Menu
Assign a 'primary' menu

Category Archives for "НИЙТЛЭЛ"

Sep 03

Сэтгэлийн хөөрөл ба хэм хэмжээ

By gala-admin | НИЙГЭМ - УЛС ТӨР

-Найз нь өнөөдөр тун их баяртай явна. Түүнийгээ чамтай хуваалцмаар санагдаад чам дээр ирлээ.
-Түр хүлээж байгаарай. Би хурдхан нэг шил юм аваад ирье.
Ямар баяр, юу хуваалцах гэж байгааг ч сонирхолгүй, ямар нэгэн баярыг сархад ууж тэмдэглэдэг “монгол заншил”.
Авчирсан сархадаа задлан 2 хундаганд хувааж  хийсний дараа л “За яасан, ямар баярт явдал тохиолдов?” гэж асууна. Мэдээж сайхан баярт үйл явдлыг сонсоод сайн сайхан бэлэгтэй ерөөл хэлж тулган уух эхний 3 хундага.
…”Найрын 3 дугараа”  гэдэг эртний монгол хэллэгт яагаад ч юм бэ монголчуудын сархад уух хэм хэмжээг заасан юм шиг надад санагдаад байдаг юм. Магадгүй цэвэр сүүнээс гаралтай нэрмэл монгол архийг 3 дугараа уух нь монгол хүний сэтгэл санааг сэргээж, бие махбодид сайнаар нөлөөлдөг байж болох юм.  Түүнээс цаашихыг албадан шахдаггүй, үргэлжлүүлэн уухыг хүссэн нь бага багаар тааруулан ууж, уухыг хүсээгүй нь хэм хэмжээндээ тааруулан баяр хөөрөө хуваалцаад явдаг байсан байх.

Харин сэтгэлийн хөөрлөө дарж чадалгүй хэтрүүлэн ууж, агсам тавьсан нэгийг хөгжилтэй гэгчээр нойтон эсгийд боож унтуулаад сэргэсэн хойно баалж шоолон ичээдэг байсныг би бага зэрэг мэдэх юм. Монголчууд “тэнэг, бүдүүлэг” биш болохоор  хэм хэмжээг мөрдлөг болгож байсны үрээр одооных шиг ийм олон эрүүлжүүлэх байр байгуулж, хашраадаггүй байсан болов уу.
Өнөө үед хэм хэмжээнээс 3 дугараанаас цааш үргэлжлэх бусад дугараанууд л бүх зүйлийг хиртүүлж, утга учраа алдахад хүргэдэг. Эцэстээ баяр хөөрөө хуваалцаж байсан 2 анд бие биеэ танихаа болитлоо согтож, маргалдан муудалцаж, улмаар нэгнийхээ амь насыг хөнөөсөн гунигт тохиолдлын тухай бид олонтаа сонсож бас харж байсан. Маргааш нь шартаж, хиртсэн сэтгэлдээ ‘юу болоод өнгөрсөн”-ийг тааж ядахдаа бүх бурууг өөртөө бус уусан сархадандаа өгнө. Хааяа шаналж ичингүйрсэн сэтгэлээ “бүгд л адилхан ууцгаадаг шүү дээ” гэж аргадна.
Монголчууд бид алив баярыг заавал сархад ууж тэмдэглэдэг, сэтгэлийн хөөрлөө сархадаар даруулж, омог бардам, эр зоригтой болдог зуршлаасаа салах цаг болжээ.
Сэтгэлийн хөөрөл-сархад
Нэгэн зүйл: Саяын Бээжингийн олимпоос анхны алтан медалийг Н.Түвшинбаяр хүртсэн их баярыг Монгол орон даяар хэрхэн баярлан бахдаж тэмдэглэж байгааг интернетээр үзлээ. Мэдээж гадаад оронд байгаа бид ч баярлаж тэмдэглэсэн. Энэ бол туйлын их баяр бахдал, сайхан гавьяа, мундаг амжилт. Ард олны ихэнхи нь хөөрч догдолсон сэтгэлээ халамцуухан илэрхийлж байсныг ойлгож байнаа. Ердийн үед ярилцлага авах микрофоноос зугатах шахам байдаг тэд энэ өдөр харагдсан микрофон бүрийг шүүрч аван сэтгэлийн үгээ баяр талархлаа хэлж байсныг ойлгож байнаа. Энд тэндгүй Монголын алтан соёмбот далбаа намирч, баярлаж хөөрсөн хүмүүс “уухай” хашгирч, гар гараасаа барилцан “Халуун элгэн нутаг”-ийг дуулалдаж таних танихгүй хэн боловч бие биеэ тэвэрч байгааг харахад сэтгэл огшиж нүд чийгтэж байсан. Үнэхээр сайхан байлаа.
Харин төрийн 3 өндөрлөг маань ард олныхоо өмнө халамцуухан гарч ирж, хөөрч баярласан сэтгэлээ “илэн далангүй”  илэрхийлж байгаа байдлыг нэг л ойлгосонгүй. Одоо хүртэл хүмүүс талцаж, “Хөөрхий минь, хүн л юм чинь ингэж баярлалгүй яахав”,  “Нэг их сүртэй юм биш, харин ч ард олныхоо дунд, бидэнтэйгээ адилхан сайхан л байна шүү дээ”, “Ийм их баярын үед яагаад ингэж болохгүй гэж” хэмээн өмөөрч байна. Үүнийг уншиж байхдаа та ч гэсэн ингэж бодож байгааг гадарлаж байна. Монголчууд бид хоорондоо юу ч гэж  өмөөрч магтан, өөчилж муучилж болноо. Харин “төрийн “гэх тодотголтой энэ эрхмүүд энэ албан тушаалууддаа байгаа цагтаа  Энхбаяр, Баяр, Лундээжанцан биш “Монголын төр” гэж харагддаг юм даа. ” Ёс ёмбогор, төр төмбөгөр” гэж манай өвөг дээдсүүд санамсаргүй хэлээгүй байх. Тийм учраас л “монголын төр” энэ өдөр ард олныхоо өмнө халамцуухан тультраатаж, монголын далбааг булаацалдан савчуулах нь үнэхээр муухай харагдаж байлаа. Зөвхөн би ч биш гадаад ертөнц ч тэднийг “Монголын төр”  гэж хардаг юм. Ямар ч их баяр хөөрөө монголын ард түмэн төртэйгээ хамтдаа сархад ууж халамцуухан тэмдэглэдэг юм гэж тэд ойлговол яах вэ?  Хэн нэгэн “согтуу монгол” гэж биднийг доромжилбол уурандаа цохиод унагаж арай болохгүй байх.
Үүний төлөө энэ эрхмүүд ард түмнээсээ уучлал гуйвал ёс суртахуунд  ч нэр төрд ч цаашдын монгол төрийн хэм хэмжээнд ч зөв алхам болох санж.

Нэгэн зүйл: Олимпоос хос алтан медаль, хос мөнгөн медаль хүртсэн тамирчдын маань сэтгэлийн хөөрөл өнөө хир дарагдаагүй л байгаа байх. Ард иргэд тэдэнд үнэхээр баярлаж бахадсан сэтгэлээ “албархалгүй” илэрхийлж, төр засаг бусад байгууллагууд шагнал урамшуулал, бэлэг, дэмжлэгээ харамлалгүй хайрлалаа. Одоо тэднийг шагшин магтаж, алдаршуулан алдрын титэм өмсгөх “сарын аян’ таньдаг болон шинээр танилцаж байгаа хүмүүсийн дунд өрнөж байгааг гадарлаж байна.
-“Чи бол монголын төдийгүй энэ ертөнцийн од сар нар”, ‘Чи бол дахин давтагдашгүй гайхамшиг”, “Аугаа суу билэгтэн” гэхчилэн толгой эргэм магтаалд бүү үнэмшээрэй. Та нартай адилхан хэдэн сая хүмүүс энэ ертөнц дээр байгаа. Та нар тэдний л адил авьяаслаг хөдөлмөрч хүмүүс.
-Аль нэгэн компаний болон намын бэлэг тэмдэг болж УИХ болон ерөнхийлөгчийн сонгуульд бүү нэр дэвшээрэй. Та нарын хамгийн сайн хийж их амжилт гаргаж чадах зүйл чинь зөвхөн их спорт шүү. Тэд та нарыг улаан туг мэт урдаа дэврүүлж өөрсдийн нэрийн хуудас болгон ашиглахыг хүсч байгаа.
-Хөөрсөн сэтгэлээ сархадаар бүү даруулаарай. Сэтгэл болон хувь заяа тань ‘хиртдэг” юм шүү. “Урьд бид ямар байлаа, Уучих” гэсэн хундаганы тулгалтад ‘Одоо бид шинэ монголын эхлэл болсон” гэж хариулаарай.  Аав ээжийн чинь сэтгэл шаналж, ‘эвдрэх бий”  гэж айж байгаа. Түүнийг анзаараарай. Бүү эвдрэгтүн. Та нар бол монгол хүний үнэлэмжийн эхлэл, хэм хэмжээний илэрхийлэл юм шүү.
Тийм ээ! Монголчууд бид сэтгэлийн хөөрлөө илэрхийлж чаддаг болсон нь сайн хэрэг. Харин сэтгэлийн хөөрлөө сархадаар даруулан дэвэргэдгээ больчихвол бидэнд тун хэрэгтэй сэн. Өнгөрсөн 7 сарын 1-ний үймээн үүний тод илрэл. Заавал уух хэрэгтэй бол бидний хэм хэмжээ 3 дугараа. Үүнээс цааших нь бидэнд зохих ч үгүй. Хэрэв уухыг хүсээд байгаа бол ядаж л тааруулж ууж сурвал өөрт тань төдийгүй монгол орны ирээдүй хойч үед хэрэг болно доо.
Сэтгэлийн хөөрөл-хэм хэмжээ

Хүн өөрийн гэр орондоо ганцаараа байгаа үедээ юу дуртайгаа хийж болно. Бусдын өмнө бол өөр хэрэг. Бусдын ашиг сонирхолд саад болохгүй, тэдэнд төвөгтэй байдал учруулахгүйн тулд ямарч хүн тодорхой хэм хэмжээнд захирагддаг. Иргэд төдийгүй, төрийн өндөр албан тушаалтнууд болон төрийн үйлчилгээний ажилтнууд ч ялгаагүй. Эрх чөлөөгөө эдэлж байна гээд гудамжаар бусдын өмнө чармаа нүцгэн явдаггүйтэй адил, бусдын өмнө биеэ авч явах байдал болон өөрийн бодол санаагаа илэрхийлэхдээ ч тодорхой хэм хэмжээг баримталдаг.
Нэгэн зүйл: Саяын Бээжингийн олимпийн наадмын явцыг Монголын хэвлэл мэдээллийн албаныхан үнэхээр сайхан үзүүллээ. Одоо нийтийн дунд түгээд байгаа “илүү, илүү” гэдэг онигоо маягийн хэллэгээс үүдээд монголд өнөөдөр мэргэжлийн түвшинд ажиллах спортын сэтгүүлчид үгүйлэгдэж байна. Үйтүмэн үнэхээр сайн тамирчин, сайн ч зохион байгуулагч. Тэмцээн тайлбарлаж байх явцдаа өөрийн сэтгэлийн хөөрлөө барьж чадалгүй тайлбарлахаа умартаж байсан нь бусдад “өхөөрдөм” харагдаж байсан ч нөгөө л хэм хэмжээгээ алдагдуулж орхисон.  Америкийн спортын сувгуудаар олимпийн наадмыг тайлбарлаж байсан нэвтрүүлэгчид ямар ч үед сэтгэл хөөрсөн үзэгч болон тамирчдын хооронд сэтгэхүйн гүүр болж өөрийн ажлаа чадварлаг гүйцэтгэж байсан нь миний бахархлыг төрүүлсэн. Монгол орны эв нэгдэл мандан бадралд их түлхэц өгсөн спортын төрлүүдэд мэргэшсэн сэтгүүлч бэлтгэх нь цаашид тамирчдын амжилтад сайнаар нөлөөлөх болноо.
Нэгэн зүйл: Саяхан Улаанбаатар хотод болж өнгөрсөн Японы сумо бөхийн үзүүлэх тоглолтод манай төрийн 3 өндөрлөг оролцож, ерөнхийлөгч маань сүүлийн өдөр цом гардуулах гэж арай гэж эхлэж байгаа УИХ-ын чуулганд оролцогсдыг хүлээлгэсэн тухай мэдээлэл бас л нэгийг бодогдуулж байлаа. Сүүлийн жилүүдэд арлын Японы үндэсний спорт болох сумо бөхийн төрөлд Монголын гайхамшигт олон хөвүүд ид хаваа гайхуулах болсон нь монголчуудад ойртуулж, сонирхлыг татах болсон. Харин энэхүү спортыг монгол төрийн хэмжээнд ингэтлээ анхаарал хандуулж хүндэтгэл үзүүлж байх нь хэр зохимжтой юм бол. Тэр тусмаа манай гайхамшигт үндэсний бөхөд талцаан үүсэж хөгжил нь зогсонги байдалд ороод байгаа энэ үед.
Ер нь сүүлийн үед алив арга хэмжээнд төрийн 3 өндөрлөг маань 3-уулаа хөтлөлцөж очиж оролцоод байх нь элбэг болжээ. Одоо хошин шогийн тоглолтыг төрийн 3 өндөрлөг  3-уул үзэж ард түмнээ баярлуулав гэвэл би нэг их гайхахгүй болох нээ. Ямар ч арга хэмжээнд тухайн орны төрийн тэргүүнүүд хамтдаа оролцохыг зөвшөөрдөггүй нь болзошгүй муу тохиолдолд улс орны удирдлага эзэнгүйдэхээс сэргийлсэн байдаг гэж сонссон. Энэ л монгол төрийн хэм хэмжээ алдагдаад байх шиг.
Тийм ээ! Монголчууд бид урагшлан хөгжихийн тулд ард иргэд нь ч төр засаг нь ч хэм хэмжээгээ баримтлах цаг болжээ. Нэгэн зохиолчийн хэлснээр энэ цаг дор ‘шувуу нь хүртэл буруу дэвээд ” байх шиг.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2008-09-03

Aug 16

Бахархал ба монгол омгорхол

By gala-admin | ТЭМДЭГЛЭЛ

Хамрын самсаа шархирч, цээж өөд нэгэн зүйл огшиж, хоолой зангирна… Нулимс минь гарч байвч би инээнэ. Эргэн тойронд бүх зүйл нэг л өнгөлөг гэгээлэг харагдаж, өөрт минь нэг л сайхан зүйл мэдрэгдэнэ. Юуг сайн мэдэхгүй ч би арай л өөр, магадгүй жаахан ихэмсэг болоод байх шиг…
Бээжингийн олимпоос О.Гүндэгмааг мөнгөн медаль авсныг сонсоод бид өдөржингөө баяр хөөртэй, ажил маань илүү амархан хөнгөн болчихсон юм шиг…Бүх өдрийн ярианы сэдэв маань олимпийн мөнгөн медаль, бас түүний эзэн О.Гүндэгмаа байлаа. Хэд хоног жаахан харанхуйлж байсан сэтгэлд минь энэ мөнгөн медаль яг л сүү шиг, цав цагаан өнгө гэрэл гэгээ авчирсан юм. Харин маргааш өглөө нь сонссон олимпоос авсан Монголын анхны алтан медаль ердөө л нарны алтан шар цацрагаар сэтгэл болоод бүх биеийг минь гэрэлтүүлж орхилоо. Хамт ажилладаг бидний хэдэн Монголчууд яг л жаахан хүүхэд шиг дэвхцэж, хөдөө талд яваа юм шиг хашгирч, ичиж зовох юмгүйгээр бие биенээ тэвэрч, нүдэнд гялалзах очоор бие биеэ мялаана.

Ядрал, сэтгэлийн шаналал гуниг ердөө л салхинд хийссэн мэт алга болж, сэтгэл хөнгөрлөө. Орой нь ажлаа дуусгаад нэгэн андындаа очиж бүх бичлэгүүдийг үзэнгээ хөөрч баярласан сэтгэлээ жаахан пивоор даруулна. Олимпийн аварга болсон Н.Түвшинбаярын барилдаан бүрийн бичлэгийг үзэж суухад хөөрч догдолсон сэтгэл дэвэрч асгарчих гээд бүр хэцүү.
Яг шагнал гардах мөчид Н.Түвшинбаярын энгэрт гялалзах алтан медаль, алгуурхан хөөрөх алтан соёмбот далбаа, сэтгэл зүрхэнд минь хамгийн ойр төрийн дуулал эгшиглэх агшин хамрын самсааг минь шархируулж, өөрийн эрхгүй нулимс цийлэгнүүлж, цээж өөд огших нэгэн зүйл хоолойг минь зангируулна. Үнэхээр гайхамшиг байлаа. Н.Түвшинбаяр, О.Гүндэгмаа болон одоо медаль авахаар тэмцэлдэж байгаа Монголын тамирчид та нартаа үнэхээр их баярлалаа.

Энэ медаль Монгол орны тусгаар тогтнолын баталгаа байлаа
Н.Түвшинбаярын энэ олимпоос хүртсэн анхны алтан медаль Монгол төрийн далбааг Бээжингийн тэндэрт мандуулж, Монгол төрийн дууллыг Хятад улсын газар нутгаас даян дэлхийд сонсгосон нь Тусгаар Монгол улсыг тунхагласан том дуулал байлаа. Тусгаар тогтносон Монгол улсыг үүнээс илүү яаж дэлхий дахинд тунхаглах юм бэ? Хэзээ нэгэн цагт хэн нэгэн санаатай буюу санамсаргүйгээр миний нутгийг газрын зурагт мартах ахуйд зөвхөн энэ бичлэгийг үзүүлж, сануулж байх болно.
Тийм ээ!Дэлхийн бүх гүрнүүд туурга тусгаар Монгол улсын сүр хүчийг мэдэрч байна.
Өөр хаана ч биш зөвхөн Хятад улсын нийслэл Бээжинд болсон олимпод ийнхүү сүр хүчийг үзүүлсэнд аугаа их өвөг дээдсийн минь сүнс таалан харж байгаа.
Н.Түвшинбаяраа! Зөвхөн үүний төлөө чи үеийн үед Монголын төр, Монголын ард түмэнд хайрлан хүндлэгдэх болно. Энэ их хайр хишгийг дааж явах нь олимпийн аваргаас илүү үүрэг хариуцлага шүү.

Энэ медаль Монголчуудад их итгэл найдвар бас эв нэгдлийг авч ирлээ
Энэ медалийн дараа харьд ажиллаж амьдарч байгаа Монголчууд бусдыг арай л өөр ихэмсэг төрхөөр харж байгаа. Бусад хамт ажилладаг харийнханд хөөр болгон онгирч байгаа. Монгол хүн олимпоос алтан медаль авч чадсан нь олон монголчуудын өөртөө итгэх итгэл, “монгол” гэдгээрээ бахархах омгорхлыг авчирч байна. Энэ мөчид гадаадад байгаа монголчуудын гар утас улайстал ажиллаж баяр хөөрөө бусад монголчуудтайгаа хуваалцаж байлаа. Тэд өөрсдөө ч анзаарахгүй бие биедээ инээмсэглэж, эелдэг найрсгаар хандаж байна.
Хүн бүр л олимпийн алтан медалийг сэтгэлдээ хүлээж байсан нь Монгол орны нэр дэлхийн тавцанд их чангаар дуурсаасай, бид бүгд хамтдаа талархан дэмжиж байх нэгэн “баатар” төрөөсэй гэж хүсч байсны илрэл байжээ. Энэ мөчөөс хойш олон сайхан хүүхэд залуус өөрийгөө дайчилж “баатар” болохын төлөө хөдөлмөрлөж тэмцэж эхэлнэ. Тэд бие биеэ дэмжиж энэ олж харсан боломжинд хүрэхийн төлөө зүтгэцгээх болно. Монголчууд бид эв найртай байхын эхлэл бас энэ билээ.

Энэ медаль цоо шинэ залуу үейиг бидэнд харууллаа
Яг үнэндээ оноо цуглуулж олимпод оролцсон Н.Түвшинбаярыг ийм амжилт үзүүлнэ гэж хэн ч төсөөлөөгүй. Өнгөрсөн наадмаар  шинэ залуу бөхчүүд аварга арслангуудыг өвдөг шороодуулж наадмын үзүүр түрүүг авна гэж хэн ч төсөөлөөгүйн адил. Н.Түвшинбаярын өөрийн өрсөлдөгчидтэйгээ айж бэргэхгүйгээр өөртөө итгэлтэй дайчин барилдаж , аварга болж байгаа нь бидэнд олон зүйлийг ойлгууллаа. Өөртөө итгэлтэй дайчин, эрч хүчтэй залуу үе гарч ирж байна, Тэд бидний хүсч үгүйлж байсан шударга өрсөлдөөний “бэлэг тэмдэг”. Тэд элдэв луйвар шударга бус явдал, дарамт, хуйвалдааныг зад татан гарч ирж байна. Тэд цаашид ч их спорт төдийгүй Монголын нийгэмд шударга бус , увайгүй бүхнийг зад татан гарч ирцгээх болно. Харин тэднийг дэмжих хэрэгтэй.

Одоо харин тэднийг бүү эвдэгтүн
 Монголчууд бид баахан туйлшрамтгай. Амжилт гаргасан нэгийгээ тэнгэрт тултал нь магтан хөөргөж, үүнийгээ архи согтууруулах ундаагаар даруулан газарт буулгадаг муу зуршил бидэнд бий. Бид ийм заншлаар олон авьяас, хөдөлмөрийг “согтоосон” гашуун туршлага бий.  Баярлаж бахадсан сэтгэлээ “идээний дээж”-тэй очиж бүү илэрхийлээрэй. Архи худалдаж авах мөнгөө алд цэнхэр хадаг дээр тавьж сэтгэлээ шингээн очоорой.  Амьдралд нь санаа зовж “мисс” болон “жентельмен”-тэй гэрлүүлэх гэж бүү тэвдээрэй.  Тэд урьд нь яаж амьдарч хэнтэй нөхөрлөж байсан тэр л хэвээрээ байг. Гавьяа байгуулж баатар болсон гэж гар хөл илүү ургах биш хүн хүнээрээ байг. Харин авсан шагнал болон бэлэг нь ахиад илүү амжилт үзүүлэх боломж болог.
Би та нараас хичээнгүйлэн гуйя, эднийг бүү эвдэгтүн. Бусдын хайрыг даана гэдэг амаргүй. Залуус минь алтан медаль дааж чадсантайгаа адил хайр хүндлэлийг дааж сураг. Бас бусдад үлгэр болог.
Та нартаа маш их баярлалаа. Та биднийг хөх тэнгэр, монгол төрийн алтан сүлд ивээг.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

Aug 10

Өөртөө итгэлтэй бай

By gala-admin | ЗАЛУУ НАС - ХАЙР

Оросын өндрийн харайлтын нэгэн алдарт тамирчин болон Оросын нэрт эмч хоёрын амьдарлын хүнд хэцүү үед хэрхэн тэмцэж амжилтад хүрсэн тухай ийм нэртэй номыг уншиж, өөрийн ширээний ном болгож хадгалж байсан. Амьдралын их нугачаан дунд тохиолдох олон ээдрээтэй асуудлуудыг давж гаран өөрийн үнэ цэнээ бий болгоход өөртөө итгэх итгэл л чухал тулгуур болдог. ‘Би үүнийг хийж чадна” гэж өөртөө итгэж, хийж чадахын төлөө өөрийн боломж хүч чадлаа дайчлан зүтгэх нь амжилтад хүрэхийн эхлэл болно.
“Хэлэхэд амархан, хийхэд хэцүү” гэдэгчлэн өлөн бэрхшээл саад тулгарч, мухардах авч хийж бүтээх гэсэн оргилуун хүсэл ямар нэгэн боломжийг заавал олж хардаг. Миний нэг танил ‘ Алив юмыг хийж бүтээх гэж оролдох бүрд 9 хаалга хаагдаж байхад 1 хаалга нь онгойж байдаг” гэж хэлж байсан. “Ажил хийх хүнд арга нь олдоно, хийх дургүй хүнд шалтаг олдоно”гэдэг үг ч үүнтэй утга нэг билээ.
Тийм ээ! “Би үүнийг хийж чадна, чадах ч ёстой” гэдэг итгэлийг цаг ямагт өөртөө тээж явах нь үнэхээр чухал. Ингэснээр таны амьдрал утга учиртай, хөгжилтэй бас баяр баясгалантай байж чадна. Хүний өөртөө итгэх итгэл, зорьсондоо хүрэх зүтгэл, үүний төлөөх хариуцлага хүнийг хөгжүүлдэг. Та нэг л хэвийн амьдралаас бус өөрийн хүсэл тэмүүллээр өөрчилж өөрчлөгдөж байдаг амьдралаас хөгжиж бас тааламжит мэдрэмжийг хүртэж байх болно.
Та энэ ертөнцөд агуу мундаг хүн болох албагүй ч өөрөө өөрийнхөө амьдралыг жолоодож, өөрийн боломж хүслээрээ сайхан амьдралаа бий болгох албатай.
Үүний тулд гагцхүү өөрөө өөртөө итгэлтэй байх хэрэгтэй.

1. Итгэлийг бүр багаас нь
Монголчууд бид үр хүүхэддээ бүр багаас нь болох болохгүйн олон хориг тогтоож энэ нь тэдэнд төдийлэн сайнаар нөлөөлдөггүй тухай миний бие өмнөх нийтлэлдээ цухас дурдсан. Хүүхэд төрүүлэх амархан, харин хүн болгон төлөвшүүлэх амаргүй. Хүүхдийг хүмүүжүүлэх хамгийн хялбар арга нь “хориг”.  ” Чи тэгж болохгүй, ингэж болохгүй, чи үүнийг чадахгүй, боль” гэсэн олон хоригууд, “Яагаад” гэсэн асуултын хариуд хэлэх “мэдэхгүй” гэдэг мянган үгийн таглаа хүүхдэд тань бий болох өөртөө итгэх итгэлийг нь алдагдуулж, алив зүйлд идэвхгүй хүлцэнгүй хандлагыг бий болгодог. Ийм хандлага нь хүүхдийг алив зүйлд ухамсраар биш албадлагаар ханддаг, шийдвэр гаргахдаа аав ээжийн амыг дагадаг “дуулгавартай” хүмүүжилд сургана.
Тэр ч байтугай том болж, өрх толгойлох цагт гэрийг нь бэлдэж, заяаных нь ханийг сонжиж, хэрхэн амьдрахыг нь зааж , хянах гэж дэргэд нь амьдарна. Ийм ёс заншлаар аав ээжийн дуулгавартай залуу үе өөртөө итгэх итгэлгүй, аавын болон хадмын хаяаг түшиж амьдарцгаасаар. Ийм тавилангаар зарим залуу хосууд хайртай хүнтэйгээ бас хадмуудтайгаа хамтад нь “гэрэлнэ”. Идэх хоол, өмсөх хувцас,  гэртээ худалдаж авах зүйлээ хүртэл аав ээжээсээ асууж “эрхлэх” тэд өөртөө итгэх итгэл, бие даан амьдрах чадвараа алдаж, алив зүйлийн бурууг өөрөөсөө биш өрөөл бусдаас хайдаг муу зуршилтай болцгоодог. Хэзээ ч өөрийнхөө төлөө шийдвэр гаргаж хариуцлагаа үүрч үзээгүй тэднийг буруутгаад яах ч билээ.
Та өөрийн балчир үрсээ элдвийг асууж шулганах бүрд нь төвөгшөөж, цааргалалгүйгээр хариулж тайлбарлаж байх нь хүүхэд тань алив зүйлийн учрыг ойлгож, өөрийн бодол санаагаар дүгнэх боломжийг олгож байгаа хэрэг. “Миний хүү чаднаа, оролдоод үз”, “Миний хүү мундаг шүү дээ, чи чадалгүй яахав” гэхчилэн алив оролдлого бүрийг урмаар тэтгэж байх нь хүүхдийн тань өөртөө итгэх итгэлийг соёолуулах шимт хөрс нь болно.Харин ” Чи тэдний тэрийг хар, тэгэхэд чи яачихсан хүүхэд вэ?” гэж харьцуулан зэмлэх нь хүүхдэд үлгэр болохоос илүүтэй атаа хорслыг төрүүлдэг муу талтай.
Том болсон хойно нь алхам бүрийг нь хянаж цагдан, үглэж дуулахын оронд өөрт нь итгэл өгч, биейиг нь даалган алив зөв болон буруу шийдвэрийнхээ сайн муу үр дүнг өөрөө хариуцаж сургах нь амьдралаас ухаажиж, илүү сайн боломжуудыг олж харахад тусална. Сайн эцэг эх л хүүхэддээ илэн далангүй ярьж зөвлөдөг, санаа бодлоо хуваалцдаг сайн ” найз нь” болон хувирдаг.
Тийм ээ! Хүүхдээ бүр багаас нь өөртөө итгэлтэй бие даасан сайн муу алив үйлдлийнхээ үр дагаврыг өөрөө хариуцаж чаддаг болгон төлөвшүүлэх нь тун чухал.

2. Нийгмийн золиос
Бидний үеийнхэн аав ээжийн дэргэдээс холдон бүх шатны сургуулиар дамжин мэргэжил эзэмшин “нийгмийн баялгийг бүтээгч”, “эх орондоо хэрэгтэй” хүн болтлоо нийгмийн ялгаварлан гадуурхах гаж тогтолцооны золиос болж байсан гашуун түүхтэй.
-Эрдэм сурч, эх орондоо ихийг бүтээх чин эрмэлзлэл дүүрэн балчир хүүхдүүд сургуулийн босго алхсан цагаасаа “oнц буюу сайн сурлагатан”, “дунд буюу муу сурлагатан” гэсэн ангилалад хуваагдана. Энэ ангилал нь зөвхөн дүнгээр төдийгүй хүүхдийг хүүхдээр нь дарамтлуулдаг гаж тогтолцооны илрэл байлаа. Хэрэв та санаж байгаа бол ” дунд буюу муу сурлагатан” ангилал нийт суралцагсдын бараг 70-80% нь байсан гээд бодохоор өнөөгийн нийгмийн золиос ийм хувийг эзэлж байна гэсэн үг. Чухам үүний уршгаар өсвөр насны олон олон хүүхдүүдийн өөртөө итгэх итгэл, хөгжиж болох авьяас чадвар, хүсэл тэмүүлэл унтарч алга болсон .  Энэ золиосны уршгаар өнөө ч олон залуус өөрийн хөгжиж чадаагүй авьяас чадвар боломжийн төлөө харамсан гомдож явдаг нь нууц биш. Сургуульд сурч байхдаа бусдаас илүү хөдөлгөөнтэй, хэл ам таталж байдаг байсан хүүхдүүд өнөө цаг дор амьдралд арай илүү хөлөө олж явж чадаж байгаа нь ажиглагддаг. Магадгүй тэдний бяцхан сахилгагүйтэл нь тэр ялгаварлыг үл тэвчих эсэргүүцлийн илрэл байсан байж болох юм гэж одоо хэр надад бодогддог юм.
-Социализмын үед бүх нийтээр социалист уралдаанаар жигүүрлэн далавчилж уралддаг байсан. Хүн өөрийн хийх ажлаа ухамсартайгаар сайн хийж гүйцэтгэхийн оронд өөр хоорондоо заавал өрсөлдөн уралдаж тэр хэмжээгээрээ ангилалд хамрагдаж байх учиртай. Хүндэт самбрын зураг, тэргүүн туршлагын эзэн, 5-жилийн гавшгайч, баярын бичиг үнэ бүхий зүйлээс эхлээд одон медаль хүртэлх шагналын тогтолцоо нь та хэн нэгнээс илүү буюу дутуу гэдгээ заавал мэдэрч харьцуулагдаж байхын илрэл байж. Эндээс л олон хүний өөртөө итгэх итгэл, ажлын төлөө хандах чин үнэнч сэтгэл алдагдаж, бусадтай барьцах атаархаж хорсон бусдыг муулах сэтгэлгээг илүү хөгжүүлсэн.
Хүн алив зүйлийг сайн сурч, хөгжиж, ажил хөдөлмөр хийж их мөнгө олон тэр хирээр сайхан амьдрах нь өөрийнхөө төлөө хийж байгаа зүтгэл. Энэ нь эх орныхоо болон бусдын төлөө хийж байгаа зүйл биш. Харин таны хөгжил хүмүүжил, хийж бүтээж байгаа зүйл тань бусдад сайнаар нөлөөлж байгаа бол энэ нь таны эх орон болон бусдад тусалж байгаа сайн үйлс болдог. Үүний тулд танд өөртөө итгэх иргэл илүү сайнаар нөлөөлнө. Өнөөдөр олон хүмүүс өөрийгөө таньж бас өөрчлах гэж хичээж байна. Та өөртөө итгэлтэй байвал, хүссэнээ хийж чадах болно.

3. Та хувь заяаныхаа эзэн нь
Хүмүүс өөртөө итгэлгүй болоод ирэхээрээ бусдын амыг харж , шийдвэрийг сонсохыг хүсдэг.  Олон ийм хүмүүс хувь заяагаа мэрэглүүлэхээр, хийморийн сан тавиулж ном уншуулж засал хийлгэхээр мөнгөө зарцуулж бусдад ханддаг. Хүний сэтгэл санаанд нөлөөлдөг ямар нэгэн хүчин зүйл байж болохыг би үгүйсгэдэггүй. Харин ямар хүнтэй амьдралаа холбох, аян замд хэдийд гарч болох, хэзээ хаашаа нүүх, үсээ засуулах, ямар бизнес хийж болох, ямар өнгөтэй машин худалдаж авбал зүгээр гэхчилэн аар саар олон асуудлуудыг бусдаас асууж шийдүүлээд байх нь хэр үнэмшилтэй байх бол. Ингэтлээ өөрийн итгэлээ алдах хэрэг юусан билээ. Ийм асуудлуудад хүн өөрийн боломж , цаг хугацааны зохицолдоогоор өөрөө шийдэж сайн муу үр дагаврыг нь өөрөө хариуцаж байх учиртай.
Хүн алив нэгэн үйлдлээс учирч болох хариуцлагаас зайлсхийх гэж ийм зүйлийг сонгодог байх л даа. Харин өөртөө итгэж гарагсан шийдвэрийнхээ төлөө хариуцлагаа өөрөө хүлээдэг болохоор итгэл хариуцлага хоёр хамтдаа байдаг гэсэн үг. Судалгаа тооцоогүй аз туршиж хийсэн бизнесийн алдагдлииг мэргэлж өгсөн хүн тань үүрэхгүй харин та л үүрэх болно. Тэгэхээр яаж ч бодсон та л өөрийн хувь заяаныхаа эзэн нь. Сэтгэлдээ багтааж, өөртөө итгэж хийсэн алив үйлдлийнхээ сайн муу үр дагаврыг та өөрөө л амсаж, өрөөл бусдад биш зөвхөн өөртөө баярлаж бас харамсдаг.
Бүтэлгүй хайр дурлал, өөр ямар нэгэн бүтэлгүй тохиолдлын улмаас өөрийн амиа егүүтгэсэн тухай сонсохдоо, тэвчээр өөрийгөө ялах итгэл аминаас нь хэцүү байна гэж үү гэж харамсах сэтгэл төрдөг. Архинд толгойгоо мэдүүлчихээд гарч чадахгүй элдвийн хүн дээр очиж янз бүрийн засал хийлгэж, элдэв зүйл ууж идэн аргаа барж яваа хүний өөртөө итгэх итгэл нь ууж байгаа архиных нь ёроолд байдаг. Тэд архиа өөртөө итгэх итгэлтэйгээ хамтад нь ууж байгаагаа анзаардаггүй.
Тийм ээ! Хүн та өөрөө өөрийнхөө хувь заяаны эзэн нь. Таны амьдрал хувь заяаг хэн нэгэн мэргэч төлөгч бус таны өөртөө итгэх итгэл тань авч явдаг.

Төгсгөл
Таны амьдралд сайн муу элдэв зүйл тохиолддог. Хэрэв та анзаарч мэдэрвэл танд их боломж авьяас чадвар бий. Та түүнийгээ л олж хөгжүүлэхийг хичээ. Цаг ямагт “Би үүнийг хийж чадна” гэж өөртөө итгүүлж бай. Үүний ачаар та хүнд өвчнөө ялан дийлж, зовлон шаналалаа давж гарч, бизнес тань амжилттай болж, авьяас чадвар тань бусдыг бишрүүлэх болно. Өөртөө итгэж, өөрийн боломж чадвараа ашиглан хийж бүтээхээр зүтгэвэл олон боломж танд олдож, аль нэгэн хаалга таны өмнө нээгдэх болно. Та өөрөө өөртөө эзэн. Хэнд ч юунд ч биш гагцхүү өөртөө л итгэ. Тэгвэл танд аз болон амжилт ирэх болно.
Та өөрийгөө бусдаас дутуу биш илүү гэдэгтээ итгээрэй. Та олон зүйлийг өөрчилж, бүтээж чадна. Танд амжилт хүсье.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах.

2008-08-10

Aug 02

Та америкт гэрээсээ бизнес хийж үзмээр байна уу? \Г.Хишигжаргал\

By gala-admin | ТЭМДЭГЛЭЛ

Монголчууд бид өнөөдөр боловсрол эзэмших, мөнгө олж амьдралаа дээшлүүлэх гэж, бас “юм үзэж нүд тайлах” гэж гадаадад гарцгаадаг. Гадаадад байгаа Монголчуудын тухайд хүссэн орондоо очоод л ‘амар сайхандаа жаргаж”  газраар нэг хөглөрөх модны навч шиг ” мөнгийг түүж байдаг”  мэт ойлголттой хүмүүс олон байдаг бололтой. Виз хэмээх амаргүй давааг даваад тэр орондоо очоод ” ажил олох”  амаргүй даваатай учирна. Зарим нь хэл мэдэхгүй, өөр ч олон шалтгаанаар ажил олдохгүй сар заримдаа түүнээс ч илүү хугацаагаар “зутрах” нь олонтой.

Ажил олоод ч эзэнтэй нь учраа ололцох, хийж сураагүй ажилдаа хурдан дадлагажих, хэл мэдэхгүйгээс ойлголцохгүй байх гээд олон ч бэрхшээлийг даван туулдаг. Овоо зүг чигээ олоод ирэхээрээ хүссэн хүсээгүй тухайн орны амьжиргааны өндөр өртөгт захирагдаж эхэлнэ. Байр машин хоол хүнс гээд бусад олон зардлуудыг дааж амьдрах тийм ч амар биш.  Гэр бүлээрээ ирсэн эсвэл найз бүсгүйтэй болж хамтдаа амьдрах гээд “өргөжих” хэрээр амьжиргааны зардал өснө.
Зарим нь энд төрж, хүүхдээ өсгөж асран гэртээ суух болдог. Тэр хирээр зардал ачаалал нэг хүний нуруун дээр тохогдох нь бий. Өсч буй зардлаа дааж гарахын тулд “одоо яах билээ?” гэдэг асуудлууд тулгардаг.
Саяхан Америкийн Оакланд хотод болж өнгөрсөн “Америкт бизнэс эрэхлж буй Монголчуудын чуулга уулзалт” амжилттай болж өнгөрсөн тухай “орлоо ком”, “даяар монгол”цахим хуудсууд дээр гарсан мэдээллийг уншиж суухад, Аламеда-ийн Г. Хишигжаргалын гэрээсээ аялал жуулчлалын бизнес эрэхлдэг туршлага илтгэл миний сонирхлыг татсан юм. Энэ талаар Г.Хишигжаргалтай утсаар болон e-mail-аар холбогдож солилцсон мэдээлэл үнэхээр хэрэгтэй санагдсан тул бусдад хэрэг болж магадгүй гэдэг бодлоор энэ тухай бичихээр шийдлээ.

        1.Бизнесийн үндэс
– Аялал жуулчлал дэлхий даяар хөгжиж, энэ салбар нь жилдээ дэлхийн хэмжээнд 7 триллион$, зөвхөн Америкт 1.3 триллион $-ийн зах зээл эзэлж байна. Ойрын 10 жилд энэ хэмжээ өсч 14 триллион $ -т хүрч энэ нь дэлхийн нийт худалдан авагчийн 11%-д хүрнэ гэсэн тооцоог гаргажээ. Одоогийн байдлаар зөвхөн аялал жуулчлалд зориулсан зардал цагт 59 сая$, өдөрт 1.4 тэрбүм $-т эргэлдэж байгаа аж.
-1946-1964 оны хооронд төрсөн ахмад үейинхэн аялал жуулчлалын зах зээлд их нөлөө үзүүлсээр байна. Бараг 1 тэрбүм орчим энэ үейинхний түрүүч нь 60 нас хүрч тэтгэвэртээ гарч байна. Дараагийн 20 жилийн турш 8 сэк тутамд 1 хүн тэтгэвэрт гарах төлөвтэй байна. Залуу насандаа хийдгээ хийж , тэтгэвэртээ гарч байгаа тэд аялал жуулчлалын бизнесийн гол хэрэглэгчид байх магадлалтай.
-3 сэкүнд тутамд 1 хүн интернэтэд зочилж байгаа гэдэг тооцоо бас байгаа. 5 жилийн өмнө бага хэмжээний мөнгийг интернэтэд зарцуулж байсан бол интернэт худалдаа хурдацтай хөгжиж өнөөдөр сая саяыг зарцуулж байна. Интернэт ньтэдний цаг мөнгийг хэмнэж байгаагаас гадна мэдээлэл сайн түгээж байгаагаараа давуу талтай. Интернэтээр билет захиалах үйлчилгээ хөгжсөнөөр жилдээ 80 сая Америкчууд  ийм үйлчилгээг сонгож байна.
-Америкийн эдийн засагт улам хүчтэй түрж орж ирж байгаа салбар нь жижиг болоод гэрээсээ эрхэлдэг бизнес болж байна. Статистикийн мэдээгээр ийм төрлийн бизнес эрхлэгчдийн 74% нь нилээд том ашгийг олж байгаа нь нотлогдож байна. Судалгаанд оролцогч 25-44 насны хүмүүсийн 96% нь ийм чиглэлийн бизнес эрхлэх сонирхолтой байгаа боловч,хэрхэн бизнес эрхлэх аргаа мэдэхгүй байгаагаа илэрхийлжээ. Өнөөдөр хэт том болон дунд үйлдвэрүүд ажиллагсадын тоогоо багасгаж, гаднаас гэрээгээр ажлаа хийлгэх сонирхол их болж байгаа нь ажлын байрны баталгааг хангахад багагүй төвөгтэй байдлыг бий болгож байна. Ийм нөхцөлд хүмүүс хувиараа бизнес эрхлэх нь илүү ирээдүйтэйгээр барахгүй их баялгийг олохын зэрэгцээ татварын болон бусад хөнгөлөлтөд хамрагдах таатай боломжийг олгоно.

Г. Хишигжаргалын ажиладаг компани
 Энэ компани нь “YTB” гэдэг нэртэй. Анх 2001 онд байгуулагдсан. Америкийн интернэтээр бизнес эрхэлдэг шилдэг 40 компаны тоонд ордог, олон нийтэд нилээд танигдсан, өөрийн гэсэн үнэт цаастай. Аялал жуулчлал болон маркетингийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг
Та ийм бизнесийг эрхэлснээр:
-Өөрийн гэсэн web site-тай болно. Үүнд 400 авиа компаний нислэг, 27 усан онгоцны чиглэл, 55000 дээд зэрэглэлийн зөчид буудлууд , Европ болон Хавай, Лас-Вегас, мөн олон улсын нислэг болон концерт, шоу, бусад хэрэгцээтэй үзвэрүүд, аялал жуулчлалын билет багтдаг.
– Хэрэв таны web site-аас хэн нэгэн билет авбал цэвэр ашгийн 60% нь танд ноогдоно
-Та Америк дотроо аялах тохиолдолд  бүх хөнгөлөлтийг эдэлнэ.
– Гэрээсээ хийж буй бизнес болохоор та бүх зардлуудаа tax-аар бодуулаад эргүүлж авч болно.
-Маркетингийн site бол та сайн ажилласан тохиолдолд 1000$, 10000$, 100000$ хүртэл урамшуулал авах боломжтой.

Ашигтай сайн талууд нь
-Ийм бизнес хийхэд та өөрөө өөртөө л эзэн. Яаж ажиллах нь зөвхөн танаас л хамаарна. Харин танд их хариуцлага бас овсгоо шардагдана гэдгийг бодолцох хэрэгтэй.
-Интернэт дотроо бэлэн сургалтын материал, гарын авлага, зааврууд байдаг болохоор та сайн хичээвэл хэл сайжирч, бас аялал жуулчлалын сайн мэргэжилтэн зуучлагч болох боломжтой.
– Интернэтээр олон сайн найз нөхөдтэй бас хамтран ажиллагчтай болно.
-Хамгийн гол нь энэ бизнесийг эрхлэхэд танаас мэргэжлийн диплом болон бусад олон баримт шаардахгүй. Та tax ID-тай байх хэрэгтэй.
-Ажилд орохдоо та нэг удаад 449$ төлнө.
Хэрэв танд энэ бизнес сонирхолтой санагдвал: www.bestflamingotravel.com-руу заавал орж үзээрэй. Мөн Г. Хишигжаргалын e-mail: утсаар ярьж санал бодлоо солилцмоор бол 510-749-4872.
Гадаадад байгаа Монголчууд бид бие биенээсээ суралцаж бие биеэ дэмжиж байх нь юу юунаас чухал байна. Магадгүй энэ бизнес гэртээ сууж байгаа болон ажил хайж байгаа олон Монголчуудад хэрэг болж болох юм. Зарим нь зүгээр л сонирхоод web site-аар нь ороод үз. Монголоос Солонгосоос Японоос Европоос Америкаас хаа нэгтэй аялах гэж байгаа бол Г. Хишигжаргалын web site-аар зочилоод үзэхэд тийм ч төвөгтэй биш.
Танд ч гэсэн бусад олон Монголчуудтайгаа хуваалцах бас хамтрах сонирхолтой олон санаа байж болох шүү дээ. Яагаад бусаддаа санал болгож болохгүй гэж.
Бид хамтдаа хөгжиж бас баяжиж болно шүү дээ.
Г.Хишигжаргалдаа болон бусад монголчууддаа амжилт хүсье. Та нарын үйлс өөдрөг байг.
muddo421@yahoo.com

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах.

Jul 30

Нүүрний баяслыг дагаж аз жаргал ирдэг

By gala-admin | ЗАЛУУ НАС - ХАЙР

Хүн энэ сайхан дэлхий дээр ирээд л буцдаг. Мэлхий, хулгана зурам, араатан жигүүртэн, хорхой шавьж бус гагцхүү хүн болж төрнө гэдэг их хувь заяа. Цэнхэр уужим, тансаг гоёмсог энэ дэлхий дээр мөнх амьдрах юм шиг санаж, багталцаж ядан, бачимдан бухимдаж амьдрах нь хүн гэгч бодьгалын бас л нэг муу зуршил. Ирээд буцах энэ хугацаандаа утга учиртай, ууч сэтгэлтэй, баяр баясал, өөдрөг сайхан амьдрах нь ухаант хүмүүний шинж буюу.
Сүүлийн үед Монголчууд бид арай л их бухимдаж уцаарлаж амьдраад байх шиг. Саяхан болж өнгөрсөн 7-сарын 1-ний өймээнээс хойш иргэд 2 талцаж бүдүүлэг муухай доромж үгсийг бие бие рүүгээ чулуудаж байгаа нь үнэхээр харамсал төрүүлж байна. Бид хичнээн ихээр бухимдаж, дотор сэтгэлдээ шаналж хорсовч, энэ бүхнээс үл хамааран алтан нар манддагаараа мандаж, шувууд жиргэдгээрээ жиргэж байгаль дэлхий үзэсгэлэнт сайхнаараа гайхуулна. Бидний уур бухимдлаас болж галав юулж, дэлхий өөрчлөгддөггүй болохоор бид ердөө л өчүүхэн.
Харин та тэртээд харагдах уул руу алхаж очин орой дээр нь гарч тэртээх алсын барааг нэг ажаарай. Таны эргэн тойронд харагдах байгалийн үзэсгэлэн, уянгалаг хөг ялгуу, салхины зөөлөн илбээ юутай сайхан. Та хүн болж төрснийхээ хувьд энэ бүхнийг мэдэрнэ гэдэг их хувь заяа, аз жаргал бус уу. Уур уцаар зовлон шаналалаа тэртээд орхиод уртаар амьсгаа авч сайхан инээмсэглэ.

Тэнгэрт хуралдсан бараан үүлсийг зөөлөн салхи аядуухан хөөж, тэртээ чанад нар гарч ирэн, нарны бүлээн дулаахан цацраг бүхэн нь таныг илбэн аргадах мэт. Та бүхнийг умартаж, нарны цацрагаар бүх биед тань сүлэгдэн орж ирэх тэр л бүлээхэн, энхрийхэн илчинд сэтгэл тань уяран бүлээсч, хэн нэгнийг хайрламаар, уучилмаар бас баярлуулмаар санагдах вий. Энэ бүхний дэргэд таны сэтгэлийн бухимдал зовлон шаналал юу ч биш. Гагцхүү та хүн гэдэг агуу хувь заягагаа мэдрэх болно.

Бидний анзаардаггүй дарамт
Монголчууд бид яагаад ингэтлээ уцаарлан бухимдаж, бие биедээ эелдэг харилцаж, баярлуулахаас татгалздаг юм бол?
-Монголчууд бид хүүхдүүдээ багаас нь их төлөв зэмлэж зандарч хүмүүжүүлдэг. Алив зүйлийг бага гэлтгүй тайлбарлаж ойлгуулахын оронд “болохгүй ” гэдэг ганцхан үгээр хориг тавина. Чанга дуугаар зандарч зэмлээд, өөрөөсөө айн эмээх хүүхдээ харахдаа өөрийн “сүр хүчээ”  мэдэрч , үр хүүхдүүдийнхээ дуулгавартай хүмүүжилтэйд ” сэтгэл ханана”. Харин өтөлж хөгширсөн хойноо өөрийг нь зандран зэмлэх үр хүүхдийнхээ араншинг ” байдаг л зүйл” мэтээр хандаж, өөрийг нь анхааран халамжилж байгаагийн нэг хэлбэр мэтээр хүлээн авна.
-Сургуульд орсон цагаасаа сургууль болон багш нарын олон хориг дарамттай учирна. Хүүхдийн сурч мэдэх оргилуун хүслийг нь ” дүн” гээр ялгаж, хязгаарлана. Алив зүйлийг өөрийнхөө төлөө сурч мэдэхээс илүүтэй, багшдаа шалгуулж дүн авдаг энэ гаж тогтолцоо идэр насны олон хүсэл тэмүүллииг унтрааж байгаа нь нууц биш.

Манай ангийн “онц сурлагатан”  сурагч бол бүхнээс онцгой мундаг хүүхэд, “дунд сурлагатан”  миний бие түүний хэмжээнд хэзээ ч хүрч чадахгүй, дундаж хувь заяатай гэсэн ангилсан ойлголт нь маш олон хүүхдийн өөртөө итгэх итгэл, урам зориг, авьяас чадварыг үгүй хийж байна.
-Өөрийн иргэн бүртээ сурч боловсрох, ажиллаж хөдөлмөрлөх, өөрийгөө хөгжүүлэх, сэтгэл тайван амьдрах тэгш боломжийг хангаж дэмжих учиртай төр засгийн шударга бус, арчаагүй байдал ард иргэдийг үнэхээр бухимдуулж байна. Ялангуяа хуулийн тэгш бус үйлчилгээ, нийгмийн баялгийн  тэгш бус хуваарилалт, жирийн иргэдийг ялгаварлан гадуурхаж байгаа нийгмийн халамжийн үйлчилгээ тэдэнд өөртөө итгэх итгэлгүй, гутрал, бусдыг хардах, үзэн ядах олон шалтгийг бий болгож байна.
Монголчууд бидний бие биедээ үл итгэх, үзэн ядах олон шалтгуудын нэг хэсэг нь энэ.
Бид өөрсдөөсөө эхлээд олон юмыг өөрчлөх хэрэгтэй болж байна. Дэлгэсэн тэрлэг шиг тэр л сайхан газар нутагт та ганцаараа биш бид бүгдээрээ хамтдаа амьдрах болохоор хүссэн ч эс хүссэн ч бид бие биеээсээ хамааралтай болдог. Ядахнаа л бид гэр бүлдээ үр хүүдүүддээ хандахаас эхлээд боловсролын тогтолцоог шинэчлэх, нийгэмд шударга ёсыг тогтоох хүртэл олон зүйл та бидэнд адилхан хамаатай.

Хүн бүр сайхан үг урмаар дутаж байдаг
-Чи сайхан харагдаж байна шүү
-Битгий доромжлоод байгаарай, муухайгаа мэдэж байна
-Чамд их баярласан шүү
– За за юун сүртэй юм бэ
– Би чамдаа хайртай шүү
-Чи чинь юу болоод нялуураад унав? Ямар нэгэн юм болоо юу?
Хүн бүр дотор сэтгэлдээ урмын сайхан үгийг ямагт хүсч явдаг. Хийж бүтээснийхээ төлөө, бусдыг баярлуулсны төлөө хэн нэгнээс сонсох талархал, урмын сайхан үгс нь хүний сэтгэл зүрхэнд баяр баясгалан авч ирж, шувуу мэт дүүлэн нисэх хүсэл тэмүүлллиг өгдөг. ААв ээждээ магтуулж, сайхан үг сонссон бяцхан хүүхдийн нүд нь очтон гялалзаж, өөрөө ч мэдэлгүй хөөрч онгирох нь үнэхээр өхөөрдмөөр хөөрхөн харагддаг.
Бусдад урмын сайхан үг хэлж, бусдыг баярлаж байхыг харахдаа өөрөө ч баярлаж баясдаг хүмүүс ямагт өөрөөсөө гэрэл гэгээ цацруулж өнгөлөг сайхан харагдана.
Монголчууд бид хэдий болтол даруу төлөв, сэтгэлийн хөдөлгөөн багатайгаа илэрхийлж, талархал урмын сайхан үгсээ өөрөөсөө болон өрөөл бусдаас харамлаж явах билээ. Гэсэн атлаа маргалдаж муудалцахдаа зүрх зүсэж, сэтгэл хиртэн, дотор давчдам муу үгсийг хэлэх хэрэг юун.
Хайртай хань, алаг үр, асралт аав ээж, анд нөхөд бүгд л урмын сайхан үгээр дутаж л яваа.
-Хайрт минь, би чамдаа маш их хайртай шүү
-Хүү минь чамаг сайн хүн болж байгаад би үнэхээр баяртай байгаа шүү
-Миний төлөө гаргасан сэтгэл, хийж чадсан бүхэнд тань аав ээж та 2-тоо үнэхээр баярлан биширч явдаг шүү
-Найз минь чиний халуун сэтгэлийн илчийг мэдэрч байгаадаа би үнэхээр баяртай байна
-Таны дэмжлэг надад их хэрэг боллоо. Танд их баярлалаа гэхчилэн чин сэтгэлээсээ хэлж байх талархал, урмын сайхан үгс бидэнд үнэхээр дутагдаж байнаа,
Тэрчлэн гадаадад байгаа Монголчуудад маань ийм үгс , сэтгэл бүр ч их дутагдаж байгаа. Эцэж цуцатлаа ажиллаж ар гэр алив бүхнээ санан бэтгэрч байгаа тэдэнд илгээсэн мөнгөний нь хариуд: ” Та биднийхээ төлөө ингэж зүтгэж байгаад чинь баярлаж байна. Та минь биеэ бодож байгаарай. Бид хамтдаа удахгүй сайхан амьдарцгаах болно. Үүний төлөө бид ч бас хичээнээ” гэж үнэн сэтгэлээсээ заавал хэлж байгаарай. Зусар хоосон биш, чин сэтгэлээсээ хэлж чадах урам талархлын сайхан үгс л хүний зүрх сэтгэлд хүрдэг. Юу ч болоогүй хэрнээ урсгаад байдаг зусар зулгуй үгс цаад хүнээ ч ядрааж өөрийгөө ч эвгүй байдалд оруулах нь бас бий.
Хэрэгтэй үед нь дутаж байгаа ганц сайхан үгийг нь олж хэлэх юутай сайхан.
Хүний сэтгэлийн далд утсыг онож хэлсэн ганц сайхан үг хөглөж, тэр хүнээс ундран гарах гайхамшигт аялгуу олон олон хүний зүрх сэтгэлд хүрч баясгадаг юм даа.

Нүүрний баяслыг дагаж аз жаргал ирдэг
-Өндөр хөгжилтэй орнуудад хүмүүсийг татдаг хамгийн сайхан зүйл нь, хүний төлөөх үйлчилгээ түүнийг дагасан үйлчлэгчийн сайхан инээмсэглэл. Банк дэлгүүр , ямар ч үйлчилгээний газар ороход, сайхан хувцасласан залуус таныг угтан тосч, ” тавтай морил, танд юугаар тус болох вэ?” гэж сэтгэл татам инээмсэглэхэд л та өөрийн үнэ цэнээ жинхэнэ мэдэрнэ. Тэд алив асуудлыг тань шийдэхдээ ямар ч хүнд суртал, ихэмсэг төрх үзүүлэхгүй. Та баян ядуу хөөрхөн муухай алин байхаас хамаарахгүй тэгш үйлчилнэ. Тэр газрын хананд нь ”  Хэрэглэгчдийн найдвартай түнш байгууллага”, ” Хэрэглэгчдийг хаанд өргөмжилсөн хамт олон” гэхчилэн бичигтэй шар цацагтай хөх дарцаг болон жаазтай өргөмжлөл байхгүй хэдий ч тэд танд яг л ” хаан” -д үйлчилж буй мэт хүндэлж үйлчилнэ.
Гадаадад явах гэж хүсээд байгаа Монголчуудын эдэлж үзэхийг хүсээд байгаа эрхийн нэг нь энэ. Харин одоо Монголд ажилд авах заранд бичигддэг “Залуу царайлаг, гоолиг сайхан биетэй” гэдэг үгээ ” Сайхан инээмсэглэдэг, эелдэг сайхан харьцаатай” гэсэн үгээр солих цаг болжээ. Үйлчилгээнд сайхан инээмсэглэл хамгаас чухал байдаг ажээ.

-Монголчууд бид харилцаж байгаа хүн рүүгээ хөмсгөө зангидан, нүдээ хурцалж харах нь “эрэлхэг дайчин” эсвэл “эрх мэдэл”-ийн илэрхийлэл мэтээр төсөөлдөг үзэгдлээсээ салах цаг болжээ. Өөрт хичнээн хэцүү байсан ч бусад руу эелдгээр инээмсэглэж байх нь бусдаас хариу инээмсэглэл авч тэр хэрээрээ эерэг сайхан энергийг өөртөө шингээдэг. Талархал урмын сайхан үг сонссон хүний нүүрэнд инээмсэглэл тодорч жаргалтай сайхан харагддаг.
Өглөө ажил, хичээлдээ ирэхдээ тэр өдрийг хамтдаа өнгөрөөх хүмүүстээ сайхан инээмсэглэн мэндчилж, урам талархлын сайхан үгс хэлэлцэх нь тэр өдрийн ажил бүтэмжтэй сайхан болохын эхлэл болно.
Өглөө ажилд явах, орой ажлаасаа ирэхдээ сайхан хань, хайртай хүүхдүүдээ байнга үнсэж , баяртай сайхан үгс хэлэлцэж байх нь ” нялуурч” байгаа хэрэг огтхон ч биш. Сэтгэлийн сайхан энергийг харилцан бие биедээ өгч байгаа хэрэг. Тэр л энергийн хүчээр та бүтэн өдөржингөө баяр хөөртэй, цоглог, эрч хүчтэй, хөгжилтэй байж чадах болно.
-Хүний амьдралд юу эс тохиолдох билээ. Үхэл хагацал, өвчин зовлон, сэтгэлийн шаналал, азтай учрал, баяр хөөр, аз жаргал ээлжлэн ирдэг энэ хорвоод хэн ч юуг ч урьдчилан таах аргагүй. “Хазгар”, “сохор”, “хэлгүй” “балай” гэхчилэн хүний ямар нэгэн золгүй гажигаар нь нэрлэн дуудах, шоолж тохуурхдаг базаахгүй зуршил Монголчууд бидэнд бий. Ийм золгүй тохиолдол бидний хэн нэгэнд учирч болох байсан төдийгүй тэдний өнөөдөр амьдарч яваад нь бид талархан урамшуулж баярлуулж байх учиртай. Золгүй тохиолдлоор өвдөж зовсон, тахир татуу болсон хэн нэгнийг сэтгэлээсээ хүндэтгэн, хэсэгхэн хоромд ч урмын сайхан үг инээмсэглэл бэлэглэж, баярлуулж чадвал тэр сайхан сэтгэлийн хариуд баярласан сэтгэлийн энерги нь танд очиж, тэр чигээрээ баяр баясал, гэрэл гэгээ өгч байдаг.
Өвдөж ядарсан хүнийг баярлуулж, тэдний баярлаж талархан инээмсэглэж байгааг харах нь хүнд их аз жаргал авчирдаг. Хүн өөрийгөө мөнх орших юм шиг санаж, хэзээ ч өвдөж зовохгүй юм шиг төсөөлж байдаг өчүүхэн бодлоо өөрөөсөө зайлуулж, энэ хорвоод хүн ирээд буцдаг гэдгийг жинхэнээр ойлгож чадсан хүн л хүнийг жинхэнээр хайрлаж бас баярлуулж чадддаг.
Тийм ээ! Бид хүн болж төрцгөөн нэг л орчлонд хамтдаа амьдарч байгаагийнхаа хувьд бие биеэ хүндэлж, урмын сайхан үг хэлж, баярлуулж байх нь тун чухал байна.

 Төгсгөл
Монголчууд бидний эвтэй байхын гол үндэс нь бие биедээ урмын сайхан үг хэлж, сайхан инээмсэглэж, баярлуулж, хүндэлж байх явдал шүү. Та бусдыг хүндэлж баярлуулж байвал хариуд нь бусдаас хүндлэл баяр хөөр авна.
Цаг ямагт алив зүйлийг өөдрөг сайхнаар төсөөлж, бусадтай ийм байдлаараа харьцаж чадвалта ч өөрөө өөдрөг сайхан , жаргалтай амьдарч чадна. Хүнд сайхан сэтгэлийн энерги бэлэглэвэл хариуд нь сайхан энерги авч харилцан бие биеэ гэрэлтүүлж байх болно.
Чулууг чулуу хагалж харин голын ус мөлийлгөдөг билээ.
Уншигч та ч гэсэн энэ бүхнийг эргэцүүлж нэг бодоод өнөөдрөөс олон зүйлийг өөрчлөх гээд үз. Таны гэр орноос улс гүрэн эхэлдэг. Таны гэр бүлээс энэ ертөнц эхэлдэг.
Гадаа нар мандаж, шувууд жиргэн, модод найгаж, орчлон дэлхий үнэхээр үзэсгэлэн төгс харагдаж байна. Инээмсэглэхгүй байхын аргагүй. Та өнөөдрөөс эхлэн бусдад урмын сайхан үг хэлж чин сэтгэлээсээ инээмсэглэж, бусдыг баярлуулж байхыг хичээгээрэй. Та үнэхээр аз жаргалтай сайхан харагдаж байна шүү.

НҮҮРНИЙ БАЯСЛЫГ ДАГАЖ АЗ ЖАРГАЛ ИРНЭЭ.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах.
2008-07-30

Jul 25

Олимп ба медалийн мөрөөдөл

By gala-admin | ТЭМДЭГЛЭЛ

Тун удахгүй манай өмнөд хөршийн нийслэлд хүн төрөлхтөний 4 жил тэсэн ядан хүлээдэг, спортын хамгийн том баяр болох Онаадам болно. Монголчууд маань олон олон олимпод амжилттай оролцож багагүй амжилт үзүүлсэн. Нилээд хэдэн ч медаль хүртэж, Монголын алтан соёмбот далбааг олимпийн тэнгэрт мандуулж, олон ч Монголчуудын “хамрын самсааг шархируулсан”. Монгол гэдэг гүрэн дэлхийд байдаг гэдгийг бусдад мэдрүүлсэн тэр агуу тамирчдаараа бид байнга бахархаж байх учиртай.
2008 оны Бээжингийн зуны олимпийн 29-р наадамд Монголын 29 тамирчин буудлага, жу-до,бокс, чөлөөт бөх, хөнгөн атлетик, хүндийг өргөлт, усанд сэлэлтийн төрлүүдээр оролцоно. Олимпийн наадмын босго өндөрсөж, хэр баргийн аавын хүү, охин оролцохын аргагүй болсон энэ цаг үед ийм эрхийг авсаных нь төлөө тэдэнд талархахгүй байхын аргагүй. Энэ бол үнэлэх ёстой хөдөлмөр зүтгэл.
Сүүлийн жилүүдэд Монголын тамирчид олимпод амжилт гаргасангүй, медаль авсангүй гэж зөндөө шүүмжилж, олон янзаар тайлбарлаж, таамаг дэвшүүлж байна. Тэр ч байтугай өнгөрсөн 2004 оны олимпод амжилт муутай оролцсон тамирчдаа муудсан ногоо, өндөгөөр шидэх уриалга, сүрдүүлэг ч гарч байсныг санаж байна.

Хэлэх амархан хийхэд хэцүү гэдэгчлэн хажуунаас нь хараад ялахад амархан харагдавч цаана нь ямархан хүнд хэцүү байсныг бид мэдэрч чадна гэж үү? Энэ жил ямар байхыг бид мэдэхгүй. Гэхдээ энэ талаар арай өөр талаас нь хараад үзвэл яасан юм бэ.
  Хөгжиж буй “их спорт”
 Дэлхийн талцсан системийн задрал, хүйтэн дайны төгсгөлөөс хойш улс гүрнүүдийн тэмцэл их спорт руу шилжсэн. Үүний үрээр их спорт хөгжлийн өндөр түвшинд гарч эхэллээ. Ялангуяа олимпийн медаль нь тухайн орны нэр хүндийг өргөж, бас сайн сурталчилгаа болдог. Тийм шалтгаанаар хөгжиж буй орнууд олмипийн хөтөлбөрт ордог спортын төрлүүд болон сайн тамирчиддаа онцгой анхаарч, тэдний хөгжилд их ч хөрөнгө зарцуулж байна. Өнгөрсөн зуунд бид Хятадын тамирчид чөлөөт бөхөөр дэлхийд мундаг болно гэж төсөөлж байсан гэж үү.
Олимпод бэлтгэж байгаа Хятадын тамирчны цорын ганц хүсэл нь “гэртээ нэг очоод ирэх юм сан’ гэсэн үг байлаа гэж нэгэн хэвлэл дээрээс уншсанаа санаж байна.
Олон ч орнууд тамирчдаа ингэж бэлтгэж, ингэж хөдөлмөрлүүлж, бүх боломж нөхцлийг нь хангаж, амжилт гаргасан хойно нь үлдсэн амьдралын баталгааг нь хангаж байна. Улс орныхоо нэр төрийг дэлхийд гаргасны нь төлөө одон медаль биш санаа зовохгүйгээр амьдрах боломжийг нь бүрдүүлж байна. Үнэхээр амжилт гаргах найдвартай тамирчны ар талд нь бүхэл бүтэн институт ажилладаг аж.
Авьяас чадвартай, мундаг тамирчид ямар өндөр ханштай байдаг талаар бид одоо л ойлгож мэддэг боллоо. Спорын төрөл бүр нь мэргэжлийн түвшинд хүрч, тамирчин бүр нь үүний төлөө тууштай хөгжиж, өөрийн үнэ цэнээ бий болгож байгааг бид харж сонсож үзэж байгаа.
Монголын боксын холбооны ерөнхийлөгч Ш. Сайхансамбуу нэгэн ярилцлагадаа том гүрнүүд олимпийн алтан медальд ихээхэн ач холбогдол өгч, багагүй лобби хийдэг тухай цухас дурдсан байсан. Их спорт хөгжихийн хирээр багагүй луйвар булхай гарч байгаа нь нууц биш. Иймэрхүү муу үр дүнг манай боксын тамирчид багагүй амссан.
Тийм ээ! Их спорт хөгжиж байна. Их хөгжлийнх нь тогоонд амжилт луйвар хамтдаа буцалж байдаг ажээ.

Эр зоригтой Монгол тамирчид
Наадмаар барилдах бөх, уралдах морьдоо хатуу дэг жаягт оруулж олон хорио цээр тогтоодог эртний ёс заншилтай Монголчууд бид дэлхийн наадамд оролцох тамирчиддаа арай л хайхрамжгүй хандаад байна уу даа? Энэ олимпод ихээхэн найдвар төрүүлж байгаа 2 ч тамирчны хувийн амьдрал болон асуудалд нь ихээхэн “анхаарал халамж”  тавьсан зарим хэвлэлүүд энэ өвөлжингөө  шуугиан дэгдээлээ. Ингэж болно гэж үү? Наадмын бөх морио олны хэл амнаас хол байлгадаг монгол заншил энд хамаагүй юм болов уу?
Тэр ч байтугай тамирчдаа сонжиж, шүүмжилж,  үзүүлж болзошгүй амжилтыг нь урьдчилан таамаглаж тэдний зүрхний цохилт даралтыг нь ихэсгэдэг базаахгүй зуршил өнөө хүртэл байсаар байна. Олимпод оролцох тамирчдаа анхаарах нь бүү хэл, өөрсдийнхөө учраа ч олж чадахгүй төр засагтай, Монгол тамирчид маань олимпод оролцох эрхээ “бор зүрхээрээ” зүтгээд олж авч байгаа нь бага хэрэг биш ээ.
Тэд 2 тэрбүм хүнээс сонгож бэлтгэгдсэн Хятадын, 300-аад сая хүнээс сонгож бэлтгэгдсэн Орос, Америкийн тамирчидтай өрсөлдөнө. Гэтэл тэд маань 20 ч биш 2 сая гаран хүнээс шилэгдэж байгаа хэрэг. Германд мэргэжлийн өндөр түвшинд, дээд зэрэглэлийн хангамжтай клубт бэлтгэл хийж байгаа Д. Мөнхбаяр шиг олон тамирчидтай Монголдоо даржин клубт бэлтгэл хийж байгаа О. Гүндэгмаа өрсөлдөнө. Энэчлэн бүх л тамирчдад бэрхшээл байгаа.
Гэхдээ тэд маань эр зоригтой бэрхшээлээс үл шантрах дайчин чанартай. Аугаа их өвөг дээдсийн минь цус тэдний судсаар гүйж байгаа болохоор тэд ялалт амжилтын төлөө чадах бүхнээ хийх болно.

    Медалийн мөрөөдөл
 Би ч гэсэн Монголын тамирчид маань энэ олимпоос медаль авч, алтан соёмбот далбаа минь Бээжингийн тэнгэрт мандаж, бусдыг бишрүүлээсэй гэж хүсч байна. Харин тэднийг социалист уралдаанд үүрэг авахуулдаг муу зуршлаараа хандаж, бас хүндэт даалгавар бүү өгөөсэй. Тэд дарамт, сэтгэл догдлолгүй тайван оролцог.
Монголдоо байгаа төдийгүй дэлхийн өнцөг булан бүрт байгаа Монголчууд  бүгдээрээ тэднийг сэтгэл зүрхээрээ дэмжээрэй. Та нар минь өөртөө итгэлтэй, өөдрөг байж, бүх чадал болмжоо дайчлаарай. Чадвал медаль авч эс чадвал амжилтаа ахиулаарай.
Монголын минь далбаа олимпийн тэнгэрт намирч, Монгол тамирчид минь тэнд өрсөлдөж ид хаваа гайхуулж байна гэдэг юутай сайхан. Харь газар байгаа бид ч харах дэмжих өөрийн тамирчидтай байна гэдэг бас л сайхан хэрэг.
Юмыг яаж мэдэхэв, олимпийн аваргатай болчих ч юм билүү. Монгол хүний сүлд хийморь өөдөө байг.
Тэр өдрийн тэнгэр та нарыг минь ивээг.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах.

Jul 21

Залуу нас жинхэнэ гоёл

By gala-admin | ЗАЛУУ НАС - ХАЙР

Залуу байх үед ‘Хүний амьдрал харвасан сум шиг өнгөрдөг’ гэсэн мөрүүдийг хаа нэгтэйгээс уншихдаа ‘ юун ч сүртэй зүйрлэл вэ? 60 магадгүй 70 жил гэдэг их хугацаа шүү дээ’ гэж бодогдож асан. Багагүй цаг хугацааны дараа эргэж харахдаа ” Би юу хийж амжив аа? юу хийж чадах байж вэ?” гэж бодогдох.
Нэрт нийтлэлч Баабар нэгэн нийтлэлдээ ” хүн хорьтойдоо дэлхийг өөрчлөх хүсэлтэй байдаг бол гучтайдаа үгүйдээ л улс орноо, дөчтэйдээ ядаж гэр орноо, тавьтайдаа ердөө л өөрийгөө өөрчилчих юмсан гэж хүсдэг. Гэхдээ нэг нь ч бүтдэггүй” гэсэн ишлэл авсан байсан.
Цаг хугацаа гэдэг яг л голын урсгал шиг бүхнийг хаман одно. Тэр урсгал дунд л хүн өөрийн үнэ цэнэ, зорилго бас хүсэл тэмүүллээ бий болгож амжих учиртай байх. Хүний амьдралын цаг хугацааны хамгийн сайхан үе нь залуу нас. Залуу нас хүн бүрийн харааг булааж бахадлыг төрүүлнэ. Намайг балчир жаахан үедээ хүссэн гоё хувцасаа дэлгүүрээс авахуулж чадаагүйнхээ төлөө хорсон уйлж суухад, хөгшин аав минь ” залуу нас гэдэг чинь өөрөө гоёл, та нар уранхай муу хувцас өмссөн ч гоё харагдана, харин өтөлж хөгширсөн хойноо хичнээн гоё хувцас өмссөн ч гоё харагдаж чаддаггүй юм” гэж зэмлэж хэлсэн нь өнөө ч санаанаас гардаггүй юм.

Одоо ч гэсэн эрдэм ухаантай, авьяас чадвартай, ажилч хөдөлмөрч залуусыг харах бүрд  тэдэнд баярлаж, бахдан талархаж,  тэднийг дэмжин урамшуулах хүсэл хүн бүрд л төрдөг. Тийм ээ! Залуу нас-жинхэнэ гоёл. Гэхдээ энэ бүхэн мөнх биш бөгөөд үүлэн чөлөөний нар шиг л өнгөрнө. Амьдрал болон цаг хугацааны урсгал бүхнийг элээдэг.

Залуу нас-омголон зөрүүд бас бие тоосон

Залуу насандаа хүн бүр өөрийгөө бүх зүилийг мэддэг чаддаг мэтээр төсөөлж омгорхдог.  Тэд бусдын сургааль үгсийг төвөгшөөн сонсож, алив зүйлд хайхрамжгүй хандах нь элбэг.
…Залуу хос хуримаа хийж байж гэнэ. Хуримын зочид залуу хосод бэлэг гардуулж ерөөлийн үгс хэлнэ. Бүх зочид  ёс юм шиг л ” Aз жаргалтай сайхан амьдраарай. өнөр өтгөн сайхан айл болоорой” гэхчилэн ерөөнө. нилээд сүүл рүү хөдөөний бололтой нэгэн өвгөн бэлгээ өгөөд үнсэхдээ ” Миний хоёр хүү хааяа бие биедээ бууж өгч байгаарай”  гэж хэлж. Аз жаргалдаа умбасан залуу хосууд хөгжилтэйгээр инээлдээд өнгөрч. Олон жилийн хойно өвгөний хэлсэн энэ л үг амьдралд нь үнэхээр хэрэг болсон гэдэг.
Амьдралын алдаа онооны дэнсэн дээр үглэж дуулах эцэг эхийн үгсээс төвөгшөөж, ” ээж гэж эргүү юм, аав гэж тэнэг юм ” гэсэн үгс хааяадаа сонсдоно.Ямар суут ухаантан, аугаа сурган хүмүүжүүлэгчид биш, амсаж өнгөрүүлсэн, үзэж харсан мэдэрсэн өөрийн ухаанаа үр хүүхэддээ илэрхийлж байгаа хэрэг.  Өөрийнхөө төлөө бус үр хүүхдийнхээ төлөө үглэж яншиж асан “эргүү ,тэнэг”-үүдээ байхгүй болсон хойно нь үгний нь сэтгэлийн нь үнэ цэнийг мэдэрнэ.  Өөрсдөө үр хүүхэдтэй болж, тэднийгээ төрүүлж өсгөн хооллож хувцаслан, хүмүүжүүлэх гэж хичээхдээ л ” Хөөрхий дөө муу аав ээж минь биднийг хын болгох гэж яаж шаналж зүдэрч байж вэ?” хэмээн харамсаж өрөвдөнө.
Хэн нэгэнтэй маргалдаж мэтгэлцэхдээ хүртэл өөрийгөө л өмөөрч, бусдыг
буруутгана. Болох болохгүйг эвээр биш хүчээр бас нударгаар шийдэх гэж зүтгэх залуу нас омголон зөрүүд бас тэнэг.

Залуу нас-гоо сайхан

 Залуу насандаа хүн бүр л царайлаг, гоолиг сайхан харагддаг. Энэ л үедээ тэд хайрлаж дурлаж,  бусдын атаархлыг төрүүлж, наргиж цэнгэж , амьдралын бал бурмыг амталдаг. Хайранд согтсон уруулын үнсэлт, дарсанд мансуурсан зүрхний агсам үгс, хөнгөн хөгжмийн аянд гоо сайхнаа гайхуулах хөдөлгөөн бүхнийг залуу насны билэг тэмдэг шигээр төсөөлнө. Тэд залуу насаа мөнхийн юм шиг энэ бүхэн хэзээ ч дуусахгүй юм шиг л зугаа цэнгэлд умбана. Энэ л хэмжээ хязгааргүй зугаа цэнгэлийн гайгаар зарим залуус энэ насаа үлдсэн бүх амьдралтайгаа хамтад нь ууна. Залуу царайлаг сайхан зарим бүсгүйчүүд үүрд ийм л байх юм шиг санаж өөрийгөө ” үнэ хүргэн ”  худалдаж, ” үс гэзэг нь цайгаад ирэхийн цагт үзэж харах хүнгүй болох нь”  ч бас бий.
Залуу нас гоо-сайхнаа өнө мөнхийн юм шиг санаж өөрийгөө хуурах аваас амьдралын амт шимт нь бал бурам бус гашуун чинжүү болон хувирдаг. Залуу нас гоо сайхан мөнхийн биш гэдгийг та нарын төлөө үглэж учирлаад байгаа аав ээж, ах эгч чинь биеэрээ нотолж байгаа юм. Тэд ч бас залуу ахуйдаа та нараас илүү нь үгүй гэхэд дутуугүй сайхан , царайлаг бас цог золбоотой явсан хүмүүс. Тиймд ч тэдний чамд хандан сануулж учирлах үг бүхэн нь амьдралын ухаан бас туршлага нь юм шүү дээ. Залуу нас -гоо сайхан мөнхийн бишээ.

Хүн дотроосоо гэрэлтдэг

Мэдээж хүн бүр сайхан амьдарч бусдад хүндлэгдэж явахыг хүсдэг. Харин үүний төлөө багагүй тэвчээр гаргаж, их хөдөлмөрлөх хэрэгтэй болдог.
Үе тэнгийн олон нөхөд чинь баардаж дискодож, наргиж цэнгэж байхад, хэсэг боловч үүнээс татгалзаж, сурч мэдэхийн төлөө цаг заваа зарцуулж, тэвчээр гарган өөрийгөө албадан хөдөлмөрлөснийхөө төлөө та хожим хэзээ ч харамсахгүй. Сайхан ирээдүйнхээ төлөө өөрийнхөө өмнө зорилго тавьж, түүндээ хүрэхийн тулд тэвчээртэй, уйгагүй хөдөлмөрлөх нь танд их эерэг сайн олон зүйлийг авч ирдэг. Хааяа наргиж хөгжилдөж бололгөй яахав. Гэхдээ хэмжээ хязгаартай. Цаг хугацаа гэдэг хэнд захирагдахгүй, хэнийг ч хүлээдэггүй гэдгийг л бүү март.
Залуу насанд хүний гадаад төрх төдийгүй оюун санаа бие бялдар нь ч адил гоо сайхнаараа байдаг болохоор үүнийгээ хөгжүүлэхийн тулд зориулж байгаа таны хөдөлмөр хэзээ ч талаар өнгөрөхгүй.
Хүн их уншиж судалж бас ухаарч байна гэдэг өөрийгөө “цэнэглэж” байгаа хэрэг. Энэ л насанд таны өөртөө олж авсан цэнэг хэзээ ч барагддаггүйгээр барахгүй түүнийг хэн ч хулгайлж бас шатааж чаддаггүй юм .  Тэгэхээр энэ нь таны баялаг төдийгүй энэ цэнэг таныг дотроос тань гэрэлтүүлж байдаг юм даа.
Танихгүй хэн нэгэнтэй ярилцаж суухад, ярианаасаа тэр хүн гэрэлтэж эсвэл унтарч байдгийг та анзаарсан уу? Нэгэн сайхан хүнтэй танилцаад ярилцаж суухад цаад хүний тэнэг яриа нь тэр хүний талаар төрсөн сайхан сэтгэгдлийг аажим аажмаар бүдэгрүүлж, яваандаа ямар ч сонирхолгүй болдог тохиолдол байдаг.
Залуу насандаа их уншиж , судалж, ухаарч , мэдэрч сурвал үүнийхээ ачаар байнга гэрэлтэж, бусдын бахархал талархлыг хүлээн хүндлэгдэж явах болно. Их мэдлэг туршлага, өөдрөг өөртөө итгэлтэй байдлаа даруу төлөв, бусдыг хүндэлж чаддаг чанараар сэлбэвэл та олон сайн найз нөхөдтэй бас амьдрал тань үргэлж сонирхолтой байх болно. Үүний хэрээр Амьдрал тань утга учиртай, гэрэл гэгээтэй байх боломж бүрдэнэ.

Харамсал

Бидний үейинхэн хааяа уулзаж ярилцаж суухад ” Залуу насандаа би мөн тэнэг байжээ. Тэр үед жаахан ухаантай байж чадсан бол өдийд миний амьдрал шал өөр байж болох байсан”  гэж ярихыг олонтаа сонсоно. Эргүүлж болдоггүй цаг хугацааны тохуурхал энэ. Хүн болгон л ингэж боддог. ‘Тэр үед би үүнийг олж харсан бол, би үүнийг ухаарсан бол, үүнийг ойлгож чадсан бол, хэрэв би жаахан тэвчиж чадсан бол” гэхчилэн олон олон харамсал хүмүүсийн сэтгэлийг хөнддөг. Тиймдээ ч тэд үр хүүхэддээ, дүүдээ , ач зээдээ тэсэлгүй үглэж ундууцлыг нь төрүүлдэг. Энэ бол дарамт биш. Тэдний сэтгэл зүрхний харамслаас үүдэлтэй сэрэмжлүүлэг. Залуус та нар үүнийг төвөгшөөх бус  сэтгэл зүрхэндээ сонсож мэдрэхийг хичээдэг бол бас ойлгохыг хичээдэг бол амьдралд хожим арай л бага алдаж бага харамсахсан даа.
Оросын нэрт зохиолч Н.Островскийн ” Хүнд хамгийн эрхэм зүйл амьдрал. Тэрээр ганцхан удаа олдох бөгөөд түүнийгээ үр ашиггүй өнгөрүүлсний төлөө хожим харамсахгүйгээр амьдрах хэрэгтэй” гэсэн энэ үгэнд би дуртай.
Хожим харамсахгүй амьдрахын тулд өнөөдөр их тэвчиж их уншиж, их хөдөлмөрлөх хэрэгтэй болж байна даа залуус минь.

Сонголт

Залуу насны гоо-үзэсгэлэн, авьяас билэг, хүч чадал бүхэн тэнгэрийн хишиг. Энэ бүхэн жаргаж байгаа нар шиг, цахилж яваа гөрөөс шиг, нумнаас тавьсан сум мэт нэг л мэдэхэд өнгөрнө. Дэлбээлж байгаа цэцэг шиг мандаж байгаа нар шиг, Тэнгэрт татсан солонго шиг үлгэрийн мэт энэ сайхан насандаа өөрийгөө нээж, өөрийн үнэ цэнээ бий болгож ав. Үүний төлөө маргаашийн сайхан амьдралынхаа төлөө, олон зүйлээс татгалзаж гагцхүү өөрийнхөө төлөө хичээнгүйлэн хөдөлмөрлө.
Энэ л зүтгэл хөдөлмөрийн ачаар бий болгосон таны үнэ цэнэ баялаг тань таны энэ насны сайхан амьдралд хүрэлцэхээр барахгүй үр хүүхдэд тань өвлөгдөн үлдэх
болно.  Энэ цаг дор бүхнийг огоорон зөвхөн зугаа цэнгэлийг эрхэм болговоос  үлдэх амьдрал тань үнэ цэнэгүй дутуу гуцуу байх болно. Амьдралын гашуун үнэн энэ.
Энэ бол залуу таны сонголт.
Амьдрал тань үргэлж өөдрөг байж, та үргэлж дотроосоо гэрэлтэж байг.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах.
2008-07-21

Jul 12

Айрагтай, хуушууртай Вашингтон ДС-ийн сонгодог наадам

By gala-admin | ТЭМДЭГЛЭЛ

dcnaadam2009

Бага насны минь хамгийн содон наадам, сумын наадам байсан. Тэр л бяцхан хүүхдүүдэд наадам гэхээр, зүлгэн дээр дэрвэлзэн хийсэх асар майхан, янцгаалдан тургилах гоёмсог зассан дэлтэй морьд, хаа нэгтээ паржигнан шуугйн тасалдах цагаан хоолой, урт үс гоёлоо гайхуулан, сугадалцан алхах царайлаг эгч нарын аалигүй инээд, өмсгөлөө бүсэндээ шуун, хэрдээ таахалзан алхах бөхчүүд, халуу дүүгсэн гэрийн хормойгоор ханх тавих хуушуурын үнэр, хамгийн гайхалтай үлгэрийн ертөнц байдаг сан. Тэр хоёр өдөр дэнж хотолзон, магнай тэнийн, инээд баяр хөөр хөх тэнгэрт цалгилж асан диваажин байдаг асан. Балчир насанд минь амталсан хуушуур, айрагны амт, тэр л жилдээ аманд амтагдан, сэтгэлд хадагдан, дараа жилийн наадмыг тэсэн ядан хүлээдэг сэн. Аяа, сумын наадам, нар хур тэгширсэн тэр л хоёр өдөр, миний амьдралын гэгээн дурсамж. Холын хол харь оронд, энэ л өдөр тэртээх сумын наадмыг санагдуулам нэгэн өдөр. ( Зургууд орсон. Дэлгэрэнгүй дээр дарж үзнэ үү.)

Монгол хүн бүр энэ л өдөр, өөрийн эрхгүй сэтгэл хөвсөлзөж, гэртээ ч тогтож сууж яахин чадна. АНУ-ын нийслэл Вашингтон ДС-ийн нэгээхэн талбайд, салхинаа монгол төрийн далбаа намирч, энд тэндгүй асар сүүдрэвч дэрвэлзэж, бас айраг ууж , хуушууранд дугаарлаж, 32 бөхийн барилдаан, нас насны “хурдан морьд” хэмээн нэрийдсэн бяцхан хүүхдүүд уралдаж, харин харвааны оронд, АНУ-д алдартай сагсан бөмбөгийн мэргэн оночоор наадан наргив бид…Яг л сумын наадам мэт. Хөгжлийн эрэмбэ дагасан алхаанд олон юм өөрчлөгджээ.
nominjin-turiin-suld-duu

Ёслол төгөлдөр нээлтээ хийсэн энэ наадмын хойморт, залуу дуучин Номинжин монгол төрийн дууллыг зүрхэн тушаа гараа тавин байж дуулав. Энэ л мөчид харь хол оронд алжааж ядран ажиллаж амьдрах олон монголчууд, сэтгэл зүрхэндээ эх нутгаа санагалзан байж даган түрэв. Алсын салхинд дэрвэлзэн хийсэх, алтан соёмбот далбаагаа харан харан, нүдэндээ нулимстай түрлэг өргөв тэд…
behbat-said

Харин сумын ёсорхуу даргын оронд, Монгол Улсаас АНУ-д төлөөлөн суугаа элчин сайд Б.Бэхбат энгийн хэрнээ, даруухан үг хэлж наадмыг нээв. Харин дараа нь Элчин сайд , энгийн иргэдийнхээ майхан сүүдрэвч бүрээр очиж, иргэддээ мэнд дэвшүүлэн, ерөөл айлтгах нь, тэртээ нэгэн цагт голын асар майхнаас алхам ч холдолгүй, хоолой засан, намжирдах даргаас тэс өөр санагдав.

Энэ наадмын ёслолыг, нэгэн цагт Монголын яруу найргийн ертөнцөд хаалгыг нь тогшилгүй, зүгээр л дэлгээд орж ирж асан, нэрт яруу найрагч Б.Ичинхорлоо хөтөлж, чөлөөт бөхийн ертөнцөд , “цахиур хагалан” шуугиулж асан Сэргэлэн баатар бөхийн оноолт хийж, хэдэн бөхчүүдээ сөхөртөл захирч байхыг харахуйяа, бас ч бахархах сэтгэл төрнө. Монгол найр наадам, дуу хуургүйгээр тэнгэрт хэрхэн цалгилах билээ. Монголын урлагийн ертөнцөд од болон гийж байсан дуучин Саран, Амараа нарын “Учиртай гурван толгой” дуурийн хэсэг, Монгол сургуулийн бүжигчин сурагчдын үндэсний бүжиг, уран нугаралт, дуучин Жавхлангийн ориг дүр, дуучин Ганаагийн дуунууд Америкийн тэнгэрт монголын салхийг сэвэлзүүлэв.
uzuu-turuu

Ямар ч найраагүй 32 бөхийн барилдаанд, залуус хүчийг үзэж, уран мэхийг уралдуулан барилдаж, Арлингтоны арслан цолтой, таримал бус төрмөл бөх Д. Сүлдбаяр, хамаг монголчуудын тааврыг будлилуулж, шинээр цоорон гарч ирсэн Зулхүү нар үзүүр түрүү булаалдан, арай туршлага заан Д. Сүлдбаяр түрүүллээ. Харин Зулхүүг дэмжиж асан нөхөд нь хар цагаан хэл ам хүрч магадгүй, энэ жилийн үзүүр болноо хэмээн урамшуулснаар наадам өндөрлөж авай.
Харин нас насны “морьдын уралдаанд” уяа сойлго нь таарсан олон хүүхдүүд уралдаж, айргийн таваар мялаалга хүртэх нь даанч өхөөрдөлтэй. Зарим “морьд” гараанаасаа аав ээж рүүгээ “хадуурч” бяцхан будилаан болсныг эс тооцвол, элдэв будлиан гарсангүй сайхан наадлаа.
Оноч мэргэн харвааны оронд , эдүгээ АНУ-ын сагсан бөмөбгийн ертөнцөд “цахиур хагалахаар” зэхэж буй, монгол залуусын сагсан бөмбөгийн тэмцээн, гайхамшигийг үзүүлэв. Хэдхэн хоногийн өмнө АНУ-ын монголчуудын сагсан бөмбөгийн, Чикагод болсон тэмцээнд аваргалсан “Пирамид” багийн тамирчид, “Орлоо” багийнхантай “аварга”ын төлөөх өрсөлдөөнд хожиж ,залуу насны ид хаваа гайхуулав даа. Холын зайнаас шидсэн бөмбөг нь онч мэргэн байсан тэд, сурын харваанаас дутахгүй уухайн дор энэ тэмцээнийг өндөрлөлөө.
Харин энэ жилийн наадамд, нэгэн залуугийн найруулж эсгэсэн “айраг” их эрэлт хэрэгцээтэй байсан төдийгүй, амсаж үзсэн миний бие хүртэл ориг айраг хэмээн оношилж амжсан. Өмнөх жилүүдийг бодоход гадаад, хүмүүс олноор үзэгдэж байсан нь, нэг л содон. Ямартай ч Арлингтон дүүргийнхэн монгол наадмыг ихэд эрхэмлэн сонирхох болсны нэгэн илрэл гэлтэй.

Айргаа ууж. хуушуураа идэж, үзүүр түрүүний бөхөө үзэж, хурдан хүүхдүүдийнхээ тоосыг харж, онч мэргэн сагсны тэмцээнээ үзэж баяссан монголчууд, ойр орчмын талбайгаа цэвэрлэн, хог хаягдлаа цэгцэлснээр энэ жилийн наадам өндөрлөв өө.

tamirchid
Гадаадад байгаа монголчуудынхаа энэ л баярыг тэмдэглэх гэж, хэрдээ сэтгэл оюунаа чилээн, хөдөлмөр зүтгэлээ зориулах ВашингтонДС орчмын монголчуудын холбооныхондоо их баярлалаа.

guilt
Хүүхдээ хөтөлж, сэтгэл дүүрэн баяртай одох монголчууд “дараа жилийн наадам даанч хол байна даа” хэмээн өгүүлэлдэнэ. Нээрээ ч жилээс жилд өргөжин тэлж, бас сонгодог хэлбэртээ орж буй “сумын наадам” шиг, Вашингтоны наадам маань ийнхүү өндөрлөвөө. Дараа жилийн наадам даанч хол байна даа. Ажил амьдралын олон нугачаанд алжааж түүртэж явсаар нэгэн өдөр наадамтайгаа золгоно доо.
Ай даа! Монгол сайхан наадам минуу зээ.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

2008-07-12

Зургийг авсан Лхажийдаа баярлалаа.

Jul 08

Бухимдал ба чулуу

By gala-admin | НИЙГЭМ - УЛС ТӨР

  Эхлэл
  Одоогоос яг 18 жилийн өмнө Монгол оронд тайван замаар ардчилсан хувьсгал ялж, ард иргэдийн нүд нээгдэж, эрх чөлөө гэдгийг жинхэнэ ёсоор мэдэрч, ирээдүйгээ сайн сайхнаар төсөөлж асан тэр цагт хорвоод мэндэлж асан хувь заяат хүү, хэдхэн хоногийн өмнө болж өнгөрсөн үймээний үеэр МАХН-ын байр руу чулуу шидсэн хэргээр баривчлагдан хоригджээ. Дэнжийн 1000 хэмээн нэрт газар байрлах Албадан Саатуулах байрны гадаа 18 настай хүүгээ эрж хайн тэвдсэн эх “Би өөрийн хүүгээ амьд мэнд, эрүүл саруул олж авна гэсэн баталгаа хаана байна. Арай ч дээ? ” гэж уйлан бухимдана. Ардчилалын ач тусаар хүчирхийлэл, луйвар залилан, шударга бус үйлдэл гэдгийг төсөөлөх ч үгүй байх учиртай 18 настай хүү хүчирхийллийн дуулган дор, төрийн төмөр нүүрний өмнө, хорих газар хоёр гараа ар шилэндээ авч, газар тонгойн сууна.
Энэ эх үүнийг хүсээ гэж үү? Та бид ч үүнийг хүссэн гэж үү? Үүний төлөө Ардчилсан хувьсгал Монгол оронд ялсан юм гэж үү? Монгол оронд Ардчилсан хувьсгал ялж ахуй тэр цагт төрж, эхийнхээ хайр халамж, энхрийлэл дор үнэгчлэн инээж асан тэр хүү өнөөдрийн жагсаал цуглаанд чулуу барин оролцох хүртэл бүтэн 18 жил өнгөрчээ. Энэ бага хугацаа гэж үү? Саяын үймээний үеэр харамсалтайгаар амь үрэгдсэн залуучууд 24-26 настай байсан гэнэ. 18 жилийн өмнө 6-8 настай байсан балчирхан хүүхдүүд өнөөдөр байхгүй болсон гээд бодохоор бидний хүсэн хүлээж байсан ардчилал хаана байна. Ардчилал маань юу болон хувирч байнаа?

Эрдэнэт хүмүүний амь, эд хөрөнгө сүйдсэн энэ үймээнийг “онц байдал”-ын зарлигаар дарж, МАХН-ын байр руу чулуу шидсэн, далимдуулан хулгай дээрэм хийсэн хүмүүсийг хайн мөшгиж байна.
Хувьсгалт намын түүхийн алтан үеийг харуулсан “Өглөө” кинон дээр их жанжин Д.Сүхбаатар сэлэм Тогмидыг буудсан хүнийг олсон уу? гэж асуугаад, “олсон” гэх хариуг сонсонгуутаа бүр ихээр уурлаж ” Биш ээ! Цаад эзнийг нь ол” гэж тушааж байгаа хэсэг байдгийг санаж байгаа байх.
Тийм ээ! яг энэчлэн чулуу шидсэн хүмүүсийг бус цаад эздийг нь олох цаг болжээ.
Нэг дэх чулуу буюу “Сонгуулийн будлиан”
 Монгол оронд ардчилсан хэмээх нэртэй 4 сонгууль энэ 18 жилийн дотор болж өнгөрчээ. 1992, 2000 онд МАХН, 1996 онд  Ардчилсан холбоо эвсэл олонхи болж, 2004 онд энэ 2 нам адил тэнцүү суудал авч хариуцлагаа хуваасан. Сонгууль бүрийн дараа ёс юм шиг л сонгууль будлиантай болсон гэх маргаан дэгдэх авч, энэ хугацаанд хэн ч нотлогдож, хариуцлага хүлээж  үзсэнгүй. Эцэс сүүлдээ “чоно үүрэндээ өлзийтэй” гэдэгчлэн 2 нам хоорондоо тохиролцон шударга ёсыг уландаа гишгэлэн, ард олны сонголтыг тохуурхан, арилжих болсон. Ердөө л ил цагаан. 2004 оны сонгуулиар Баянзүрх дүүрэгт Лу. Гантөмөрийн оронд Ж. Гүррагчааг гаргаж, Өвөрхангайн тойрогт З. Энхболдыг гаргаж өрслдөгч Сугарыг нь Төрийн өмчийн хороон даргаар томилж байв. Үүнийг ард түмний сонголт гэх үү?
2005 оны ерөнхийлөгчийн сонгуулийн дараа болсон нөхөн сонгуульд МАХН-ын дарга байсан М. Энхболдыг гаргахын тулд Ц. Элбэгдорж нэрээ татан өрсөлдөгчгүй шахам УИХ -д сонгуулсан нь бас ард түмний сонголт байсан уу?
Мөнгө, хуйвалдаанаар сонгууль явуулж амташсан эрхмүүд сая 2008 оны сонгуульд бүгд л хууль зөрчиж, будлиан тарьсан нь нууц биш. Сонгуулийн өмнө сонгууль будлиантай болно гэж таамаглаад ч, сонгуулийн үеэр будлиантай болж байна гэж заргалдаад ч, сонгуулийн дараа будлиантай болсноо зөвшөөрөн зөвшилцөөд сууж байгаагаа юу гэж тайлбарлах вэ? Шударга сонгууль шударга өрсөлдөөн хаачаа вэ?
Арай илүү мөнгө хаяж, илүү луйвар хийсэн нь дийлэнхи гарсан байх. Адаг сүүлд нь хулгайч нь хулгайчийг бариарай гэж хашгирдаг үлгэртэй төстэй юм болж байна даа.
Саяхан Даяар Монгол цахим хуудсан дээр хэн нэгэн энэ сонгуулийг хэрхэн луйвардаж явуулсан тухай баримт дэлгэснийг уншлаа. Хэрэв энэ үнэн бол ард түмний сонголтыг будлиантуулах арга нь сонгуулиас сонгуульд бараг ш/у-ны хэмжээнд хүртлээ хөгжсөн юм биш үү? Сонгуульд ялж ялагдаж сурахдаа биш сонгуулиа жинхэнэ шударгаар явуулж, ард олны сонголтыг хүндэтгэж сурах нь юу юунаас чухал болжээ.
Ард түмний сонголт гэж худлаа хошгируулаад хэрэггүй. Сонгуулийг жинхэнэ ёсоор шударга явуулж чадаагүй нөхцөлд энэ чулуу шидэгдсээр байх болно.
Бидэнд өөрийн хүссэн сонголтоо хийх боломжийг нь элдэв заль луйваргүйгээр олгоод өгчих. Өөр юу ч хэрэггүй.
Хоёр дахь чулуу буюу “Ам ажлын зөрөө”
 2000 оны сонгуулиас эхлээд амлалтын хөтөлбөр бий болсон. Энэ үеэс л нийгмийн өмнө тулгарч байгаа элдэв асуудал бэрхшээлийг шийдэх, шударга ёсыг тогтооно гэхээсээ илүүтэй “Хэрэв ч намайг сонговол би чамд мөнгө өгнө” гэсэн тоглоомын дүрэм бий болж мөрдөгдөж эхэллээ. Энэ тоглоомын дүрмээр 2004 оны 10.000 төгрөг 2008 онд 1.500.000 төгрөг болтлоо ханш нь өслөө. Улс төрийг дуудлага худалдаа болгодог сонгодог жишээ үүнээс өөр хаана байх бол. Хэний мөнгийг хэнд өгөх гээд байгаа нь бас л сонин. Улс төрийн намууд иргэддээ зүгээр л мөнгө тарааж байдаг  буяны байгууллага болж харагдах гээд өрсөлдөөд байх ямар хэрэг байгаа юм бол. Иргэн бүртээ зүгээр тараах гээд байгаа 1.5 сая төгрөгийг дагаад бүх юмны үнэ солиортлоо өсч, ширхэг талхаа 2500 төгрөгөөр худалдан авч, хүүхдийнхээ сургалтын төлбөрт 2-3 сая төгрөг төлөхгүй гэх баталгаа хаана байна? Бензиний үнэ хэдэн зуун төгрөгөөр нэмэгдэх төдийд бүх юмны үнэ хэд дахин өсдөг өнөөгийн нөхцөлд иргэдийн орлого нь 1.5 сая төгрөгөөр нэмэгдэхэд бусад юмны үнэ нэмэгдэхгүй гэх баталгааг хэн ч гаргаж өгөхгүй бас хэн ч сонирхохгүй байгаа нь үнэхээр гайхалтай.
Хүн болгонд өгөх гээд байгаа 1.5 сая төгрөгөөр шийдэж болох олон асуудлууд шилээ даран хүлээж байна. Наад зах нь бүх сургуулиа орчин үеийн жишигт хүргэж,  Америкийнх шиг сурагчид зөөдөг тусгай автобустай болгож, хамгийн сүүлийн үеийн тоноглолтой эмчилгээ оношлогооны төв байгуулж, гэр хорооллын тохижилт ариун цэврийн асуудлуудыг шийдэхэд зарцуулья гэхэд дургүйцэх хүн хэр олон гарах бол.
Өнөөгийн УИХ-д олонхи болох улайрсан өрсөлдөөний үндэс нь Монгол орон дахь ашигт малтмалын ордын ашиглалтын ашгийг хуваарлах эрх мэдлийн төлөөх тэмцэл байж болзошгүй гэсэн нэгэн иргэний хардлагатай миний бие санал нийлж байна.
Тийм ч болоод ийм эрээ цээргүй амлалтаар ард түмний тархийг угааж байж болох юм. Уг нь ард түмний сайн сайхны төлөө хийх шаардлагатай олон олон ажлууд байсаар байна.
Гурав дахь чулуу буюу “хуваарилалт нь шог байна”
Социализмын материал техникийн баазыг барьж байгуулах явцдаа МАХН иргэдийг баян чинээлэг амьдрахыг эрс эсэргүүцэн хатуу хяналт тавьж байлаа, “Иргэн баян бол улс баян ” гэсэн үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө МАХН-ыг үүсгэн байгуулагч С. Данзан буудуулсан юм даа. Энэ тохиргоогоор 1990 он хүртэл Монгол оронд үе залгамжилсан, удам дамжсан баян хүн байгаагүй. 1990 оноос хойш өмч хувьчлал, э/з-ийн бусад олон нааштай арга хэмжээний үр дүнд бага сага баяжиж эхэлсэн. Гэтэл нэг хэсэг нь 18 жилийн дотор асар ихээр баяжиж, хэдэн тэрбүмын хөрөнгөтэй болж, гадаадын казинод хэдэн тэрбүмаар тоглож, бас тансаглаж эхэллээ. Ийм богино хугацааны дотор ингэж баяжсан үзүүлэлтээрээ зарим эрхмүүд  Гиннесийн номонд  ч орохоор болж буй. Дээр хэлсэнчлэн өв залгамжилж, удам дамжсан хөрөнгө чинээ байхгүй байсан болохоор эдгээр эрхмүүд социалист Монгол орны хөрөнгийг өвлөж авсан байж таарч байна.
2,6-хан сая хүн ам, ийм том орны баялгийг ингэж хуваасныг харахдаа л “хуваарилалт нь шог байна”  хэмээн ундууцаж байгаа хэрэг шүү дээ. Нэг хэсгийнхээ туйлын ядуу зүдүү байдлыг харахдаа тэд санаа зовдоггүй л юм байх даа. Үгүй ядахнаа Монгол орондоо дуртай ажлаа хийж хүссэн цалингаа авч тайван амьдрах боломжгүйдээ нилээд хэсэг нь гадаадад гарч хар ажил хийн амьдарч буй.
Энэ 18 жилд ард иргэдээ ажилд сургаж, ажил хөдөлмөрийн амтыг мэдрүүлж, оюуны чадвар, авьяас билгийг нь үнэлж, Монгол хүний үнэлэмжийг бий болгох боломж байж л байсан шүү дээ. Эхнээс нь хүн рүүгээ хандсан бодлого боловсруулж, тэдэндээ боломж олгоогүй мөртлөө Монголчууд бол туйлын залхуу хүмүүс гэж сурталчлаад сууж байгаа нь юуных вэ?
Гадаадад ажиллаж үзсэн хүн бүр л 2.6-хан сая хүнээ ингэж амьдруулж байх ч гэж дээ гэж төр баригчдад  “хорсож” биш “гомдож” халагладаг. 2.6 сая хүн жилдээ хэдэн тн мах, гурил, будаа, хүнсний ногоо, бусад бүтээгдэхүүн хэрэглэж, хэдэн тн шатахуун зарцуулдгийг тооцож гаргаад, үүнийг яаж шийдэж болохыг ард түмэнтэйгээ хамтдаа эрж олох ухаантан өнөө хэр төрөөгүй л байна.
Хувалз биш дээ хагартлаа баяжиж яах гэсэн юм бол тэд.
Дөрөв дэх чулуу буюу  ” шударга бай л даа”
Монголд өнөөдөр иргэдийг хамгийн ихээр бухимдуулж байгаа зүйл нь хуулийн ялгавартай үйлчилгээ. Уг нь тэнгэрийн дор төрж, хуулийн дор амьдар гэсэн лүндэнтэй их хаадын удам угсаа энэ цаг дор хуулийг уландаа гишгэж бас өөрсдийн эрх ашигтаа нийцүүлэн өөрчилж байгаад хүмүүс хамгаас ихээр бухимдаж буй. Улсын болон ард түмний хэдэн тэрбүм төгрөгийг үрэн таран хийсэн эрхэм, амьдрахын эрхээр хэдэн төгрөг хулгайлсан этгээд 2-ыг адилтгаж болно гэж үү?
Хууль зөрчиж, улсын хөрөнгө мөнгийг завшсан хэмээн буруутгагдаж байсан олон ч эрхмийн асуудал чимээ шуугиангүй замхарч зарим нэг нь өнөөдөр УИХ-ын гишүүнээр сонгогдоод явж байхад олон нийт баярлаж талархан хүлээж авч байна гэж бодоод байгаа юм биш байгаа. Өөрсдийн хариуцлагагүйгээс  хичнээн олон эрдэнэт хүний амь насыг сүйтгэчихээд хэн нь хариуцлага хүлээхгүйгээр барахгүй өнөө л эрх мэдэл албан тушаалын хойноос явж байгааг эх орныхоо төлөөх эрхэм сэтгэл гэж тайлбарлаж арай болохгүй байх. Гэсэн атлаа алдаа онооны дэнсэн дээр яваа жирийн иргэддээ төрийн төмөр нүүрийг хар харамгүй үзүүлж байх.
Чи хэн байхаас хамаарахгүй хуулийн өмнө бүгд тэгш байхыг л энэ олон иргэд хүсч буй. Чи мөнгөтэй бас царайлаг хөөрхөн байхаас хамаарахгүй буруу зүйл хийсэн, хууль зөрчсөн л бол зохих шийтгэлээ авдаг түүнээс нь ард иргэд болох болохгүйн ухаарал авдаг байх учиртай. Хэрэв чи хууль бус аргаар луйвраар баяжсан бол хэзээ хойно ч энэ бүхэн нотлогдох аваас энэ бүхнийг шууд хурааж авч чи буруу үйлээ өөрөө үүрч байх тэр л шударга хуулийг хүмүүс хүсч байна.
Та нар ядаж хүн чанарынхаа хувьд ч тэр ” шударга бай л даа”.
Өнөөдөр Монголын иргэн бүрийн туйлын хүслэн нь  мөнгө биш зөвхөн шударга ёс юм шүү. Энэ бол мөнгөнөөс үнэтэй зүйл. Ардчилалын хамгийн үнэт зүйл. Хүн бүр өөрийн боломж хүсэл бас чадлаараа тайван амьдрахыг хүсч байна. Бас өөрийн эх орондоо элэг бүтэн амьдрахыг хүсч байна.
 

Тав дахь чулуу буюу “сайн удирдагчийн эрэлд”
Саяын маргаантай гэгдээд байгаа сонгуулийн дүнг миний хувьд МАХН гэхээсээ илүү С.Баяртай холбож ойлгож байна. Нийгэм даяараа энэ олон жилийн хошгируулалтаас үнэхээр залхаж байгаа. Тэд жаахан ч атугай шударга өөрчлөлт хийгдээсэй гэж хүсч, хийж магадгүй гэж горьдсон хүнийхээ төлөө саналаа өгсөн байх. С. Баяр болон МАХН-ын хувьд энэ бол эцсийн боломж. Орших эс оршихуйн төлөөх сонголт. Би ч энэ хүнийг мэдэхгүй. Гэхдээ юу юунаас илүү шударга байдлыг тогтоогоод өгөөсэй гэж туйлаас хүсч байна. Бусад лидер гэгдээд байгаа хүмүүсийн хувьд энэ олон жил нүдээ чилтэл харуулдаад хүссэн үр дүнгээ олж харсангүй. Зарим нь бараг 16 жил парламентэд суулаа. Олон нийтийн хүсэн хүлээж байсан шударга ёсны төлөө хэн ч тэмцсэнгүй. Зарим нь хэдэнтээ төр барьж үзлээ. Сайн сайхан юу ч авчирсангүй. Эцсийн эцэст Монгол орон тодорхой хэсэг бүлэглэлүүдийн ашиг сонирхлын золиос болох аюулын ирмэг дээр ирж байна. Тэд цөмөөрөө хоцрогджээ. Гэсэн атлаа шинэ чадалтай залуучуудад боломж олгон тэднийг гаргаж ирэхгүй бас хүсэхгүй байна. Монгол орны хөгжилд өндөр боловсрол ухамсартай  зөв сэтгэлтэй залуучууд үгүйлэгдэж байна.
Монголын парламент үнэхээр цус ойртож, тэнхэл нь барагдаж эхэлжээ. Ард түмэн шинэ хүчтэй удирдагчдыг хүсч байна.
Төгсгөл
Энэ бичлэгээрээ би хэн нэгнийг харааж зүхэж буруутгах гэсэнгүй. Монголчууд бид хангалттай талцаж бие биеэ харааж зүхлээ. Хүмүүс асар ихээр бухимдаж түүнийгээ янз бүрээр илэрхийлж байна. Өөрийн өчүүхэн бодлоор үндсийг нь гаргах гэж хичээлээ. Энэ үймээнд хэн нэгэн эсвэл аль нэгэн нам эвсэл хэрхэн зохион байгуулсан нь хараахан нотлогдоогүй байна. Энэ асуудлууд хууль журмаараа шийдэгдэнэ байх.
Олон олон жил хуримтлагдаж асан ард иргэдийн бухимдал юу юунаас илүү нөлөөлсөн гэдэгт би итгэж байна. Харин Ардчилсан хувьсгал ялж байсан тэр сайхан цаг мөчүүдэд төрж байсан тэр сайхан залуучуудыг бүү буруутгаж бүү шийтгээсэй гэж би хүсч байна. Ардчилалын жинхэнэ үнэ цэнийг амсч чадаагүй тэдний өмнө бид буруутай. 18 жил аялдан дагалдаж тэвчин хүлээж, хуурамчаар инээмсэглэн зусардаж байсан бид өөрсдөө буруутай. Ам амандаа шивнэж, нууцxан шүүмжилж, түүнийгээ ил гарган хэлж бас тэмцэж чаддаггүй байсан бид буруутай. Хэсэг бүлэг хүмүүсийн буруу муу үйлийг үнэн зөв болтол нь зусардаж тэдэнд ийм боломж олгосон бид буруутай.
Энэ талаар өөрийн бодлоо гаргаж бичсэн хичнээн хүнийг харааж зүхэж доромжилж байгааг бид уншиж байна. Үнэнийг хэлэхэд бидний хүсч байсан ардчиллаас өнөөг хүртэл хэрэгжиж байгаа цорын ганц үнэ цэнэтэй зүйл нь Монгол улсын иргэн хүн өөрийн бодол санаагаа илэрхийлж хэвлэн нийтлүүлэх эрх юм шүү. Үүнийг хуулиар ч хэл амаар ч бас чулуугаар ч хориглож болдоггүй юм.
Олон олон эрүүл саруулаар сэтгэж байгаа Монголчууд “ЭВТЭЙ БАЙХДАА ХҮЧТЭЙ” гэж сануулж байна. Энхбаярын, Баярын, Элбэгдоржийн тал гэж байхгүй. Монгол орны эрх ашиг, хувь заяа бас ирээдүй гэж бий. Эвтэй байна гэдэг нь шударга бус явдлыг тэвчээд эсвэл зохицоод байна гэсэн үг хараахан бишээ. Бид цөөхүүлээ  Дэлхийн талыг эзэлж явахдаа их эзэн Чингис хаан Монгол цэргийн амь үрэгдэхэд туйлаас уурсан хилэгнэдэг байсан гэдэг. Мөнх тэнгэрийн хөх толботой Монгол хүний амь бүү хэл дусал цус нь ч үнэтэй.
Дээрээс их холоос шидэгдэж байгаа чулууг болиулах цаг болжээ.
Монгол төрийн сүлд өршөөг!

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

Jun 14

“Эх оронсог” хүмүүс

By gala-admin | НИЙГЭМ - УЛС ТӨР

Гэсэн атлаа харах нүдэнд нь харагдсаар ширгэж бохирдож  байгаа хатан Туул болон олон гол ус, огтлоод зүсээд, шатаж бас хөгшрөөд дуусч буй ой модод, өдрөөс өдөрт хуурайшин цөлжиж, хүн амьдрах аргагүй болж байгаа хөрс, ургамал, ховордож устаж үгүй болж байгаа тарвага, хэрэмнээс өгсүүлээд олон амьтдын тухайд тэд үл дуугарна.
Эх орон гэдэг уул ус, ургамал амьтан, хөрс шороо, түүний ил далд орших олон баялгаас бүрддэг. Хөвхөн алт, зэс гэж тэмцээд байгаа “эх орончдын” нэг гарт нь улаан туг дэрвэлзэж, нөгөө гараараа “мөнгө” хайн тэмтчинэ. Цогт эх оронч дүрний ард, түмэн олны дэмжлэгийн ачаар бусдыг дарамтлан их мөнгө салган баяжих гэсэн шунал мэдрэгддэг. Тэд үгүй ядахнаа тохилог сууц, унах машин, хүүхдийн сургалтын төлбөр мөрөөднө. Тэдний нүдэнд ширгэж буй гол ус, дуусч буй ой мод, ховордож буй амьтан ургамал өртөхгүй байхыг бодоход эх оронч сэтгэлд бас ялгаа зааг байдал бололтой. Алив хүнд ашигтай байдаг болохоор нь “ашигт малтмал” гэж нэрлэгдсэн уул уурхайн салбарт тэмцэл хийх нь илүү ашигтай байдаг юм болов уу?
-Тэд Монгол орныг хөгжихгүй байна хэмээн шүүмжлэн, “хэрэв надад боломж олговол, бүхнийг өөрчилж чадна” гэж бусдын тэнэг сэтгэлгүйг гайхан, өөрийгөө “үндэсний баатар”, ард түмний заяагаар төрсөн “үлгэрийн баатар” мэтээр сурталчилна.

Энэ 6-р сарын 29 нд Монголд сонгууль болно. Бараг бүх ажил зогсож, хүмүүс гагцхүү сонгуулиар амьсгална. Цагийн механизм шиг явагдаж байх учиртай төрийн болон албаны бүх ажил “гацаж, бүгд л ажлаа хойш тавин “сонгуулийн дараа” гэж амандаа шивнэн юуг ч юм сэтгэл догдлон хүлээнэ. Юу хүлээгээд байгаагаа өөрөө ч мэдэхгүй хирнээ сонгуулийн сурталчилгаанд сэтгэл нь хөвсөлзөж, хөөрч догдолно.Сонгуулийн маргаашнаас бүх юм өөрчлөгдөж, бүх зүйл сайн сайхан болох юм шиг санагдан хөөрцөглөх. Нэр дэвшигч хэн гуайн хэлж ярьж байгаа бүхэн худлаа гэдгийг хичнээн сонгууль үзэж өнгөрүүлсний хувьд мэдэхийн дээдээр мэдэж байгаа хирнээ итгэж, дэмжиж байгаа дүр үзүүлнэ. Харин харц нь чихэр горьдсон жаахан хүүхэд шиг гарыг ньдагуулан харж, нүд рүү нь инээмсэглэнэ. Сурталчилгааны дараа өгсөн жаахан зүйлийг нь өвөртлөн гэрийн зүг алхлах аж.
Талцаж хийрхсэн, театрчилсан жүжиг шиг болтлоо хөгжсөн ийм сонгууль монголоос миньөөр хаана болдог юм бол. Нэр дэвшигч хэн нэгэн эгээ л улсын наадмын 5-ын даваанд найраагаар начин хийчихээд наадамчин олон руу хишгийн боорцог цацлан таахалзтал алхах бөх шиг ид хаваа гайхуулах аж.
Монгол орны хөгжлийн түлхүүрийг гартаа атгасан, цогт хувьсгалч, эх оронч тэднийг түмэн олон хайрлаж биширсэн, итгэж найдсан харцаар ширтэцгээнэ. Өөр юуны ч төлөө биш гагцхүү “эх орны” төлөө цохилох, тэдний эх оронч гал халуун, час улаан зүрхний цохилт хурсан олонд тодоос тод сонсогдов.

      “Эх оронч” хүн
  Энэ үгийг сонсохоор яагаад ч юм бэ, харь дайсны гарт алтан амиа алдсан цогт хувьсгалч бүсгүй, ид шидтэн гэмээр 5 жилд 10 жилийн ажил хийдэг, зураг нь хүндэт самбраас салдаггүй тэргүүний ажилчин залуу, хурлын индрээс цогт дайчин үгс цуурайтуулж, эх орондоо хайртайгаа илэрхийлэн хэнхдэг цээжээ балбах хэн нэгний дүр санаанд буугаад байдаг юм. Хэдэн зуун хүнийг аюулт өвчнөөс салгасан ачит эмчид бус, нэгдлийн хэдэн зуун хонийг шуурганаас аварсан малчинд хөшөө босгон алдаршуулдаг “үзэл суртал” гэгч иргэн хүнийг эх орноос ньсалгаж, “эх оронч” сэтгэлийг өөрөөсөө бус өрөөл бусдаас олж харан, тэдэнд талархан бахархаж байдаг сэтгэцэд сургажээ. “Эх оронч” хүн гэж хэн бэ?
-Тэд Монгол орны баялаг нийт ард түмнийх байх ёстой гэж тунхаглан, гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн компаниудтай тэмцэнэ. Хуулийн дагуу гэрээ хийж хөрөнгөө оруулан, уурхай байгуулан, эрсдэлээ давж, олборлолтоо явуулаад эхэлмэгц алт зэсийг нь булаалцалдаад эхэлнэ. Эх орныг минь сүйрүүлж, ард биднийг шулан мөлжиж байна гэж цээжээ дэлдэн, матрын нулимс унаган ард иргэдийг тэмцэлд уриулан дуудна. Чухамдаа буруу нь тэдэнд бус хуулийн цоорхойд байгааг олж харахыг ч хүсэхгүй.
Гэсэн атлаа харах нүдэнд нь харагдсаар ширгэж бохирдож  байгаа хатан Туул болон олон гол ус, огтлоод зүсээд, шатаж бас хөгшрөөд дуусч буй ой модод, өдрөөс өдөрт хуурайшин цөлжиж, хүн амьдрах аргагүй болж байгаа хөрс, ургамал, ховордож устаж үгүй болж байгаа тарвага, хэрэмнээс өгсүүлээд олон амьтдын тухайд тэд үл дуугарна.
Эх орон гэдэг уул ус, ургамал амьтан, хөрс шороо, түүний ил далд орших олон баялгаас бүрддэг. Хөвхөн алт, зэс гэж тэмцээд байгаа “эх орончдын” нэг гарт нь улаан туг дэрвэлзэж, нөгөө гараараа “мөнгө” хайн тэмтчинэ. Цогт эх оронч дүрний ард, түмэн олны дэмжлэгийн ачаар бусдыг дарамтлан их мөнгө салган баяжих гэсэн шунал мэдрэгддэг. Тэд үгүй ядахнаа тохилог сууц, унах машин, хүүхдийн сургалтын төлбөр мөрөөднө. Тэдний нүдэнд ширгэж буй гол ус, дуусч буй ой мод, ховордож буй амьтан ургамал өртөхгүй байхыг бодоход эх оронч сэтгэлд бас ялгаа зааг байдал бололтой. Алив хүнд ашигтай байдаг болохоор нь “ашигт малтмал” гэж нэрлэгдсэн уул уурхайн салбарт тэмцэл хийх нь илүү ашигтай байдаг юм болов уу?
-Тэд Монгол орныг хөгжихгүй байна хэмээн шүүмжлэн, “хэрэв надад боломж олговол, бүхнийг өөрчилж чадна” гэж бусдын тэнэг сэтгэлгүйг гайхан, өөрийгөө “үндэсний баатар”, ард түмний заяагаар төрсөн “үлгэрийн баатар” мэтээр сурталчилна.

Тэд их хурлын гишүүн, засгийн газрын болмогцоо шал өөр дүрд хувирч бүхнийг ор тас мартан, олдсон боломжийг ашиглан баяжихийн төлөө ичгүүр сонжуургүйгээр авирлацгаах аж. Тэд зүтгэж байж салбар хариуцсан сайд болмогцоо, ард түмний эрүүл мэнд, үр хүүхдийн боловсрол, эрчим хүч дэд бүтэц, уул уурхай, хууль зүйг сайжруулах үүргээ умартан, ах дүү, амраг садан, анд нөхдийн хамт ашиглаж болох боломж, завшиж болох хөрөнгө, мөнгөний төлөө бусдыг дарамтлан эрээ цээргүй авирлана. Юм үзээгүй аятай эрх мэдэл, мөнгө,хүүль журмын цоорхойг ашиглахын төлөө, “эх оронч” өмсгөлөө тайлж хаячихаад, хагас нүцгэн, уранхай цоорхой, бохир муухай бүхнээ харуулан ичгүүр сонжуургүй дайрна.
Эцэс сүүлд нь шүүх, авлгалтай тэмцэх газарт харилцан заргалдаж, өрөөл бусадтай барьцан өөрийгөө өмгөөлөх. Хуурай хуулийн цоорхойгоор ял зэмгүй өнгөрчихөөд яг л үнэг шиг өөр газарт олз хайн, сайхан сүүлээ шарвалзуулан шогшино.
-Тэд нам эвсэл, хөдөлгөөн байгуулж, хөтөлбөр хэмээх, уран цэцэн үгтэй үлгэрээр ард иргэдийн тархийг угаана. Алаагүй баавгайн арьсыг хуваах гэж өөр хоорондоо цэцэрхэн маргах. Эгээ л бор авдраасаа гаргаад өгчих аятай мөнгө тараах гэж уралдана. Өөрсдөө гартаа хүрз барьж , атга шороо хөндөж үзээгүй атлаа, бусдын хөдөлмөрлөж, зовж шаналж, зүдэрч олсон мөнгөн дээр “эх орны хишиг”, “байгалийн хишиг” гэсэн гоё нэртэй дардас  даран бусдад зүгээр түгээхийг уриална.
Та нар минь юу ч бүү хий, зүгээр л амаа ангайгаад сууж бай, бид бүгдийг ам руу чинь хииж өгнө гэж ухуулна. Монгол орны бүх иргэдийг арчаагүй залхуу, сэтгэх чадваргүй болгочихоод, “дураараа дургиж дун чөмгөөрөө жиргэж” болно гэж бодоод байгаа юм биш байгаадаа энэ “эх орончид”.
Хогжил бол хөдөлгөөн. Зогсоо зайгүй, зав чөлөөгүй хөдөлмөрлөж, хөдөлж байж л хувь хүн төдийгүй улс орон хөгждөг бичигдээгүй хуультай.
Өөрсдөө хөдөлмөрлөхгүй зальт аргаар баяжичихаад, өрөөл бусдыг хөдөлмөрлүүлэхгүй хоосруулчихаад адаг сүүлд нь “арчаагүй чиний хохь” гэж хэлэх гээ юм болов уу манай “эх орончид”.

“Эх оронсог” хүн
-Өсөж төрсөн нутгаа бусдаар хөндүүлэхгүй гэж, онгон байгалаа гоёмсог хэвээр байлгах гэж шанална. Энд чинь өвөг дээдсийн минь шарил, “их цаазтайгаа” байгаа, амар амгалан байх учиртай гэж тэмцэнэ. Мөнгө яах вэ? цаас, энэ сайхан нутаг минь үгүй болчихвол үр хойчдоо бид юу үлдээх вэ? гэж уцаарлана.
Өсөх насандаа шумбаж цэнгэж, наадаж асан гол ус, дэгдэж догонцон харайж асан дов сондуул, цэцэгс жимсийг нь хараад л дуу алдах ой хөвч, хөлийн дороос жигнэн эрвэгнүүлэх элс, хааяа хатгаж өвтгөх өргөс чулуу, өглөө бүр нойрноос сэрээж баяр баясгалан авчрах шувуудын жиргээ, энгэр бэлээр хөөцөлдөн тоглох тарвага зурамгүйгээр Монгол орон Монгол хүнийг төсөөлж болно гэж үү.
Өндөр өндөр орон сууцны барилгууд, цардмал зам, цэцгийн мандал, чамин тансаг машинуудын сүлжилдэх чимээ, өнгө өнгөөр анивчих гэрлэн цацрагуудыг зүлгэн дээр барьж, хаяаг нь шууж хаалгыг нь дэлгэсэн монгол гэрийн тэртээд багшрах мал сүрэг, адуу янцгаах чимээ, айрагны эсгэлэн үнэр, борооны дараа тэнгэрт нумран харагдах солонготой зүйрлүүлж болно гэж үү.
Тиймд ч уул ус онгон байгаль, мал сүрэг, ургамал амьтдынхаа төлөө, хэн нэгнээс шан харамж горьдолгүйгээр зүрх сэтгэлээсээ тэмцэж байгаа тэд “эх оронсог” хүн. Ил гаргаж сурталчлаад байхгүй атлаа нутаг гэж юу байдгийг, хүн байгалийн хүйн холбоо, амьтан ургамлын зохист шүтэлцээг тэд дэндүү сайн мэддэг.  Мөнгөө аваад зайлцгаа, нутгийг миньхэвээр байлга, өөр юу ч бидэнд хэрэггүй гэж “эх оронсог” хүмүүс уцаарладаг юм даа. Монгол Монголоороо байх л сайхан.
-Харь орны хилийн шалган дээр алтан соёмбо бүхий Монгол паспортаа нүүр бардам үзүүлнэ.Хэрэв ямар нэгэн юм болж гэмээ нь өмөөрч хамгаалах эх оронтой хүн шүү гэж монгол гадаад паспорт хилийн ажилтанд сануулдаг.
Амьдралаа, мэдлэг боловсролоо дээшлүүлэх гэж харьоронд ажиллаж байгаа олон олон монголчууд эх орон гэж юу болох, тэр нь ямар их өмөг түшиг, ямар их үнэ цэнэтэй болохыг дэндүү сайн ойлгож мэдэрдэг. Хэцүү ажлаас ядарч ирээд унтаж амрах нойрондоо аав ээж, ахан дүүс, хань ижил үр хүүхэдтэйгээ эх орноо л хамтад нь зүүдэлнэ.

Хааяа нэг уулзаж ярилцахдаа эх орноо л ярина, харь газар асгарах усан бороог эх орондоо л оруулж мөрөөднө. Хатуу гандуу, бас утаатай, юмны үнэ өсч хүмүүс ядарч бухимдаж байгааг өөр хоорондоо ярилцаж шаналлаа хуваалцана. Хоёр гаран сая хүнээ ингэж зутрааж байх ч гэж эрх баригчдад гомдоно. Харь орны хөгжил цэцэглэлтийг харж мэдрэх бүрдээ “хэзээ нэгэн цагт Монгол орон минь ийм болноо гэж сэтгэлээ аргадна. Хамтдаа наадам цагаан сараа тэмдэглэхдээ “халуун элгэн нутаг” аа төрийн дуулалтайгаа хамтдаа дуулж, санаж бэтгэрсэн сэтгэлээ нулимстайгаа хамт залгилна. Төрийн соёмбот далбаагаа өрөөнийхөө хойморт дээдлэн залж, “түвшин амгалан байгаасай” гэж зүрх сэтгэдээ залбирдаг тэд “эх оронсог” хүмүүс. Тэд хэнхдэг цээжээ дэлдэн, дайчин цогт үг хэлэхгүй ч цохилох зүрхэндээ эх орноо л хайрлаж, хөгжил ирээдүйнх ньтөлөө тархи толгойдоо шалдаг юм даа.
-Шударгаар хөдөлмөрлөж, мэдлэг оюунаараа өөрийгөө төдийгүй өрөөл бусдыг ч сайн сайнаар авч яваа олон монголчууд бий. Тэд өөртөө итгэлтэй, бусдад түшигтэй, зөөлөнд зөв. бурууд хатуу хандаж чаддаг. Тэд хэзээ ч  цээжээ дэлдэж, эх оронч дүр эсгэж чаддаггүй. Хэн нэгэнд зусардаж, хэн нэгнээс авахыг хүсдэггүй. Тэдэнд хоосон магтаал. хорон шүүмжлэл ч хэрэггүй. Тэд хэнээс ч хараат бус бие даасан өөрийн зорилготой хүмүүс. Хэрэгтэй цагт хэн нэгэнд тусалж, шаардлагатай үед буяны гараа сунгаж чаддаг тэд “эх оронсог’ хүмүүс. Шударга хөдөлмөрийн үнэ цэнэ,  үнэлэмж, зовлон жаргалыг тэд дэндүү сайн мэднэ.

Төгсгөл
 Дэлхийн 2 том гүрний хооронд дэлгэсэн тэрлэг шиг харагдах энэ л газар нутаг, Монгол орныг авч үлдэх гэж аугаа их өвөг дээдсүүд минь цээжээ дэлдэж уриа хашгиралгүйгээр цусаа юүлж, ухаанаа шавхаж, алд бие ахуй амьдралаа ч золиослон байж зүтгэсэн. Монголыг Монголоор ньбайлгах гэж, байгаль дэлхий хууль цааз, ёс заншил нинжин сэтгэл., амар тайван амьдралыг хэвээр байлгах гэж тэмцэж зүтгэж байсан тэд жинхэнэ “эх оронсог” хүмүүсээ.
Эх оронч хүмүүсээ сонгох гэж Монгол орон даяараа бүхнийг умартан хийрхэж байна. Юуг ч юм сэтгэл догдлон хүлээнэ. Юуг хүлээгээд байгаагаа сайн ойлгохгүй хирнээ нэр дэвсгигчдийн цог жавхлант дүр төрх, малигар царайг бахдалтайяа ширтэж өгсөн жаахан хишгийг нь өвөртлөн гэр рүүгээ гэлдэрнэ.
Сонгуулийн маргааш нар манддагаараа мандаж, амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилнэ. Юу ч өөрчлөгдөхгүй. Сонгууль гэж хөөрч догдолсон амьсгалаа дарж, гурил будаа, шатахууны үнийн өсөлтийг мэдэрч аанай л бухимдаж эхэлнэ. Харин бухимдлыг нь наадам бага зэрэг тайтгаруулна.
Эх орончид бас зальтай хүмүүс. Тэд сонгуулийг хэзээ явуулахаа тун сайн тооцоолох юм. Сонгогч сонгогдогчид бүгд соёолон морьд шиг дүүхэлзэнэ. Морьд хурдан байх болтугай.
Харин наадмын маргааш намар жинхэнээрээ болно.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2008-06-14