НҮҮР ХУУДАС

Би сэтгэл дотроо эргэлдэж байгаа элдэв бодлуудаа эмхэлж бичдэг болсоор олон жилийг элээжээ. Эхлээд нуршуу, үглээмаягаар бичиж байснаа аажмаар засарч сайжирдаг юм билээ. Хэдийгээр сэтгүүлч мэргэжилтэй огт хамаагүй боловч, өөрийн санаа бодлоо илэрхийлэхгүй байж чадахгүй болтол сонирхлоо хөгжүүлчихсэн юм уу даа. Заримдаа ингэж бичих нь “миний үүрэг” юм шиг ч бодогдох үе бий. Миний бичсэн бичвэрүүдийг уншиж надад сэтгэлийн  дэм, урам өгдөг олон уншигчид намайг ийнхүү өөрийгөө “тоож” бичихэд хүргэсэн байх.
Нэгэнтээ өөрийн бичсэн бүх бичлэгүүдээ “эргэж харлаа”. Тэр мөчид,  оюун санааны “бүтээлүүд”-ээ эмхэлж  цахим ертөнцөд өөрийн  “орон зай”-тай болох цаг нь болжээ гэж бодогдсон. Миний дотно андууд үүнийг минь дэмжиж тусалснаар, таны өмнө www.galbadrakh.com цахим хуудас нээгдэж байгаа нь энэ. Энэ бол цахим ертөнц дахь миний л орон зай. Заавал хүн болгонд таалагдах албагүй ч, зөндөө хүмүүст хэрэг болох болов уу? хэмээн найдаж байна. Төрөлжүүлэн ангилсан энэ бичвэрүүд бол Г.Галбадрах гэдэг хувь хүний сэтгэлийн илрэл.  Би бусдад таалагдах гэж бичдэггүй ч өөртөө маш их таалагддаг. Өөртөө “үнэнч” байж,  өөрийнхөөрөө зоргоороо амьдрах дуртай.
Энэ ертөнцөд өөрөө уйлж ирээд, өрөөл бусдыг уйлуулан байж буцах хугацаандаа сэтгэл оюундаа шингээсэн  ухаарал бодролуудаа бусадтай хуваалцаж баймаар санагддаг, миний хувьд.  Их цаг хугацаа, сэтгэл оюунаа зориулан  байж бүтээсэн ярилцлагууд маань энэ бодлоос үүдэлтэй.  Сайхан хүмүүстэй уулзаж ярилцан ойлголцож, найзалж нөхөрлөж байхдаа би их  аз жаргалтай байдаг. Бас олон сэдвээр бичиж байхдаа өөрийгөө боломжийн хэрээр хөгжүүлнэ. Магадгүй хамгийн эрхэм хүмүүс минь болох аав ээж, үр хүүхдүүдэд минь, ах дүү нарт минь, урт удаан хугацаанд найзалж нөхөрлөж байгаа анд нөхдөд минь, бас уншиж дэмждэг олон хүмүүст намайг таньж ойлгоход нэмэр болох ч юм бил үү?
“Хүний сэтгэлийн учгийг хөндөж эс чадваас хөнгөн бийрийн үзүүрийг хөших хэрэг юун билээ” хэмээн бичгийн эрхэм хүн В.Инжинаш айлдсан гэдэг.
ТА, МИНИЙ ЦАХИМ ЕРТӨНЦӨД ТАВТАЙ МОРИЛ!
                                                       Г. Галбадрах

2 Comments

  1. bayarjargal

    August 28, 2015

    Тиймээ…чиний нийтлэл бүр яг цаг үеээ мэдэрсэн,бас бидний мартагдаж буй бага насыг минь санагдуулж бдаг учраас би унших дуртай. Бас дараагийн нийтлэлийг хүлээдэг болсон

  2. Сүхбаатар

    August 8, 2016

    Сайн байна уу эрхэм хүндэт Галбадрах танаа энэ өдрийн мэнд уламжлая. Бид төсөрхөн хүүгийн төгсөлтийн үеэр таньтай нүүр тулах завшаан олдсон бөлгөө. Цаг давчуугаас үгийн солио төдийлөн сольж амжаагүйд хүлцэл өчсүү. Энэ зуур таны хүүтэй хөөрөлдсөн яриаг санамсаргүйгээр олж уншаад таны хаяг руу орж бүр ихийг шимтэн уншсандаа сэтгэл нэн өөдрөг сууна. Таньд улам ихийг хүсэж дараа дахин холбогдохыг хүссэн Ширчингийн Сүхбаатар

Share Your Thoughts

Leave a Reply to bayarjargal Cancel reply