OЛОНД ТАНИГДСАН МОНГОЛ БРЕНДТЭЙ БОЛОХ ХҮСЭЛ

…Нью-Йорк тэнгэр тулам өндөр барилгуудтай, дуу шуугиан ихтэй хот. Хотын гудамжаар нь шар өнгийн таксинууд зогсоо зайгүй сүлжилдэх нь зөгийн үүрэнд ойртон очих мэт. Алдарт эрх чөлөөний хөшөө болон Бродвэйн гудамжны шөнө гээд хүмүүсийг татах зүйл энэ хотод мундахгүй. Вашингтон ДС-ийн Хятад хорооллоос суусан автобус маань 4 цаг гаруй хугацааг туулаад Нью-Йоркийн Хятад хороололд  хүргэж өглөө. Америкийн хамгийн хөл ихтэй энэ хотод “Загварын” олон компаниуд байдаг болохоор “Загварынхны төв” ч гэж үздэг юм билээ.  АНУ-д загвар зохион бүтээгчийн мэргэжлээр сургууль төгсөөд мэргэжлээрээ энэ хотод ажиллаж байгаа Д.Оюунбаяр бид 2 нэгэн зоогийн газар уулзаж нилээд удаан ярилцаж суулаа. Харин орой нь миний танил загвар зохион бүтээгч Ү.Юмжир бид хэд Нью-Йоркийн гудамжаар явж “нүд хужирлав”.

Даваажавын Оюунбаяр

Нэг. Намтрын товчоон
-1984 онд Улаанбаатарт төрсөн
-Нийслэлийн 18-р сургуулийг төгссөн
-МУИС-ийн ГХХС-ын сургуульд суралцаж төгссөн
-2007 онд АНУ-ын Миссиурийн Lidenwood University -д элсэн орж 2010 онд Нью-Йоркийн Parsons University-д суралцаж төгссөн
-Одоо Нью-Йоркийн хувцас загварын Tiger J LLC-d мэргэжлээрээ ажиллаж байна.

Хоёр. Сургуулийн жилүүд

-Г.Галбадрах: Хаана төрж өсөв?

1-Д.Оюунбаяр: Би 1984 онд Улаанбаатар хотод төрсөн. Аавыг маань Даваажав, ээжийг минь Альгирмаа гэдэг. Аав ээж 2 хойно Украйнд оюутан байхдаа танилцаад, удалгүй нэг гэрт орсон гэдэг. Манайх ам бүл 5уулаа. Би дороо 2 ихэр дүүтэй айлын том охин. Аав ээж 2 маань залуугаасаа л арьс ширний үйлдвэрт завгүй ажилладаг байсан болохоор дүү нар нь манайд их ирдэг, бид 3-ыг харж асардаг байсан. Ер нь манайхаар хүмүүс их орж гардаг айл. Бага насны дурсамж гэвэл, байрны хүүхдүүдтэй дээс чирта тоглож, хааяа 2 дүүтэйгээ гэртээ хүүхэлдэйн кино үзэж
өнждөг байсан. Аав маань гарын эв дуйтэй зургийн сонирхолтой хүн байсан болоод тэрүү дүү бид 3 зураг зурах их дуртай байсан. Гэрээр дүүрэн өнгийн харандаа, Walt Disney-н хүүхэлдэйг дуурайлгаж зурсан зургууд. 2 дүүгийн зурсан хөөрхөн жижигхэн динозавр, роботны зургууд хаа сайгүй хөглөрсөн байдаг байлаа.

-Г.Галбадрах: Дунд сургуульдаа хаана суралцсан бэ?

-Д.Оюунбаяр: Би 1-р ангидаа нийслэлийн гадаад хэлний сургалттай 18 -р сургуульд орж тэндээ 10-р ангиа төгстөл суралцсан. Манай гэр 6-р бичил хороололд, сургууль маань үйлдвэр комбинатад байсан болохоор өглөө нилээн эрт босож хичээлдээ явдаг байв. Цугтаа хичээлдээ явдаг, даалгавраа хамт хийдэг байсан Отгонтуяа гээд багын найз минь бий. Найз минь миний зурсан зургуудад их дуртай, сонирхлыг минь их дэмждэг, хааяа надаар зургийнхаа даалгавраа хийлгэчдэг сэргэлэн охин байдаг юм. Би багаасаа даруухан хүмүүжилтэй ч, санасан
зорьсондоо яаралгүй тэмүүлдэг идэвхи санаачлагатай хүүхэд байсан.

-Г.Галбадрах: Ажаад байхад дунд сургуульдаа байнга онц сурдаг багшийн үгнээс гардаггүй байсан хүүхдүүд, байнга сахилгагүйтэж “хэл ам таталж” байсан хүүхдүүд өнөөгийн нийгэмд өөр сонголтоор явж байгаа нь анзаарагддаг.

6-Д.Оюунбаяр: Багадаа сахилгагүй, эрх дураараа байсан хүүхдүүд амьдралд гараад ирэхээр илүү зөв сонголт хийдэг юм шиг санагддаг. Ер нь алдаа хийдэг, сахилгагүй байна гэдэг ерөөсөө буруу зүйл биш. Харин ч хүн өөрийгөө ойлгож, дараагийн удаа зөв алхам хийхэд нь хэрэг болдог. Миний хувьд хүн юу хүсч байгаагаа сайн мэддэг бас тодорхой хэмжээгээр дасан зохицох чадвар сайн байвал бүх зүйл аяндаа болж бүтнэ гэж боддог. Аав ээж 2 минь залуугаасаа арьс ширний үйлдвэрт ажилласан. Гэтэл зах зээлийн өөрчлөлтөд тэд ч бас өөрчлөгдөн
зохицох шаардлагатай болж, мэргэжлийнхээ чиглэлээр хувийн жижиг үйлдвэр байгуулаад биеэ дааж бизнес хийж эхэлсэн. Тэгэхэд энэ бүхнийг анзаарсан болохоор хожим энэ загварын мэргэжлийг сонгоход нөлөөлсөн л дөө.

-Г.Галбадрах: Тийм ээ, энэ үнэн. Гэхдээ хүүхэд болгон ингэж ойлгож, мэдэрч байгаагүй л дээ. Харин чи 10-р ангиа төгсөөд ямар сонголт хийв?

-Д.Оюунбаяр: Би 10-р ангиа төгсөөд элсэлтийн шалгалтад орж 3 хуваарь дээр тэнцлээ. МУИС-ийн Гадаад Хэл Соёлын Сургууль, ТИС-ийн Зургийн анги, ХИС-ийн англи хэлний ангид тэнцэв. Аав ээж бид 3 нилээд зөвлөлдөж байж, МУИС-ийн ГХСС-ийн сургуульд англи хэл, орчуулагч орон судлаачийн хуваарийг сонгож суралцсан. Сонголт маань алсдаа гадаадад суралцах зорилгод минь нөлөөлсөн гэх үү дээ.

Гурав. Монголдоо ажилласан минь өөрийгөө хайсан жилүүд байлаа.

-Г.Галбадрах: Сургуулиа төгсөөд хаана ажиллав?

-Д.Оюунбаяр: Сургуулиа төгсөөд хувийн хэвшлийн 2 ч байгуулагад гадаад харилцааны чиглэлээр ажиллаа. Одоо бодоход компютерийн ширээний ард олон цагаар бичиг цаас нухаж, орчуулга хийгээд сууж байхдаа өөрийнхөө хүсэл мөрөөдөл, ямар зүйлд тэмүүлдэгээ илүү ойлгож мэдсэн юм шиг билээ. Мэдээж тухайн үед ажиллаж байхдаа сайхан хамт олонтой, ажил хийгээд сурч мэдсэн зүйл их ч гэсэн би юу юунаас илүү зураг зурж, юм оёж, хувцас загвар зохион бүтээхийг илүү хүсч байлаа. Тэгээд сүүлийн байгууллагадаа ажиллаж байхдаа загвар зохион бүтээгч-ийн чиглэлээр АНУ-д ямар сургуульд суралцаж болохыг судалж эхэлсэн. Тухайн үед америкийн сургуулиудад тэтгэлгээр оюутан явуулдаг “Глобаль удирдагч сан” гээд үйл ажиллагаагаа явуулж эхлээд удаагүй байгууллага байсан. Тэдэнтэй хамтарч ажилладаг сургуулиудаас ганцхан нь л загвар зохион бүтээгчийн чиглэлээр оюутан элсүүлж авдаг байсан нь Missouri-ийн Lindenwood гэж сургууль байв. Сургалтын хөтөлбөр болон сургуулийн орчин нөхцөл нь сайн бас төлбөр нь боломжийн учраас Missouri-ийн сургуулийг сонгож бүртгүүллээ.

-Г.Галбадрах: Яагаад заавал загвар зохион бүтээгч гэж?

5-Д.Оюунбаяр: Би багаасаа л юманд сониуч, ном сонин унших, зураг зурах дуртай хүүхэд байсан. Бас аливаа юмны загварын шийдлийг өөрчилж дасал болсон зүйлээс шинэлэг дүр төрх олж нээх, бүтээлч байдал рүү тэмүүлдгээ анзаарч байлаа. Өөрийн тоглодог тоглоомоо янз бүр болгон өөрчлөхөөс эхлээд дотоод төсөөлөл минь арай өөр байдлаар илэрдэг байсан байх, одоо бодоход. Энэ бүхнээс л өөрийгөө загвар зохион бүтээгчийн мэргэжилд арай дөхөм юм гэж мэдэрсэн. Бас аав ээжийнхээ олон жил шаргуу ажилласан бизнесийг нь тодорхой хэмжээгээр загварын талаас нь өргөжүүлэх сонирхол ч байлаа. Ер нь энэ мэргэжил амжилтад хүрэхэд амаргүй ч боломж, ирээдүй нь харагдаж байсан гэх үү дээ.

-Г.Галбадрах: Энэ яриа чинь надад их таалагдаж байна л даа. Залуус болохоор хэн нэгний зөвлөлгөө болон бусад боломжуудыг харгалзан байж мэргэжлээ сонгодог байхад чи өөрийгөө таньж нээж байж мэргэжлээ сонгосон гэдэг нь. Тэгэхээр ямартай ч АНУ-д хүссэн мэргэжлээрээ суралцах боломж бүрджээ.

-Д.Оюунбаяр: Тийм ээ. АНУ-д суралцахаар гаргасан хүсэлт минь зөвшөөрөгдөж. 2007 оны намар Миссиурийн Lindenwood University-d суралцахаар ирлээ.
Дөрөв. АНУ-д суралцсан жилүүд

-Г.Галбадрах: Ямартай ч зорьсон сургуульдаа хүссэн мэргэжлээрээ суралцахаар иржээ. Анх суралцаж байхад ямар санагдаж байв?

-Д.Оюунбаяр: Манай сургууль гадаад оюутнуудад их анхаарал их тавьдаг, оюутнуудаа хамруулсан үдэшлэг, арга хэмжээ их зохион байгуулдаг нь хамгийн их таалагдсан. Оюутны хотхон нь манай Тэрэлжийн амралт шиг байгальтай, зөндөө модон дунд тохилог дотуур байрнуудтай их тухтай, нам жим гоё газар байсан.

-Г.Галбадрах: Энд хэр сурч байв даа?

-Д.Оюунбаяр: Анх удаа хүссэн мэргэжлээрээ сурч байсан болохоор хичээлдээ их сонирхолтой , хичээж сайн суралцсан. Манай сургуулийн зүгээс ч гэсэн оюутан болгондоо оёдлын машин, маникан, ойр зуур багаж хэрэгслийг нь хангаж өгдөг байсан болохоор сурахад урамтай байлаа. Энд л би загварын анхан шатны суурь мэдэгдэхүүнийг сайн эзэмшсэн гэж бодож байна. Манай багш нар хувцасны оёдол эсгүүр, зураг төсөл график дизайн гээд техник аргачлалыг голлож хичээлээ заадаг байсан нь надад дараагийн сургуульдаа шилжиж ороход их хэрэг болсон.

-Г.Галбадрах: Нью-Йоркийн сургууль руу яагаад шилжсэн юм бэ?

2-Д.Оюунбаяр: Тэр үед Нью-Йоркод надтай МУИС-д хамт суралцаж байсан нэг найз минь байсан л даа. Өвлийн амралтаараа найз дээрээ зочилж очив. NY хот анхандаа их чимээ шуугиантай, хөл хөдөлгөөн ихтэй газар шиг санагдсан ч би энэ хотоос хүсч зорьсон бүхнээ олж авах боломжтой, энд ирж суралцах нь цаашдаа их ирээдүйтэй болохыг ойлгосон. Тэгээд энд байгаа загварын чиглэлийн сургуулиудыг сонирхож Parsons болон Fashion Institute of Technology гээд 2 сургуульд аппликейшин бөглөж, өөрийн хийсэн Portfolio-гоо явууллаа. Энэ 2 сургуулиас Parsons-ийг илүүтэй сонирхож байв. Учир нь энэ сургууль хувцас загварыг хэв маяг, хэрэглээний бизнес талаас нь үзэж судлахаас гадна худалдаа marketing-ийн мэдлэг олгодог нь их авууштай санагдсан. 2008 оны 12 сард надад зөвшөөрсөн хариу ирж би ч хүссэн сургуулдаа орно гээд бөөн баяр болов. Тэгээд л хуучин сургуультайгаа хамаг тооцоогоо дуусгаад шинэ он гарахад би Нью-Йоркод нүүж ирсэн. Энэ бол миний амьдралдаа хийсэн том алхмын нэг байлаа.
-Г.Галбадрах: Хүн өөрийн хүсэл мөрөөдөл болон өмнөө тавьсан зорилгодоо хүрэхийн тулд санаанд оромгүй шийдвэр гаргаж цочир алхам хийх нь бий. Гэхдээ ийм алхам амжилтад хүрэхэд арай дөт боломжийг ч олгодог.

-Д.Оюунбаяр: Энд ирж суралцахад сургалтын төлбөр их өндөр байсан. Сургуулийнхаа санхүүгийн албанд хандаж, өмнө сургуульдаа сурч байсан сурлагын оноо голч дүнгээс хамаараад сургалтын төлбөрийн 30 хувийг хөнгөлүүлж чадлаа. Үлдсэн төлбөртөө аав ээжээсээ дэмжлэг хүссэн. Сургуулиа солих application бөглөж байхдаа аав ээждээ хэлээгүй байсан л даа. Шалгуур өндөртэй болохоор тэнцэх эсэх нь тодорхойгүй байсан учраас. Харин аав ээж 2 минь намайг тухайн үед үнэхээр сайн ойлгож дэмжсэн дээ. Үргэлж дэмжиж, ойлгож байдагт нь аав ээж 2-тоо зөндөө их баярладаг. Тэгээд ч Lindenwoodийн сургуульдаа дахиад 3 жил сурсан, Parsons-д 1.5 жил сурсан төлбөр мөнгийн хувьд ойролцоо гарахаас гадна, Parsons ийг төгссөн оюутнуудыг NY-ийн Загварын компаниуд ажилд авах дуртай байдгийг бас давхар бодолцсон хэрэг. Сургалтын төлбөрөө хэмнэхийн тулд 2 жилийн хөтөлбөрийг 1,5 жилд багтаахаар тооцлоо. Тэгээд эхний семистрт 7 анги дараагийн ангид 8 анги сүүлийн семистрт 3 анги авч суралцсан. Хажуугаар нь 2 компани дээр цагаар дадлага хийсний нэг нь DKNY гээд Нью-Йоркийн нэртэй том design house, нөгөө нь Be and D гээд жижиг гар цүнхний компани байв. Даалгавар ихтэй болохоор дотно найз нөхөдтэйгээ ч тухтай уулзах цаг завгүй, их хичээж суралцсан. Сургуулийн оёдлын өрөө, компьютрийн танхимд ангийнхантайгаа хонож өнжих шахам сууж байж даалгавраа хийж дуусгах үе зөндөө. Бас Lindenwood-д сурсан оёдол эсгүүрийн техникүүд Parsons-ийн даалгаврыг хийж гүйцэхэд маш их хэрэг болсон. Нэгэнт шийдвэр гаргаад наашаа ирсэн учраас тухайн үедээ сургуулиа амжилттай төгсөх нь надад хамгийн чухал байлаа.

-Г.Галбадрах: Parsons мэдээж шалгуур өндөртэй. Тэд хүссэн хүн болгоныг сонгон авч сургаад ч байдаггүй байх. Тэр шалгуурт чиний ямар чанар нь тохирсон юм бол? чиний бодлоор.

-Д.Оюунбаяр: Parsons- д элсэхийн тулд Lindenwooded оёж байсан палааж, юбка цамцны хослолын зургыг явуулсан. Миний дизайны онцлог нь оёдол эсгүүрийг сайн гүйцэтгэхээс гадна, жижиг загварын деталиуд нь нарийн өвөрмөц шийдэлтай байсан. Бас Adobe illustrator, Adobe photoshop гээд зургын программ дээр хийсэн зураг, эскизүүд маань шалгуурт нь тэнцэхэд нөлөө үзүүлсэн болов уу.

-Г.Галбадрах: Parsons-ийн давуу тал нь юу байв?

-Д.Оюунбаяр: Parsons бол NY-t төдийгүй дэлхийд нэр хүндтэй загварын сургууль. Манай сургуулиас Marc Jacobs, DonnaKaran, Anna Sui, Isaac Mizrahi гээд  Нью-Йоркодоо нэртэй загвар зохион бүтээгчид төрснөөс гадна хичээл заадаг багш, професорууд нь бас өөрсдөө дизайнерууд, design house-нуудын маркетийнгийн албаны удирдлагууд байсан болохоор загварын ертөнцөд болж буй бүх мэдээ мэдээллийг цаг тухайд нь авдаг байсан. Бас оюутнуудаа хамруулсан уралдаан тэмцээн их зохиогддог, түрүүлсэн оюутны бүтээлийг бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэж, нэрийн дэлгүүрүүдээр худалдаалах гэрээ хийх гэх мэт сэтгэл хөдөлгөм олон арга хэмжээ зохиогддог юм. Хичээлийн улирлын эцэст оюутнуудын хийсэн бүтээлээр үзэсгэлэн гаргадаг байсны 2т нь би өөрийнхөө бүтээлийг оруулсан. Энд сурч байхдаа цагийг маш сайн ашиглаж сурсан даа. Дээр нь сургууль маань их хатуу шаардлагатай, 2 удаа хоцорч, таслахад тухайн ангиас хасдаг байсан болохоор хичээлээс хоцрох ойлголт байдаггүй байлаа. Амжилттай суралцаж сургуулиа 2010 оны хавар төгссөн.

Тав. Олонд нэртэй монгол брэндтэй болохыг хүсч байна.

-Г.Галбадрах: Мундаг байнаа. Сургуулиа төгсөөд мэргэжлээрээ ажиллав уу?

3-Д.Оюунбаяр: Сургуулиа төгсөөд нэг хэсэг амарлаа. Дараа нь ажил хайж эхэлсэн. Ажил хайж байхдаа өөрийн хийсэн бүтээлүүдээр жижиг вэб хуудас хийсэн нь зарим газруудад ярилцлаганд ороход их хэрэг болж байсан. Тухайн үед америкийн эдийн засаг уналтанд байсныг хэлэх үү, гадаад оюутан төдийгүй америк оюутнуудад ажил олдохгүй хэцүү үе байв. Тэр үед зүгээр суухаар гээд дадлагын ажил хийдэг байлаа. Нэг өдөр дадлагаа хийж байгаад цайны цагаараа зар харж байгаад санаандгүй нэг компаний тавьсан зарыг олж үзсэн. Зар нь байсан хэрнээ холбогдох утас emailee байдаггүй. Google-r компанийх нь нэрийг олж хайгаад холбогдох утсыг нь олж залгалаа. Миний аз таарч хүний нөөцийн менежер хүүхэн нь ажил дээрээ байж таараад утсаар саналаа хэлж, өөрийнхөө вэб хуудасыг хэлж өгөв. Тэгээд маргааш нь хүрч ирээд ярилцлаганд орохоор болсон. Тэр шөнө нь портфолиогоо гүйцээж бэлдээд маргааш нь очиж ярилцлага өгөөд нэг их удалгүй энэ компанид ажилд орсон. Зар тавихдаа холбогдох утас, email-ээ тавиагүй байсан болохоор надаас холбоо барьсан өөр оюутан байгаагүй юм билээ. Санаандгүй,
азтай тохиолдлоор ажилтай болсон шүү.

-Г.Галбадрах: Энэ компаныхаа тухай жаахан дэлгэрүүлж ярьж болох уу?

-Д.Оюунбаяр: Бололгүй яахав. Манай компани нэртэй одууд болон дизайнеруудын захиалгаар тэдний нэрийн бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, телевизээр худалдаалах үйл ажиллагаа явуулдаг. HSN, QVC гээд 2-3 компанитай гэрээгээр хамтарч ажилладаг. Ер нь нэртэй одууд өөрийн нэрийн үнэртэй ус, гар цүнх гээд нэрийн бүтээгдэхүүн гаргаж фэнүүддээ худалдаалдаг бизнес америкт их эрэлттэй, өргөн хүрээтэй газар авч байгаа. Компани дотроо үслэг эдлэл, спорт хувцас, гар цүнх гэсэн 3 хэсэгтэй. Би гар цүнхний загварыг анхнаасаа сонирхож байсан болохоор гар цүнxий хэсэгт нь ажиллаж байгаа. Маш сайхан дотно хамт олонтой бас ажилдаа дуртай болохоор сэтгэл хангалуун байдаг.

-Г.Галбадрах: Яагаад заавал гар цүнх гэж?

-Д.Оюунбаяр: Гар цүнх бол эмэгтэй хүний өдөр тутмын гол хэрэглээ. Өдөр тутмын, амралтын аялалын, үдэшлэг гоёлын зориулалтай гээд эмэгтэйчүүд их олон төрлийн цүнх хэрэглэдэг. Судалгаагаар америк хүүхнүүд дунджаар 5-6 цүнх хэрэглэдэг гэсэн тооцоо байдаг. Бас нөгөө талаар эмэгтэйчүүд цүнхэндээ гар утас түлхүүр, түрийвч, будаг шунх, дэвтэр харандаанаас гадна хэрэгтэй хэрэггүй олон зүйл агуулж явдаг. Бараг л цүнхэнд нь жижигхэн “гэр” нь явж байдаг гэхэд болно. Тийм болохоор би цүнхний загварт илүү ач холбогдол өгч, бүсгүйчүүдийн хүсэл шаардлагад нь нийцсэн цүнхны загвар зохиох нь надад их сонирхолтой санагддаг. Өнгөрсөн жилд би дуучин Мэри Керигийн цүнхний загвар дээр гардаж ажилласан. Энэчлэнгээр одууд болон алдартай хүмүүс манай компаниар өөрсдийн захиалгаар хувцас болон гар цүнхээ зөндөө л хийлгэдэг юм.
-Г.Галбадрах: Чи бас сая бүсгүйчүүд олон цүнх хэрэглэдэг гэлээ. Эрэгтэйчүүд яагаад гар цүнхэнд тэгтлээ ач холбогдол өгдөггүй юм бол?
-Д.Оюунбаяр: Харин сүүлийн жилүүдэд эрэгтэй гар цүнхний худалдаа өсч байгаа. Залуучууд маань урьд цүнхний эдэлгээг голчилж анхаардаг байсан бол одоо загвар хийц нь чамин , эмэгтэйчүүдийнхээс дутахааргүй үзэмжтэй цүнхийг илүү сонгож байна. Бас техник технологийн хөгжлийг дагаад жишээ нь: iPad-ны зориулалтын том халаастай цүнх гэх мэт. Онцлог хэрэгцээнд нь тааруулаад эрэгтэй гар цүнхний хэрэглээ улам өргөжиж байна. Яваандаа эрэгтэй цүнxий загварыг бас сонирхож үзэх бодол байгаа.

-Г.Галбадрах: Чи өөртөө хэдэн гар цүнхтэй вэ? Хэрэв нууц биш бол?

-Д.Оюунбаяр: Одоо надад 10 гаруй цүнх байгаа. Өөрөө цүнхээ хийгээд ирэхээр бүүр олон нэр төрлийн цүнхтэй болноо.

-Г.Галбадрах: Чи залуу хүн хэрнээ өөртөө зорилго тавиад түүндээ хичээл зүтгэлээрээ хүрч чадаж байгаа чинь бүр ч сайхан санагдаж байна. Харин цаашдын чинь зорилгыг сонирхвол?

-Д.Оюунбаяр: Ямартай ч эндээ нэг хэсэг ажиллаад, сурч мэдэх зүйлээ сайн эзэмшиж аваад Монголдоо очиж ажиллах санаатай байгаа. Миний нэг хүсэл бол Монголын өөрсдийн гэсэн өв уламжлал, онцлогийг харуулсан арьсан эдлэлийн брэндтэй болмоор байна. Монгол залуучууд аятайхан зүйл хийж чаддаг, мэдрэмжтэй, авьяастай бас хөдөлмөрч гэдгийг харуулах цаг нь болсон гэж боддог. Бас цөөхөн монгол залуучууд бид нэг нэгнээ ойлгож дэмжиж явбал илүү ихээр амжилтанд хүрч, эх орон маань хурдан хөгжих юм шиг санагддаг.

-Г.Галбадрах: Энэ санаанд тань би ч их баярлаж байна. Гэхдээ монголын арьс ширэн бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээл гаргахад чиний бодлоор гол анхаарах зүйл нь юу байна вэ?
-Д.Оюунбаяр: Гол нь арьс ширний боловсруулалт. Яг одоо бол олон улсын стандартын шаардлага хангах бүтээгдэхүүн үйлдвэрлах тоног төхөөрөмж цөөхөн байна. Нэгэнт монголын нүүр царай болох бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр зорьж байгаа болохоор аль болох өнгө үзэмжтэй, эдэлгээ сайтай, аятайхан цүнхнүүд хийе л гэж бодож байна. Гар цүнхийн арьс зөөлөн, нимгэн, жигд арлуулалттай байхдаа хийц нь цэвэрхэн болдог. Санаж явбал бүтнэ гэдэг шиг нэг өдөр болно байхаа.
-Г.Галбадрах: Ярилцлага өгсөнд баярлалаа. Нэгэн цагт дэлхийд нэрд гарсан Монголын брендтэй болох хүсэлд тань биелэхийн ерөөлийг тавья. Өнөөгийн монгол залуус минь дэлхийн өндөр хөгжилтэй оронд мэргэжил эзэмшиж, өөрийн сурч мэдсэн бүхнээ Монгол орныхоо хөгжилд зориулахыг хичээж зорьж байгаа болохоор сайхан ирээдүй мэдрэгдэж байна шүү. Чамд бас их амжилт хүсье.
-Д.Оюунбаяр: Танд ч бас их баярлалаа. Монголын залуустаа болон миний адил загварын мэргэжлээр их зүйлийг бүтээж. хөгжиж яваа мэргэжил нэгт бүх хүмүүстээ болон найз нартаа ч бас амжилт хүсье.

Миний website: oyukaz.webs.com
…Монголын загвар зохион бүтээгчид өөрсдийн авьяас чадлаараа дэлхийн тавцанд гарч эхэлж байгаагийн нэг нь Д.Оюунбаяр. Дуу цөөтэй хэрнээ их няхуур мэт харагдах энэ бүсгүй өөрийгөө нээж, өөртөө зорилго тавьж, түүндээ хүрэхээр тэмүүлж яваа нь надад сайхан санагдсан. Мэдээж ийм түвшинд хүрэхэд амархан биш боловч түүний өөртөө итгэлтэй байдал нь түүний ирээдүйг нотлох мэт. Магадгүй нэгэн цагт Монголын бренд дэлхийд танигдаж бас нэгэн бахархал болох ч юм бил үү? “Санаж явбал бүтнэ” гэдэг. Оюука чамд амжилт хүсье.

 

Share Your Thoughts