MOНГОЛЧУУД БИД ЖИЛД ХЭДЭН ӨДӨР АЖИЛЛАДАГ ВЭ?

БАРИМТУУД

Монгол улсад сүүлийн 5 жилд 173,5 сая литр согтууруулах ундаа үйлдвэрлэсэн байгаа бөгөөд үүнийг тоонд шилжүүлэхэд 1 хүнд 25-28 литр архи оногдож байгаа аж. Аливаа улс оронд үйлдвэрлэж байгаа согтууруулах үндааны хэмжээ нь жилд 1 хүнд 8-9 литр хэмжээнд хүрэхэд “Үндэсний хэмжээнд аюул учирлаа” гэж үздэг аж.

Монгол улсад архидалтын улмаас золгүй тохиолдлоор жилдээ 1000 гаруй хүн нас барж, 140 000 орчим хүн эрүүлжигддэг байна. Бүртгэгдсэн гэмт хэргийн 24 % нь согтуугаар үйлдэгдсэн байдаг аж.

Дэлхийн хэмжээнд минут тутамд 3-4 хүн, цагт 205 хүн, хоногт 4391 хүн, жилд 1,8 сая хүн архидан согтуурсаны улмаас нас барж байна.

Нэг. АРХИДАЖ, ӨРГӨНӨӨР ТЭМДЭГЛЭГДДЭГ БАЯРУУД

ШИНЭ ЖИЛ \сар орчим үргэлжилнэ\

-Шинэ жилийн баяр бол улирах оноо үдэж, ирж буй шинэ оноо угтах ёслолын баяр. Өнгөрсөн жилд хийж бүтээснээ дүгнэж, ирэх ондоо хийж бүтээх, амьдралдаа шийдэх олон асуудлуудаа эргэцүүлэн бодож төлөвлөх үе. Мөнх урсах цаг хугацааг бэлэгдсэн ногоон гацуур модоо чимж, шинэ хуучин оноо солилцуулж, он гарах мөчид тэнгэрт шампаан дарс буудуулан шинэ оны эхний өдрийг баяр хөөртэйгээр угтацгаадаг. Сэтгэлийн баяр хөөрийг хөдөлгөсөн сайхан баяр л даа.

Яг одоо Монголд минь шинэ жилийн “синдром” дэгдчихсэн, хүн болгоны царай нь улаа бутарч, нүд нь баярын очоор гэрэлтэж, сэтгэл зүрх нь агсам морьд шиг л догдолж буй. 12 сар гарав уу, үгүй юу энд тэндгүй гацуур модоо засч, гэрлэн чимэглэлээ асааж, хүн болгон бэлэг сэлт бэлтгэн, зарим нь шинэ жилээр ямар шагнал авах тухайгаа чих тавин сонсордоно. Бүх л ажлууд үндсэндээ хүмүүсийн “баярын наастр” дээр алдаг оног. Тэгээд ч жилийн эцэс болж байгаа хойно.Жилийн ажлын төлөвлөгөөгөө урьдчилж тооцоод, давуулаад биелүүлчихсэн аятай, шинэ жилийг их ч өргөн дэлгэр тэмдэглэнэ.

  • Цэцэрлэгийн шинэ жил
  • Дунд сургуулийн шинэ жил
  • Ахлах сургуулийн шинэ жил
  • Их дээд сургуулиудын шинэ жил
  • Албан газруудын шинэ жил
  • Нутгийн зөвлөлийн шинэ жил
  • Аймаг сумдын Улаанбаатар хот дахь зөвлөлийн шинэ жил
  • Сургууль хамт төгсөгчдийн шинэ жил
  • Спортынхны шинэ жил
  • Урлагийнхний шинэ жил
  • Бизнес эрхлэгчдийн шинэ жил
  • Хэвлэл мэдээллийнхний шинэ жил
  • Твиттерчдийн шинэ жил гэх мэтээр л явж өгнө дөө.

За тэгээд шинэ жил болгон “Оны шилдэг” ээ шалгаруулж, магтан дуулж, цом, жаазтай өргөмжлөл, улаан тууз, элдвийн чамин зүйлсээр шагнана. Түүнийг нь их мөнгө дагалдахгүй болохоор нэг их зардал үгүй. “Дэмбэрэл юм үзээгүй болохоороо их л баярлаж байна билээ” гэдгээр шагнал авч байгаа хүмүүсийн баярлаж бахархаж байгаа, шагнал аваагүй заримынх нь атаархан муулж байгаа нь цас бороо мэт холилдон сүлэлдэх аж. Уг нь байна шүү дээ , сая инженер Н. Нацагнямыг ЗГ-аас 100 сая төгрөгөөр шагнадаг шиг, “оны шилдэг”-үүдээ 10-100 сая төгрөгөөр шагнадаг жишиг тогтоох юм бол, “нарийндаа хатсан” наадуул чинь барагтай хүнийг ингэж шагнахгүй дээ.

За тэгээд энд тэндгүй шампаан дарс буудуулж, бүстэй бүсгүй цөмөөрөө орилолдож, халаалт авангаа бүжиглэж, халамцсан андууд нэг нэгэндээ “эндээс гараад үргэлжлүүлнэ шүү” хэмээн сэм сэмхэн булагнах аж. Шартсандаа ёолох өдрүүд, даашинзан дээр асгарсан дарсны толбууд, “юу болж өнгөрсөн”-ийг бүүр түүр санах шаналлууд дунд сар орчим мансуурцгаана.

БАГШ НАРЫН БАЯР \7 хоног орчим үргэлжилнэ\

Жил бүрийн 2 сарын эхний 7 хоногт тэмдэглэдэг энэ баярыг эрдэмд сургасан ачит багш нараа баярлуулах гэж товлосон байх. Бидний залууд шавь нар маань энэ өдрөөр дандаа ном бэлэглэж, ил захидал дээр талархлаа бичиж өгдөг сөн. Манай номын сангийн нилээд хэсгийг нь шавь нараас минь бэлэглэсэн ном эзэлдэг байж билээ.

Одоо бол эрдэмд сургасан ачит багшдаа ном биш архи, ил захидал биш элдэв үнэт зүйлс бэлэглэдэг болсон гэх. Амьдралын боломж муутай гэх багш нар нь шавь нарынхаа “гарыг дагуулж” хараад байдаг болсон юм болов уу даа. Ядуу багшдаа үнэтэй бэлэг өгсөн баян айлын хүүхдүүддээ “хайртай” байдаг болсон юм даг уу даа. За тэгээд энэ баяр лавтайяа 7 хоног үргэлжилнэ. Халамцуу багш нар нь бэлэг өгсөн шавь нараа “шүлсдэж”, тасарч уначихгүйн тулд сугадсан гарт нь тэнцэж ядах аж. Багш шавь хамтдаа л ууцгааж, согтуу сэтгэлдээ сурагч насаа бүүр түүр дурсацгаана.

МОНГОЛЫН ЦАГААН САР \хагас сар орчим үргэлжилнэ\

Хаврын тэргүүн сарын уламжлалт баяр нь монголчуудын хувьд хамгийн бэлэгдэлтэй баяр. Айл болгон хогоо цэвэрлэж, идээ будаагаа базааж, ахмадууд нь ууц тавьж, тавгийн идээгээ олон үеэр өрдөг. Шинийн нэгний өглөө ахмад настангууддаа хадаг барин золгож, ах дүү, хамаатан садангуудаараа цуглан хүндэтгэл үзүүлж, бэлэгтэй сайхан ерөөл үгсийг хэлэлцдэг өдөр.

Харин одоо бол бэлэгдэлтэй хэдий ч хамгийн үрэлгэн, хамгийн их зардал гаргадаг баяр болсон. Нас хамаарахгүйгээр ууц тавьж, зэрэг хамаарахгүйгээр таваг өрж, зиндаагаар нь ялгаж бэлэг өгдөг болсон. Шинийн нэгний өглөө ахмад настандаа биш албан тушаал өндөртэйдээ очиж золгон зусардана. Яагаав “худалдагдсан” болон “худалдагдаагүй” ТВ-үүд том дарга нарын Төрийн ордонд хийж байгаа золголтуудыг үзүүлдгийг санаж байгаа байх. Хүлээж цөхсөн, гомдонгоо алдаж байгаа ахмадууддаа оройхон хэрд хадаг биш мөнгө барьж золгон сэтгэлийг нь аргадаж, гомдлыг нь цайруулах. Зочлон очсон айл болгон “муугийн биш Монголын ёс”-оор заавал 3 хундага архи барина. Жижиг хундага нь дунджаар 50 гр гээд бодохоор 10 айлд зочлохдоо 1.5 литрийг өлхөн ууж амжина. Мундаг даа мундаг. За тэгээд:

  • Аав ээж, ахмадууддаа золгох золголт
  • Ах дүү нарын золголт
  • Албан газруудын золголт
  • Анд найз нарын золголт
  • Нутгийн зөвлөлийн золголт
  • Сургууль төгсөгчдийн золголт гээд л явж өгнө.

Ажил хэрэг энэ үед үндсэндээ золголтоор эхэлж, 100 гр татсанаар үргэлжилж, бэлэг сэлт өгснөөр өндөрлөх авай. Ажлаа тараад хэн дээр очиж золгох тухайгаа бодож байдаг болохоор энэ сард нийтээрээ нилээдгүй хөгжүүн хөөрүү. Ёсыг бодож их зардал гаргаж хийсэн цагаан сарын дараа орлого зарлагаа тэнцүүлэх гэж нилээдгүй юм болно. Ихэнх нь дараагийн сараас “өрөө хэрхэн дарах” тухай бодож эхэлдэг. Өрөө дарах элдэв арга боломж олдоно доо олдоно.

ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР БУЮУ-ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН БАЯР \дор хаяж 7 хоног үргэлжилнэ\

Дэлхийн эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч Клара Цеткин энэ өдрийг “олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр” болгосон юм билээ. Жил бүрийн 3 сарын 8 ны өдөр эмэгтэйчүүдийн эрхийг хүндэтгэж, тэдний гэр бүл болон нийгэм дэх үүрэг оролцоог дэмждэг байсан аж. Одоо яриад байгаа “хүйсийн тэгш эрх” буюу жендерийн асуудлаар дэлхий нийтийн анхаарлыг хандуулах зорилготой юм уу даа.

Эхэндээ нилээд аятайхан явж байсан энэ баяр өдгөө “монголчилогдоод” эмэгтэйчүүдийн баяр болж хувирсан. Эмэгтэйчүүдийн жендерийн асуудалд эрэгтэйчүүдтэйгээ адилаар архи уух, архийг “дааж сургах” хэмжээнд хандах болсон дог оо. Эрэгтэйчүүд нь энэ өдөр өөрсдийн гарын хоолоо хийж, сарнай цэцэг барьж угтан, элдвээр магтан дуулж, хоолоор дайлна, хатуу дарсаар хоолоо даруулна. “Та нар минь жилдээ ганц өдөр баярлан цэнгэж, наргиж уулгүй яахав. Та нарын минь өдөр шүү дээ, за уучих” гэж хошуу цорвойлгон аргадна. Хүйсийн тэгш эрхийн асуудал хундага хундага дарсаар хэмжигдэх юм шиг л ууцгаана. Сүүлдээ хамтдаа согтоцгоож, энд тэнд хөглөрөх сарнай цэцэгс, нулимсанд нь урссан нүүрний будаг, энгэрээ задгайлсан цамц, үрчийсэн даашинз, гуйвсан хөл, зажилсан хэл. За тэгээд:

  • Ээжийгээ эгчийгээ, эмэгтэй дүүгээ баярлуулна
  • Ажлын газрын бүсгүйчүүдээ баярлуулна
  • Ангид хамт сурч төгссөн бүсгүйчүүдээ баярлуулна
  • Айл саахалт дотно гэр бүлээрээ бүсгүйчүүдээ баярлуулна
  • Хааяадаа сэмхэн дотносдог бүсгүйчүүдээ баярлуулна

Нэгэн цагт “цэвэр ичимтгий” байсан монгол бүсгүйчүүд маань энэ их “хүндлэл” бүхий архидалтын гайгаар “бохир задгай” болоход ойртож байна даа. Архийг ууна ч, даана ч шүү дээ монгол бүсгүйчүүд минь. Баярламаар ч юм шиг, харамсмаар ч юм шиг.

МОНГОЛЫН АРДЫН АРМИЙН ӨДӨР БУЮУ ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН БАЯР \дор хаяж 7 хоног үргэлжилнэ\

Жил бүрийн 3 сарын 18 ны өдрийг Монгол Улсын зэвсэгт хүчин болох Ардын армийн баярын өдөр болгон тэмдэглэдэг. Угтаа бол Монгол улсынхаа дархан хил, газар нутаг, хэн ч халдашгүй тусгаар тогтнолыг хамгаалах эр цэргүүдээ урамшуулан зоригжуулах өдөр юм л даа. Дээр үед энэ өдөр Сүхбаатарын талбайд болдог “Ардын армийн” сүрлэг жагсаал, парад нь энгийн ард олонд, “ийм сүр хүчний дор амар амгалан байж болох” итгэлийг өгдөг байсан байх.
Харин одоо бол өөр. “Ядаж байхад яр” гэдэгчлэн 3-сарын 8 наас 10 хоногийн дараа тохиож байгаа болохоор мөнөөх эмэгтэйчүүд нь эрэгтэйчүүддээ “хариу барьдаг” өдөр болжээ. Эрэгтэй хүйстэнгүүдээ баярлуулах шалтагт, тэр эр хүн нь армид алба хаасан хаагаагүй нь ялгаа үгүй. Мэдээж “эр хүн шүү” юм болохоор цэргийн алба хааж болох байсан, алба хаасан, ирээдүйд алба хаах бүгдийг л тэгш эрхээр нь авч үзэж байгаа болохоор “Эрэгтэйчүүдийн баяр” болон хувирчээ. Эрчүүдэд сарнай цэцэг барих нь зохимжгүй болохоор сайхан хоол хийнэ, архи авчирна, жижигхэн бэлэг сэлт базаана. Тэгээд л ууцгаана даа. Хундага болгоны өмнө “яруу алдарт арми”-йн тухай хэлэхгүй байж болохгүй. Учир нь “үг хэлбэл арга хэмжээ, үг хэлэхгүй бол архидалт” болчих гээд байгаа хэрэг. Эрчүүд арай танагтай. Тасарна, бөөлжинө. Зарим нь агсамнахчаа аядана, зарим нь юу хэлж байгаа нь мэдэгдэхгүй бувтнана. За тэгээд:

  • Армид хамтдаа алба хааж байсан эрчүүдээ уулгана
  • Ажлын газарт хамт ажилладаг эрчүүдээ уулгана
  • Аав, ах, эрэгтэй дүүгээ баярлуулна
  • Ангид хамтдаа сурч байсан эрчүүдээ уулгана
  • Ангийнхаа хөвгүүдийг “сайн эр болоорой” хэмээн уулгана
  • Хааяадаа дотносож уулздаг эрчүүдээ дайлж уулгана

Хөөрхийдөө монгол эрчүүд минь хөгнөөтэй хурга ишиг шиг жагсаалаараа ууцгаана. Согтуу сэтгэлдээ “тэнэгтэх” хэрээрээ монгол бүсгүйчүүддээ гологдож эхэлдэг. Өөрийгөө магтаж ууна, өрөөлийг “доош нь хийж” агсамнана. Хэрдээ л “томрох” авч, цагаа тулаад эх орноо хамгаалах нь хэд байх бол. Баярламаар ч юм шиг, өрөвдмөөр ч юм шиг.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДАМ \2 сар орчим үргэлжилнэ\

Монголчуудыг эрийн гурван наадам үгүйгээр хэрхэн төсөөлөх билээ. Эр бөхчүүд нь уран мэх, эр бяраа гайхуулж, эрэмгий харваачид нь онч мэргэнээ гайхуулж, эргэмэг уяачид нь хурдан хүлгээрээ гайхуулдаг монгол наадам дэлхийд ганцхан. Монголчуудын монголоороо гайхуулдаг үндэсний бахархал. Энэ өдрүүдэд монгол дээл хувцсаараа “гангарч”, монгол гэдгээрээ омогшиж, монгол гэдгээрээ гайхуулдаг. Түрүү бөхийнхээ хишгээс нь ам хүртэж, түрүү мориныхоо хөлснөөс нь хийморь авч, түрүү харваачдынхаа нумнаас нь адис авдаг өөр үндэстэн хаана бий гэж? Бахархмаар шүү. Бас дэлхийн дайдад гайхуулмаар.

Энэ их сайхан наадам өдгөө хүрээгээ тэлжээ. 7 сарын эхнээс сумын наадмууд эхэлж, улсын наадмаас өмнө аймгийн наадмууд отголж, 7 сарын 11-13 ны өдрүүдэд Улсын наадам болно. Морь уяж үзээгүй “манлай уяачид” нь таахалзаж, нутгаасаа цолтон төрүүлэх даалагвартай нутгийн зөвлөлийнхэн “найраа”-нд оролцож, цүнх дүүрэн мөнгө барьж гүйлдэнэ. Найрах аргагүй харваачид “бор зүрхээрээ”. Наадамчин олон үнэн хүчийг биш, “найраанд” хэн хэдийг хаяж, хэрхэн жүжиглэхийг харж, тааж ядна. Урам нь хугарах хэдий ч “мөнгөтэй хүн морь бөхөд хэрхэн найрах”-ыг харан зусардаж алгаа ташина, гэвч дургүйцлээ сэм сэмхэн шивнэцгээх аж. За тэгээд наадмын маргаашнаас, наадмын дараах наадмууд үргэлжилнэ.

  • Уяачдын наадам
  • Тэгш ойт аймгуудын наадам
  • Зүүн бүсийн даншиг наадам
  • Баруун бүсийн “Их хурд” наадам
  • Төвийн бүсүүдийн найрсаг наадам
  • Улсын цол авсан бөхчүүдэд зориулсан бэсрэг наадмууд
  • Улсаас цол авсан уяачдын мялаалга наадам
  • Хэн нэгний босгосон суварга наадам
  • Төрийн тахилгат уулсын “хишиг” наадам
  • Намрын 3 сар тасралтгүй үргэлжлэх найр наадам

7 сарын 1 ээс 9 сарын 1 хүртэл Монголд ямар ч ажил хэрэг бүтэх боломжгүй нь олон улсын хэмжээн дээр нэгэнт нотлогдсон зүйл. Бүх албан газрын дарга мэргэжилтнүүд бүгдээрээ амралтаа аваад “даший шог”. Хорхог, боодог, айрагны амтанд улаа бутарч, байн байн гарч “морь хардаг” үе. УИХ-ын болон ЗГ-ын гишүүд ноёд загварын дээл хувцас, малгай гоёлоор гангаран, таахаг таахаг алхлан, үнэтэй чулуун хөөргөөр тамхилангаа ард олонтойгоо хэрхэн найрсаг дотно байгаагаа нотлох цаг үе. Зусардагсад, даган баясагчид ч тэднээс цөөнгүй. Зуд болж мал үхэхгүй юм шиг, Улаанбаатарын утаа өөрөө л арилж одох юм шиг, улс орон минь аяндаа, зөнгөөрөө хөгжиж орхих юм шиг л бүгдээрээ амар амгалан. Ядаж байхад айраг эсч, айлын охид өсч, тарвага арьсандаа багтахаа больж, хонь ямаад язартлаа таргалах үе. Яасан ч уудам юм бэ дээ? Монголын тал нутаг. Ямар ч уужуу юм бэ дээ? Монгол хүний сэтгэл.

ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛ \дор хаяж 7 хоног үргэлжилнэ\

Монгол оронд бүх шатны сургуулиудын хичээлийн шинэ жил 9 сарын 1 нд эхэлдэг уламжлалтай. Зунжингаа “амарсан” хүүхдүүд оюутнууд ангийн андуудаа санаж бэтгэрсэн сэтгэлээ тайлж, зуны хөгжилтэй, хөгтэй дурсамжуудаа бие биендээ хуучилдаг үе. Эхэндээ жаахан бишүүрхэнгүй байх авч 7 хоногийн дараанаас эрдэм номын ажил жигдэрдэг.

Одоо бол хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө урлагийн одод тоглолтоо хийж, баар цэнгээний газрууд нэмүү орлогоо тоолж, баярласандаа гараа үрчих болж. Хөөрхий аав ээж нь мал дагаж, хэтэвч тосолсон хэдэн төгрөгөө “сургалтын төлбөр”, “дотуур байрны зардал” гээж амихандаа л тоолж тооцож явуулна. Хөөрхий “юм үзээгүй” цээж баянгууд хэд хоног л бие биенээ “дааж” баярхах. “Мөнгө яах вэ? олдоно. Сайн найз нөхөд олдохгүй шүү дээ. Залуу халуун насан дээрээ наргиж цэнгэж авахгүй бол аз чинь харина” гэхчилэн “амны салиа нь арилаагүй” аавын цээжүүд халамцуудаа томроно. Жилдээ зарцуулах мөнгөө хэдхэн хоногт үрчихээд сэтгэл нь шаналах авч, бусдын шижгээр “аргаа олох” гэж бухнийг л сүвэгчлэх. Сар болгон тарааж байгаа 70 000 төгрөгтөө найдах авч, “сурсан муу зуршлаа сураар боож” бас чадахгүй. Муу арга нь “биеэ үнэлэх”, бусдыг залилах, гэхчилэн үргэлжилдэг. Залуус бүгдээрээ биш л дээ, гэхдээ ийм дүр зургууд нийтлэг болсон байгаа.

БУСАД ОЛОН БАЯРУУД \3-7 хоногийн үргэлжлэлтэй\

Дээрх баярууд нь олон нийтийг хамарсан Монголын нийгэмд зуршил болсон шахуу үзэгдлүүд. Олон хоногоор үргэлжлэхгүй ч ойр ойрхондоо тэмдэглэдэг баярууд цөөнгүй. Баяр болгоныг архитай тэмдэглэдэг зуршлаар эдгээр баяруудаар “хундага тулгаж” ерөөл хэлэхгүй өнгөрнө гэж бараг л үгүй дээ. Заримаас нь дурдвал:

  • Гэгээн Валентины баяр
  • Намуудын баяр
  • Инээдмийн баяр
  • Эх үрсийн баяр
  • Ахмадын өдөр
  • Муу ёрын сүнсний баяр
  • Тусгаар тогтнолын баяр

Монголчууд бидний муу зуршил нь ямарч баяр, тэмдэглэлт өдрүүдийг дор хаяж 7 хоногийн өмнөөс уриалан бэлтгэж, 3-аас доошгүй өдөр үргэлжилдэгт байгаа. Баяр л бол баяр. Утга учир нь тэгтлээ чухал биш, яаж ийгээд тэмдэглэх нь л чухал. Тэр тоолонгоор ажил хэрэг цалгардаж байдаг.

Хоёр. ЦЭНГЭЛИИЙН МАНЛАЙД ХҮРЧИХСЭН БИЛ ҮҮ? БИД

Аливаа улс орны хөгжил, иргэд нь хэр хэмжээгээр хөдөлмөрлөж, баялагийг хэрхэн бүтээж байгаагаар хэмжигддэг. Баялагийг бүтээхэд өнөө үед цаг хугацаа хамгийн чухал. Үүрийн бүртийх гэгээнээс үдшийн бүрий хүртэл зогсолтгүй хөдөлмөрлөж байж амьдралаа аятай сайнаар авч явдаг нүүдэлчин монголчуудын өнөөгийн үр удам бид арай л арчаагүй болж байгаа мэт танд санагдахгүй байна уу? Ардчилал бидэнд боломж авчирч өгсөн хэдий ч өнгөрсөн 24 жилд бид үндэсний үйлдвэрлэлээ сэргээж чадсангүй. Бид өөрсдөө юу ч хийхгүй хэрнээ, бусдын бүтээсэн баялгийг өндөр үнээр худалдаж авч, түүгээрээ бие биедээ гайхуулж сууна. Улс олны баялгийг хулгайлан завшиж, газар болон түүний баялгийг зарж, хууль бус үйлдлээр баяжигсад энэ хийрхлийг дэгдээж, өгдөөж байна. “Хэрээ галууг дуурайж хөлөө хөлдөөнө” гэдгээр зусардагсад, тэдний шавхруун дээр бусдыг турхирч сууна.

Зөвхөн дээрх жишээн дээр анхаараад үзэхэд, монголчууд бид жилийн 12 сарын лавтайяа 4 сараас багагүй хугацаанд ажил хийдүүлж, үр дүн багатай, аргацааж өнгөрөөж байна. Энэ бага хугацаа гэж үү? Ингэж замбараагүй баярлаж, найрлаж цэнгэх нь хэнд ашигтай гэж? Өөрийгөө зовоолгүй луйвардаж олсон мөнгөө үрж ядсан зальтангууд, архи согтууруулах ундааны бизнесээр хөлжигсөд, угаасаа ажил хийж хариуцлага хүлээж сураагүй албан хаагчид, намын нэрээр сэм хуйвалдаж баяжиж байгаа улстөрчдөд хэрэгтэй. Тэдний хувьд ард олон хэдийчинээн мунхаг байх тусам, хэдийчинээн ууж согтуурч солиорч байх тусам, ямагт өлөн зэлмүүн байж бусдын хаяж өгсөн угаадас шиг хаялга дээр “алалцаж” байх нь ашигтай. Тийм болоод л тэд ийм олон баяр зугаа цэнгэлийг журамлахгүй, журамлахыг хүсэхгүй байна. Тийм хүслээр тэд ард олонд, оюутан залууст бэлэн мөнгө тараагаад байгаа юм. Тэд ийм хандлагуудаараа хүмүүсийг талцуулж, хэрэлдүүлж, муудалцуулаад байгаа юм.

Баяр болох гэж байхад “амны билэггүй” юм ярилаа гэж бухимдах хэрэггүй дээ. “Дэлхийн олон улс орнуудад ч ийм байдаг шүү дээ” гэж барьцах хэрэггүй дээ. Зүгээр л бодоод, жишээд үзье л дээ. Эрүүл саруул ухаанаар. Монголчууд бид нэг л БУРУУ ДЭВЭЭД БАЙГАА ШУВУУД ШИГ гэж танд санагдахгүй байна гэж үү? Бид заавал буруу дэвж байх ёстой гэж үү? Би санал гаргаж уриалах гэсэнгүй, зөвхөн өөрийн бодлоо танд хүргэлээ.

Share Your Thoughts