүй над руу утсаар ярилаа. Америкт ирээд 7 жил болж байгаа тэр бүсгүй “Би баян хүн бишээ, гэхдээ миний сэтгэл эх орныхоо төлөө байнга шаналж байдаг. Би монголынхоо төлөө хийх ямар нэгэн сайн үйлсэд оролцон, дэмжмээр байна. Хэрвээ бохирдоод байгаа Туул голоо цэвэрлэе гэвэл би мөнгө хандивлахад ч бэлэн байна. Гагцхүү хэн нэгэн луйварчинд мөнгө өгч чадахгүй ээ” гэсэн. Намайг энэ талаар ямар нэгэн юм бичвэл заавал үүнийг дамжуулаарай хэмээн чин сэтгэлээсээ хүссэн юм. Энэ бол гадаадад байгаа монголчуудын ердийн сэтгэлийн илрэл. Ийм бодолтой маш олон монголчууд бий. Харин тэд зөв сайн үйлсийн эхлэлийг л хүлээж байгаа.
Эх орон гэдэг бидний хувьд хэзээ ч, хаана ч , юугаар ч солихгүй “эрдэнэ” билээ. Энэ бол бидний өлгий, бас амгалан нойрсох дагшин газар минь билээ.

Монголдоо очиж амьдрах хүсэл байна, гэвч…

Эх орондоо амьдарч байгаа монголчууд болон гадаадад ажиллаж, амьдарч байгаа монголчуудын хооронд энэ сэдэв их хөндөгддөг. Заримдаа нилээд маргааны эх үүсвэр болно. Хэргийн учир нь, их мөнгөтэй болж баяжсандаа биш, харьд урваж, эх орноо мартсандаа биш, амар хялбар жаргаж суух хүсэлдээ биш, огт өөр зүйлд байдаг юмаа.
Харь оронд байгаа монголчууд их мөнгө олох хүслээс илүүтэй, өөрийн үр хүүхдийн сайхан ирээдүй, айх айдасгүй, сэтгэлийн дарамтгүй тайван амьдрал, шударгаар хөдөлмөрлөж, хүссэнээрээ амьдрах боломж, эргэн тойронд байгаа сэтгэл татам, найрсаг үйлчилгээ, хүн болж төрсний төлөөх гүн хүндэтгэл, эх орон руугаа буцах хүслийг “чөдөрлөдөг’. Харь оронд бий болж хөгжсөн, энэ зөв тогтолцоо, шударга ёс, хүнийг дээдэлсэн үйлчилгээ, Монголд минь бий болдог бол, гадаадад байгаа монголчууд бүгдээрээ монгол руугаа буцна гэдэгт би эргэлзэхгүй байна.
…Машинаа дүрэм журмаараа жолоодож яваад, ямар ч шалтгаангүйгээр замын цагдаад шалгуулж, элдэв шалтгаар дарамтлуулж, эцэст нь өөрт нь заавал “торгууль” төлөхийг хүсэхгүй байна. Энд, дүрэм зөрчөөгүй бол хэн ч зогсоож, дарамталдаггүй юм.
…Сургуульдаа явсан хүүхэд нь, ангийнхаа болон аль нэгэн хүүхдэд шоолуулан, бас дарамтлуулж, ангийн багшдаа элдэв шалтгаар мөнгө хураалган, аяндаа сурах сонирхолгүй болж, хичээлдээ явахгүй хэмээн уйлж гуйхыг үзмээргүй байна. Энд хүүхдийн хүсэл сонирхолд нь таацуулан сургаж, тэднийг хүндлэн дээдэлдэг учраас хүүхдүүд сургуульдаа дуртайяа явдаг юм.

…Аль нэгэн эмнэлэгт өөрийгөө болон өвчтэй нэгнийгээ үзүүлэх гэж, өчнөөн цагаар дугаарлан сууж, эмч нэртэй хүнд сурталтанг царайчлан, гарыг нь хүндрүүлээгүйн төлөө, хагас дутуу эмчилгээ авмааргүй байна. Энд эрүүл мэндийн болон эмнэлгийн үйлчилгээ бүрэн төгс, бас найрсаг байдаг юм.
…Ажил, амьдралын шаардлагаар аль нэгэн төрийн байгууллагад хандахдаа, хүнд суртлын хадан хана мөргөж, аль нэгэн таньдаг хүнээр зуучлуулан, авилгал өгч байж хэргээ бүтээмээргүй байна. Энд төрийн найрсаг үйлчилгээ, алив асуудлыг зөвхөн журам, дүрэмдээ зааснаар шуурхай шийдвэрлэдэг юм.
…Ажил хийсэн нэртэй цагийг дэмий өнгөрөөж, хэн нэгний амыг харж, авах цалингаа элдэв ашиггүй татвараар хасуулж, хагас дутуу, өлөн зэлэм амьдармааргүй байна. Энд “хөдөлбөл хөлс, зогсвол зоос” гэдэгчлэн, цаг хөдөлмөрийн бүтээмжээрээ цалинжиж, хар цагаан гэх ялгаваргүйгээр хөдөлмөрөө шудрагаар үнэлүүлж, хөлсөө авч чаддаг юм.
…Амралт, баярын өдрүүдээр алжаалаа тайлах гэж, тасартлаа архидаж, манартлаа тамхилж, адаг сүүлд нь элдэв хараал зүхэл, хэрүүл маргаанд өртмөөргүй байна. Энд амралт чөлөө цагаа архи тамхигүйгээр өнгөрөөж болох, өчнөөн боломж байдаг.
…Өөрийн хүсэл боломжоороо бус, өрөөл нэгний шахалт дарамт, намчирхсан, улстөржсөн, албархсан, хоосон хийрхэл дор шаналж амьдармааргүй байна. “Улс төрийг чи сонирхохгүй бол, улс төр чамайг сонирхдог” гэдэг лоозонд хүлэгдэж амьдармааргүй байна. Энд хүсвэл, улстөрөөс ангид байж, өөрийн хувь заяа, хүсэл, боломжиндоо эзэн нь байж, өөрийнхөөрөө амьдрах боломж бүрэн байдаг.

…Өөрийн эрх чөлөө, итгэл үнэмшил, сонголтоо хэн нэгэнд луйвардуулж, ирээдүйдээ итгэлгүй, сэтгэлдээ бухимдалтай, өрөөлийг хардаж, өөрөө шаналж амьдармааргүй байна. Энд хууль журмаа судалж мэдэн, сахиж амьдарвал, хэн ч биднийг оролдохгүй. “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэдэгчлэн.
Өнөөдөр харь оронд ажиллаж, амьдарч байгаа монголчууд үүнийг л хүсэн хүлээж байгаа. Харин тэднийар гэр, ах дүүдээ илгээж байгаа мөнгөөр олон айл өрхүүд амжиргаагаа залгуулж, монгол орны хөгжилд чамлалтгүй жийрэг болж байна.
Харьд ажиллаж амьдарч байгаа монголчуудыг эх орондоо ирээч, энэ хүсэл мөрөөдлөө өөрсдөө хийж үлгэрлээч гэж уриалцгаадаг. Хүсэл байвч, өнөөдөр монголд тийм боломж бий билүү? Хэн тэднийг найрсагаар гар тоосон угтаж байна?
Ийм боломжийг олгохыг хэн хүсч , тусалж байна?
-Монгол оронд, хамгийн чухал зүйл болох “шударга ёс” тогтохгүй байна. Хуулийг баталж, дагаж мөрдөхөд нь ард иргэддээ үлгэр дуурайлал зүүүлэх учиртай төрийн түшээд нь өөрсдөө хуулиа зөрчиж, үүнийхээ төлөө ямар ч хариуцлага хүлээдэггүйгээр барахгүй, үүнийгээ ид хав болгон, гайхуулж, сурталчилж байна. Үүнийг харсан нэг хэсэг нь даган дуурайж, барьцаж, нөгөө хэсэг нь “даанч дээ” гэж шгширч суух. Хариуцлагагүй үйлдлийнхээ төлөө огцрох бүү хэл дэвшдэг, хоцрогдсоныхоо хэрээр халагдах бүү хэл, хэн нэгнийг дагалдан баясаж явдаг энэ тогтолцоог өөрчлөхгүй бол, хэн ч азаа үзэхийг хүсэхгүй.

-Монгол оронд хүнд суртал, авилгал устахгүй байна. Өндөр боловсрол чадвартай, ажил хэрэгч, туршлага, хүсэл эрмэлзлэлтэй залуусыг ажилд орох, бизнес хийх хүсэлтийг нь хүнд суртлын нудрагаар мохоож, авилгал, бүр их мөнгийг нэхэж байна. Арга, хүч мөхөсдсөндөө нэг хэсэг нь харьд буцаж, нөгөө хэсэг нь байдлыг харзнаж байна. Монголдоо төдийгүй дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн энэ л авилгал, хүнд суртлын тогтолцооноос хэн хүнгүй эмээж байна.
-Ард түмний сонголт, хүсэл мөрөөдлийг луйвардаж, худалдан авч, төрийн эрх мэдлийг гартаа авч буй эрхмүүд, хэсэг бүлгээрээ талцан хуйвалдаж, тохиролцож, наймаалцаж улстөрийн орчинг Улаанбаатарын утаатай адил, бохирдуулж, тортогтуулж байна. Тэд энэ үйлдэлдээ гаршиж, улам улмаар эрээ цээргүй болж буй нь илт байгаа. Ийм байдлын улмаас, ард иргэд айдаст хүлэгдэж, “түрүүнд дуугарсан хөхөөний ам нь хөлдөж”. Ард иргэдийг эвлэлдэн нэгдүүлэхгүйн тулд, намчлан талцуулж, өөр хооронд нь архиралдуулсаар… Ийм байдлын эсрэг тэмцэж, монгол оронд шударга байдлыг тогтоох гэсэн оррлдлого бүрийг элдэв аргаар нухчин дарж, шоронд хорьж, ард иргэдэд жигшүүлэх гэж, муучлан сурталчилж байна.

Эцэстээ монголдоо байгаа нь ч, гадаадад байгаа монголчууд ч айдас болгоомжлолд автаж, цагийг хүлээцгээж байна. Гэвч монгол хүний тэвчээр, хүлээлтэд хязгаар бий. Их тэсрэлт болж, энэ бүхийг өөрчлөх цаг ирнээ.
Харин энэ цаг дор, монголчууд бид эвлэлдэн нэгдэж, эрүүл бодол, саруул ухаанаар энэ бүхнийг өөрчлөх хэрэгтэй байна. Бид монголдоо очиж, тайван амгалан ажиллаж, амьдармаар байна… Гэхдээ яг өнөөдөр биш… Харин заавал очно.
Миний монголыг удирдаж байгаа, хүнийрхүү сэтгэлтэй
дарга нарт
Энэ сайхан монгол орон маань, хэн нэгний болон бүлэглэлүүдийн өмч биш бөгөөд, энэ оронд төрсөн хэн боловч эзэн нь байх хувь заяатай. Үүний төлөө, бидний ухаант, дайчин өвөг дээдэс минь, энэ газар нутгийг ухаанаараа, цусаараа, зүтгэл тэмцлээрээ хамгаалан авч үлдэж, өнөөгийн бидэнд өвлүүлсэн юм. Өнөөгийн бид ч цаашид үр удам, хойч үедээ өвлүүлэн үлдээх үүрэгтэй.
1990 онд жинхэнэ эрх чөлөө, хөгжлийн өөдрөг боломжийг монголчууд бидэнд авч ирсэн ардчилсан хувьсгал, өнөө хүртэл бидний хүсэн хүлээж байсан нааштай өөрчлөлтүүд, тэр дундаа хамгийн үнэ цэнэтэй зүйл болох “шударга ёс” ыг авчраагүйгээр барахгүй, энэ ололтууд цаг өнгөрөх тусам улам бүдгэрсээр байна.
Олон зуун монголчууд энэ бүхнийг тэвчиж хүлцэлгүйгээр, гадаадын олон оронд гарч өөрийн хүсэл мөрөөдлөө эрж хайн бидэрцгээж байгаа. Үүний балгаар, монгол орон минь эзгүйрч, олон гэр бүл салж, олон хүүхдүүд “өнчирч” байна. Олон хүмүүсийн сэтгэл шаналж, олон хүмүүс харьд зүдэрч явна.

Үүний буруутан нь хэн бэ?
1990 оноос хойш монголын төрийг “салж нэг”, ” нийлж нэг” барьж өдгөө хүрсэн МАХН, МАН мөн. Энэ хугацаанд ” Дагдангийн эхнэрийн таргалсан, Цэрмаагийн турсан яг тэнцэнэ” гэдэг шиг, төрийн эрх барьж үзсэн эрхмүүдийн баяжсан, ард иргэдийн ядуурсан нь яг л тэнцэж байгаа. Монголын төрийг завааруулж, ард иргэдийг туйлдуулж, хамгийн гол зүйл болох ирээдүйдээ итгэх итгэлийг нь хугалсаны төлөө МАХН, МАН-ийг татан буулгаж, хариуцлага тооцох цаг ирнээ.
Магадгүй та нар, их зүйл бүтээж, их ололт олсон гэж нэрлэх байх. Хариуд нь би та нараас: ” Ийм өргөн уудам нутагтай, ийм их баялагтай, ийм цөөхөн хүн амтай монгол оронд, яагаад баян хоосны ялгаа ингэтлээ гаарч, яагаад хүмүүсийн амьдрал дээшлэхгүй, яагаад монгол орон хөгжиж чадахгүй 20 жил болов оо?” гэж асууя.
Монгол оронд бий болсон ардчилалын ололтыг, хүмүүсийн барьсан гар утас, унаж буй машин, зээлийн орон сууцаар хэмждэггүй юм. Иргэд нь улс төржихгүйгээр, төрдөө итгэж, төр нь иргэддээ шударгаар хөдөлмөрлөж, өөрийнхөө хүсэл, боломжоор амьдрах, боломжоор хэмждэг юм.

Ардчилал гэж, үнэний төлөөх иргэдийн дуу хоолойг хүчээр хааж, шоронд хорьж, ард иргэдийг айлган сүрдүүлж, өөрсдөө дур зоргоороо, эрээ цээргүй авирлахыг хэлдэггүй юм. Иргэдийнхээ хүсэл бодлыг сонсож, тэднийг дэмжиж, бие биеэ хүндлэн, сэтгэл хангалуун тайван амьдрах боломжийг хэлдэг юм.
Дэлхийд гайхуулам их нөөцтэй гэгдэх Оюутолгой, Тавантолгой, Дорнодын ураны нөөцийг сүүлийн 10 жил ярилаа, сонгуульд ашиглалаа. Монгол хүнээ хөгжүүлэх тухай огт ярьсангүй 10 жил боллоо. Ийм баялагтай хэрнээ, цөөхөн ард иргэдээ сэтгэл хагалуун, тайван амьдруулахад тийм хэцүү гэж үү? Олон олон монголчуудын толгойд ийм асуулт эргэлдэж буй.
Монгол орны оршин тогтнохуй, монгол иргэдийн хувь заяа, ашиг сонирхлын төлөө бус, өөрийн өчүүхэн бие болон, өөрийн хүрээллийн эрх ашгийн төлөө энэ орны баялгийг идэж ашиглан, завшин хуваах аваас, нэгэн цагт үнэний шүүх гэсгээн цээрлүүлэх болноо. “Нүгэл нүдээрээ гардаг” гэдэг үг буй.
Монголчууд уагаа их хувь заяатай ард түмэн. Нэгэн цагт, харьд байгаа нь эх орондоо очицгоож, эвлэлдэн нэгдэж, өөрийн монгол орондоо, элэг бүтэн, сэтгэл хангалуун амьдрах болноо.
Монголчууд бид эвтэй байхдаа хүчтэй. Мөнх хөх тэнгэр биднийг ивээг.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах.
2009-04-30