Menu
Assign a 'primary' menu

Category Archives for "НИЙТЛЭЛ"

May 17

Маргаанд ялагч байдаг уу?

By gala-admin | ЗАЛУУ НАС - ХАЙР

Хүмүүс юyнд хамгийн ихээр бухимдаж, бас ядардаг гээч. Маргаан болон хэрүүлд…
-Би чамайг мэднээ. Чи хэн л байлаа.
-За чи битгий тэнэгтээд бай
-Чи ер нь юу юм бэ?
-Чи өөрийгөө хэн гэж бодоод байгаа юм бэ?
Уурлаж бухимдсандаа чанга дуугаар орилж хашгичих ийм үгсийг бид олонтаа сонсдог. Түүнчлэн маргалдагч нөгөө хүнээ давж гарахын төлөө, хорыг нь малтаж, оюун санааг нь хиртээж, итгэл найдварыг нь гутаахын тулд хэлэгддэг, элдэв муухай зүйрлэл бүхий бохир үгсийн цуглуулгын тухай бүр ч ярилтгүй. Хүмүүс санаа нийлэхгүй байгаа асуудлуудаараа маргалддаг. Маргаанд тухайн хүн өөрийн бодол санаагаа хамгаалж тайлбарлахыг оролддог. Харин өөрийн бодол санаагаа бусдад тулгах, үүнийг хүлээн зөвшөөрөхийг шаардах нь хэрүүл маргаанд хүргэдэг. Чанга дуугаар орилж хашгирч, зарим тохойлдолд уйлж унжин, ихэвчлэн харааж зүхэх нь хэрүүл маргааны оргил хэсэг. Айж цочирдсондоо нулимс гүйлгэнэсэн нүдээр, хэн хэнд нь ч тал алдахгүй царайчлан ширтэх, хайртай бяцхан үрийнхээ өрөвдөм төрхийг ч анзаарч харах сөхөөгүй, гацхүү ялалт байгуулан эрх мэдлээ хамгаалахын төлөө үгэн бөмбөгөөр байлдах эцэг эхийн хэрүүл маргаанд ялагч хэзээ ч байдаггүй.
Зодоон нүдээндээ хүрээгүй ч, айж цочсондоо уйлан чарлах бяцхан үрээ тэвэрч, улангассан бухын улаанаар эргэлдэх хилэнт харцаар бие биеэ харж. оволзон давчдах амьсгаа юугаа дарж ядах  “хайртай’ хосуудын зүрхэнд “чи муу гайгүй байлгүй” гэх омогшил бүхий үгс цээж юуг нь хөвсөлзүүлнэ.

Хэзээ нэгэн цагт хайр энхрийлллээр дүүрч агсан ялдамхан харц, бие биедээ тасралтгүй шивнэх хайрын уянгат үгс, өөрийн мэдэлгүй атгалцаж асан халуун бүлээхэн алганы илч ийм хэрцгий дүр төрхөөр солигдоно чинээ хэн санах билээ.
 

Хэрүүл маргаан бол урьдчилан төлөвлөсөн үйлдэл

Ажил болон амьдралын элдэв ээдрээтэй асуудлуудаас болж амраг хос, ахан дүүс. анд нүхдийн хооронд багагүй хэрүүл маргаан гардаг. Уг хэрүүл маргааныг үүсгэгч нь нөгөө этгээдийнхээ ямар нэгэн үйлдэл болон асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй буюу буруугаар ойлгосон, эсвэл бусдын ам дамжсан хов живийн нөлөөгөөр хэрүүл маргааныг үүсгэх явцыг урьдчилан төлөвлөдөг. Уулзаж тайвнаар ярилцахын оронд, уур бухимдлаа дарж ядан, нөгөө хүнээ хэрхэн үгээр давж гарахаа тооцоолдог. Би түүнийг “гахай” гэж хэлнэ. Тэр хариуд нь “хуц” гэж хэлнэ. Тэгэхээр нь би “уль’ гэж хэлнэ гэхчилэнгээр бүх үйл явцыг  хэрхэн өрнүүлж улмаар ялалтад хүргэх арга тактикаа болвсруулсан байдаг. Харамсалтай нь Монголчууд бид омог бардам цөс хөөрүү ч юм уу бүх зүйл тэр хүний урьдчилан тооцоолсноор болох нь олонтой.
Тэр ч байтугай бусадтай хэрүүл хийж хорон муу үгээр нөгөө хүнээ хэлэх үггүй болгон, өөрийн сүр хүчээ гайхуулан алдрын титэм өмссөн, “мэргэжлийн” гэмээр болсон хүмүүс ч бидний амьдралд цөөнгүй тааралддаг. Чухамдаа цэцэн цэлмэг, суу билэгтэйдээ ч биш, бүдүүлэг хорон үгс, эрээ цээргүй бүдүүлэг байдлаас нь залхаж хүмүүс маргалдаж чаддагүй болохоор тийм хүмүүс мундаг мэт ойлгогдож байсан үе бий. Ер ньхэрүүл маргааныг өдөөж буй хүн л бүх зүйлийг урьдчилан тооцоолсон байдгаас байдал тэр хүний талд илүү ашигтай байх тохиолдол дийлэнх байдаг.
Үүний эсрэг хамгийн сайн арга нь, тэвчээр хүлээцтэй “дуугүй” өнгөрүүлэх эсвэл маш эелдгээр хэрүүл маргаанаас татгалзах явдал юм.
Хүн дуугүй байсандаа цөөхөн харамсдаг

Би энэ үгийг олонтаа сонсож байсан юм. Хэрүүл маргааны явцад өөрийн бухимдал уур уцаараа барьж чадалгүй, нөгөө хүний амнаас гарч буй хорон муу үгсийг давж гарах гэж хэлсэн хорон муу үгсийнхээ төлөө хүмүүс хожим ихэд харамсдаг. Би “яах гэж тийм муухай үг хэлчихвээ, дуугүй байж болох л байсан шүү дээ’ гэх харамсал хожим амаа барихад хүргэдэг тохиолдол зөндөө л гардаг. Үнэндээ уурлаж бухимдсандаа биеэ барьж чадалгүй хэлж буй хорон муу үгс хүний сэтгэлийг хиртээн сэвтүүлж байдаг. Ээрч мууран, гацаж түгдчин бие биеэ давж гарахын тулд хайр харамгүй цацах хорон муу үгс аадрын бараан үүлнээс буух аянга лугаа адил хүний сэтгэлд “гамшгийг” үлдээнэ. Дараа нь тайвширч, учраа ололцон бие биеэ уучлавч, уур бухимдалдаа бие биедээ хэлсэн хорон муу үг нь мартагдаж өгөхгүй “цээж хөндүүрлүүлэн” сэтгэлд гуниг төрүүлнэ. Ийм муу үгс хожим гунигт үр дагавар авч ирэх нь олонтой.
Харин хэрүүл маргаан өдөөгчийн уур хилэн бухимдлаа илэрхийлэн цацах хорон үгст хариу хэлэлгүй тэвчээр гарган, сэтгэл доторх бухимдлаа дарж дуугүй суугаад байх нь асуудлыг эерэгээр шийдэхэд тун ч сайнаар нөлөөлдөг юм даа. Мэдээжээр нөгөө хүн нь дуугарахгүй суугаад байхад, өөрийн нь төлөвлөсөн явц “нурж унаад” байхад, өөрөө өөртэйгээ хэрэлдээд байлтай биш, бухимдал хорсолдоо шатсан сэтгэл нь уур мэт замхарч, хий л амьсгаадахаас өөр яах ч билээ. Энэ бүхэн ард хоцорч, хэзээ хойно тайвшран өнгөрсөн бүхний тухай эргэцүүлэн бодохдоо, тэрхэн үед сэтгэл дэх хорсол бухимдлаа илэрхийлэн хэлж болох байсан муу муухай хорон үгсийг хэлээгүйнхээ төлөө өөртөө баярлах болно. “Ямар азаар би тэр үед тэр үгийг хэлэлгүй өнгөрөв өө” гэж өөртөө талархана. Тийм ээ. Амандаа шивнэж асан тэр муухай үгсийг гаргаж хэлээгүйнхээ төлөө, тэвчиж хэрүүлийг дуугүй өнгөрөөсөндөө хүмүүс хожим харамсдаггүй. Тэвчээр хүнийг авардаг гэдгийг хэзээ ч санаж байхад илүүдэхгүй.
Хэрүүл маргаанд ялагч байдаггүй

Санaл зөрөлдөөнтэй болон эсрэг тэсрэг үзэл бодолтой асуудлуудаас болж маргалдахдаа хүмүүс өөр өөрийн бодол санааны “зөв” гэдэгтээ итгэлтэй байдаг. Тиймдээ ч өөрийн бодол санааны зөв гэдгээ бусдад тайлбарлаж ойлгуулахыг хичээдэг. Чанга дуугаар орилж хашгирч , бас цухалдаж бүдүүлэг үг хэллэг хэрэглэж байвч энэ нь өөрийн бодол санаагаа хамгаалж, зөвтгөхийг оролдож байгаа нэг хэлбэр. Харин хэрүүл маргаан, бүдүүлэг байдлаар илэрхийлж байгаа энэ хэлбэр нь, ойлголцохоос илүүтэй хүний дотоод сэтгэлийг хиртээн гундааж. бас урам зориггүй болгоно.  Хэрэлдэж маргалдаж өөрийн бодол санааны зөв гэдгээ илэрхийлж байгаа энэхүү үйлдлээс хүмүүс хэзээ чсайн сайхан, өөдрөг сэтгэл, баяр баясгаланг мэдэрдэггүй. Тэр ч бүү хэл хэзээ хойно бүх зүйл өнгөрч, эвлэрч хэвийн байдалд орсон хойноо ч өөрийн бодол санаагаа “зөв” байсан гэдэгт эргэлздэггүй. Тийм ч учраас хэрыыл маргаанд ялагч байдаггүй юм даа.
Санал зөрөлдөөнтэй алив асуудлаар уурлаж бухимдалгүй, тайван ярилцаж суугаад, харьцуулах маягаар асуудлыыг олон талаас ньцэгнэж, өөрсдийн хувьд ‘зөв” байж болоххувилбрыг олж харах ньшал өөр асуудал. Хэрүүл маргаан ньөөрийн бодол санааг бусдад тулгаж, хүчээр зөвшөөрүүлэх гэсэн оролдлогоос үүдэлтэй. Тэр ч бүү хэл нөгөө хүнийхээ санаа бодол тайлбрыг ойшоож сонсохгүйгээр “чи бүү худлаа хэл, ингэсэн байж л таарна’ гэхчилэн нөгөө хүний өмнөөс бодол санааг нь тайлбарлах ч тохиолдол гардаг. Аливаа асуудалд хүлээн зөвшөөрөгдсөн “туйлын үнэн’ гэж байдаггүйтэй адил, “өөрийн бодол өөртөө зөв” байдаг зүй тогтол байдаг.
Энэ үүднээс авч үзвэл хэрыыл маргаанд ялагч байдаггүй.
Төгсгөл

Хэрүүл маргаан нь хүмүүсийн харилцаанд сайн сайхнаас илүүтэй бухимдал, оюун санааны “хир’, сэтгэл зүйн дарамтыг авч ирдэг. “Уул морйиг зовооно, уур биейиг зовооно” гэдэг билээ. Өөрийн бие болон оюун санааг зовоохгүй байх хамгийн сайн арга нь хэрүүл маргаанаас зайлсхийж, түүнээс татгалзаж байх явдал мөн. Үгүй ядахнаа нэг нь уурлаж бухимдаж байхад нөгөө нь тэвчээр гарган дуугүй сууж, маргааныг намжааж байх,  тайвширсны дараа хоюул сууж илэн далангүй ярилцаж бас ойлголцон бие биеэ уучилж байх нь чухал.  Гарцаагүй маргааны дараа энэ тухай бодохдоо бурууг өөрөөсөө эхлэн хайж, дараа нь бусдын бурууг бодож олж байх нь бие биеэ уучилж, эвлэрэх зайг сэтгэлдээ үлдээж байдаг сайн талтай.
Амьдрал ээдрээтэй, хичнээн хатуу хэцүү байлаа ч алив асуудлыг хэрүүл маргаангүйгээр шийдэж болох олон арга бий.
Таны сэтгэл амгалан байг.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2008-05-17
Apr 13

Улстөр бизнес мөн үү? \үргэлжлэл\

By gala-admin | НИЙГЭМ - УЛС ТӨР

Дөрөв: Сонгууль ба хийрхэл.
Удахгүй сонгууль болох гэж байна. Улс орон даяараа зүрх нь хөөрсөх агсам морь шиг л бүх зүйлээ умартан гагцхүү сонгуулиар амьсгалан дүүхэлзэж байна. МАХН, МАН болон бусад намууд гэсэн ангиллаар Монгол улсын бүх иргэд талцан хийрхэж байна. Цөөхөн хүн амтай Монгол оронд жинхэнэ хийрхлийн сонгодог жишээ нь намын гишүүнчлэл. Аль нэгэн нам нь заавал гишүүнтэй байж, намынхаа батлахыг, сонгуульд өөрөө болон өрөөл бусдыг энэ намын төлөө саналаа өгөх хатуу даалгаврын хамтаар баяр ёслолын байдалтай гардуулан алга ташиж баярын марш эгшиглүүлнэ. Иргэн хүн ямар нэгэн төрийн бус байгууллагын гишүүн байж, батлах өвөртлөн хурал зөвлөлгөөнд нь сууж, цог жавхлантайяа алга ташиж суух хэвшлийг социализм бидэнд сургажээ. Өнөөдөр засгийн эрхийг ээлжлэн барьж байгаа МАХН болон МАН үзэл бодлын ямар ялгаатай, яг ямар үзэл санаа зорилгыг нь дэмжиж байгаа вэ? гэдэг асуултыг та өөртөө тавиад үзээрэй. Нэг нь МАХН-ын нөгөө нь МАН-ын гишүүн байж, сонгуулын саналын асуудлаас болж маргалдаж байгаа нэгэн гэр бүлийн хосуудаас, “энэ намууд танай гэр бүлийн амьдралд сайн сайхан юу өгөө вэ?” гэж асууя. Яг үнэндээ миний бие одоо ч МАХН болон МАН-ын хоорондын эрс тэрс ялгааг олж хардаггүйгээр барахгүй аль алинд нь сайн муу тал байгааг хүлээн зөвшөөрдөг. Алив асуудлын сайн муу талыг нь харьцуулахгүйгээр зөвхөн нэг талыг нь барьж туйлширдаг базаахгүй зан Монголчууд бидэнд бий.

Эхлэл…

  Гурав. УИХ-ын гишүүн болохын ашиг
Монгол улс парламентын засаглалтай болоод хилээд хэдэн жил боллоо. УИХ нь Монгол улс дахь хууль тогтоох дээд байгууллага. Тэдний гол хийх ажил нь, дээр дурьдсан үйлчлэгч болон үйлчлүүлэгчийн хоорондын харилцааг зохицуулах хууль тогтоомжийг санаачлан батлуулж, түүнийг мөрдүүлэх явдал юм. Ингээд бодохоор УИХ-ын гишүүн гэдэг, учиргүй их дурлаад, хийх гэж зүтгээд байх ажил биш байлтай. Гэтэл Монгол оронд УИХ-ын гишүүн болохын тулд, бараг л ерөнхийлөгч болохын дайтай ач холбогдол өгч, хайр харамгүй мөнгө зарцуулж, бүх л аргаа сүвэгчилж, ичгүүр сонжуургүйгээр улайран зүтгэх боллоо. Гол төлөв хуульчид, янз бүрийн салбрын бодлого боловсруулах чадвар бүхий хүмүүс сууж байвал зохилтой энэ суудалд мөнгөтэй, амбицтай хүмүүс зүтгээд байх нь, “энд нээрээ бизнесийн ашигтай нөхцөл байгаа юм болов уу?’ гэх хардлагыг төрүүлэх боллоо. Нэг нэсэг хүмүүс өөрийн амьдрал болон хувийн бизнесээ өргөжүүлэн сайжруулах гэсэн зорилгоор энэ суудлын төлөө зүтгэдэг юм биш байгаа. УИХ-ын гишүүн болох нь ямар ашигтай байж болох талаар би ингэж бодож байна.

– Тэд бусдад нөлөөтэй байхыг хүсч байна. Зүй нь тэд Монгол оронд зайлшгүй шаардагдаж байгаа хууль тогтоомжийг санаачлан батлуулж, уг хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй баймаар. Гэтэл манай УИХ-ын гишүүд  өөрт хамаагүй болон дурын асуудлаар ямар нэгэн яамны сайд болон бүх шатны засаг дарга нарын дотоод ажилд эрээ цээргүй оролцох, тэдэнд өөрийн хүсэл бодол сонирхлоо тулгах үзэгдэл түгээмэл. Хэрэв та ажигласан бол, танай аймгаас сонгогдсон УИХ -ын эрхэм гишүүн, орон нутгийн сонгуулиар сонгогдох аймаг болон сумдын засаг дарга, ИТХ-ын сонгуульд шууд хутгалдан, зохион байгуулахаар барахгүй бүх л албан тушаалд “өөрийн”хүнээ тавихыг эрмэлздэг. Энэ бол тэдний оролцох ажил мөн үү. Үүнийгээ тэд өөрийн багаа бүрдүүлж байгаа мэтээр тайлбарлах байх. Чухамдаа бол тэд тухайн тойрогтоо өөрийн нөлөөллөө тогтоохыг эрмэлзэж байгаа нэг хэлбэр. Нэг ёсондоо тэд өөрсдийн ноёрхлоо тухайн бүс нутагт тогтоох, ингэснээр дураар дургих боломжоо бий болгох оролдлого.

Тэд аливаа мэдээллийг хамгийн түрүүнд авч үүнийг өөрийн ашиг сонирхолдоо ашиглахыг хичээдэг. УИХ-ын гишүүд бүрэн эрхийнхээ хугацаанд гадаадын олон оронд зочилж, олон хүмүүстэй ажил хэргийн шугамаар уулзацгаадаг. Улс орны эрх ашгаас илүүтэй, гадаад орнууд болон олон улсын байгууллагуудаас Монгол орны хөгжилд зориулан олгож байгаа урт хугацааны зээл болон, буцалтгүй тусламжууд тэдний сонирхлыг татдаг. Айлчлал болон уулзалтын явцад олж авсан ийм төрлийн мэдээллүүдээ өөртөө болон өөрийн ойр дотны хүрээнд хэрхэн оновчтой ашиглах, уг тусламж болон зээлээс тендер нэрээр хэнийг оролцуулж ямар ашиг унагаахаа тооцоолно. Ийм учраас УИХ-ын гишүүд болон засгийн газрын гишүүдийн нэртэй холбогдсон тендерийн будлиан тасардаггүй. Үүнийг хүн болгон мэдэж бас сонсож байгаа. Үгүй дээ л энэ олон жил Монголын ардчилал болон хөгжлийг дэмжиж, олон улсын байгууллага болон өндөр хөгжилтэй орнуудаас өгсөн зээл тусламжууд хаачаа вэ? гэж асуумаар байна. Авсан зээл тусламжийн тоо Монгол орныг хөгжүүлээд бараг илүү гарахаар байгаа бус уу. Яг энэ асуудлыг дагалдаад “зөөлөн чихрийн цуглуулга болон вино”-ноос эхэлсэн авилга хэдэн сая $-т эргэлдэж байгаа гэдгийг миний бие нотолж чадахгүй ч “сэжиглэж” байна гэдгээ дээр өгүүлсэн.
-Тэд алив асуудалд улсын бус өөрийн болон эсвэл тодорхой бүлэглэлийн ашиг сонирхлын үүднээс лобби хийж, үүнийгээ бизнес болгон хөгжүүлж байна. Ямар нэгэн хуулийн заалт болон ххулийн төсөлд тодорхой бүлэглэлийн эрх ашигт нийцсэн “өгүүлэхүүн” оруулахын тулд тэд лобби хийцгээдэг. Үүний тод илрэл нь ямар нэгэн хуулийн заалт алга болсон, эсвэл засагдсан, хуулийн хэлэцүүлэгт санаатайгаар саад болж байгаа үйлдлүүд биш гэж үү. Ихэнх УЙХ-ын гишүүний ард бизнэсийн болон магадгүй гадаадын ямар нэгэн бүлэглэлийн ашиг сонирхол байж, тэднээр дамжуулан ирээдүйн асиг сонирхлынхоо төлөө монгол улсын хууль тогтоомжид нөлөөлөх оролдлого байг болохыг үгүйсгэх аргагүй. Тэд цаг хугацааны явцад өөрсддөө ашигтай үйл ажилагааг хуулиар баталгаажуулахыг хүсч байгаагаараа арай л алсыг харж байгаа хэрэг шүү дээ. Хэрэв үүнийг үгүйсгэвэл, УИХ-ын зрим эрхэм гишүүдийн бүрэн эрхийнхээ хугацаандаа бариулсан болон худалдаж авсан харш болон унаж байгаа үнэтэй машинуудыг цалингаараа авч чадах уу? гэж асууя. Тэдний далд орлгыг тооцохгүйгээр шүү.
– Тэд дур зоргоороо авирлахыг хүсч байна. УИХ-ын эрхэм гишүүд хэлсэн үг болон гаргасан алив үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээхгүй гэсэн хуулийн заалт миний эгдүүцлийг үнэхээр хүргэдэг. Түүнийгээ тэд улс эх орныхоо хувь заяаны төлөө санаа зовж шаналсаар ядаргаанд орж хагас солиорлын байдалд ордог гэж тайлбарлаж магадгүй. Тиймдээ ч тэд УИХ-ын хуралдааны танхимд бие биеэ дур зоргоороо доромжилж, эгээ л гудамжны атаманууд шиг авирлах болж. Харамсалтай нь тэдний маргаан нь “Би чиний элдэв луйврыг мэднэ шүү. Дургүй хүргээд байвал гаргаж тавина, дургүй хүргэхгүй бол гаргаж тавихгүй” гэсэн утгатай. Өндөр боловсрол мэдлэг, ёс суртахуунтай, шударга үнэнч, алив зүйлд хүндэтгэлтэй ханддаг, ухаалаг, даруу хүн суух ёстой өндөр суудалд ямар гээч балмад этгээд сууж байнаа гэж гайхахад хүргэдэг. УИХ-ын гишүүнийг сонгочдын итгэл найдварыг алдсаны төлөө буцаан татаж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх хуулийн заалт байдаггүйгээс, сонгосон гишүүн нь нисдэг тэргээр ан хийж унагаж сүйрүүлсэнийхээ төлөө хариуцлага хүлээхгүйгээр барахгүй УИХ-ын чуулгандаа ч суудаггүй түүхийхээ төлөө баатар мэт авирлахыг харан, 4 жил санаа алдан суугаа сонгочдыг “хохь нь” гэх үү, “чадаж байгаа юманд арга байхгүй” гэж тавлах уу.

Үндсэн ажлаа умартаж, хувийн ажлаа амжуулж яваа эрхэм гишүүдийг УИХ-ын чуулганд нь суулгах гэж гуйж царайчилж аргаа барж суугаа УИХ-ын даргыг өрөвдөх үү, эсвэл хүндэтгэх үү. Ангийнх нь хүүхдүүдийн тал нь хичээлээ таслаад багш нараа шоолж инээлдээд байвал, тэр хүүхдүүдэд хэн  хичээл зааж, зөв иргэн болгон төлөвшүүлэх билээ. Үүн лугаа адил энэ 76 эрхэм ийм бүдүүлэг арчаагүй бас сэтгэлгүй байхад Монгол орны ирээдүй ямар байх билээ.
Тийм ээ! Хүмүүс яагаад УИХ-ын гүшүүн болох гэж улайраад байна вэ? гэсэн асуултад би өөрийн “хардсан” сэтгэлээр хариуллаа. Ямартай ч Монгол оронд ямар нэгэн үйлдвэрлэл үйлчилгээнээс илүүтэй улс төрийн албан тушаал нь шат шатандаа ашигтай бизнес болон хувирчээ. Энэ ашигтай бизнесийн төлөө хүмүүс, хурааж хуримтлуулсан мөнгө болон баялгаа хайр гамгүй зарцуулж байна.  Хожим хойно энэ мөнгөө хэд нугалан олж авахын төлөө шүү. Харин Монгол орон тэгтлээ хөгжихгүй л байна даа.
Дөрөв: Сонгууль ба хийрхэл
  Удахгүй сонгууль болох гэж байна. Улс орон даяараа зүрх нь хөөрсөх агсам морь шиг л бүх зүйлээ умартан гагцхүү сонгуулиар амьсгалан дүүхэлзэж байна. МАХН, МАН болон бусад намууд гэсэн ангиллаар Монгол улсын бүх иргэд талцан хийрхэж байна. Цөөхөн хүн амтай Монгол оронд жинхэнэ хийрхлийн сонгодог жишээ нь намын гишүүнчлэл. Аль нэгэн нам нь заавал гишүүнтэй байж, намынхаа батлахыг, сонгуульд өөрөө болон өрөөл бусдыг энэ намын төлөө саналаа өгөх хатуу даалгаврын хамтаар баяр ёслолын байдалтай гардуулан алга ташиж баярын марш эгшиглүүлнэ. Иргэн хүн ямар нэгэн төрийн бус байгууллагын гишүүн байж, батлах өвөртлөн хурал зөвлөлгөөнд нь сууж, цог жавхлантайяа алга ташиж суух хэвшлийг социализм бидэнд сургажээ. Өнөөдөр засгийн эрхийг ээлжлэн барьж байгаа МАХН болон МАН үзэл бодлын ямар ялгаатай, яг ямар ызэл санаа зорилгыг нь дэмжиж байгаа вэ? гэдэг асуултыг та өөртөө тавиад үзээрэй. Нэг нь МАХН-ын нөгөө нь МАН-ын гишүүн байж, сонгуулын саналын асуудлаас болж маргалдаж байгаа нэгэн гэр бүлийн хосуудаас, “энэ намууд танай гэр бүлийн амьдралд сайн сайхан юу өгөө вэ?” гэж асууя. Яг үнэндээ миний бие одоо ч МАХН болон МАН-ын хоорондын эрс тэрс ялгааг олж хардаггүйгээр барахгүй аль алинд нь сайн муу тал байгааг хүлээн зөвшөөрдөг. Алив асуудлын сайн муу талыг нь харьцуулахгүйгээр зөвхөн нэг талыг ньбарьж туйлширдаг базаахгүй зан Монголчууд бидэнд бий. Чухам үүнийг л улс төрийн намууд овжиноор ашиглаад байгаа юм шүү дээ. МАХН, МАН болон бусад намуудыг чин сэтгэлээсээ дэмжиж, тэдний төлөө санал өгүүлэх гэж үр хүүхдээ ч албадан зэмлэдэг олон буурлууд дэмжсэн нам нь ялж засгийн эрх барьсан ч өнөө л ядуу зүдүү, өлөн зэлмүүр хэвээрээ. Харин намын удирдлагууд нь өдрөөс өдөрт өнгө засан малилзаж амьдрал нь сайжирсаар, та бүхний дээгүүр ихэмсэг нь аргагүй өнгөрнө. Миний бодоход улс төрийн намууд бизнесийн байгууллага биш байлтай. Намуудын сонгуулын саналыг санхүүгийн дэмжлэгийн хамт гишүүдээсээ шаарддаг энэхүү тогтолцоо нь нам доторхи эрх мэдэл, албан тушаалын төлөө буюу мөнөөх бизнесийн ашгийн төлөө өрсөлдөөний үндэс нь болдог.
Сум аймаг улс даяараа, ажил амьдралаа хаян, сонгуулиар хийрхдэг энэ гаж үзэгдэл таныг залхаахгүй байна гэж үү? Сонгуулын маргаашнаас мартагдаж, дараагийн сонгуулын өмнө сэргэдэг улс төрийн намуудын гишүүнчлэлийн тогтолцоог өөрчилбөл яасан юм бэ? Дэлхий даяар 4 жил бэлтгэж сэтгэл догдлон хүлээдэг олимпийн наадам шиг, сонгууль нь Монгол оронд олимпийн наадам шиг болтлоо хөгжжээ. Олимпид  тухайн орны шилдэг тамирчид нь 4 жил уйгагүй бэлтгэж оролцдог. Шилдэг тамирчныхаа олимпод үзүүлсэн шударга ялалтыг хүн бүр л баярлан бахдаж талархан, хүлээн зөвшөөрдөг. Харин Монгол орны сонгууль хэмээх “олимп”-д үзэгчид нь тамирчидтайгаа хамт оролцож холион бантан болдгоос хэн ямар амжилт үзүүлж тодорч байгаа нь ч тодорхойгүй, зарим тохиолдолд 2-р байр эзэлсэн тамирчин нь ч түрүүлж медаль зүүж байх жишээтэй.
Арай л замбараагүй бас инээдтэй биш гэж үү. Улс төрийн намууд албадан маягийн гишүүнчлэлээсээ татгалзаж, үзэл бодол нэгтэй,хамтран баг болж чадах хүмүүсээ нэгтгэж институт маягаар ажиллавал яасан юм бэ? Тэд 4 жилийн хугацаанд Монгол орны хөгжлийн чиг хандлагад судалгаа хийж өөрчлөн сайжруулах төслөө зохиож ард иргэдэд сурталчилдаг, ард иргэд нь уг төсөл болон мөрийн хөтөлбрөөс өөртөө аль таалагдсаныг нь сонгож саналаа өгдөг тогтолцоо нь хийрхэлээс гарах нэгэн зам байж болох. Мэдээж ард түмний дийлэнхийн санал авч сонгодсон төслөө уг нам өөрийн багаар хэрэгжүүлэх нь илүү бодитой байж болох юм. Сайн, илүү бодитой төсөл хийхийн тулд тухайн намын институт илүү чадварлаг боловсон хүчнүүдэд санал тавьж хантран ажиллах боломж байгаа. Түүнчлэн улс төрд орохыг хүссэн хэн боловч тухайн намын институтад санал тавьж, өөрийн хүч боломжоо харуулан хамтран ажиллаж бас болох шүү дээ. Харин жирийн иргэдийн хувьд аливаа хийрхлээс ангид, сэтгэл тайван, ажил амьдралдаа илүү анхаарлаа хандуулан, намуудын мөрийн хөтөлбөрт анхаарлаа хандуулан, улс төрийн соёлд ч суралцах болно. Ядаж л гэр бүлийн доторхи улс төрөөс хамааралтай элдэв маргаан зөрчил үгүй болж эвтэй найртай, тайван амьдрах боломж бүрдэнэ.
Энэ сонгууль хамгийн сүүлийн хийрхэл байх болтугай.
Төгсгөл буюу “шударга ёс”
Олон олон жил парламентэд улиран сууж, “туршлагатай”, “шударга” гэж өөрсдийгөө үнэлж байгаа эрхэм гишүүдээс, “та яагаад ийм бусармаг асуудлуудад анхаарал тавихгүй байна вэ? та яагаад Монгол оронд жинхэнэ “шударга ёс”-ыг бий болгохын төлөө санаачлага гаргахгүй байна вэ?”гэж асууя. Өдрөөс өдөрт цөөхөн эрхмүүд улстөрийг бизнесийн зорилгоор ашиглан баяжицгааж, цөөхөн зарим нь гадаад оронд ажиллацгааж, дийлэнх олонхи нь Монголдоо ядуу зүдүү, бухимдалтай амьдарч байна. 1990 онд манай улсын дундаж иргэн хэдэн төгрөгийн цалин гар дээрээ авч. ширхэг талхыг хэдэн төгрөгөөр худалдан авдаг байсан, одоо 2008 онд дундаж иргэн хэдэн төгрөгийн цалин гар дээрээ авч , ширхэг талхыг хэдэн төгрөгөөр худалдан авч байгааг тооцоод үзээрэй. Амьдрал сайжирсан эсэхээ үүгээр хэмжээд үз дээ. Бусад олон зовлонг нэрлэхгүйгээр шүү.
Өнөөдөр Монгол иргэн юу хүсч байна вэ?
-Төрөөс иргэддээ хандсан, хүнд сурталгүй, хүндэтгэлтэй хайрсаг үйлчилгээг хүсч байна.
-Хүн бүр, өөр өөрийн боловсрол мэдлэг, авъяас чадвар, боломжиндоо түшиглэн хийж чадах ажил хөдөлмөр эрхлэн шударгаар амьдрахыг хүсч байна.
-Алив хийрхэл талцаангүйгээр, бие биеэ хүндэтгэн эв найртай амьдрахыг хүсч байна
-Ямар нэгэн дарамт айдасгүйгээр шударга хуулийн дор тайван амьдрахыг хүсч байна
-Төр болон иргэдийн хооронд хардлага сэрдлэггүйгээр, харилцан итгэлцэж амьдрахыг хүсч байна.
Энэ бүгдийг нэгтгэн харвал гагцхүү “шударга ёс” гэсэн үг харагдаж байна.
“Тулах цэгийг нь олоод өгчихвөл дэлхийг эргүүлж болно” гэж нэрт эрдэмтний хэлсэнчлэн, Монгол оронд “шударга ёс”-ыг тогтоогоод өгчих, тэгвэл хөгжихөд амархан болно гэж хэлэх цаг болжээ. Үүний төлөө хүн бүр өөрсдөөсөө хамаарах бүхнийг хийх, бас шаардах цаг бас болжээ.
-Гарч буй хууль тогтоомж, дүрэм журмыг уншиж судлан, татвараа төлсний төлөө, эрхээ эдлэн аливаа хүнд сурталгүй, шуурхай, шударгаар үйлчилэхийг төрөөс шаардах хэрэгтэй.
-Улс төрийн болон төрийн албан тушаал, эрх мэдлийг бизнес болгон хувиргаж, өөртөө ашиг олж байгаа үйлдэл бүрийг эсэргүүцэх хэрэгтэй.
-Алив хийрхлээс ангижирч өөрийн хүссэнээрээ тайван амьдрахын тулд та өөрөө юу хийж чадахаа бас эргэцүүлж бодоорой.
Монгол орны хөгжлийн ирээдүйн сайн сайхны төлөө хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй. Та бид байг гэхэд бидний үр хүүхдүүд маань энэ Монгол орондоо хүссэнээрээ тайван амьдраг дээ.
Монгол төрийн сүлд ивээг

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
Apr 12

Улстөр бизнес мөн үү? \цуврал нийтлэл\

By gala-admin | НИЙГЭМ - УЛС ТӨР

Та эмчид очиж биеэ үзүүлэх, хүүхдүүдийнхээ сургуулийг сонгох, банкнаас зээл авах болон бичиг баримтаа сунгуулахаар аль ч газар орсон, таныг төвөгшөөсөн, үл ойшоосон төрхтэй албан хаагчид хямсгардуухан харцаар угтана. Үзүүлж буй үйлчилгээ, хандаж буй хандлага нь нэг л хайнга тоомжиргүй байх шиг танд санагдаж эхэлнэ. Зарим нь 2-3 цаг хүлээлгэнэ, зарим нь дараагийн 7 хоногт ир гэнэ. Ийм хайхрамжгүй хүнд сурталд таны урам зориг хугарч, бухимдан ядарч, итгэл алдарна.
Нэг талаас энэ асуудлыг хэрхэн шийдэх талаар хууль болон дүрэм журмын талаар ямар ч мэдлэггүй, нөгөө талаар ингэж хэн нэгнийг царайчилж, ядарч зүдэрч байхаар өөр хялбар арга хайхад хүрнэ. Ингээд уг асуудлыг шийдэх эрх мэдэл бүхий хүнийг таньдаг хүний эрэлд гарна. Мэдээж танд туслах хүн олдоно. Нөгөө хүн нь танд “санхүүгийн асуудлаа зохицуулах”-ыг эелдгээр сануулна. Ингээд л та уг хүний тусламжтайгаар бүх асуудлыг маш богино хугацаанд амжилттайгаар шийдвэрлэж чадна. Таны өгсөн зөөлөн чихрийн цуглуулга болон виноны тусламжтайгаар эмч таны өвдсөн болон өвдөөгүй аль ч эрхтнийг үйлчлэхэд бэлэн байгаагаа илэрхийлнэ. Банкнаас авах зээлийнхээ 5-10% -ийг бэлэн мөнгөөр өгснийхээ шанд зээлийн асуудал хурдан шуурхай бүтнэ. Хоолонд оруулж дайлуулсан сургуулийн эрх мэдэлтэн таны хүүхдийн хичээл сурлагад анхаарлаа хандуулахаар амална. Харин дугтуйтай мөнгө авсан байцаагч таны бичиг баримтыг өдөрт нь сунгаад өгнө. Эцэст нь нөгөө зуучлагчаа дайлж бас “гар цайлгана”.

Эхлэл…

1996 оны УИХ-ийн сонгуулийн өмнө, миний сайн танил нэгэн нэр дэвшиж, сонгуулийн сурталчилгаа хийж явахдаа надтай уулзаж, бид хоёр нилээд удаан ярилцсан юм. Тэгэхэд тэрээр надад хандаж, “Улс төр бол бизнес юм шүү дээ. Үүний тулд УИХ-ийн гишүүн болон бусад албан тушаалууд дээр дэвшиж алба хаших нь ашигтай байх болно” гэж хэлж билээ.
Тухайн үедээ би үүнийг сайн ойлгоогүй юм. Худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээ болон оюун санааны чиглэлээр тодорхой үйл ажиллагаа явуулж, олсон ашгаасаа улсад татвар төлөн төсвийг бүрдүүлдэг, үлдсэн хэсгийг өөрөө мэдэн зарцуулдаг хүмүүсийг бизнес хийж байгаа бизнесмен гэж ойлгодог. Тэд мэдээжээр тодорхой ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг, ашгийн тодорхой хэсэг нь өөрт нь болон улсад зарцуулагдаж байдаг, “шударга” хөдөлмөр юм.
Харин улстөрчид гэж өөрсдийгөө нэрлэгсэд болон улсын гэх тодотголтой янз бүрийн байгууллагын албан хаагчид нь төрөөс иргэдэд хандаж байгаа үйлчилгээний байгууллагын ажиллагсад. Тэд төрийн бий болгосон албан тушаалууд дээр ажиллаж, төрийн өмнөөс зохих үүргийг гүйцэтгэдэг учраас, тэднийг төр мөнөөх бизнесмэнүүд болон ард иргэдийн бүрдүүлсэн татварын мөнгөөр цалинжуулдаг. Тэд хууль боловсруулж, хуулийг дагаж мөрдөхөд нь иргэдэд тусалж, хэн нэг нь хуулийг зөрчиж байгаа эсэхийг хянах үүрэгтэй. Тийм болохоор “Тэнгэрийн дор төрж, хуулийн дор амьдардаг” гэсэн үг гарсан байх. Татвар төлөгчдийн мөнгөөр үйл ажиллагаа явуулж бас цалинждаг болохоор тэд хэрхэн ашгийн төлөө явах билээ.

Ерөнхийдөө ийм ойлголттой байсан миний бие, улс төр яаж бизнес болон хувирч, хэрхэн ашиг олж болохыг төсөөлөөгүй юм. Улс төр болон бизнес гэдэг өдөр шөнө шиг ялгаатай, зорилго чиглэл нь ч өөр, энэ хоёр ойлголт Монгол оронд хоорондоо холилдон сүлэлдэж, холион бантан болж, үүнийг ашиглан хүмүүс хэрхэн баяжиж байгааг харсаар өдий хүрлээ.
Мөнөөх танил маань ч УИХ-ийн гишүүн болж. биднээс “тасран”одож, амьдрал нь эрс дээшилж, тарган цатгалан малигар царайтай болж, үгээ зөөн хоолойгоо засч ярьдаг, харц нь хүртэл бидний толгой дээгүүр алсын чигтэй, нилээд ихэмсэгдүү төрхтэй болон “төрөл арилжсан” мэт болжээ. Одоо хир нь нэгэн яаманд алба хашиж байгаа тэр танилдаа би харин огтхон ч атаархдаггүй юм. “Төөрсөөр төрөлдөө” киноны Балтын араас нутгийн нэгэн өвгөн өрөвдөнгүйгээр харж “Бахархмаар ч юм шиг, баярламаар ч юм шиг. Баригдана даа, баригдана” гэсэн үгээр Баабар саяхан бичсэн нийтлэлээ төгсгөсөн байсантай би ч санаа нэг байна.
Улс төрийн болон төрийн албаны албан тушаалыг бизнес болгон хувиргаж, бусдын нүдэн дээр ил цагаан ашиг олж баяжиж байгаа бусармаг үйлдлийг бид мэдсээр атлаа хэдий болтол дуугүй явах юм бэ?
Монгол улсад шударга хууль тогтоон ард иргэддээ мөрдүүлэх үүрэгтэй УИХ -ийн гишүүн болох гэж, мөнгөтэй бизнесменүүд яагаад ингэтлээ улайран шунаад байна вэ? Тэд сонгуулыг хүртэл өгөө авааны дэнсэн дээр арилжааны хэрэгслэл болгон хувиргаж байна бус уу?
Дутуу дундуурхан улсын төсвөөс цөөхөн хэдэн төгрөгөөр цалинжиж, өөрсдийн ядуу зүдүү, хүнд нөхцөлтэйгээ гайхан өрөвдүүлээд байгаа төрийн албан хаагчид яагаад сандал ширээтэйгээ зууралдаад байна вэ? Тэд үнэхээр Монгол улс болон түүний ард иргэдэд зүрх сэтгэлээсээ хайртайдаа өөрсдийгөө золиослоод байна гэж үү?
Энэ талаар өөр өнцгөөс харах гээд оролдоод үзье.
Нэг. Таних хүний эрэл ба авилга
Таны өдөр тутмын амьдралд аар саар олон асуудлууд тулгардаг. Бие тань өвдөөд эмнэлэгт эмчлүүлэх, хүүхэд тань дунд сургууль төгсөөд дараагийн шатны сургуульд суралцах, амьдралын нөхцлөө сайжруулахын тулд банкнаас зээл авах, хугацаа нь дууссан ямар нэгэн бичиг баримтаа сунгуулах гээд юу эс байх билээ.
Эдгээр асуудлууд тань төрөөс иргэддээ үзүүлэх үйлчилгээний ердийн хэлбэрүүд. Тэд таныг хандсан тохиолдолд үйлчлүүлэгчээ гэж үзэн маш хурдан шуурхай, эелдэг боловсноор үйлчлэх учиртай. Яагаад гэвэл та улсад татвараа төлж , тэд таны төлсөн татварын мөнгөөр цалинжиж байгаа учраас… Харин Монголд эсрэгээрээ.
Бид төрийн ямар нэгэн үйлчилгээ авахыгаа “ажил хөөцөлдөх” гэж нэрлэнэ. Үйлчлүүлэх бус ямар нэгэн зүйлийн араас нь явах буюу хөөцөлдөж тоглох гэсэн утга илэрч байгаа биз. Эндээс л бүх зүйл эхэлнэ дээ.
Та эмчид очиж биеэ үзүүлэх, хүүхдүүдийнхээ сургуулийг сонгох, банкнаас зээл авах болон бичиг баримтаа сунгуулахаар аль ч газар орсон, таныг төвөгшөөсөн, үл ойшоосон төрхтэй албан хаагчид хямсгардуухан харцаар угтана. Үзүүлж буй үйлчилгээ, хандаж буй хандлага нь нэг л хайнга тоомжиргүй байх шиг танд санагдаж эхэлнэ. Зарим нь 2-3 цаг хүлээлгэнэ, зарим нь дараагийн 7 хоногт ир гэнэ. Ийм хайхрамжгүй хүнд сурталд таны урам зориг хугарч, бухимдан ядарч, итгэл алдарна.
Нэг талаас энэ асуудлыг хэрхэн шийдэх талаар хууль болон дүрэм журмын талаар ямар ч мэдлэггүй, нөгөө талаар ингэж хэн нэгнийг царайчилж, ядарч зүдэрч байхаар өөр хялбар арга хайхад хүрнэ. Ингээд уг асуудлыг шийдэх эрх мэдэл бүхий хүнийг таньдаг хүний эрэлд гарна. Мэдээж танд туслах хүн олдоно. Нөгөө хүн нь танд “санхүүгийн асуудлаа зохицуулах”-ыг эелдгээр сануулна. Ингээд л та уг хүний тусламжтайгаар бүх асуудлыг маш богино хугацаанд амжилттайгаар шийдвэрлэж чадна. Таны өгсөн зөөлөн чихрийн цуглуулга болон виноны тусламжтайгаар эмч таны өвдсөн болон өвдөөгүй аль ч эрхтнийг үйлчлэхэд бэлэн байгаагаа илэрхийлнэ. Банкнаас авах зээлийнхээ 5-10% -ийг бэлэн мөнгөөр өгснийхээ шанд зээлийн асуудал хурдан шуурхай бүтнэ. Хоолонд оруулж дайлуулсан сургуулийн эрх мэдэлтэн таны хүүхдийн хичээл сурлагад анхаарлаа хандуулахаар амална. Харин дугтуйтай мөнгө авсан байцаагч таны бичиг баримтыг өдөрт нь сунгаад өгнө. Эцэст нь нөгөө зуучлагчаа дайлж бас “гар цайлгана”.
Энэ бүхний эцэст алив асуудлыг хууль, дүрэм журмаар биш, таньдаг хүн болон санхүүгийн тусламжтайгаар шийдэж, төрийн үйлчилгээг хурдан шуурхай авч болдгийг “яс махандаа “хүртэл ойлгож мэдэрнэ. Түүгээр ч барахгүй “ажил хөөцөлдөж бүтээх” арвин туршлагаасаа бусадтай сэтгэл харамгүй хуваалцана. Хэрэв ийм боломж танд үгүй бол та төрийн үйлчилгээг хүртэх хувьгүй хүний тоонд орно доо. Асуудлуудын цар хүрээ томрох тусмаа таньдаг хүний нөлөө, санхүүгийн хэмжээ шууд пропорционалаар өснө гэсэн үг. Ийм сүлжээ өчүүхэн жижгээс эхлэн асар том хэмжээгээр Монгол орныг аалзны тор мэт сүлжиж орхижээ. Төрийн албан хаагчид ч энэ бүхэндээ дасч, байх зүйл мэтээр хүлээн авч, 2-догч орлогоороо муугүй амьдарна. Тэгээд ч хашиж буй албаны нэр нөлөө нь зуучлагчийн ажилд бас тохиромжтой.
Гаргаж буй хууль тогтоомж, дүрэм жирмыг тоодоггүй “хэнэггүй зан”, хууль тогтоомж дүрэм журмаа иргэдэд сурталчлан ойлгуулахыг хичээдэггүй ”зальжин зан” энэ бүхний үндэс юм шүү дээ. Бараг бүх хүн, бүх газар аалзны тор мэт бүрхсэн энэхүү авилгалын сүлжээг мэддэг, үүнд оролцдог хирнээ, бүгд дуугаа хураацгааж, хэн нэгэн авилгалын “акул’ баригдан “шонд дүүжлэгдэн’, ‘шоронд хатаагдах”-ыг хүлээцгээсээр…
Авилга нь Монгол орныг бүрхсэн гэдгийг хүлээн зөвшөөрч “Авилгатай Тэмцэх Газар” нэртэй төрийн байгууллага байгуулж, бага сага зүйл хийх гэж оролдсоор байна.
Гэсэн хэрнээ авилга авч хууль бусаар баяжсан, төрийн албан тушаалыг ашиглан бизнес хийж ашиг олсон зарим үйлдлүүдийг сөхөж гаргаад, дараа нь нотлогдсонгүй гэж зарлаж байгаа нь ердөө л улс төрийн шоу бас жүжиг. Энэхүү жүжгээр хүмүүс бие биеэсээ “өш хонзон” авч бие биеэ сүрдүүлж бас сэтгэл зүйгээр тоглож байна.
Энэ шоу болон сэтгэл зүйн тоглоом нь жирийн иргэдэд улам ч их айдас төрүүлж итгэл найдварыг нь унтрааж байна. “Ээдээ энэ байдал ч өөрчлөгдөхгүй байхаа даа. Зүгээр л мөрөөрөө хал балгүй явъя” гэсэн бодлоор, таньдаг хүнээ хайн, санхүүгийн асуудлаа зохицуулан, “ажлаа хөөцөлдөж” явна.
Монгол улсын иргэд худалдаа, үйлдвэрлэл , үйлчилгээ болон оюуны чадвараараа бизнес хийж, Монгол улсын хөгжилд хувь нэмрээ оруулан, улсад татвараа төлөн, улсын төсвийг бүрдүүлж байгаа. Тэдний төлсөн татвараар санхүүжин үйл ажиллагаа явуулж байгаа Монгол улсын төрийн байгууллагууд нь Монгол улсын иргэддээ хууль болон дүрэм журмын дагуу үйлчлэх ёстой төрийн үйлчилгээний байгууллагууд. Тэд иргэдэд хууль тогтоомж болон дүрэм журмыг сурталчлан ойлгуулж, ямар нэгэн танил хүн болон санхүүгийн авилгагүйгээр, чин сэтгэлээсээ, шударгаар бас эелдэг найрсгаар үйлчлэх ёстой. “Үйлчлүүлэгч бол хаан”гэдэг хоосон уриагаар биш жинхэнэ хаанд үйлчилж байгаа юм шиг үйлчлэх ёстой. Үүний тулд иргэд улсад татвар төлдөг юм даа. Дарамтлуулахын тулд бус үйлчлүүлэхийн тулд шүү. Үйлчлэгч болон үйлчлүүлэгчийн хооронд аливаа маргаан, үл ойлголцох байдал гаргахгүйн тулд л хууль , дүрэм журмыг зохиодог юм. Аливаа зөрчилдөөн маргаантай асуудлуудыг шударгаар шийдвэрлэхийн тулд хуулийг хэрэгжүүлэгч байгууллага ажиллана. Тэгэхээр таньд таньдаг хүн, авилгалын мөнгө бус  хууль дүрэм журам туслах ёстой. тийм цаг хэзээ ирэх нь та биднээс өөрсдөөс минь хамаарах болно.
Хоёр.Дарга болох хүсэл ба хоосон толгой
1970-1980-аад оны орчим Завхан аймгийн Тосонцэнгэлийн МБК-д даргаар ажиллаж байсан Л. Цэнд гуай /МАХН-ын хэлмэгдүүлэлтэд өртөгсдийн нэг/ өөрийн удирдлага дор ажиллах боловсон хүчнүүддээ их л хатуу шаардлага тавьж, дэвшүүлдэг байсан гэдэг. Дөнгөж ТИС төгсөж, ромбо зүүн, диплом өвөртөлж ирсэн тэднийг эхлээд 1 сар ачигчаар ажиллуулна. Дараа нь тодорхой хугацаагаар цехийн ажилчин, мастер, ээлжийн ахлагч гэхчилэнгээр үйлдвэрлэлийн бүх л дамжлагуудад дараалан “дэвшүүлэн” ажиллуулна. Бүх дамжлагыг амжилттай даван туулсан хүн л инженерийн ажлаа хийнэ. Ийм инженер үйлдвэрлэлийн бүх дамжлагыг биеэр үзэж мэдэрсэн учраас хаана ямар ажил ямар хугацаанд яаж хийгдэхийг маш сайн мэднэ. Бас ажилчдаа ч сайн мэдэх учраас тэд худал хийх хуурах ямар ч аргагүй болдог.
Одоо ямрыг нь мэдэхгүй. Социализмын материал техникийн бааз байгуулж байх үедээ МАХН боловсон хүчний бодлогодоо анхаарч иймэрхүү барилаар бэлтгэж сонгон шалгаруулж байсан. Тэр нь ч энэ намыг өдий зэрэгтэй оршин тогтноход сайнаар нөлөөлж байж магад.
Аливаа удирдах ажилтанд тавигдах шалгуур үзүүлэлтүүд заавал байдаг. Тэд өндөр мэдлэг, чадвартай байхаас гадна харилцааны өндөр соёлтой, шударга, нөхцөл байдлыг зөв үнэлж зөв шийдвэр гаргах чадвар, мэдээлэл болон бичиг баримт боловсруулан төсөл зохиох. байгууллагынхаа ойрын болон хэтийн төлвийг зөв тооцон төсөөлж бас төлөвлөх чадвар гээд багагүй зыилийг эзэмшсэн байх шаардлагатай.
Гэтэл өнөөдөр алив албан тушаал, эрх мэдэл нь бас л наймаа арилжааны хэлбэрт орсон тухай яригдах боллоо. Мэдээж чиний ажиллаж байгаа газарт, чамаас мэдлэг чадвараар хол дутуу, хувийн чанараар базаахгүй нөхөр дэвшээд удирдаад эхэлбэл юу болох вэ? Буруу тэнэг үйлдлийг нь хараад зөвшөөрч, даган баясаад байх нэг хэцүү, эсэргүүцэж дургүйцлээ илэрхийлээд байх бүр ч хэцүү. Тэр тусмаа тухайн албан тушаалын үнэлэмж нь унаад чи ч хийж чадах ажил мэт санагдаад ирнэ.
Сүүлийн үед сонгуульд ялалт байгуулсан нам нь өөрийн бодлогоо хэрэгжүүлэх гэдэг нэрийн дор Монгол улс дахь төрийн бүх албан тушаалтнуудыг сольдог гаж тогтолцоо бий боллоо. Сайн удирдагч хэрэгжүүлж болохгүй тухайн намын бодлого гэхээр тун ойлгомжгүй зүйл сэтгэлд буугаад байх юм. Өөрийн нь томилсон хүн нь, өөрөө сэтгэхгүйгээр зөвхөн дээрээс гаргасан шийдвэрийг гүйцэтгэгч болох нээ. Бодохыг нь бид бодож, шийдвэрийг нь бид гаргана, чи зөвхөн хий гэснийг л үг дуугүй хий гэсэн зарчим нь төрийн албаны үнэ цэнийг унагаж, зөвхөн гүйцэтгэгч, “морь унасан толгойгүй хүн”-ийг бий болгож байна биш үү. Дээр нь тухайн албан тушаалыг дагалдаж байгаа зохих эрх мэдлийг тухайн хүн өөрийн ашиг сонирхолдоо ашиглах боломж олгож байгаа нь нууц биш. Үүнийг дагалдаж зусарч матаач бас хор найруулагч зэрэг бусармаг үйлдлийн үр хөврөл хөгждөг юм даа. Хаана шударга байдал алдагдана, тэр газар атаа жөтөө, хов жив тасардаггүй юм. Монгол төрийн байгууллагуудын энх замбараагүй, хариуцлага хүлээдэггүй, “эзэнгүй’ хүнд суртал авилгын үүр уурхай чухам эндээс үүдэлтэй. Миний сайн мэдэх нэгэн яаманд, нэгэн хувийн дээд сургууль эчнээгээр төгссөн нөхөр, “төрийн нарийн бичгийн даргын” албыг хашиж, англи, орос франц хэлтэй тухайн ШУ-ны доктор цолтой эрдэмтдийг удирдаж байсан.
Энэ бүхний цаана, томоохон албан тушаалын наймаа болон хууль бус хамтын ажиллагаа явагдаад байна хэмээн миний бие нотолж чадахгүй ч “сэжиглээд” байгаа юм. Сүүлдээ аль нэгэн эмнэлгийн дарга, сургуулийн захирал ч улс төрийн албан тушаал болох янзтай.
Энэхүү улстөржсөн талцаан, албан тушаал эрх мэдлийн шударга бус хуваарилалт нь монголын ард иргэдийг ч талцуулж, хооронд нь муудалцуулж, бухимдуулж, итгэл урмыг нь хугалж бас туйлдуулан ядрааж байна. Сонгууль бүрийн дараа “ноосоо тушааж”, “лааз өшиглөсөн” гэх хошин хэллэгүүд моодонд орж, эрч хүчтэй, өөртөө итгэлтэй, авъяас чадвартай олон сайхан хүмүүс хийх ажилгүй бусдыг шүүмжлэн суух болжээ. Цөөхөн Монголчууд бид арай л дэндүү хийрхэх юм даа.
“Нөгөө хэн дарга болж гэнээ. Түүний оронд уг нь дээр хийнэ л дээ. Одоо яахав дээгүүрээ болж л байгаа юм байлгүй” гэж ярилцах. Нөгөө амлаад байсан ард түмний сонголт хаана нь явна вэ? Энэ бүхний эцэст аймаг сумын зaсаг дарга тэр ч байтугай сайдын ажлыг та ч би ч хийж чадах юм чиг санагдах вий. Хамгийн хүндэтгэлтэй төрийн албан тушаалын үнэлэмж ингэтлээ доош унасаны буруутан нь сонголт хийгээд аялдан дагалдаж амьдраад байгаа та бид шүү дээ.
Өнөөдөр дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн боловсрол эзэмшиж юм үзэж нүд тайлсан залуучууд гарч ирж байна. Тэд дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагыг мэдэрч монголын өнөөгийн байдалтай харьцуулан нэгийг бодож байгаа. Тэдний эрдэм мэдлэг, хүч чадал. хүсэл эрмэлзлэлийг Монголын төрд ашиглах цаг нэгэнт иржээ. Төрийн албан тушаалын үнэ цэнийг бий болгож монгол орны хөгжлийн төлөө, Монголчуудын сайн сайхан амьдралын төлөө ихийг хийж чадах залуучуудыг сонгон шалгаруулж бас баг болгон ажиллуулах хэрэгцээ нэгэнт бий болжээ.
Төрийн албан тушаалыг бизнэс болгон хувирган түүгээрээ ашиг олж, хувийн ашиг сонирхолдоо ашиглаж байгаа бүх л үйлдлийг таслан зогсоож, тэдэнд хатуу цээрлэл үзүүлж байх нь монголын эрүүл саруул нийгмийн эхлэл байх болно.
Ингэсэн цагт хүн бүр дарга болох хоосон мөрөөдлөөсөө татгалзаж, төр нь иргэддээ жинхэнэ ёсоор үйлчилдэг болох цаг ирнээ. Тэр цагт шавар бус шилэн хананы цаана өөр өөрийн ажлаа ёс журмаар нь хийж суугаа дарга болон ажилтнууд нь бие биедээ сэтгэл хангалуун байж, үйлчлүүлж буй иргэд нь “хаан” шиг сэтгэл хангалуун баяртай байх цаг ирнэ.
/үргэлжлэл бий/

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

Apr 05

Хов жив ба хувийн нууц

By gala-admin | ЗАЛУУ НАС - ХАЙР

Хүн бүрийн амьдралд сайн муу олон зүйл ээлжлэн тохиолддог. Сайн сайхан тохиолдолд баярлан хөөрч, муу муухай тохиолдолд гуниж гутрах нь хүмүүний араншин. Хүмүүс гуниж гутарсан, эсвэл баярлаж хөөрсөн үедээ хамгийн дотно хүмүүстэйгээ энэ тухай ярилцаж сэтгэлээ хуваалцана. Мэдээж зарим нь тайтгарах гэж, бас зөвлөлгөө авах гэж ярьдаг байх л даа. Нэг л мэдэхэд ярьсан зүйл нь ам дамжин яригдсаар, өөрөө ч ойлгохын аргагүй мэдээлэл, хов жив болон хувирч, өөрт нь сонсогдоход гайхан, цочирдохгүй байхын аргагүй. Ийм байдлаас болж, сэтгэл зүйн хувьд  хямралд орох, бас ажил, амьдралд нь таагүй байдал учрах нь олонтой. Нэг ёсондоо хүний хувийн аар саар асуудлыг өөрийнх нь хүсээгүй байхад, олон нийтэд дэлгэж орхих нь, тэр хүний бүх хувцсыг ньтайлж орхиод олны өмнө чармай нүцгэн байдлаар харуулж байгаагаас ялгаа юун. Хэрэв хүсээд, хайж олбол хүн бүрт сайн муу элдэв асуудал байж л байгаа шүү дээ.

Нэг. Хов жив
Социализмын үед бид зав ихтэй байж дээ. Мөнгө их олж амьдралаа сайжруулахын тулд илүү ажиллах шаардлага үгүй. Ядахнаа л илүү ажиллахыг хүссэн ч нөгөө ажил нь үгүй. Оногдсон ажлаа сайн ч, муу ч хийсэн болчихоод, тогтмол цалингаа аваад гиюүрч суудаг болохоор чөлөө цагаараа бусад хүмүүсийнхээр хэсч, худал үнэн зүйл ярьж, бие биеийн хувийн асуудлуудыг сонирхож бас оролцдог байж. Ажил хөдөлмөр хийдэггүй, ар гэртээ үр хүүхдээ харж, уйдаж суудаг бүсгүйчүүдэд энэ бол цагийн зугаа.

Ойр орчиндоо амьдардаг хүмүүсийн тухай болон өрх гэрийн амьдралыг сонирхож, олсон мэдээллээ өөртэйгээ адил төрлийн амьдралтай бусадтай хуваалцаж, шүүмжилж суух нь зугаатай байдаг байсан байх. Аливаа зүил хөгжлийн тодорхой үе шатыг туулдаг болохоор, тодорхой хугацаанд энэ нь тэдний үндсэн ажил ба мэргэжил шахуу болтлоо хөгжжээ. Түүнээс гадна тэр үед маш ховор байсан мэдээллийн хэрэгслэлийг орлож байсан нь ч нууц биш. Ийм мэдээллийн балгаар зарим гэр бүл салах, ах дүүс , анд нөхөд муудалцах нь зөндөө. Нэг хүний нөгөө хүндээ ярьсан мэдээлэл нь олон хүний ам дамжин, янз бүрийн хийсвэр төсөөллүүдээр баяжигдсаар, эцэст нь адал явдалт зохиолын баатар болон хувирах нь олонтой. Үүнийг хов жив гэдэг юм. Хамгийн хөгжилтэй нь ярьж байгаа хүн нь, цаад хүнээ уг яриаг цааш нь дамжуулан ярина гэдгийг мэдсээр атлаа “Би үүнийг ганцхан чамд итгэж хэллээ шүү. Цааш нь хүнд битгий яриарай” гэж ёс юм шиг л захина. Энэхүү хов жив хэмээх аман мэдээллийн хөгжлийн оргил нь өнөөдрийн “шар” хэмээх тодотголтой сонингууд юм шүү дээ.

Хоёр. Хувийн нууц
Хүн бусдын өмнө шалдан харагдахыг хүсдэггүйгээс хувцас өмсөж явдагтай адил, дотоод сэтгэл болон амьдралд нь бусдаас нууцлах, тэдэнд заавал мэдэгдэх албагүй олон асуудлууд байдаг. Ялангуяа гэрбүл, ах дүү, найз нөхдийн хүрээнд.
Ийм хүрээнд үүсч байгаа алив ээдрээтэй асуудлууд нь “төрийн эргэлт” гаргах болон олон нийтэд ноцтой хохирол учруулахаар биш л бол хэнд ч хамаагүй. Тэгээд ч “Олгой хагарвал тогоон дотроо” гэдэг үг гарсан байх. Хоорондоо ойлголцоогүйгээс үүдсэн маргаан зөрчил, буруу үйлдлээс болж гарсан зөрчилдөөнийг хэрхэн яаж шийдвэрлэх нь тэр хүмүүсийн асуудал. Гаднаас хэн нэгэн хүрч ирээд, тогооны тагийг нь сөхөж хараад, та нар олгойгоо ингээд хагалжээ, одоо цаашид ингэвэл зохилтой гэж сургамжлах буюу, “тэдний олгой нь хагарчээ” гээд бусдад зарлаад байвал хэнд ч аятай сайхан санагдахгүй. Гэр бүл болон ах дүү, найз нөхдийн хүрээнд гарч байгаа алив маргаантай асуудлуудад, гуравдагч этгээд болон бусад хүмүүс орлоцоод ирэхээр утга учраа алдаж, сайнаасаа илүү муу үр дагавар авч ирдэг. Учир нь уг зөрчидөөний эх үүсвэр болон үндэслэлийг тэр хоёроос өөр хэн ч мэдэхгүй, мэдэх ч аргагүй болохоор зөв бурууг шүүх ямар ч боломж үгүй.

Түүнчлэн “Өмдгүй байж өвдөг цоорхойг шоолов” гэгчээр өөрсдийн хувийн олон асуудлаа шийдэж чадахгүй байж, бусдын хувийн асуудлуудыг сонирхоод, тэднийг шүүмжилж, бусдад “загвар’ болгон дэлгээд байх нь зохимжгүйн дээр дэндүү бүдүүлэг хэрэг. Шинэхэн гэрлэсэн хосуудын амьдралд аав ээж, ах дүүс нь хэт оролцон шүүмжилж, зааж зааварлаж байснаас болж салсан, шинэ санаа, бүтээл гаргаж байгаа хэн нэгний хувийн бүтэлгүйтсэн амьдралыг бусдад дэлгэн тавьж, гутаах оролдлого хийснээс урмыг нь хугалсан гэх мэт олон тохойлдлуудыг бид харсаар байгаа.
Тийм ээ! Алив хүний хувийн амьдралд тохиолдож байгаа сайн муу олон асуудлууд нь зөвхөн тэр хүний хувийн “нууц”. Өөрөө хүсээгүй байхад хэн ч сонирхож, хэн ч халдах эрх үгүй. Үүнийг л бид сайтар ялган салгаж ойлгох цаг болжээ.

Гурав:Анкет бүртгэгчид
Саяхан “Орлоо.ком” дээр Алтаргана гэдэг бүсгүй энэ асуудлыг хөндөж бичсэн байсан. Манай монголчууд бие биетэйгээ танилцахдаа нарийвчилсан анкет бүртгэх “хобби”-той. Магадгүй энэ нь монголдоо олон анкет маягт бөглөдөг байсны үр шим байж болох. “Намайг тэр гэдэг”, “Би тийм ажил хийдэг” гэсэн хариулт тань шаардлага хангахгүйгээр барахгүй нэмэлт олон асуултууд ар араасаа цуварна даа.
-Чи аль аймаг вэ?
-Эхнэр хүүхэдтэй юу?
Тэд чинь хаана байдаг? Хэдэн настай болон аль нэг шүд нь хорхой идсэн эсэх
-Чи хаана яг ямар ажил хийж байсан?

За тэгээд социализмын үейин анкет бөглөхөд байдаг хэвшмэл асуулт болох, “Улсаас авсан гавъяа шагнал”, “ял шийтгэл”-ийг лавлана. Сүүлдээ илэн далангүй, “хээгүй” байдлаа, “архи уудаг, хааяа шоуддаг эсэх, мөн нууц амрагтай эсэх” гэхчилэн асуултуудаар илэрхийлнэ. Ёс юм шиг л би түүний таньдаг хэн нэгнийг заавал таньдаг байх учиртайг илэрхийлж, “Чи……….-ийг танина биз дээ”гэсэн асуултууд тулгарна. Тэр хүн нь аль нэгэн босс, эсвэл улстөрч, үгүй ядахнаа хэн нэгэн “одонцор” байх жишээтэй. Хэрэв таньдаг гээд хэлчихвэл тэр нөхрийн тухай хууч хөөрөх хэрэгтэй болдог, таньдаггүй гээд хэлчихвэл “юм мэддэггүй” тэнэг хүний тоонд орчих гээд байдаг.
Цаг зав багатай, яарч яваа үед бол энэхүү танилцах ёслол маань хошин шогчдын хэлдгээр “үнэн тамтай”.
Одоо үед, хүмүүсийн харилцаанд зөвхөн сонирхсон асуудлаар санал солилцох нь харилцааны соёлын үндэс нь болдог. Цаад хүнийхээ ярих дүргүй байхад нь, илүү дутуу элдэв зүйлийг сонирхож, шалгаах нь нөгөө хүнийхээ дургүйцлийг төрүүлж, өөрөө ч эвгүй байдалд ордог гэдгийг санаж байхад илүүдэхгүй.

Уншигч та ч гэсэн хамт ажилладаг болон найзалж нөхөрлөдөг гадаад хүмүүсийнхээ тухай юу мэддэгээ анзаараад үзээрэй. Хүмүүсийн адил төстэй үзэл бодол, сонирхол нь хүмүүсийг хооронд нь холбож нөхөрлүүлдэг. Тийм хүмүүс ойлголцдог санаа бодол, яриа нийлдэг сэдвээрээ ярицахаас бус, бусад хувийн чанартай асуудлуудыг төдийлэн сонирхдоггүй. Чиний сайн найз тань эхнэртэй буюу эхнэр нь ямар ааш зантай эсвэл эхнэрээсээ салсан зэрэг асуудлууд танд огт хамаагүйгээр барахгүй, дээрх асуудлууд та хоёрын нөхөрлөлд нөлөөлөх учиргүй.
Дээрх анкет бүртгэгчид зөвхөн таны анкетийг бүртгээд орхичхдог бол яахав. Хэрэв таны дүргүйцсэн сэтгэлийг анзаарсан бол, таны “их зантай, яравгар нөхөр” болох тухай тодорхойлолт, үндсэн анкет дээр чинь нэмэгдэн, цаашид дамжин яригдах болно. Нэг анзаарсан чинь та дээр хэлсэнчлэн адал явдалт, эсвэл хошин зохиолын гол баатар болчихсон ч явж мэдэх вий. Монголчууд бид хэдий болтол ийм бүдүүлэг, “хээгүй’ явах юм бэ? Ядахнаа л өөрийн эргэн тойрон болон ойр байгаа хүрээндээ үүнийг өөрчилж, харилцааны соёл бий болгох гээд үзвэл яасан юм бэ?

Дөрөв. Тамын тогоо
Энэ мэтчилэнгээр, хувийн нууцад халдсан, элдэв баяжмал бүхий хов жив, анкет бүртгэгчдийн идэвхи зүтгэлээр, олон олон муу үр дагаврыг бий болгож байна.
Бусдын хувийн амьдралын талаар цуглуулсан олон муу мэдээллүүд нь, тэр хүний бусдын төлөө хийсэн болон хийж байгаа олон сайн үйлүүдийг гутаан харлуулахад хэрэглэгдэж байна. Яруу найрагч агсан Р. Чойном. О. Дашбалбар, дуучин агсан Адарсүрэн нарын тухайн үедээ архи ууж, олон бүсгүйчүүдтэй холбогдож явсан нь өнөөдөр хэнд муугаар нөлөөлж байна вэ? Хүмүүс тэдний шүлгийг уншиж дууг нь сонсож, сайн сайхнаар дурсан бахархаж байна. “Уулын чинээ харыг туулайн чинээ цагаан гүйцнэ” гэж хэлэлцдэг. Цаг хугацаа улирах тусам тэдний бүтээл нь улам ч гялалзан мөнхөрч байгааг бид харж байна. Одоо ч Монгол оронд авъяас, хийж бүтээснээрээ гайхуулан бишрэгдэж байгаа хөгжмийн зохиолч Жанцанноров, яруу найрагч Б Лхагвасүрэн гуай нарын тухай таагүй зүйл мэр сэр бичигдсэн харагдаж байсан. Монгол орны хөгжлийн төлөө, монгол хүмүүсийн зүрх сэтгэлийн гэрэл гэгээний төлөө, өөрийн авъяас чадал, сэтгэл оюун, хүч хөдөлмөрөө зориулж байгаа ийм хүмүүсийг “амьдад нь хайрлаж, хүндэтгэж” байх нь “тамын тогооны үлгэр”-ийг жаргаах эхлэл нь болох буй заа.

“Уг нь авъяастай нь авъяастай, мундаг нь мундаг л даа. Гэхдээ л…” гэж хэлэхийг сонсч байсан. Муу хүнээс хүний сэтгэл зүрхэнд хүрсэн сайхан үг сайхан бүтээл гардаггүй л байхгүй юу. Тэд ямар бурхан болон бугийн дүрд ээлжлэн хувирдаг ид шидтэн болон хувилгаад биш. Ердийн сайхан сэтгэлтэй хүмүүс.
“Тамын тогооны үлгэр” нь өөрөөс нь илүү сайн явж, сайн үйлс бүтээж байгаа нэгнийгээ сайшаан бахархахын оронд, хордон атаархаж, энэний ямар нэгэн үйлс нь бүтэлгүйтэж, надаас ялгаагүй болоосой гэж боддог, өчүүхэн атгаг санаатнуудад зориулсан юм. Бид цөөхүүлээ. Энэ нь аливаа сайн зүйлийг түгээн дэлгэрүүлэхэд, бага хугацаа шаарддагаараа давуу талтай.
Монгол орны хөгжлийн төлөө, монгол хүмүүсийн сайн сайхан амьдралын төлөө, чин сэтгэлээсээ хийж байгаа сайн сайхан үйлс бүхнийг дэмжин талархаж байх нь бидэнд үнэхээр хэрэгтэй. Хүмүүсийн амьдралын аар саар алдаа оноо бүхнийг олж илрүүлэн бусдад сурталчлан гутаах нь тийм сайхан зүйл гэж үү? Монгол орны хөгжилд саад болж байгаа, монгол орны хувь заяа, тусгаар тогтнолоор тоглож байгаа хүмүүсийн талаар энд хэлээгүй юм шүү.
Бид бие биеэ дэмжиж, бага гэлтгүй алдаагаа засч, сайн сайхан бүхний төлөө бие биедээ сайнаар нөлөөлж байх нь үнэхээр чухал байна.
“Муур хар ба цагаан байх нь хамаагүй. Гагцхүү хулгана барьдаг байх нь чухал” гэж манай урд хөршийн шинэчлэгч Дэн Сяо Пэн хэлсэн юм. Мундаг үг шүү.

Mar 28

Үнэнээр явбал

By gala-admin | ЗАЛУУ НАС - ХАЙР

Үнэн гэдэг ойлголтыг хүмүүс янз бүрээр ойлгож, тайлбарладаг. “Харьцангуй үнэн гэж байхаас туйлын үнэн гэж байхгүй”  хэмээн ШУ -ны үүднээс нотолдог. “Хүн төрөх, үхэх нь үнэн”  гэдэг хэллэгийн дунд “татвар төлөх нь үнэн”  гэж хавчуулсан байх жишээтэй. “Бусдад худал хэлж, хулгай хийхгүйгээр, зөв сайн бодолтой, алив зүйлд үнэн шударгаар хандаж явбал ажил үйлс тань аяндаа бүтдэг юм шүү”  гэж эцэг эхчүүд нь үр хүүхдүүддээ захиж сургана. “Би шударга үнэний төлөө тэмцэж байна”  хэмээн зарим нэгэн хүмүүс цээжээ дэлдэн өөрийгөө дөвийлгөнө.
Туйлын үнэн гэж байхгүй хэдий ч, энэ ертөнцөд хамтдаа амьдарч байгаа хүмүүс бидний нийтээр дагаж мөрдөх хууль, дүрэм журам, хэм хэмжээг хүн төрөлхтөн зохиож, мөрдөж, мөрдүүлж иржээ. Энд болох, болохгүйн зөвшөөрөл ба хориг, түүнийг зөрчсөний төлөөх муу нөлөө ба хохирлыг хэрхэн шийдэхийг ч заасан байдаг.
Хууль дүрэм, журамгүйгээр хүн болгон өөрийн хүссэн бүхнээ хийж, дур зоргоор авирлаад эхэлбэл юу болохыг төсөөлөхөд ч бэрх. Тийм болохоор ” тэнгэрийн дор төрж, хуулийн дор амьдарна”  гэдэг хэллэг гарсан биз.
Түүнчлэн хүн төрөөд, өсч бие хүн болох хүртлээ өөрийн эцэг эх, найз нөхөд, орчин тойрон, шашин, уншиж суралцаж, мэдэж сурсан бүхнээсээ амьдралыг үзэх үзэл болон өөрийн гэсэн итгэл үнэмшилтэй болцгоодог. Энэ итгэл үнэмшлээ “үнэн” гэж тооцож, үүнийгээ хатуу баримтлах нь бас бий.
Ингээд бодохоор үнэн гэдэг олон ойлголтуудаас бүрдэх ажээ. Харин өөрийн “үнэн”  гэж бодсон зүйлээ зөрчигдөх болон эсрэг хандлагад хүмүүс наш ихээр дургүйцэн бухимдаж бас шанална.
                                    

“Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ”
…Монголын үндэсний их баяр наадмын сондгой даваануудад хүчит бөхийн цолыг дуудан, ам авсныг зарлахдаа:
Үнэн хүчийг үзэж
Барин авч барилдая гэв ээ хэмээн уянгалуулдаг.  Үнэн хүчээ үзэн барилдах гэсэн нэгнийг ” За чи энэ даваанд тэр бөхөд унаад өгчих. Чамд их мөнгө өгье. Чамд мөнгө, тэр залууд цол хэрэгтэй”  хэмээн дарамтлах. Хэрэв эр зориг гарган татгалзвал ” За яахав өөрөө л мэд. Чи бид 2 аль нэгэн даваанд учрах байлгүй”  гэж заналхийлнэ.Аргагүйн эрхэн үнэн хүчийг үзэж биш, хууран мэхлэлтийг үзүүлэн худлаа унан жүжиглэнэ.  Монгол бөхийн ертөнцөд орж ирэн хөгжсөн энэхүү цолны төлөөх ” найраа”, “бизнес”,  бүлэглэсэн дарамтаас залхахдаа, ард түмний хайрлан биширч, хүндэлдэг байсан “аварга” А.Сүхбат барилдахаас татгалзан “зодог тайлжээ”.
Үнэн гэдэг заримдаа “мөнгө, хуйвалдааны өмнө”  бүдэрдэг ажээ.
…Саяхан Монгол улсын ерөнхийлэгч Н.Энхбаяр зарлиг гаргаж, зохиолын дууны ертөнцөд орж ирээд удаагүй, хийж бүтээсэн зүйл нь төдий л ихгүй залуу дуучин Жавхлан, Баясгалан, Бат-Эрдэнэ нарт “Монгол улсын гавьяат жүжигчин” гэдэг эрхэм цолыг олгосон нь багагүй шуугиан дэгдээж, олон нийтийн бухимдлыг хөөргөж орхисон. Сэтгүүлч Б.Ганчимэгийн бичсэнчлэн, Монголын сонгодог урлагт өөрийн гэсэн орон зайтай болж, эх орныхоо нэрийг монголдоо төдийгүй дэлхийд дуурсгаж яваа, олон гайхамшигт дуучидтай харьцуулахад бас ч харамсмаар.  Сүүлийн үед “гавьяат”, болон “ардын’ цолыг үнэн хөдөлмөр, авьяас чадвар, хийж бүтээсэнд бус “нутгийн зөвлөл” гэгчийн лобби, сонгуулийн сурталчилгаа, их мөнгөөр олгодог болжээ гэх хардлага, шагналын нэр хүндийн уналт, хүмүүсийг ихээр бухимдуулж буй.
 

Үнэн гэдэг заримдаа “хоосон алдар, гавьяагүй шагналын” өмнө бүдэрдэг ажээ
… Өнгөрсөн жил болж өнгөрсөн УЙХ-ын болон орон нутгийн сонгуулийн үеэр, сонгуульд нэр дэвшиж, улс орноо “диваажин”  мэт хөгжүүлж, ард иргэдээ “лусын хаан”  мэт амьдруулна хэмээн амалж байж сонгогдсон олон эрхмүүдийг бид мэднэ.
Өдрөөс өдөрт ард иргэдийн амьдрал ядуурч, улс орон маань доройтон хямарч байхад, өдгөө тэд, өдрөөс өдөрт өнгө орон гялалзаж, өөрсдөө “лусын хаан” мэт баяжиж, “диваажинд буй”  мэт жаргацгаана. Амьдралаа босгохын төлөө, алд биейин алжаалыг умартан, эх орондоо төдийгүй харь оронд ч хатуу хөдөлмөр хийж, хэцүү бэрхийг даван туулж яваа, олон олон залуусын дэргэд тэд ” хэн?” билээ. Алд биеэ алжаалгахгүйгээр амар аргаар амьдран, худал хэлж, хууран мэхэлж буй тэд, нэгэн цагт бүдэрч унах “ангал” аа өөрсдийн өмнө ухаж буйгаа анзаарахгүй.
Үнэн гэдэг заримдаа “эрх мэдэл, заль луйврын өмнө” бүдэрдэг ажээ.
…”Хадгаламжийн”  нэртэй банкны тооцоог хариуцаж байхдаа, уг банкнаас хууль бусаар 14 тэрбүм төгрөгийг авч БНСУ-ын казинод тоглоод үрсэн гэх Чимэдцэрэн, амьдрахын эрхээр, өлсөхийн балагаар, арчаа муутайдаа хууль зөрчөөд хоригдож буй олон иргэдтэй адил ял эдэлж буй. Ард иргэдийн хадгаламжийн 14 тэрбүм төгрөгийг, хэн нэгний халаасны 140,000 төгрөгтэй адилтгаж болно гэж үү? Гаалийн байгууллагыг удирдаж байхдаа, олон зуун сая төгрөг авилгал хахуулаар, авч ашигласан гэх Баатар өнөөдөр ялаа эдэлсэн хэмээн суллагдаад, эрх чөлөөтэй явж байна. Санамсар болгоомжгүйгээс хэрэгт холбогдож, өдгөө зүрх сэтгэлийн шаналал, харамсалдаа “нулимс унаган” ялаа эдэлж суугаа олон залуус Баатараас дор гэж үү? Хууль гууль болж, хуйвалдаан өс хонзонгийн хэрэгслэл болж буй энэ үзэгдэл, “хуулийн өмнө хүн бүр тэгш байх”  хуудуугүй зарчмыг хөсөрдүүлж буй.
Үнэн гэдэг заримдаа ” худал болсон үнэн, хуулийн хуудууны өмнө” бүдэрдэг ажээ
…”Миний хүү хичээж сайн суралцаарай. Сайн сурсан эрдэм, эзэн нь болж чадсан мэргэжил гэдэг л сайхан амьдралыг чамд авчирч өгнө”  гэсэн ерөөлөөр үр хүүхдээ эрдмийн аянд үднэ. Хичээж сайн сурч, эзэмшсэн мэргэжлээрээ эх орондоо ажил олохгүй. Ажил хэрэгч, өндөр чадвар, мэдлэгтэй хүн ажиллах орон тоон дээр нь хэн нэгэн эрх мэдэлтний “татаас” ны нэртэй “толгойгүй ” эрхэм суучихаад өөрөө ч хөгждөггүй, улс орноо ч хөгжүүлдэггүй, яг л ” зэлтэрийн гацаа”  гэдэг шиг л болно. Аргаа барахдаа зарим нь амьдралаа авч явахын тулд “хувийн бизнес” хийж, арчаатай зарим нь гадаад оронд мэргэжлийнхээ ажлыг хийн өөрийгөө хөгжүүлнэ. Гэвч тэдний зүрх сэтгэлд өөрийн хүч чадал, авьяас, эрдэм мэдлэгээ өөрийн эх орондоо зориулж чадаагүйн бяцхан харуусал бий.
Үнэн гэдэг заримдаа “худал дүр эсгэгч, хоосон дагалдагчийн өмнө” бүдэрдэг ажээ.
1960-1970 аад оны үед Монгол орны төр засгийг хослон барьж байсан МАХН, “сэхээтний төөрөгдөл”  нэрийн дор олон сайхан залуусыг буруутган, амьдаар нь яллаж, амьдралаар нь тоглосон юм. Тэр үеэс монголчууд айдасаа зүрхэндээ нууж, үнэннийг “шивнэж”  ярьдаг болжээ.
-Энэ ч үнэн үгтэй шударга нөхөр юм. Гэхдээ хол явахгүй ээ, хөөрхий
-Уг нь ч үнэн л юм ярьж байна. Гэхдээ л …
“Дааганаас унаж үхдэггүй, даравгараас болж үхдэг”  гэдэг гунигтай хэллэг тэр цагт дэлгэрсэн гэдэг. Туулайг гүйцдэг асан үнэний үхэр тэрэг алгуурхан сажилна. Үхэр тэрэгний дугуйн хяхнах дуу, олон олон хүмүүсийн сэтгэлд айдас хургаана.
1990 оны ардчилсан хувьсгал чухамдаа “үнэн” -ий төлөөх тэмцэл байлаа. Үнэн үг, шударга ёс гэдэг бол хүмүүсийн мөрөөдөл байсан юм. Ардчилал ялснаас хойш, зарим тохиолдолд арай хэтрүүлж байсан хэдий ч, хүмүүс алив зүйлд арай л бодитой хандаж, шударга байдал тогтож, үнэнийг ярьж эхэлцгээв.
Үнэний үхэр тэрэг сажлахаа больж цовоо гэгчээр хурдлана. Дугуйны хяхтнах дуу ч гайгүй болоо юу даа. Гэтэл… Яагаад ч юм бэ үнэний үхэр тэрэг бас л “эцэж”  эхлэх юм. 2008 оны 07 сарын 01 нээс хойш улам бүр сульдах мэт. Хүмүүсийн сэтгэлд хургасан “уулын чинээ хар”  айдас дунд, худал хуурмаг бүхэн үржиж, эцэстээ энэ бүхнийг “байх л зүйл мэт”  хүлээж авах орчин бүрдэх нээ. Хүмүүс дахиад л үнэнийг “шивнэн”  ярьж эхэллээ. Гэхдээ тэртээ нэгэн цагийнх шиг айдастай бус, бухимдаж, зэвүүцэн ярьж байна.
“Уулын чинээ харыг туулайн чинээ цагаан гүйцнэ”
 -Oдоо цагт үнэнээр яваад хэрэг байгаа юм уу?
-Аль зальтай, эрээ цээргүй, ичих булчирхайгүй нь сайхан амьдраад байна шүү дээ?
-Үнэн шударга явж байгаа нь хохирч байна шүү дээ
гэж хүмүүс бие биеэсээ асууцгаана. Хэрэв тэгж бодоцгоож байгаа бол бид бүгдээрээ л худал хуурмаг, муу муухай бүхнийг хийцгээх гэж үү?
Үнэн явдал, шударга үйлс өнөө ч, хэзээ хойно ч заавал ялдаг жамтай. Худал хуурмагаар, заль мэхээр, өнгө мөнгөөр өнөө бөх зүйл бүтэж, сайн сайхан болж буй мэт харагдавч, маргаашийн өдөр энэ бүхэн даан ч өчүүхэн, үнэ цэнэгүй зүйл болон хувирдагийг бид энэ амьдрал олонтаа харцгааж байгаа.  Цаг цагийн эргэлтэд, хуучин шинийн харгалдаанд, ухаарч мэдрээгүйн эргэлзээнд өнөөгийн Монгол оронд минь “уулын чинээ хар”  нүүрлэж буй нь үнэн. Тэвчээр, ухаарал, зориг тэмцлээр “туулайн чинээ цагаан”  гүйцэх цаг ирнээ. Үүний төлөө монгол хүн бүр дор бүрнээ хичээн, тунгаах цаг болж буй.
…Амар хялбар, аль муу аргаар сайн сайхан амьдралд хүрч байгаа мэт харагдавч алсдаа энэ бүхэн үнс болон хийсч, адаг сүүлд нь сэтгэлийн зовлон шаналалд унан харамсах болдог. Биеэ үнэлж, хулгай хийж, бусдыг залилан луйвардаж өнөө сайхан яваа мэт харагдавч, сэтгэл амар амгалан, тайван амьдарч чадна гэж үү?
 

Үнэн гэдэг бусдаас, амьдралаас авах ухаарал юм
…Өөрийн боломж хүч чадлаар бус, өрөөл бусдын татаас дэмжлэгээр өнөө болж буй мэт боловч, маргааш энэ бүхэн салхинд хийсэх мэт алга болж орхино. Өнөөдөр чамайг ашиглан өөрийн хүсэл зорилгоо биелүүлэх нэгэн, маргааш чамайг өчүүхэн ч өрөвдөлгүй хаяж одох бөгөөд, нөгөөдөр өөрөө өндрөөс няц унах тавилан буй.
Үнэн гэдэг өөртөө итгэх итгэл, бас найдвар юм.
…Бүх нийтээр дагаж мөрдөх хууль дүрэм гэгч, бидний хандах зүг, хэм хэмжээ, баримтлах чиглэл маань юм. Дагаж мөрдөөд, сахиж сануулаад тайван амьдрахын оронд зөрчиж, зөрүүдлээд бие болоод сэтгэлээ чилээх хэрэг юун. Хүн бүр л өөрийнхөөрөө тайван амьдрахыг хүсч буй. Үүний баталгаа нь энэ хууль дүрэм юм.
Үнэн гэдэг бие биеэ хүндлэх, дагаж мөрдөх хууль, дүрэм юм.
… Бусдын үйлдэж буй шударга бус явдал, луйвар, хууль бус үйлдэл өнөө эс гэхэд маргааш та бидэнд муугаар нөлөөлөх болдог. Өөрт хамаагүй хэмээн “нүдэн балай, чихэн дүлий” өнгөрөхөд нэгэн цагт таниг бухимдуулах шалтаг болно. Өөрсдөө бид тэвчдэг юм аа гэхэд үр хүүхэд минь бас л энэ “хар үзэгдэл”  дунд амьдрах болно. Ганц нэгээрээ бус, атгасан гар шиг нэгдэж, үнэний төлөө тэмцэх цаг ирдэг.
Үнэн гэдэг маргаашийн сайн саихны төлөөх тэмцэл юм.
…Өөртөө бий болгосон таны итгэл үнэмшил, үзэл бодол, хүмүүжил тан; өөрийн тань хувьд “туйлын үнэн” юм. Өөртөө итгэлтэй, хатуу чанга зорилготой байж, өөрийнхөөрөө зөв амьдрах гэдэг юутай сайхан. Энэ “үнэн”  тань таныг гэрэлтүүлж, амьдралыг тань утга учиртай, бас баяр баясгалантай болгоно.
Үнэн гэдэг амьдралын эрч хүч, баяр баясгалан юм.
Үнэн гэдэг амьдралын талх юм. Та буруу зүйл хийхгүй, бусдыг баярлуулж, бас сайн сайхнаар нөлөөлж, тэр хэмжээгээрээ бусдаас хариу талархал, сайн энерги авч байдагт л үнэний ид шид оршино.
Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцэж, уулын чинээ хар сүүдрийг туулайн чинээ цагаан гүйцэж, амьдралыг яг л нар мэт гэрэлтүүлдэг гэнэм.
Шударга үнэн хэзээд ялах болно.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

2008-03-28

Mar 28

Хайр заримдаа хүнийг “тэнэг ” болгодог

By gala-admin | ЗАЛУУ НАС - ХАЙР

/Уншигчийн захиалгаар бичив/
Миний өмнө нэгэн уншигчийн захидал дэлгээстэй байна. Бие биедээ “үхэтлээ’ дурлаж, хүсч мөрөөдсөн аз жаргалтайгаа учирч, гэр бүл болцгоосон хосууд…
Бие биедээ эрхэлж нялхарч, хорвоо дээр бид хоёроос илүү сайхан, аз жаргалтай нь үгүй, насан туршдаа зөвхөн бид хоёр л ийм аз жаргалтай байх болно гэсэн мөрөөдлийн сайхан бодолдоо ‘мансуурцгаана”. Аз жаргал мансуурлаар дүүрэн “бал сар’ өнгөрч, цаг цагийн эрхээр амьдрал нь ердийн хэмнэлд орж, бусдын адил амьдарцгаах болно. Хүүхэд төрж, баярлан хөөрч, заримдаа алив асуудлаас болж бухимдан маргацгаах зүйл гарна. Амьдрал хэвийн үргэлжилсээр олон он жилийн дараа, “бидний амьдрал нэг л болж өгөхгүй байна” эсвэл “бид яагаад салчихваа?” гэж гайхширана. Зүрх сэтгэлд нь дүүрч бүр бялхаж асан хайр нь хэзээ хаана асгарсаар, дундарч бас дуусаж орхисныг үл мэднэ. Сэтгэлдээ шаналж, энэ бүхний хариуг хаа нэгтэйгээс хайна.
Надад хандсан энэ захидлын хариуд би энэ өгүүллийг бичихээр шийдлээ. Би ч бас энэ амьдралд алдаж явсан. Мундаг ухаантан, судлаач, бас ид шидтэн биш ч өөрийн сэтгэлийн эмзэглэлээ та бүхэнтэй хуваалцахаар шийдлээ.
1. Чи миний хүслийг биелүүлэгч “чандмань эрдэнэ”
-Чи минь наддаа хайртай юу?
-Хайртай байлгүй яах вэ?
-Бүх насан туршдаа юу?

-Мэдээж
-Чи минь миний хүссэн бүхнийг биелүүлнэ. Тийм ээ?
-Тэгэлгүй яахав, хайрт минь. Яагаад гэвэл чи минь энэ ертөнцийн хамгийн сайхан, хамгийн ухаалаг бүсгүй шүү дээ!

Иймэрхүү маягаар эхэлсэн халуун хайр сэтгэл олон жилийн дараа “шулам” “тэнэг” гэдэг үгээр солигдоно гэж хэн төсөөлөх билээ. Эрхэлж эрхлүүлэхийн зааг дээр нэг нь нөгөөгийнхөө хүсэл сонирхлыг “сохроор” даган биелүүлж, хайр сэтгэлдээ ‘үнэнчээ’ илэрхийлснээр, бүх зүйлийг зөвхөн өөрийн хүсэл сонирхлоор байлгах гэсэн “тэнэг’ үйлдлийг төлөвшүүлж орхино.
-Би ийм зүйл хүсч байна гэнэ.
– Аав ээж, ах дүүсдээ ингэж хэл гэнэ.
– Найз чинь надад таалагдахгүй байна. Чи надад хайртай юу, найздаа хайртай юу?
-Би ингэж амьдрахыг хүсч байна гэнэ.
-Би тийм зүйл авмаар байна гэнэ.

Хүний хүсэлд хязгаар байх биш. Хүн юу эсийг эс хүсэх билээ. А.С. Пушкины “Алтан загасны эмгэн” хэмээх ёгт үлгэр энэ бүхний сонгодог жишээ.
Ямар ч эсэргүүцэлгүйгээр хайртай хүнийхээ хүссэн бүхнийг дуугүй биелүүлээд байвал, эцэст нь нөгөө хүндээ ч сонирхолгүй, “тэнэг” байдалд орж, ийм сэтгэгдэл төрүүлдэг болох нь ч олонтаа. Би саяхан нэг онигоо уншсанаа санаж байна.
…Эхнэр нь гэртээ ирээд хоол хийх гэж ногоогоо арилгаж, махаа хөшиглөж байж. Нөхөр нь хажууд нь ирж, “чи наад ногоогоо зөв хэрчээч, мах чинь багадахнээ, давсаа тааруулаач” гэхчилэн үглэж гарч л дээ. Тэсвэр алдсан эхнэр нь, “чи яасан ядаргаатай юм бэ? чамтай чамгүй хоолоо хийж дөнгөнө, чи зүгээр холдоод өгөөч” гэж уурлажээ. Харин нөхөр нь инээгээд “Хоолондоо гол нь бишээ. Намайг машин жолоодож явахад хажууд зааж зааварчлаад байвал ямар байдгийг л ойлгуулах гэсэн юм’ гэсэн гэдэг. Инээдтэй ч сургамжтай онигоо. Нээрээ л машин жолоодож явахад нь хажууд нь сууж яваа эхнэр нь зааж зааварчилж, бас зэмлэж байхыг би олонтаа анзаарсан юм. Тэд нөхөртөө тэгтлээ итгэхээ больчихсон, эсвэл “тэнэг’ гэж боддог байх. Нэг нь нөгөөгийнхөө хүсэл сонирхлыг байнга биелүүлээд, үг дүүгүй зөвшөөрөөд байвал, “энэ лав тэнэг байх” гэдэг бодлыг төрүүлж, улмаар итгэл үнэмшил болгож орхидог юм биш байгаа.
Элдэв маргаан, зөрчлөөс төвөгшөөж, зөвхөн хүслийг нь биелүүлдэг “чандмань эрдэнэ” болон хувирах нь амьдралд зөрчил авч ирдэг гол шалтгаан. Ийм байдлаас л нэг нь нөгөөгийнхөө “Мөр’ болон ‘толгой’ дээр нь гарч суугаад “дарамтлагч’ болно. Үүнээс болж нөгөө нь өөртөө итгэлгүй, дотроо бухимдалтай, бас арчаагүй болж хувирахад хүрдэг. Алив асуудлаар санал нийлэхгүй бол “үгүй’ “болохгүй” гэж хэлж, маргалдаж мэтгэлцээд ч болсон ойлголцож, уг асуудлыг зөвөөр шийдэж, тохиролцоонд хүрч байх нь үүнээс сэргийлэх гол арга мөн. Хааяа ч гэсэн бие биедээ буулт өгч, асуудлыг өөр өнцгөөс харж байх нь “доошоо орж, нэр сүр тань унаж байгаа’ хэрэг огтхон ч биш. Хайр гэдэг, нэг нь нөгөөгийнхөө хүсэл сонирхлыг үг дүүгүй, хүлцэнгүй биелүүлж байдаг “чандмань эрдэнэ” огтхон ч биш, харин хамтран амьдарч буй хоёр хүний тэгш эрх бас тэгш ашиг сонирхол. Ядаж л бие биеэ хүндэтгэн, үгийг нь сонсч, тусгаж авч байх нь хэн хэнд ч тустай зүйл шүү дээ.

2. Чи зөвхөн миний “өмч”

Гадаадынхантай харьцуулбал монголчууд бид гэрлэсэн л бол бие биеэ шууд л өөрийн “өмч” гэж тооцдог өвөрмөц сэтгэхүйтэй. “Чи бол зөвхөн минийх, би бол зөвхөн чинийх” гэсэн уриан дор, “Хайртай бол хартай” гэдэг уламжлалт  сургаалыг алив харилцаанд мөрдлөг болгон ашигладаг. Чи гэр бүлтэй учраас бусад хүмүүстэй дотно харьцаж болохгүй, бусад хүмүүсийг аятайхан харж “инээмсэглэн, аальгүйтэж’ болохгүй, бусдад тааламжит сэтгэгдэл төрүүлж болохгүй гэхчилэн олон “болохгүй’-н хоригууд уг хосуудыг бусдын өмнө “эвгүй байдалд” оруулж “шоолуулах” шалтаг болдгийг нуух юун. Чи хайр сэтгэл, гэр бүлдээ “үнэнч’ байх ёстой нь үнэн хэдий ч өөр бусад сайхан хүмүүсийн талаарх сэтгэгдлээ гэм хийсэн мэт “нуун дарагдуулах” бодит шалтаг бас биш. Бие биедээ илүү нээлттэй, илүү итгэлтэй, бие биеийн бодол сонирхлыг илүү хүндэтгэн үзэж байх шаардлага бий болжээ. Хүн хэзээ ч нэг нэгнийхээ бодол санааг “өмчилж” чадахгүй бөгөөд тийм боломж ч үгүй.

Зарим тохиолдолд, бие биеэ ажлын газрынхан, найз нөхөд, хамтран ажиллагч эсрэг хүйстэнтэй утга учиргүй хардана. Хардсаны улмаас алхам тутмыг нь хянаж, цаг хугацаа бүрийг хэмжиж, хэлэх ярих бүрийг нь зааварчилж, өөрийгөө болон өрөөлийг ч зовооно. Эгээ л дээл оёж, товч бүчийг нь хадаж байгаа аятай.
Энэ бүхнээс залхахдаа хэрүүл маргаан үүсгэнэ. Хэрүүл маргаанд “ялагч” байдаггүй тоглоомын дүрмээр хэн ч асуудлыг нааштайгаар шийдэж чаддаггүй.
Та хоёр бие биейинхээ хувийн “өмч” биш. Хэн нь ч бусад олон хүмүүстэй хамтран ажиллаж, найзлаж нөхөрлөх эрхтэй. Харин бие биедээ итгэж, алив төвөгтэй асуудлыг нүүр тулан ярилцаж, ойлголцож, бас бие биеэ уучилж сурах хэрэгтэй болдог.

3. Салшгүй сайн хүндээ марташгүй муу үг бүү хэл!

“Бал сар”дуусаж, амьдралын ердийн хэмнэлд орсноос хойш, бага багаар санал зөрөлдөж, маргалдах зүйл багагүй гардаг. Аргагүй шүү дээ, хоёр өөр орчинд өссөн, хоёр өөр хүмүүжил, хоёр өөр үзэл бодлын зөрчилдөөн илэрч байгаа хэрэг. Маргалдах үедээ хэн нэг нь, нөгөөгөө давж гарах гэж, санаанд орсон бүдүүлэг үгээ харамгүй цацаж орхиод, сүүлд нь хармсдаггүйгээр барахгүй “энэ надад хайртай юм чинь уучилж л таараа’ , эсвэл “намайг юу ч гэж хэлсэн энэ гомдохгүй ээ” гэдэг бодлоор өөрийгөө тайтгаруулдаг. Дараа нь та хоёр эвлэрч, учраа ололцож, бие биеэ уучилсан ч, “зүрх зүсэж, гол гомдоон” хэлсэн муу үг нь мартагдаж өгөхгүй нэг л “цээж хөндүүрлүүлнэ”. Олон олон ийм тохиолдлын дараа, хуримтлагдсаар байсан “цээжний хөндүүр” гомдол болон тэсэрч, ямар ч ‘гунигт’, муу үр дагаварт хүргэж болзошгүй. Ийм олон гунигт тохиолдлуудын тухай бид уншиж сонссор байгаа.
“Үгээр хүнийг үхүүлж, бас аварч болдог”.
Тэгэхээр маргалдаж, муудалцаж байгаа тохиолдол бүхэндээ хэлэх үгээ бодож цэнэж байх нь хэрэгтэй. Хэрэв та хоёр бие биедээ үнэхээр хайртай, бие биегүйгээрээ байж чадахгүй гаж бодож байвал, маргалдаж муудалцах бүрдээ сэтгэл дотроо “эвлэрэх” зай заавал үлдээж байгаарай. Энэ тун чухал шүү. “Цусаа гартал зодолдож, тосоо гартал тэврэлдэнэ’ гэсэн монгол хэллэгийг би лав ойлгодоггүй. Маргаан бүхэнд, үүний уршгаар хэлэгдэж буй муу үг бүхэн хүний зүрх сэтгэлийг шархлуулдаг. Энэ шархыг чин сэтгэлээсээ гуйх “уучлал’, дахин давтахгүйн “гэмшил’, итгэл үнэмшил л эдгээдэг юм даа.

Төгсгөл

Би энэ захидлыг уншиж, ийм тохиолдлуудын тухай бодож суухдаа хэн нэгэнд бурууг өгөх гэсэнгүй. Ойлголцож чадахгүйгээс болж, олон гэр бүл салж, үр хүүхдүүд “өнчирч”, үр хүүхдүүдээ бодсондоо олон гэр бүл “шүд зуун, тэсэж” бусдын өмнө сайхан гэр бүл болж харагдах гэж жүжиг тавин амьдарцгааж байгаа нь ч нууц биш. Бид ч яахав, дүүрч гэж бодоход, одоо өсч өндийж байгаа бидний үр хүүхдүүд, хойч үе маань бидний алдааг давтан, бид харсаар, харамссаар суух уу? Хэн тэдэнд энэ бүхнийг хэлж, зааж сургаж, зөвлөж ухааруулах юм бэ? Аав ээж, ах эгч, найз нөхөд, ном хэвлэл эсвэл “ид шидтэн үү”. Алив зүйлийг нууцлах тусам хүмүүсийн сонирхлыг илүү татдаг.
Энэ талаар нэн даруй хийх зүйл бол, монголын боловсролын тогтолцоонд өөрчлөлт оруулж, ЕБС-ийн 11, 12-р ангид “Гэр бүл, бэлгийн хүмүүжил’ хичээлийг оруулж судлуулах явдал юм. Энэ тухай олон жил яригдаж байгаа хэдий ч өнөөг хүртэл хэн ч зориглож хийхгүй байна. Ийм хичээлээр, “гэр бүлийн нийгэмд хүлээх үүрэг, энэ талаарх хууль эрх зуй, гэр бүлийн харилцаа, гэр бүлийн эдийн засаг. бэлгийн хүмүүжил, хүүхэд төрүүлж, өсгөх, хүмүүжүүлэх арга зүй”-н ойлголтуудыг заавал эзэмшүүлэх шаардлагатай. Дээр нь эцэг эх, ах эгч нар нь илэн далангүй ярилцаж, зөвлөн тусалж байх нь илүү үр дүнд хүрэх боломжийг олгоно.

Өнгөрсөн зуунд, залуу үейинхний хайр сэтгэлийн тухай өгүүлсэн Оросын “Валентин, Валентина хоёр” хэмээх уран сайхны кинонд хайр сэтгэлийг нь салгах гэсэн оролдлогод гомдсон бяцхан охин уйлж, “томчууд гэдэг чинь яасан муухай хүмүүс вэ? Хүнд хайртай болсны төлөө баярлаж баяр хүргэхийн оронд бүгд л үзэн ядацгаах юм” гэж хэлж байсан нь санаанаас гардаггүй юм.
Хайр сэтгэл. гэр бүл, бэлгийн харилцаа гэдэгт хэн ч зааж зөвлөж сургаагүйн улмаас “бор зүрх’ “хар мэдрэмжээрээ” хөл тавьж байсан бидний үейин зарим нь, хайр гэдэг зарим хүнийг “тэнэг’ болгодог юмаа гэж гайхширч сууна.
Хайр сэтгэл хүний ертөнцийн хамгийн агуу нандин, гэгээлэг зүйл болох тухай миний бие өмнө нь “Хайр, хүндэтгэл, итгэл” өгүүлэлдээ бичсэн билээ. Надад хандсан уншигч танд талархлаа илэрхийлье.
Хайр сэтгэл хүмүүсийн амьдралд үргэлж л баяр баясгалан, хоёр биений түшиг тулгуур, харилцан бие биеэ хүндэтгэх ухаарал өгч байх болтугай.
Хайр сэтгэлийн хүчинд та хоёр бие биеэ илүү ухаалгаар хайрлаж, илүү ухаалгаар хүндэтгэж, илүү ухаалгаар итгэж, аз жаргалтай сайхан амьдрах болтугай.
Та бүхэнд аз жаргал ерөөе!
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

Mar 22

Америк дахь” монгол хүүхдүүд”

By gala-admin | БОЛОВСРОЛ

…Энэ болсон явдлын тухай, миний нэг танил надад сонин болгож ярьсан юм. Америкийн нэгэн дунд сургуулийн хичээл тарж, хүүхдүүд бүгд автобусандаа сууцгаажээ. Гэтэл нэг монгол охин автобусандаа суусангүй. Багш нь учрыг нь лавлавал, “аав, ээж хоёр намайг гэртээ битгий ирээрэй гэж загнасан” гэж хэлж. Монгол гэр бүлүүдийн уламжлалт, “сурган хүмүүжүүлэх арга барил”-ын талаар ямар ч төсөөлөлгүй, америк багш нь энэ тухай цагдаад мэдэгдэж, цагдаа нар ч дор нь аав ээжийг нь “хүүхдээ дарамталж, гэрээсээ хөөсөн” зүйл ангиар баривчилж, хорьж орхисон гэдэг. Түүгээр ч барахгүй, уг охины аав ээжийн, “эцэг эх байх эрх”-ийг нь хориглох тухай ч яригдаж. Аав, ээж, охин гурав хуулийн өмнө учраа ололцож, тодорхой хэмжээгээр шийтгэл хүлээгээд гэртээ харьцгаасан нь мэдээж. Америк оронд “монгол уламжлалаа” гаргасан, эцэг эх, хүүхдийн энэхүү зөрчилдөөнт харилцаанд, өөр хэн ч биш, энэ гэр бүл хамтаараа хохирол амссан.

Хүний нутагт хар ажил хийж олсон мөнгөөрөө охиноо, гэр бүлээ тэжээж байсан эцэг эх нь хэдэн өдрөөр ажлаа тасалж, энэ хугацаанд олж болох цалингаа алдаж, дээр нь чамгүй хэдэн доллараар торгуулж таарна. Хамгийн гол нь эцэг эхийн сэтгэлд “айдас хургаж” охинтойгоо илэн далангүй харьцаж чадахаа болино.

Иймэрхүү жишээ мэр сэр сонсогдож байдаг. Олон ч хүмүүсийн амнаас Америкт өсч өндийж буй монголчуудын үр хүүхдүүдийн бүхэл бүтэн үеийнхний тухай сэтгэл зовнисон зүйлсийг сонсож байлаа.
Нэгэн зүйл: Тэд хэний төлөө, юуны тулд…
Америкт гэр бүлээрээ хүүхдүүдтэйгээ, ганцаараа хүүхдүүдтэйгээ, эсвэл гадаад хүнтэй гэр бүл болж, дагавар хүүхэдтэйгээ амьдарч байгаа олон монголчууд бий. Тэд мөнгө цуглуулах гэж бус, хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө өөрсдийгөө золиослон амьдарч байгаа нь үнэн. Тэд хүнд хэцүү ажил хийж, зээлээр машин авч унан, дангаараа байр хөлсөлж амьдарцгаадаг. Тэд өглөө эртлэн босч, хүүхдүүдээ сургуульд нь хүргэж өгч, бас сургуулиас нь тосч, хажуугаар нь ажил хийн мөнгө олж, хүүхдүүдээ хичээлээ давтахад нь саад болохгүй гэж хажуу өрөөгөө бусдад хөлслүүлж, ачааллаа хөнгөлөхөөс ч татгалзацгаадаг. Зөвхөн Вашингтон хотод л нэг өрөө байр ойролцоогоор 1500$ орчмоор хөлсөлж суудаг, дээр нь хоол хүнс, машины зардал болон бусад олон төлбөрүүдийг тооцвол, тэд хэний төлөө, юуны тулд, ингэж “баярхаж”, “тансагладгийг” ойлгоход хэцүү биш.
Тиймээ! Тэд өөрсдийн үзэж өнгөрүүлсэн, мөнгө муутай, алив зүйлээр дутагдаж гачигдахын зовлон, элдэв дарамт шахалт,айдас, зовлон шаналалтай амьдралаа өөрийн хүүхдүүддээ амсуулахгүй юмсан гэж, бас үр хүүхдээ өндөр боловсрол эзэмшиж, хар ажил хийж бус, оюун ухаанаараа өндөр цалинтай ажил хийж, тайван амьдраасай гэж, хүсч мөрөөдсөн сэтгэлээрээ энэ замыг сонгосон.
Мэдээж хоёул ажиллаад олж байгаа мөнгөө зөвхөн өөрсдөдөө зориулж, гоё ганган хувцаслаж, үнэтэй машин унан, салхи татуулан давхиж, тансаг орд харшид тухлан амьдарч чадах боловч, үр хүүхдүүдийнхээ төлөө үүнийг хүсдэггүй юм. Тэдний зүрх сэтгэлд “бид өнөөдөр зовж, зүдэрч байвч, үр хүүхэд минь сайн хүн болж, хожим хойно бид жаахан ч атугай жаргалтай амьдрах байх” гэсэн бяцхан “горьдлого” сүүмэлзэж байдаг юм.

 

Тэд “Костко”-гоос хүнсээ цуглуулахдаа ч хүүхэддээ идэх дуртай амттанг ахиухан авч, шинэ машин зээлээр авахдаа ч үр хүүхдээ баярлуулахыг хичээдэг. Тэд өөрийнхөө хүүхдийг харах бүрдээ, “ухаантай, өндөр болосрол мэдлэгтэй, бас сайн ажилтай, эцэг эхээ хайрлаж, тэдэнд талархаж байдаг” мисс болон жентельменүүдээр төсөөлж байдаг юм. Тэд англиар хагас дутуу ярьж ойлгоцгоодог ч, хүүхдийнхээ өдрөөс өдөрт сайжирч байгаа яриа, бусадтай харилцаж байгаа чадварыг нь харах бүрдээ бахархаж, өөрөө л лут хүн болсон аятай битүүхэндээ “онгирно”. Тэдний хувьд ирээдүйн сайхан нь, итгэл найдварын гэрэл гэгээ нь, “мөнгө” бус, гагцхүү “үр хүүхэд” нь байдаг юм даа.

Нэгэн зүйл: “Америк загвар”-ын өвчин.

Жил жилд Америкийн монголчуудийн янз бүрийн хотуудын холбоод “оны шилдэг” хүүхдүүдийг шалгаруулж сурталчилж байна. Хэдэн зуун сая хүнтэй, цагаачдын өлгий нутаг, Америкт амьдарч байгаа хорь орчим мянган Монголчуудын өөрийн авъяас, чадвараар гайхуулан нэрд гарч байгаа хүүхдүүдэд талархаж, тэднээр бахархахаас өөр яах билээ.

 

Хичнээн их зовлон зүдгүүр доромжлол амсан байж тэсч үлдсэн, еврей үндэстнүүдийн хичээл зүтгэл, тэсвэр тэвчээр, хөдөлмөр, атгасан гар мэт эв нэгдэл, бие биеэ дэмжих бодлого нь тэднийг дэлхий дахинд, оюун ухаанаараа тэргүүлэгч болгож чадсан юм. Үүн лугаа адил цөөхөн монголчуудын ирээдүй үе, үр хүүхдүүд нь оюун ухаан , авъяас чадвараараа дэлхийд алдаршаасай гэж би хүсдэг. Тийм ч учраас ийм олон сайхан хүүхдүүдийг бас эцэг эхийг нь бусдад сурталчилж, бусдад үлгэр жишээ, өөрсдөд нь урам өгөөсэй гэж Монголчуудын холбооноос гуйж байна. Элдэв хов живнээс илүүтэй, үүнийг монголчууд бид ам дамжин ярьж, санаа аваасай.

Үүний хажуугаар, “сайны хажуугаар саар” гэдэгчлэн санаа зовох зүйл бага гэлтгүй байнаа. Нэг л этгээд, гаж хувцасласан, энд тэндээ элдэв гархи зүүсэн, бохь зажилж, шүлсээ хаялсан, алхаж гишгэхдээ хүртэл тэнцвэрээ олохгүй, гулжигнаж дайвсан, хагас дутуу англи монголоор хольж ярихчаан аядаж, “хэлээ зажилсан” охид хөвгүүд олшрох янзтай. Эцэг эхээсээ хүртэл ичиж, англиар ярихад нь шоолж тохуурхсан, хэдэн цаг, яаж ажиллаж, ямар мөнгө олдогийг нь мэдэхгүй атлаа, үнэтэй фирмийн хувцас, электрoн хэрэглэлээр гангарсан хүүхдүүд, хаа нэгтэй болох арга хэмжээ, элдэв шоун дээр үзэгдэх болжээ. Олны газар биеэ ч аятайхан авч явж чадахгүй, бөөгнөж хэлхэлдсэн, сав л хийвэл бие бие түлхэж нудралцан элдэв маяг гаргах тэднийг хараад, өрөвдөх сэтгэл төрж, харамсдагийг нуух юун. Хамт сурацдаг гадаад найз нараасаа “хэлбэр төдий” дуурайлал авч, гаргаж байгаа энэ гаж үзэгдэл бол “америк өвчин” юм.

 

Америкчууд хүүхдүүдээ бүр багаас нь тусдаа өрөөнд амьдруулж, бүх хэрэгцээг нь хангаж, биеийг нь даалгаж өсгөхийг эрмэлздэг. Алив асуудалд ухаалаг хандаж, хэрэгцээ шаардлагыг нь зөв ухамсарлуулж, авъяас, сонирхол, чадварыг нь хөгжүүлэх бүх боломжийг нь хангаж өгдөг. Тэд ийм боломж нөхцөлөө тооцож байж хүүхэд төрүүлж өсгөнө. Улс орон нь ч, эцэг эх нь ч хүүхдүүдийг төрсөн цагаас нь хайрлан хүндэлж, бас халамжилж, өсөх үе бүрд нь үүpэг, эрхийг нь ойлгуулж, “эрх чөлөөг” нь бага багаар нь мэдрүүлдэг төдийгүй элдэв муу үзэгдлүүдээс найдвартай хамгаалдаг. Өнөөдөр Америкт цагаачлан амьдарч байгаа монголчуудын хувьд одоохондоо ийм боломж үгүй. Иймд хүүхдүүдээ “Америк

өвчнөөр” өвчлүүлэх нь бас л алдаатай хэрэг.

Нэгэн зүйл: Та юун дээр алдаж байна вэ?

Монголчууд бид монголд байдаг шигээ санаж, хүүхдээ зөвхөн сургуульд даатгаж орхидог. Монголд бол хүүхдийг сургуульд явуулсан л бол алив буруу муу үйлдлийн хариуцлагыг сургууль, багш нар хариуцдаг буруу зуршилтай. Тэгээд ч сургууль, багш, эцэг эхийн хамтын ажиллагаа төдийлэн сайн биш. Америкт бол эсрэгээрээ. Таны хүүхдийг сургаж хөгжүүлэхийн тулд, эцэг эх болсон тантай хамтарч ажиллах ёстой. Тийм ч болохоор олон уулзалт, хөтөлбөрийг танд санал болгодог төдийгүй таны хүүхдийн гаргасан “ялимгүй” алдааны төлөө “санаа зовж”, тантай уулзаж, зөвлөлдөхийг санал болгоно. Харамсалтай нь монголчууд маань, ажлын зав чөлөө муутай, бас амрах хэрэгтэй байна гэдэг шалтгаар энэ бүхэнд хайнга идэвхгүй ханддаг. “Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал” гэдэгчлэн нэгэнт үр хүүхдийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө зүтгэж байгаа та, энэ асуудлыг анхаарлынхаа гадуур орхиж боломгүй. Америкийн сургуульд хүүхдээ сургана гэдэг, зөвхөн материаллаг хэрэгцээг нь хангаснаар биш, сурч буй сургуультай нь хамтран ажиллахдаа байдаг гэдгийг бүү мартагтун.
Би нэг удаа нэгэн дунд сургуулийн гадаадад сурагчдыг аялуулах хөтөлбөрийн тухай уулзалтад өөрийн сонирхлоор сууж үзсэн юм. Үнэхээр сонирхолтой хөтөлбөр байсан хэдий ч зардал нь нилээд өндөр байсан. Энэчлэн Америкийн сургуулиуд эцэг эхчүүддээ, хүүхдийнхээ ирээдүй болон хөгжлийн төлөө, олон сайхан мэдээлэл хөтөлбөрийг санал болгодог юм билээ. Үүнд анхаарлаа хандуулж, сургууль, багш нартай хамтран ажиллах нь, танд болон таны үр хүүхдүүдэд тустай юм шүү.

-Та хүнд ажил хийж, хичнээн их ядарч байлаа ч, хүүхэдтэйгээ илэн далангүй ярилцах цаг гаргаж, өөрсдийн одоогийн нөхцөл байдал, цаашдын зорилгоо заавал ойлгуулж байх хэрэгтэй. Та ямар ажил, хэдэн цагаар хийж, ямар цалин хөлс авч,  түүнийгээ хэрхэн юунд зарцуулдаг тухай том хүүхэддээ ярьж ойлгуулж байх нь, хүүхэд тань таныг ойлгоход их тус дөхөм болно. Ядахнаа л хэрэгтэй хэрэггүй зүйл авч өг гэж шалаад байхгүй, таныг ажлаас ирэхэд тань аяга хоол хийгээд угтдаг болчихвол аштай юу. Зарим эцэг эхчүүд хүүхэдтэйгээ ингэж ярьж ойлголцдоггүйгээс, хоорондын харилцаа нь хөндийрч, энэ бүхнээс залхахдаа, “ярьшиг цаашаа, өөрөө л мэдэг” гэж зөнд нь орхидогоос, таны хүүхэд “америк өвчин”-өөр өвчлөхөд хүрдэг. Ийм хүүхэд хожим хойно, таныг өтөлж ядарсан үед америк заншлаар, “өндөр настны асрамжийн газар” хүргээд өгчихвөл та яaх вэ?

Энэ тухай та бодож үзсэн үү?! Муу ёрлож байгаа юм биш. Ийм тохиолдол байж болохыг урьдчилан сануулах гэж миний бие үүнийг бичиж сууна.
-Монголд суралцаж байгаад ирсэн хүүхдүүдийнхээ тухай, миний хүүхдэд Америкийн сургуулийн программ хөнгөдөөд байна гэж эндүүрдэг. Монголын сургуулиуд суралцагсдадаа, шинжлэх ухаанжсан мэдлэгийг маш сайн олгодог атлаа, мэдлэгээ амьдралд хэрэглэх чадвар төдийлэн сайн олгож чаддаггүй. Хаpин Америкийн сургуулиуд бага материалыг хэрэгцээ болгож сургахад илүү анхаарал тавьдаг. Хэрэв та анзаарсан бол анги ахих тусам таны хүүхдийн ачаалал нэмэгдэж, тавих шаардлага нь өндөрсөж байдаг. Тийм болохоор та хүүхдийнхээ сурч байгаа зүйлээ амьдралд хэр ашиглаж байгааг анзаарахад гэмгүй.
Нэгэн зүйл: Америкийн “Монгол хүүхдүүдэд”


-Монголд суралцаж байгаа үеийн олон найз нартайгаа харьцуулахад, эрх чөлөөний өлгий гэгдэх, дэлхийн өндөр хөгжилтэй Америк оронд суралцаж, амьдарч байгаа та үнэхээр “азтай” хүүхдүүд.
-Та нарын энэхүү “аз завшааныг” та өөрийн сайндаа биш, таны эцэг эх , өөрийн амьдралаа золиослон байж танд өгсөн гэдгийг та хэзээ ч бүү март! Тэд таныг дэлхийн өндөр хөгжилтэй оронд, дэлхийн аль ч оронд хүлээн зөвшөөрөгдсөн сайн мэргэжилтэн болгож, сайхан амьдруулахын тулд л энэ оронд, хүнд хүчир ажил хийж, цаг наргүй зүтгэж байгаа.
-Та хүүхэд нь болж төрснийхээ хувьд, эцэг эхийнхээ хүсэл мөрөөдлийг биелүүлэхийн тулд сайн, бүр ч илүү сайн суралц. Эцэг эх тань чиний сайн сайхан ирээдүйн төлөө уйгагүй хөдөлмөрлөж байгаатай адил, та илүү сайн сурахын тулд бас уйгагүй хөдөлмөрлө! Тэгвэл та амжилтад хүрнэ.
-Та эцэг эхээ хайрлан халамжил! Байнга л “Тандаа маш их баярлалаа. Миний төлөө хийсэн бүхний төлөө сайн сурч, мундаг хүн болж ачийг тань хариулнаа” гэж хэлж урам өгч бай. Ажлаасаа ядарч ирэхэд нь, гэрээ цэвэрхэн байлгаж, аяга хоол хийж угтан бас боломжтой бүх үедээ тэдэнд тусалж бай. Хааяа ч гэсэн хөлс чийхарсан магнайг нь илж хөлсийг нь арчиж байхыг хичээ.
-Та хамт суралцдаг гадаад найз нартаа бүү атаарх, бас бүү дуурай. Тэдний аав ээж нь олон зуун жил Америкт үе үеэрээ амьдарсан учраас илүү боломж тэдэнд бий. Харин Монголчууд Америкт суурьшиж эхлээд ердөө л 10 гаруй жил бoлж байна шүү дээ. Та нар анхдагчид хирнээ илүү азтай хүүхдүүд. Харин та нарын үр хүүхдүүд, хойч үеийнхэн илүү азтай байх болно.
-Та бол Монгол хүн. Цагтаа дэлхийн талыг эзэлж, эрхэндээ оруулан захирч байсан, омог бардам Чингис Xааны үр сад! Чингис хааны гал голомт, үр сад гэдгээр тань, дэлхий ертөнц таныг хүндлэх тэр цаг ирнээ. Харин та , монгол хэл, монгол түүх , соёл ёс заншлаа сайтар сурагтун. Яагаад гэвэл та хөгжин цэцэглэж байгаа монгол орны ирээдүй, бас “эзэн” нь юм шүү дээ.
-Тийм болохоор Америк оронд сурч, амьдарч байгаагийнхаа хувьд, энэ орны хөгжлөөс сурч чадах бүхнээ сурч, авч чадах бүхнээ авахыг хичээгээрэй.
Англи хэлээр сайн ярих нь өндөр боловсрол биш.

Харин энэ хэл дээр байгаа олон олон үнэт зүйлсийг сайн сурах нь таны үүрэг!
Та өөрийгөө бусдаас дутуу биш, илүү мундаг гэдэгтээ итгээрэй!
Та бүхэндээ амжилт хүсье!
Та бүхнийг аз хийморь, амжилт үргэлж ивээж байг!

 

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2008-оны 3 сарын 22

Mar 14

Монголын сайхан эрчүүд

By gala-admin | МЭНДЧИЛГЭЭ

Монголын сайхан эр хүнийг би ааваараа л төсөөлдөг. Хөдөө талд, агсам морин дээр хөндөлдүүлэн сууж, “Эр бор харцага”-ыг эрдүүхэн хоолойгоор аялаж, тэртээд идээшлэх адуун сүргийн зүг салхи татуулан давхиж, уул тал нутагтаа эзэн хүн шиг эрвэлзэж яваагүй ч, олон аавын үрсэд эрдэм ном зааж, бас сургууль удирдаж, амьдралд алдаж, онож, бүдэрч яваа “хэцүү” нэртэй хүүхдүүдийг “хүмүүжүүлэх” их үйлсэд зүрх сэтгэлээ зориулж явсан жирийн л нэг “сурган хүмүүжүүлэгч” хүн байсан даа аав минь. Үглэж яншиж, загнаж зандарч байгаагүй ч аавын минь харц л “буруу”, “зөв”-ийн шүүлтүүр байсан. Байнга зааж сургаж байгаагүй ч хаа нэгтээ хэлэх “хатуу”, “зөөлөн” үгс нь амьдралын минь чиг шугам, бас “ухаарал” минь байсан. Хааяа нэг хүртээх шийтгэл зэмлэл, духыг минь үнэрлэн байж магтан сайшаах нь, бяцхан оюун санааны минь “зовлон шаналал”, бас “баяр баясгалан” минь байсан. Аав минь та айл гэрийн ноён нуруу, ээжийн минь түшиг тулгуур, халамжит хань, үр хүүхдүүддээ уул мэт нөмөр нөөлөгтөй, монголын сайхан эр билээ. Уул мэт нөөлөг, уужим саруул, холч мэргэн бодол, ховорхон заяах хайр халамж, энэ бүхэн монгол эр хүний шинж билээ.
Нэг. Өрхийн тэргүүн.

Ерээд оны дундуур Завхан аймгийн нутагт Марз уулыг мөргөж сүйрсэн, МИАТ-ын “АН-26″онгоцны ослын үеэр, миний бие оршуулгын комисст орж ажилласан юм, Хар дарсан зүүд шиг  хүнд хэцүү өдрүүд өнгөрч, осолдогсодын шарилтай салах ёс гүйцэтгэх сүүлчийн өдөр, Монголын төр засгийг төлөөлж, тэр үеийн Мoнгол улсын ерөнхийлэгч П.Очирбат, ерөнхий сайд П.Жасрай гуай нар хүрэлцэн ирсэн юм.

Ерөнхийлөгч, ерөнхий сайд нарыг салах ёс гүйцэтгэн, эмгэнэл илэрхийлж, шарил бүрийн дэргэд очиход, өдий болтол сэтгэлээ барьж, нулимсаа тэвчиж асан бүх хүн өөрийн эрхгүй уйлж байхыг хараад, “төрийн тэргүүн”, “өрхийн тэргүүн” гэдэг ямар их өмөг түшиг, итгэл найдвар байдгийг ойлгосон доо. Хэн нэгэнд гомдож тунисан өөдөсхөн жаахан үр нь, аавыгаа гараа тосон, хошуугаа цорвойлгон аргадах төдийд л чанга дуугаар бархиран уйлж очдог шиг, идэр насандаа амьдралын хүнд хэцүү нугачаанд алдаж бүдрэхдээ аавдаа л очиж, хатуу үгийг нь сонсож нулимс унагаадаг, өтөл насандаа, тэнгэрийн оронд очсон аавынхаа зургийн өмнө зовлон шаналлаа шивнэн тайтгардаг, сэтгэлийн нандин холбоос Монголоос өөр үндэстэнд бий билүү. Өрх гэрийн бүх л хэрэгцээ, хэзээ нүүж, хаана нутаглах, хаана суурьших, үр хүүхдүүдийн өмсөж зүүх, идэж уух, сурч боловсрох бүх л зүйлийг гагцхүү өрхийн тэргүүн  “эр хүн”л олж , бас шийддэг болохоор, гэр бүлээрээ хүндлэн дээдэлж, “үгийг нь сонсдог”. Тиймд хүссэн ч, эс хүссэн ч эр хүн энэ бүхний төлөө бодож сэтгэх, хөдөлмөрлөх, бусадтай ойлголцох хэрэгтэй болдог. Өрх гэрийг толгойлон авч явна гэдэг амаргүй.

Үүний төлөө эрхээ багасгаж, үүргээ нэмэгдүүлэх хэрэгтэй болно. Ядаж л эхнэр хүүхдээ мөр бүтэн явуулж байж, өөрийгөө гоёх, гэдэс цатгалан явуулж байж, хааяа нэг ууж идэх эрхтэй болох жишээтэй. Өөрөө зөв бодож, зөв ярьж, биеэ аятайхан авч явж байж үр хүүхдээ сургаж, зэмлэх хэрэгтэй болдог. Үгүйдээ л үр хүүхэд, хань ижлийнхээ өмнө өдөр бүр харагдаж байдаг “амьд үзүүлэн” болохоор “хэл хальтирч”, “хазгай гишгэх” эрхгүй. Өнөөдөр өрх толгойлсон эрчүүдээс гадна, өрх толгойлсон эмэгтэйчүүдийн тухай олонтаа ярих болжээ. Монгол эрчүүд цөөрөөд байгаа юм болов уу, эсвэл “ноён нуруу нь хугараад байгаа ” юм болов уу, нэг хэсэг нь тооноо өргөж даахгүй байгаа юм болов уу?
Амьдралаа сайн сайхнаар авч , “өрх толгойлж” яваа сайхан эрчүүд олон байгаа хэдий ч, арчаа муудаа амьдралаа авч явж чадахгүйдээ хүрч, “өрх толгойлуулж” яваа нэгэн байх. Ямартай ч эр хүний ноён нуруу “бат бөх” байж, эхнэр нь “малгай бүсийг ” нь дээш нь залж хүндлэн, үр хүүхдүүд нь “үггүй зэмлэсэн харцнаас нь” ухаарал авч, айл гэрийн багана нь тэгш байж, тулганы гал нь үргэлж асаастай халуун дулаан гэр бүл олшрох болтугай.

Хоёр. Эр хүний сүлд хийморь.

Бидний багад 3 жилийн цэргийн алба хаасан эрчүүд гэдэг, ямар өнгөлөг, жавхалзсан, бас цог золбоотой харагддаг байсан гээ. Тэдний хөлөө ороож, гутлаа нүүр харагдам тослох, дээлээ цэвэрхэн өмсч, бүсээ жавхалзтал ороохыг хараад, “хэзээ ийм сайхан эр болж” айл айлд хүндлүүлж явах бол доо гэж , битүүхэндээ атаархал, мөрөөдлийг хослуулдаг сан. Энэ зууны эхээр Бээжин явах замдаа Замын -Үүд боомтоор хил гарах үед, галт тэрэгний цонхоор хилийн харуулд зогсож байгаа монгол цэргийг хараад гайхсандаа дуу алдах дөхөв. Хаврын хавсарган өдөр байсныг хэлэх үү. Туранхайвтар, биеэр жижиг цэрэг, үүрсэн буундаа түүртэж, даарч бээрсэндээ эгээ л хөдөө айлын авгай шиг хоёр гараа ханцуйвчилж,малгайны чихээ буулган бүчилчихсэн, арай л нус хулимс нь гоожиж харагдаагүй байх.
Даан ч дээ. Бүхэл бүтэн тусгаар улсын хилийн харуул, ингэж цог золбоо бүү хэл, сүр сүлд ч үгүй зогсоо нь, Монгол орны минь сүр сүлд үгүй болсныг илтгэх мэт. Улс орны минь сүлд хийморь, эр хүний сүлд хийморь хаачаа вэ? Саяхан нэг завандаа Монголын хошин шогчдын  тоглолтыг интернетээр үзлээ. Тэдний үзүүлж байгаа монгол эрчүүдийн дүр нь, арчаагаа алдчихсан архичин, эхнэртээ дарамтлуулж байгаа өрөвдөлтэй эрчүүд. Энэ бухимдалтай цаг үед тэд юyг үзүүлж,  юуг сурталчилж, хэний “тархийг угаагаад” байна вэ? Энэ бүгдийг үзээд элгээ хөштөл инээлдэж байгаа монголчууд минь, хэнийг шоолоод байна вэ? Монгол эрийн сүлд хийморийг гутаан, доройтуулах замаар, Монгол төрийн сүлд хийморийг доройтуулах “харь” бодлого явагдаад байгаа юм биш биз?! гэж хардах боллоо.

Үнэн байдлыг л өгүүлж байна шүү дээ, сүртэй юм гэж ширэв татах нэгэн байх биз.
Гэвч “амны билгээс ашдын билэг”, “урмыг нь хугалахаар ууцыг нь хугал” гэж Монголчууд бид хэлэлцдэгсэн. Монгол эр хүн гэхээр л архи ууж , эхнэрээ араар нь тавьж байдаг, эхнэр нь харааж загнаж, дарамталж байж гэмээ нь амьдралд чирч гулдарч, авч явдаг гэсэн бусармаг ойлголтыг энэ нийгэмд төлөвшүүлж орхивол яах юм бэ?! Монгол эр хүний сайн чанарыг өгүүлсэн Ч.Лодойдамба гуайн “Хугараагүй ноён нуруу”, С. Эрдэнийн “Өвгөн шувуу” өгүүллэгүүдийг уншаагүй, “Тан руу нүүж явна”, “Ирж яваа цаг” киног үзээгүй атлаа, хошин шог үзэж, хип хоп үглэлдэж яваа, салтаа нь тээр дор өмд, хүйс нь гарсан цамс  өмссөн хойч үеийнхэн минь, монгол эр хүн бүдүүлэг, соёлгүй, болoвсролгүй, архичин хүмүүс, гадаад эрчүүдийн хаана ч хүрэхгүй гэсэн ойлголттой болчихвол яаx билээ?! Яагаад монгол эрчүүдийн уужим саруул ухаан, холч тавиу бодол, ууч сэтгэл, тэр болгон ил гаргаад байдаггүй хирнээ зүрх сэтгэлээс нь гэрэлтэж байдаг хайр, халамжийн тухай бичиж, үзүүлэхгүй байна вэ? Зөвхөн монгол эрчүүдийн тухайд л ярьдаг, малгай бүсэнд нь байдаг гэж сүсэглэн итгэдэг, “сүлд хийморийн” тухай дурсахгүй байна вэ?
Эмэгтэй хүний хайр, хүндэтгэл, итгэлд нь бадарч байдаг, монгол эр хүний сүлд хийморь нь Монгол орныг өдий дайтай авч ирсэн гэж би итгэдэг. Монгол эр хүний хийморь, цог золбоо нь цусанд нь, ухаанд нь,тэсвэр тэвчээрт нь байдаг юм шүү.
Монгол эрчүүд минь сэргээцгээх цаг болжээ. Та бидний нуруун дээр монгол өрх  төдийгүй монгол улсын минь хувь заяа буй.

Гурав. Монгол эрчүүдээ өмөөрөхүй.

Монгол эрчүүдэд минь буруу муу зуйл олон бий. Гэвч яагаад ийм болгосныг эргэн харцгаая.
-1937 оны их хэлмэгдүүлэлт. 1990 он хүртэлх МАХН-ын ялгаварлан гадуурхах, хавчин шахах бодлогод монгол эрчүүд илүүтэй өртсөн. Тэдэнд, санамсаргүй байж байгаад хэрэгт холбогдон шоронд хоригдох, санаандгүй байж байгаад арга хэмжээ авахуулах зэрэг нь “зүрхэнд нь орж”, “аймхай хулчгар”, бас “зусар зулгуй” байх замыг сонгуулсан. Их “айдсын” ул мөр өнөө ч хүртэл арилаагүй болохоор, хүмүүс үнэний төлөө тэмцэж чаддаггүй. амиа хичээсэн бэртэгчин байдалд орсон нь нууц биш. Ямартаа л “Дааганаас унаж үхдэггүй, даравгараасаа болж үхдэг” гэсэн алдарт хэллэг хүмүүсийн уншлага болох билээ. Харин ч харь оронд хөл тавьж, амьдарч байж мэдрэх болсон хүний эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломж нь монгол эрчүүдийг бага ч атугай өөрчилсөөр байна.
-Социализмын үед хөвгүүдээ цэрэгт явуулж, охидуудаа сургуульд сургадаг байсан гаж үзэгдэл нь, эрчүүдийн боловсрол эзэмшин хөгжих их боломжийг хаасан.
“Хүү яах вэ, Цэрэгт явж ирээд амьдралаа аваад явчихна. Энэ муу охин л сургууль соёлд явахгүй бол, арчаагаа алдаж, хүний гар харахад хүрнэ” гэсэн шилжилтийн үеийн нүүдэлчин сэтгэхүй, өнөөдрийн олон олон боловсролгүй эрчүүдийн доромжлуулах шалтаг болсон. Та ч гэсэн эргээд нэг сана даа. дунд сургуульд танай ангид хэдэн хөвгүүд байгаад, техникум, их дээд сургуульд хэдэн хөвгүүд байсан бэ? гэдгийг, Хүйсний харьцаа 50:50 байснаа 30:70 болсон гэдгийг бид лавтай мэднэ.

-Монгол-Зөвлөлтийн аугаа их, гандан бууршгүй найрамдал , монгол эрчүүдийг  “архичин” болоход багагүй нөлөө үзүүлсэн. Охидууд нь мэргэжил эзэмшин алба хашиж, эрчүүд нь социализмын материал техникийн бааз барьж байгуулахад, Зөвлөлтийн мэргэжилтэн “ах” нартайгаа гар болон хундага нийлүүлэн ажиллацгаасан. Ахмад настны дэргэд ичиж зовон, хахаж цацан мөнгөн аягатай нэрмэлээс “амсдаг”, “Дөч хүрээд дөнгөж амс, тавь хүрээд тавьж уу, жар хүрээд жаргаж уу” гэдэг сургаалиар хүмүүжиж асан монгол залуучууд, цагаан архи, “водка’, “бараашиг” хэмээх хатуухан ундааг орос ах нарын зааж сургаснаар, стакан стаканаар нь “татаж”, бас болоогүй араас нь хар талхийг тааламжтайяа үнэрлэж сурсан. Эцэст нь бүх шатанд суурилсан “хүнд суртал” нь “архи” хэмээх авилгалтай хамтдаа хөгжиж, монголын нийгмийг хамардаг болсон нь ч нууц биш. Социализмын материал техникийн баазын үлдэгдэлтэй хамт, архичин эрчүүдийн үлдэгдэл багассаар байна, Бүх зүйлийг мөнгөөр тооцоолж байгаа энэ цаг үед архинд бус талханд мөнгөө зарцуулах хэрэгтэйг мэдэрч байгаа болохоор бас ч учир байнаа.

-Монгол эрчүүд гол төлөв цэргийн алба хаадаг байсан, одоо багассан хэдий ч бас л хаасаар байгаа. Зохион байгуулалт муутай, зорилго чиглэл нь тодорхой бус Монголын арми, дотроо оршин байсан “дэглэлт” гэдгээрээ монгол эрчүүдийг хагаралдуулж, “хүчтэй нь хүчгүйгээ” гэдэг зарчмаар өш хонзонгийн талбар болгосон нь бас л үнэн.  Чухам эндээс л ихэнх эрчүүд , худлаа ярих, өөрийгөө хоосон магтах, онгирч сагсуурах эрдэмд суралцацгаасан. Зөндөө олон цэргийн алба хаасан найзууд болон эрчүүдийн яриаг сонсож сууxад, бүгд л “жа”, “атаман” байсан тухай ярина. Лав л дэглүүлж байсан тухай нэг их сонсоогүй юм даг. Өөрсдийн бүдүүлэг, хэрцгий байдлаа үндэсний “баатар”-ын хэмжээнд сурталчилж бахархах үзэгдэл монголын арми, хорих газруудаас үүдэлтэй. “Армийн жа”, “Халхын шорон” гэдэг хэллэгүүд эндээс л гарсан. Энэ бүхэн үеэ өнгөрөөжээ. Одоо олон юм өөрчлөгдөж байна. Тэнэг бүдүүлэг, замбараагүй, балмад хэрцгий байдлаараа бахархaж гайхуулах бүү хэл, ичиж зовох цаг иржээ. Бидний үзэж өнгөрүүлсэн цаг үе, социализм байгуулах хоосон мөрөөдөл, хүний эрх чөлөө, оюун санааны эрх чөлөөний хязгаарлалт, хардлага, хавчлага, элдэв дарамт, гадаад ертөнцөөс таслагдсан байсан үеүд монголын ард түмэнд, түүний дотор эрчүүдэд илүү хүнд тусч муугаар нөлөөлсөн. “Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй” гэдэгчлэн олон юм өөрчлөгдөж, тэр хирээр монгол эрчүүд ч өөрчлөгдөж бөйна. Тэднийг бүү муулж, доромжлогтун! Одоо л тэдэнд  бусдын итгэл, хүндлэл, тэвчээр хэрэгтэй байгаа. Монгол эрчүүдийн хийморь сэргэж, тэд дэлхийн тавцанд гайхуулах цаг ирнээ.

ТӨГСГӨЛ

“Эр хүн эр хүндээ хайртай”гэдэг үгийг эрчүүд бид архи уухдаа бус, бие биеэ дэмжин, хамтран ажиллахдаа хэлдэг болох цаг ирж байна. “Эр хүн” гэдэг үгийг, ямар ч үед хэлсэн амалсандаа хүрдэг, элдэв хов жив, цуу ярианд автдаггүй, алив зүйлд өөрийн бодол санаагаар ханддаг эрчүүдэд зориулан хэрэглэдэг. Алив асуудлыг олон талаас нь харж ухаалаг шийдвэр гаргадаг, гаргасан шийдвэртээ эзэн нь болж хэрэгжүүлж чаддаг, хань ижил үр хүүхэддээ халамжтай, тэднийгээ хангалуун амьдруулж чаддаг, ямар ч үед онгирч сагсуурдаггүй даруу байж чаддаг эрчүүдийг монгол бүсгүйчүүд хүсдэг билээ. Одоо хавар болж, урь орж, ундэстэй болгон дэлгэрсэн, дулаахан сайхан улирал айсуй. Үүн лугаа адил, хүмүүсийн амьдралд ч элбэг хангалуун, сэтгэл тайван, хүссэнээрээ амьдрах цаг үе ч айсуй. Монгол эрчүүд маань ч монгол бүсгүйчүүдийн хүсэл мөрөөдлийн ханхүү болон хувирах боломж бий болж байна. “Юм үзэж нүд тайлсан”, энэ биедээ эрдэм ухааныг “цогцлоосон”, алив зүйлийг “долоо хэмжиж нэг огтолдог”, их дөлгөөн мөрөн шиг “даруухан” сайхан монгол эрчүүд олширноо. Та нартаа удахгүй болох монгол ардын армийн өдөр буюу өнөө цагийн “эрэгтэйчүүдийн” баярын мэнд дэвшүүлье! Та нарын минь сүлд хийморь өөдөө байг!

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2008 оны 3-р сарын 14

Mar 02

Сайхан монгол бүсгүйчүүд ба “монгол цус”

By gala-admin | МЭНДЧИЛГЭЭ

Монголын үзэсгэлэнт сарангуа
Намайг төрүүлсэн ижий
Зөөлөн цагаан гараараа
Хөдөлгөн өсгөсөн ижий
Зүйтэй уран үгсээрээ
Сурган хүмүүжүүлсэн ижий

1. Монгол ээж.

Энэ ертөнцөд хүүхэд төрүүлж, өсгөж, хүн болгон төлөвшүүлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг эх хүний ачийг хүн бүр л магтдаг. Тэр тусмаа төрүүлсэн үр хүүхэдтэйгээ бүх насаараа “хүйн холбоотой” байдаг “Монгол эхийг” манай Монголчууд илүү их дээдлэн хүндэлж ачилдаг. “Эх” гэдэг ерөнхий нэрээс илүүтэй “ээж” гэдэг үгэнд л эрхэлж нялхамссан аялга илүүтэй мэдрэгдэнэ. “Ээжтэй хүн л эрхэлдэг юм” гэсэн мөр өтөл болсон хойно ч миний сэтгэлд чухам үнэнийг мэдрүүлнэ.

… Дөнгөж сая төрсөн үрээ элгэндээ тэвэрч ангир уургаа амлуулж буй бүсгүйн зүрх сэтгэл дэх нэг л зөөлөн, уянгалаг мэдрэмж хайр энхрийлэл, уяралыг тэр бүсгүйгээс өөр хэн мэдрэх билээ. Эхийн хэвлийгээс унаж, энэ ертөнцөд “морилон” ирсэн тэр л бяцхан “амьтан”-ыг хайр гэрэлтсэн нүдээр энхрийлэн харж зүрх сэтгэлдээ мэдрэгдэх тэр л бүлээн сайхан хайр энхрийлэлдээ уярч суугаа тэр бүсгүйгээс илүү “гэгээлэг” зүйл энэ ертөнцөд бий билүү. Өвдөж төрж, уярч нялхрахын зовлон жаргалыг бурхан өөр хэнд ч биш гагцхүү эх болж буй бүсгүй хүнд л заяажээ. Ердөө л хэдхэн хормын зайтай мэдрэгдээд өнгөрдөг зовлон, жаргалыг “эх хүн” амсч эдэлдэг нь хорвоогийн нэгэн гайхамшиг гэлтэй.

Төрүүлсэн үр нь үнэгчлэн инээх, шулганан хэлд орох, хөлд орж хорвоог мэдэрч тэнцэгнэн алхах, уйлах, унаж тусах бүрийд эхийн зүрх сэтгэл инээж баясан, уйлж, уулга алдана. Өсөх насанд нь эрдмийн ширээнд хамтдаа суралцаж, оройтож ирэх бүрд нь өнчин дэрэн дээр нойр хулжааж, өлсөж ядрах вий гэж өөрөөсөө ч харамлан “хоол халааж” сэтгэлдээ хүлээнэ.Өтөл насанд амьдралын нугачаанд алдаж онох бүрд, хүүхэддээ бус өөртөө л бурууг өгч бас баярлана. Үсэн буурал болсон хойно нь ч “үр минь” гэж сэтгэлдээ шивнэж, духан дээр нь үнэрлэнэ.

Аяа! Энэ ертөнцөд “Монгол ээжээс” илүү хэн ингэж чадах билээ. Энэ бол өдрөөс өдөрт биднээс алсран холдсоор байгаа “Монгол бахархал”, “Монгол цус” билээ. Харь газар хүнд хэцүү амьдралыг туулж яваа та, ээж рүүгээ нэг утасдаарай! Утасны цаанаас “үглэж дуулавч” зүрх сэтгэлд нь баяр бялхаж, “үр минь” гэж дуу алдахыг нь сонсохыг хичээгээрэй!Цагийн эрхээр ээж тань “гэгээн алсад” одсон бол зургийнх нь өмнө зул асааж, түрхэн зуур саатаж, зовлон жаргалаа нэгэнтээ шивнээрэй! “Гэгээн алсаас” ч эхийн зүрх сэтгэл “үр минь’ гэж шивнэдэг юм. Та сонсоорой!

Олон жил турш Монголчуудын тэмдэглэж заншсан “Мартын-8” хэмээх өдрөөр ээж таныхаа өмнө сөгдөж, “таньдаа их баярлалаа, таныгаа зовоохгүйг хичээе” гэж хэлье. Таны сэтгэл амгалан байг!

2. Монгол бүсгүй

Монгол бүсгүйчүүд минь “үзэсгэлэнт гоо”, “уян налархай” гэж та нарыгаа магтах гэсэнгүй ээ. Монгол эрийн өмөг түшиг, үр хүүхдийнхээ халамжит эх, айл гэрийн нэгэн тулгуур багана нь болж байгаа Монгол бүсгүй та, цаг хугацааны хүнд хэцүү нугачаа бүрт амьдралын төлөө тэмцэж чаддаг “хатан зоригтон” билээ.

Өнөөгийн хүнд хэцүү цаг дор, өөрт байгаа бүхнээ шавхаж, өөрөөсөө ч хэцүү ачааг нуруун дээрээ үүрч, өрх гэрийн хазайсан баганыг тэгшлэх гэж, үр хүүхдийнхээ дутуу дундуурыг дүүргэх гэж тэмцэж явааг тань магтах гэсэн юм.

Мэдээж, сайн ханийн нөмөр нөөлөг дор жаргаж яваа нэгэн байхад хугарч унасан баганын оронд тооноо ганцаар тулж өргөх гэж зовж яваа нэгэн байх. “Амьдрал минь хэцүү байна гэж”, хазайж тоононы дор уйлж суусангүй.

Босч, зүтгэж, тэмцэж, хөдөлмөрлөж, бүтээж яваа та бол “Монгол бүсгүй”. Эр нөхрийнхөө харцан дор дальтчин, эгээ л “боол” аятай хамаг бүхнийг нь үүрч, хатуу доромжлол дор хүчээр “инээмсэглэж”, гунигт хувь заяатайгаа эвлэрч явдаг “харь бүсгүйчүүдээс”, та нар минь “омог бардам” бас “дайчин” чанараараа хол илүү. Энэ бол “Монгол бүсгүй”, “Монгол цус” юм шүү.

Гэрт нь орж ирсэн ямар ч гийчнийг инээмсэглэн тосч цай аягалаж, идээ таваглаж, хүсэл зорилгыг нь анхааран сонсч, бас тусалж чаддаг “Монгол бүсгүй” танд өнөөдөр хүнд хэцүү бэрхшээлтэй олон асуудал өмнө тань байгаа ч, та “омог бардам”, “дайчин” чанараараа давж гарна. Зовсоны эцэст жаргах цаг ч танд ирнэ.

Та нарын минь тухай олон таагүй зүйл бичигдэж, яригддаг ч дийлэнхи олонхи нь “амьдралын сайн сайханы төлөө” өөрийн боломж чадлын хэрээр “тэмцэж зүтгэж” яваа гэдэгт итгэж байна. Та Монгол бүсгүй гэдгээ л мартаж болохгүй. Бүсгүй та нулимсаа арччих. Өөрийгөө толинд харж, гоёлоо өмсөхтүн! Монгол бүсгүй та нарын будаж шунхадсан царай, хуурамч инээмсэглэлээс илүү, зүрх сэтгэлийн тань “илч гэрэл”-ийг мэдрэхийг л хүсдэг юм шүү Монгол эрчүүд бид чинь. Та нартаа баярын мэнд хүргэе! Бүү ууж хөлчүүрээрэй! Зовлон шаналалаа тэртээд орхиод инээмсэглэж яв! Бүсгүй та сайхан харагдаж байна шүү!

3. Монгол цус.

Монголчууд бид цөөхүүлээ. “Монголын үрс маш олон болтугай!” гэж ерөөдөг ч, “цус цэвэр байхыг” Монгол бүсгүйчүүд маань мэддэг билээ. Хөх тэнгэрийн удамтай учраас “хөх толботой” төрдөг гэж Монголчууд маань бэлэгшээдэг болохоор, хүү төрвөл амьдралаа авч явах “бөх”, охин төрвөл өрх гэрээ авч явах “уран” болоорой гэж ерөөдөг. Төрөхөөс эхлээд үхэх хүртэлээ үр хүүхэдтэйгээ хүйн холбоотой байж, өөрийгөө ч умартан, хүүхдүүдийнхээ төлөө бүхнээ зориулах Монгол эхийн сэтгэлд “Монгол үнэт чанар”-аа агуулсан “Монгол цус”-аа хамгаалах гэсэн аугаа зөн совин байдаг юм шүү! “Эх нь голчихно” гэж шувууны өндгөнд сүүдрээ тусгахаас ч эмээдэг Монгол эхийн сэтгэлд, өөрийнхөө үр хүүхдийг “харийн сүүдрээс” халхалж, Монголоор нь үлдээх гэсэн сэтгэлийн шаналал бас байдаг юм шүү!

Хайр сэтгэлийн илчээр, хатуу амьдралын балгаар харь эрийн цайг чанаж, үрийг нь өсгөж буй Монгол бүсгүй таныг буруутгах гэсэнгүй. Хөхийг тань хөхөж, сэтгэлийн илч, хайр энхрийлэл тань өсч буй бяцхан үр тань “Монгол цус”-ны хольцтой гэдэгийг бүү мартаасай!

Өвөг дээдсээс өвлөгдөж ирсэн Монгол цусанд “омог бардам” араншин бий, “тэмцэн дийлэх” хүсэл бий, “өрөвч зөөлөн” сэтгэл бий. Үүнийг бүү мартагтүн! Өдрөөс өдөрт биднээс алслан холдсоор байгаа, хэзээ ч давтагдашгүй “Монголын үнэт зүйл” Монгол бүсгүй таны хөхний сүү, судсаар тань лугших цус, хайр халамжинд тань байгаа!

Та нарыг минь дээд тэнгэр ивээж, аз жаргалтай амьдруулаг.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

2008 он 3-р сарын 2

Feb 12

Хайр- хүндэтгэл-итгэл

By gala-admin | ЗАЛУУ НАС - ХАЙР

ГЭГЭЭН ХАЙРЫН өдөрт зориулав.

  • Хайр гэдэг агуу зүйл. Бас энхрий ялдамхан.

 Адуун сүргээс унтаж хоцорсон бяцхан унага, алсаас сүүмэлзэх манан дунд, сүүмэлзэн зэрэглээтэн айсаж ирэх шиг хайр хүний сэтгэлийн манан дунд эрхлэн нялхран бас уяраан догдлууланхан ирдэг. Үгээр илэрхийлэхийн аргагүй нэг л бүлээн, гэгээлэг, баяр баясгалан, гэгээн алсад тэмүүлэх мөрөөдлийн совинг хайр бас авч ирдэг. Хайрлан дурласан хүнд бүрхэг манантай өдөр ч, жавар тачигнасан хахир шөнө ч бүлээн дулаахан, гэрэлтэй, өнгөлөгөөр мэдрэгддэг. Хайр гэрэлтсэн нүдэнд, өвлийн цасан дороос ув улаахан сарнай цэцэг цомирлогоо дэлгэж, аагим халуун өдөр ч гоёмсог цасан ширхэг гялалзан гялтганан агаарт бүжиглэнхэн харагднам. Чамайгаа харах бүрийд сэтгэл зүрх минь баяраар  гийж, орчлон ертөнцийн бүх л зүйлс гайхамшигтай сайхан, үлгэрийн мэт санагдаж, өмнө нь хэзээ ч ажиглаж, мэдэрч байгаагүй бүхэн нүдний өмнө тодрон, бид өөрсдөө үлгэрийн үзэсгэлэнт гүнж, гайхамшигт хан хүү мэт болно. Чамайгаа, бас орчлон ертөнцийг зөвхөн би ингэж гайхамшигтайгаар мэдрэх нь агуу ХАЙРЫН ид шид буюу.
Хүндэтгэл гэдэг эрхэм зүйл
…       Олон олон гоёмсог цэцэгсийн дундаас гайхамшигт сайхан цэцгийг ялган олж харахдаа түүний нэг л эрхэмсэг төрх, төд өнгө, бас гоо үзэсгэлэнг бахдан биширнэм. Бусдаас ялган олж харж буй сэтгэл, зүрхэнд минь мэдрэгдэж буй тэр л эрхэм зүйлс миний сэтгэлд хүндэтгэл бишрэлийг төрүүлнэм. Чамайгаа би өөрийн нүдээр харж, өөрийн сэтгэлээр мэдрэх бүрдээ чамаасаа түмэн гайхамшигийг олж түүгээрээ бахархан, бишрэн хүндэтгэнэ. Өөр хэнд ч биш зөвхөн би л мэдэрч байдаг тэрхүү гайхамшигууд чинь намайг баярлуулж, хайрлах сэтгэлийг минь цаг ямагт хөглөн эгшиглүүлнэ. Гоо сайхан гэдэг зөвхөн гаднаасаа биш  дотроосоо л гэрэлтэж байдаг. Чинийхээ ухаалаг, алив зүйлд хүлээц тэвчээртэй ханддаг, бас намайг ойлгож хайрладаг, бусдын өмнө сайхан харагдуулахыг хүсдэг хүсэл чинь намайг бишрүүлж, үүний төлөө би чамайгаа бишрэн шүтэж, хайрлан хүндэтгэнэм. Тиймээ! ХҮНДЭТГЭЛ гэдэг эрхэм зүйл чи минь өөрөөсөө олон сайхан гэгээ цацруулж тэрхэн цацрагууд дор би ертөнцийн бүх л зүйлсийг өөдрөг сайханаар харна.

 

  • Итгэл гэдэг бат бөхийн бэлэгдэл.

Сонгож авсан цэцгээ анх харсан шигээ анхилуун, гоёмсог, үзэсгэлэнтэй, эрхэмсэг хэвээр байлгахын тулд, цаг ямагт хайр сэтгэлийн илчээрээ гийгүүлж, хүндэтгэл бишрэлийн гайхамшигт үгсээр услах болдог. Энэ тансаг, булбарайхан цэцэг минь өөр хэнийх ч биш зөвхөн минийх байлгахыг хүсэхдээ өөр хэн ч биш зөвхөн би л арчилж тордох ёстой. Бид хоёр бие биедээ цаг ямагт баяр баясгалан, хайр энхрийлэл, аз жаргал бэлэгдэж байхын үндэс ньитгэл юм. Гоёмсог цэцгийг сайхан хэвээр ургуулахын тулд угаадас мэт бохир усаар бус, шим тэжээлт цэвэр усаар ундаалж байх лугаа адил чамайгаа өөрийн байлгахын тулд хараал зүхлийн, хар хорын үгээр бус хайр энхрийлэл дүүрэн халуун дотно үгсээр тэтгэж байх учиртай. Хорвоод зөвхөн чи минь минийх, би  чинийх байна гэдэг итгэл л бидэн хоёрын хайр сэтгэлийн бат бөхийн бэлэгдэл болном. Утга учиргүй хардлага, хар хорын сэтгэл, сайхан цэцгийг угаадсаар усалж байгаатай  ялгаа юун.  Тийм ээ! Бидэн хоёрын аз жаргалын, эх булаг дундаршгүй хайрын ундарга нь ИТГЭЛ билээ. Итгэл нь сэтгэл өөдрөг, тайван амьдралын баталгаа, бат бөх хайр сэтгэлийн бэлэгдэл билээ.   …Олон жилийн өмнө би Улаанбаатараас баруун аймагруу нойтон цас хаялсан, жихүүн үдэш явж байхдаа Архангайн Тариатын нутагт байдаг Суман голын нэгэн харзанд ганц хун шувуу өвөлжиж байхтай таарч, удтал харж зогссон юм. Хайр сэтгэлийн бэлэг тэмдэг, гоо үзэсгэлэн, эрхэмсэг төрхийн манлай, хун шувууны ганцаардал, гуниглал яагaад ч юм сэтгэлд минь нэг л гуниг төрүүлж хүн гэдэг бодгал төдийгүй хун шувуу, бусад амьтан, ургамал цэцэгс хүртэл хосоороо байхдаа ямар их гэрэл гэгээ цацруулж, баяр баясгалан мэдрүүлж байдгийг ойлгосон юм. Бид хүний ертөнцөд хайр сэтгэлийн тухай өгүүлж, магтан дуулахдаа зөвхөн “хайр”-ыг нь салган алдаршуулдаг хирнээ нөгөө 2 чухал тулгуур “хүндэтгэл”, “итгэл”-ийг нь мартаж орхидог.

Хайр-Хүндэтгэл-Итгэл энэ 3-ыг хэзээ ч салгаж болшгүй цул нягт байж л хайр сэтгэл, бат бөх гэр бүлийн амьдралыг бий болгодог юм шүү дээ. Зөвхөн хайрлаж дурлаад, хүндэтгэдэггүй бас итгэдэггүй бол, эсвэл хүндэтгэдэг мөртлөө нэг их хайрлаж чадахгүй бол, хайрлаж хүндэтгэдэг атлаа итгэж чаддаггүй бол ер нь аль нэг нь дутаж орхивол амьдрал хэврэг болж орхидог. Бид 2 бие биедээ хайртай мөртлөө яагаад аз жаргалтай амьдарч чадахгүй байна вэ?! эсвэл яагаад салж орхивоо?! гэж олон хосууд гайхацгаадаг. Хайртай мөртлөө бүдүүлэг үг хэлээр харааж загнаад байдаг, эсвэл бусадтай хардаад байдаг бол таны амьдрал тэгш сайхан болж чадахгүйд хүрнэ. Аргагүй шүү дээ! Ганц болоод 2 бөөрөнхий чулуун дээр тогоо тавиад цай чанаж болдоггүй, заавал 3 чулуу тулж байж гал түлж тогоо тавин цай чанадагтай адил хайр-хүндэтгэл-итгэл хэмээх гурван тулгуурын аль нэг нь дутахад амьдрал болж чаддаггүй. Тиймээ! Та хоёр бие биедээ маш их хайртай, өдөр бүр бие биедээ байгаа сайхан чанарыг олж харан баярлаж, бахархдаг, хэзээ ч бие биедээ худлаа хэлэхгүй, бас хуурахгүй гэж итгэдэг бол амьдрал чинь цаг ямагт гэрэл гэгээтэй байхын зэрэгцээ, цай чинь үргэлж буцалж, халуунаараа байж, тогоотой цай чинь aсгарахгүй болно. Тогоотой цайгаа асгахгүйн тулд хамтдаа 3 чулуугаа тулж, үргэлж тэгшилж бат бэх суурилуулж байх хэрэгтэй. Хэрэв аль нэгэн чулуу дутагдвал, та 2 хамтдаа тэр чулууг олж бий болгож байж тогоотой цайгаа асгахгүй байж чадна. Энгийн мөртлөө энэ үнэнийг л мэдэрдэггүйгээс болж, олон гэр бүл салж, олон хүүхдүүд өнчирдөг. Эцэс сүүлд нь “яагаад”, “юунаас болчиховоо?” гэж бодсоор хариуг нь эс олж чадна. Зарим нь бүх насаараа л “үнэн”-ий эрэлд хатна.

Залуусаа! Бие биеэ чин сэтгэлсээсээ хайрлаж, бие биеэ шагшин магтаж, бахархаж, бие биедээ итгэгтүн! Аль нэг нь байхгүй бол хоёул тэврэлдэж суугаад ярилцаж зөвлөлдөж үүнийг бий болгогтун!  Бие биеэ хайрладаг атлаа хэрэггүй муу үгээр бүү гомдоогтун! Монголчууд 3-ын тоог бэлэгддэг. Хүний амьдралын хайр сэтгэлийн нандин гурван тулгуур, Хайр-Хүндэтгэл-Итгэл гурвыг бүү салгагтун! Гэгээн хайрын энэ өдөр хайртай хосууд та нар хамтдаа үүнийг уншаарай бас ярилцаарай! Та хоёр насан туршдаа бие биедээ хязгааргүй хайртай байж, бие биеэ хүндлэн дээдэлж, халуун итгэлийн илчинд омог бардам байг.

 

Харнууд овогт Гомбосүрэнгийн Галбадрах

2-р сарын 12, 2008